2008 он. Монгол улс олимпийн анхны алтан медал авах мөчийг монголчууд фейсбүүкээр биш Сүхбаатарын талбайдаа хамтдаа тэмдэглэж байсан жил. Мөн энэ онд Америкийн бизнесийн нэр хүндтэй сайт Bloomberg Businessweek өдөрт 10 мянган удаа татагдаж буй нэгэн аппликейшнийг онцлов. Өдөр бүр л технологийн мэдээ ордог уг сайтад энэ мэдээ тийм ч сонин биш. Гэвч энэхүү аппликейшныг бүтээгчид нь долоон монгол залуу байлаа. Старт апын ойлголт төдийлөн танил биш байсан тэр үед ШУТИС-ийг төгссөн хүүхдүүд мэдээллийн технологийн өлгий Америкт өөрсдийн бүтээсэн аппликейшнээр “шууруулж” байсныг сонсоход нэн сонирхолтой.
Хүн бүрт тохиолдоод байдаггүй адал явдлаар дүүрэн энэхүү аяллын эхнээс одоог хүртэл хамтдаа яваа хөлгийн багийн гол гишүүний нэг бол Базар овогтой Габит юм. Итгэл үнэмшлээ ярихдаа Стив Жобсын “Connecting the dots” гэх үгийг иш татах аж. Учир нь тэрбээр амьдралд зөв явбал, бидэнд тохиолдсон үйл явдлууд бүгд хоорондоо холбогдож эхэлдэгт чин голоосоо итгэдэг. Цаг хагасын турш элдвийг хүүрнэлдэх зуур хүний амьдрал утга учраар дүүрэн байдаг тухай ярих бүртээ түүний нүд хамгийн ихээр гэрэлтсэн нь надад мэдрэгдсэн юм. Том мөрөөдөлдөө жижиг жижгээр ойртсоор буй түүнийг оргүй хоосноос 100 ажилтантай компанийг байгуулах хүртэл нь маш олон хүн тусалсныг дурсан ярилаа. Түүний туулсан амьдралыг хөндлөнгөөс харахад амьдралд тохиолдсон бүхэн нь хоорондоо үнэхээр л холбогдож цаашдын зорилгод нь хөтлөө юү гэлтэй. Тэрбээр 20 настайдаа “Infinite Solutions” (Хязгааргүй шийдэл) компанийг найзуудтайгаа хамтран байгуулж байсан юм.
-Компанийн тань анхны бүтээгдэхүүн маш амжилттай болжээ. Харин та бүхэн компанийнхаа цаашдын хөгжлийг хэрхэн харж байсан бэ?
-Цаашдаа Монголдоо ирээд АНУ дахь ажлаа зайнаас хийгээд явахаар төлөвлөсөн. Хаашаа хөрөнгө оруулбал нийгэмд хамгийн их нөлөөтэй байх уу гэдгийг бид бодож шийдвэрээ гаргасаар ирсэн. Ашиг бол бидний эцсийн зорилго биш. Гол нь юу хийвэл хүний амьдралд өөрчлөлт авчрах уу гэдэг л чухал. Зөв бизнес өөрөө өөрийгөө тогтвортой аваад явчихдаг гэж би боддог.
-Их сургуулийн мэргэжил нэгтэй долоон найз хамтдаа компаниа үүсгэн байгуулж байж. Гэтэл бизнес хийхэд санаа нийлдэг найзууд аливааг нэг өнцгөөс л харах гээд байдаг талтай. Найзуудын хийсэн бизнес бүтэлгүйтдэг гэдэг ч үг байдаг. Энэ бэрхшээлийн талаар?
