10 асуулт хариулт булангийн ээлжит зочноор 20 жил тасралтгүй хэрэглэгчидээ амтат бялуу, бейкериг хүргэж байгаа “Жүр Үр” компанийн Гүйцэтгэх захирал Б.Мөнх-Эрдэнэ оролцлоо. Тэрбээр эмийн дээд “Ар үр, Бар үр, Жүр үр” гурван үрийн эм мэт хүнд ач тусаа өгөх үрийг бэлгэдэж компаниа “Жүр үр” гэж нэрлэж байсан түүхтэй юм.
- Та өглөө босоод ажилдаа явтлаа юу хийдэг вэ?
-Хоёр л янзаар миний өглөө эхэлдэг дээ. Нэг бол өглөө босоод цайгаа уучихаад crossfit-ын бэлтгэлээ хийгээд ажил руугаа явна. Нөгөө нь өглөөний цайгаа уугаад ажил руугаа явна. (инээв)
- Ажилд тань хамгийн их тусалдаг гурван зуршил юу вэ?
-Нэгд, асуудал үүссэн шалтгааныг нь олохыг их хичээдэг. Тэр шалтгааныг илрүүлж арилгах нь хамгийн чухал. Хоёрт, ажлын хамт олноо зөв зүгт чиглүүлэх нь мөн чухал зүйл гэж боддог. Тэдний харах өнцгийг өөрчлөх, мэргэжлийн мэдлэг гэхээс илүү менежментийн ухаан талаас мэдлэг өгье л гэж боддог. Гуравт, цаг баримтлах, хоцрохгүй байхыг эрхэмлэдэг. Гэхдээ бас зуу гаруй тохиолдолд нэг, хоёр хоцрох үе гарна аа. (инээв)
- Та ажлын стрессээ яаж тайлдаг вэ?
– Аливаа зүйлийн учир шалтгааныг л олохыг хичээдэг дээ. Учир шалтгааныг олж тайлснаараа түүнээсээ их эрч хүч авдаг.
- Та яг одоо юунд суралцахыг хүсч байна?
– Яг одоо суралцах гэхээсээ илүүтэй, шинэ хүмүүстэй уулзаж танилцаж шинэ санаа олохыг хичээж байна.
- Та өөрийнхөө 25 настайдаа очвол юу гэж зөвлөх байсан бэ?
-Би ч өнгөрсөндөө харамсаад байдаггүй болохоор шууд хэлэх зөвлөгөө гэхээс илүү өөрийнхөөрөө л амьдар гэж хэлэх байх даа.
- Танай гэр бүлийнхэн таныг юу гэж шүүмжилдэг вэ?
– Барагтаа шүүмжилдэггүй юм байна.
7.Арал дээр ганцаараа үлдэнэ гэвэл ямар ном авч явах вэ?
– Уран зохиолын ном л авч явна даа. Магадгүй А.Дюмагийн “Монте Кристо гүн” байх болов уу.
- Таны амьдралдаа авч байсан хамгийн үнэтэй зөвлөгөө?
– Манай эгч нэг удаа “Компанид чинь асуудал үүсчихсэн байвал чиний л буруу шүү дээ” гэж надад хэлж байсан юм. Үүнээс хойш компанидаа гарч байгаа асуудал болгоныг би өөр дээрээ л хүлээж авдаг болсон. Магадгүй би хамт олондоо хэлээгүй, зөв зүгт нь чиглүүлээгүй, ойлгуулаагүйгээс л болсон юм болов уу гэж боддог.
- Таны байнга ашигладаг таван аппликейшн юу вэ?
– Ажлын маань гол харилцаа Viber, Facebook messenger хоёроор явдаг. Бас гол зүйлсээ хадгалж баримтжуулахын тулд камераа ашигладаг. Тэгэхээр энэ гурван аппликейшныг л түлхүү хэрэглэдэг юм байна. Бусдаар би утсаа барагтаа шагайдаггүй тул өөр аппликейшн бараг хэрэглэдэггүй дээ.
- Та өдөрт хэдэн цагийг гэр бүлдээ зарцуулдаг вэ?
– Өдөрт хоёр гаруй цагийг зарцуулдаг юм байна. Би ажлаа тараад орой эрт харихыг хичээдэг. Манай гэр бүл харьцангуй эрт 21 цаг өнгөрөөгөөд унтаж амардаг. Тэгээд өглөө эрт босно доо.