-Яг үнэн. Компани амжилттай байх эсэхэд баг доторх гишүүдийн ялгаатай байдал маш чухал. Цаашлаад энэ компани сайн явах уу, үгүй юу гэдгийн хамгийн суурь зүйлсийн нэг гэж надад санагддаг. Сайн, шилдэг санаа бол хамгийн сүүлд орж ирэх зүйл. Азаар бид долоо нэг анги байсан ч долуулаа шал өөр өнцгөөс харж сэтгэдэг залуучууд байсан. Яг л Avangers шиг. (инээв) Нэг нь нэг зүйлдээ сайн байхад нөгөө нь өөр зүйлд сайн байх жишээний.
Анхны санаа, алсын хараагаараа л яваад байхыг би зөв хөгжил гэж боддоггүй. Тиймээс үүсгэн байгуулагчид байнга шинэчлэгдэж байх хэрэгтэй. Учир нь үргэлж миний зөв байна гэсэн үг биш. Дэлхий асар хурдан өөрчлөгдөж байна гэчихээд би өөрөө өөрчлөгдөхгүй байвал энэ нь утгагүй шүү дээ
-Үүсгэн байгуулагчдын хувьд компаниа хэрхэн авч явж байсан бэ?
-Бид долоо анх компаниа үүсгэн байгуулсан гэдэг нь байнга үүсгэн байгуулагчид байна гэсэн үг биш юм. Бид 2010 оноос багаа томруулж эхлэхэд шинээр орсон хүмүүс ч мөн үүсгэн байгуулагчид. Тэр бүү хэл өнөөдөр шинээр орсон дадлагажигч маань ч үүсгэн байгуулагч байх боломжтой. Яагаад гэвэл IT-ийн компани анхны санаа, алсын хараагаараа л яваад байхыг би зөв хөгжил гэж боддоггүй. Тиймээс үүсгэн байгуулагчид байнга шинэчлэгдэж байх хэрэгтэй. Учир нь үргэлж миний зөв байна гэсэн үг биш. Дэлхий асар хурдан өөрчлөгдөж байна гэчихээд би өөрөө өөрчлөгдөхгүй байвал энэ нь утгагүй шүү дээ. Тэгэхээр Diversity is the key. (Ялгаатай байдал бол маш чухал)
Хүнийг би шавхагддаг нөөц гэж боддог. Өөрөөр хэлбэл мөнхийн тасархай, мундаг байх боломжгүй. Тэгэхээр хүн байнга л сурч байх хэрэгтэй
-Хэзээ нэгэн цагт бизнес хийж байгаа хүмүүс цаашаа сурах уу эсвэл үргэлжлүүлж ажиллах уу гэдэг шийдвэрээ янз бүрээр гаргадаг байх. Таны хувьд сурах шийдвэрээ хэрхэн гаргаж байсан бэ?
-Ганц үгээр stagnation буюу зогсонги байдал. Хүнийг би шавхагддаг нөөц гэж боддог. Өөрөөр хэлбэл мөнхийн тасархай, мундаг байх боломжгүй. 2011 онд компанийнхаа захирлаар ажиллаж байхдаа би дараагийн шат руу гарах шаардлагатай гэдгээ мэдсэн юм. Учир нь хөгжлийн шатуудаа харахад манай компани ч, миний хөгжил ч удааширч байгаа нь ажиглагдаж байлаа. Бас Цахиурын хөндий гэж яриад л байдаг, тэнд технологийн компаниуд хэрхэн хөгжиж дараагийн шатандаа гардгийг би өөрөө очиж үзье гэж бодсон юм. Мөн энэ үеэр Америк дахь оффисоо албан ёсоор байгуулъя гэдэг зорилго ч байлаа. Тэгээд л бүх ажлаа нэгтгэж байгаад л явсан даа. Ер нь хүний хөгжилд нэг удаашрал үүсээд эхлэхээр хүн өөрөөсөө асууж эхэлдэг. Би яах ёстой юм бол гэж. Хүн байнга л сурч байх хэрэгтэй. Гэхдээ суралцана гэдэг бол заавал сургуульд явна гэсэн үг биш шүү дээ. Хүн ажиллахдаа ч суралцаж болно. Мундаг үйлчлүүлэгчээсээ сурч болно. Шинэ хамтрагчаасаа сурч болно. Хааяа түр амсхийгээд өнгөрснөөсөө ч сурч болно. Хиймэл оюун ухаан, хүн хоёрын ялгаа нь хүнд өнгөрсөн түүх гэж байдаг.
-Сая гүйцэтгэх захирлаараа ажиллаж байгаад сурсан тухайгаа ярилаа. Захирлуудын хувьд сурахаар явахдаа ажлаа хэнд хариуцуулж үлдээх үү гэдэг асуулт гардаг. Таны хувьд хэрхэн үүнийг шийдэж байв?
-Энэ тал дээр бид азтай л даа. Анх хамтдаа энэ компаниа үүсгэн байгуулсан залуус дунд миний оронд аваад явчих хүн хангалттай байсан. Тэнд би байна уу бусад нь байна уу адилхан. Намайг явахад Саруул гэдэг найз маань компанийг авч үлдэж дараагийн шатанд гаргасан гэж би боддог. Компани урт хугацаанд оршин тогтнодог тул яг л чиний хүүхэд, сонгосон гэр бүлээс ялгаагүй. Ажлын хамт олон чинь, хамтрагчид чинь бүгд чамд итгэж байгаа. Гэр бүлийн гишүүдийн хэн нь ч компаниа аваад явчих чадвартай шүү гэх сэтгэлгээг байнга хөгжүүлж байх хэрэгтэй. Хүнд итгэх хэрэгтэй. Чи хүнээ зөв сургаж чадсан бол компани зургаан сар эсвэл жилийн хугацаанд бага зэрэг доголдоход асуудалгүй. Тэр зэргийн зүйл байж болно шүү дээ, учир нь цаана нь маш том хөгжил явагдаж байдаг. Ийнхүү гол тулгуураа босгож аваад компаниа дараагийн шатанд гаргах боломжтой.
“ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БАЙХГҮЙ УЧИР…” ГЭСЭН БОЛ БИД ХЭЗЭЭ Ч ЭХЛЭХГҮЙ БАЙСАН
Тэртээ 12 жилийн өмнө Монгол улс гэж сонсож ч байгаагүй америк хөрөнгө оруулагчдаас монгол залуус хэрхэн санхүүжилт олж, хэвлэл мэдээллийнх нь хараанд өрттөл амжилт гаргаж чадав? Энэ асуултад хариулах гэж оролдохдоо би өөрийгөө тэдгээр хөрөнгө оруулагчдын оронд тавьж хэсэг бодлоо. Цагаа тулбал мөнгийг минь аваад Монгол руу буцаад нисчихвэл би яаж ч чадахгүй. Олон жил тогтвортой ажилласан баталгаатай компанид мөнгөө даатгах нь яаж ч бодсон Азийн “үл мэдэх” нэгэн орноос ирсэн долоон залууд мөнгөө өгснөөс дээр сонголт юм. Ийм байхад тэд хэрхэн амжилт олов?
ШУТИС-ийг 2006 онд төгссөн IT-ийн ангийнхан хамтраад технологийн бизнес хийхээр шийдэж компаниа “Infinite Solutions” гэж нэрлэв. Энэ үед Монгол улсад IT-ийн салбар төдийлөн хөгжөөгүй байсан тул жилдээ мянга мянган старт ап дампуурдаг зах зээлд өрсөлдөхөөр зориг шулуудан Америк улсыг зорьсон юм. Ийнхүү бизнесээ эхлүүлэх ямар ч мөнгө, танил тал, хамтрагч байхгүй 19,20-той залуучууд цэвэр итгэл үнэмшлээ л өвөртлөн онгоцноос анх бууж байлаа.
-Старт апуудын 90 хувь нь бүтэлгүйтдэг гэх статистик бий. Та нарын 2007 онд эхлүүлж байсан старт ап амжилт олж 10 хувьд багтаж чадсан байна шүү дээ. Ямар компаниуд нь амжилт олоод ямар нь бүтэлгүйтээд байна?
-Хүн бүхний амжилтын түүх тэр хүнийх л байдаг. Харин бүтэлгүйтлүүд нь юунаас байдаг вэ гэхээр хурдан буугаад өгчихсөнд л байдаг. Нэг ч зүйлийн ард гарч үзээгүй байж хэтэрхий их старт ап гэсэн мөрөөдөлдөө автаад бүх юмыг оролдож үздэгт байх. Шулуухан л хэлчихлээ. Гэхдээ ингэж л харагддаг. Хамгийн том худал бол “Бидэнд хөрөнгө оруулалт байхгүй учраас хийж чадахгүй байна” гэх шалтаг. Хэрэв бид ингэж бодсон бол хэзээ ч эхлэхгүй байх байсан. Тэр бол хамгийн сүүлд хэрэгтэй зүйл. Ах дүү Райтад юу ч байгаагүй л байхгүй юу. Гэтэл тэд Харвардын их сургуулийн санхүүжилттэй багтай өрсөлдөөд тэднээс түрүүлээд анхны нисэх онгоц хийчихсэн. Яаж хийсэн бэ гэхээр тэд яагаад эхэлснээ маш сайн ойлгож байсан. Хийгээд үз, бүтэлгүйтээд үз. Бүтэлгүйтэх зүгээр шүү дээ. Бүтэлгүйтэхээс айгаад байгаа бол чи тэрийг хийхийг хүсэхгүй л байна гэсэн үг.
-Өнөөдөр Infinite Solutions компани доороо олон олон старт апыг зэрэг хөгжүүлж байна. Монгол дахь старт апуудыг та юу гэж дүгнэх вэ?
-Монголд старт ап бизнес эхэлж байгаа хүмүүсийн хувьд ярьж байгаа шиг нь хөгжлийн өндөр шатанд старт апууд арай хүрээгүй байгаа. Тэдний яриа хөгжлөөсөө түрүүлчихсэн. Бид нар цоо шинэ зүйлийг хийх гээд байх шаардлагагүй. Харин залуу хүний хувьд аливаа ажлын ард гарч сурах хэрэгтэй. IT-ийн мэргэжилтэй хүн блокчейн гоё юм байна, өө хиймэл оюун ухаан, финтек нь ч гоё юм байна гээд үсчээд байх биш. Чи нэг зүйлээ барьсан бол тууштай яв л даа. Сүүлийн үед хүмүүс “Өө энэ миний хийх зүйл биш байжээ, би өөрийгөө олоогүй байсан юм байна” гээд эхлүүлсэн ажлаа дундаас нь их хаяж байна. Нэг ингээд хаячихсан хүн цаашдаа ч ажлын дундаас буцдаг. Тиймээс аливаа ажлын ард гараад үзэх маш чухал. Чи эхлүүлсэн бол ажлаа дуусга л даа. Давс хийвэл уустал гэдэг биз дээ. Та старт ап, старт ап гэж яриад байдаг, өөрөө тэр зүйлийг хийж бүтэлгүйтэж үзээгүй бол би танд хэзээ ч итгэхгүй.
Хятадад Wechat, Америкт Paypal, Солонгост Kakao гэсэн аппликейшн байдаг. Монголд тэр нь Mongolchat байгаасай гэж бид хүссэн юм
-Яг одоо танай компани доороо арваад старт ап хөгжүүлж байгаа гэсэн. Ямар ямар старт ап байгаа вэ?
-Жишээ болгоод хоёр гурваас нь дурдъя. Эхнийх нь 2014 оноос эхлээд явж байгаа Америкийн төсөл. Үүнийгээ бид одоо ч гарааны бизнес гэж боддог. Уг төсөл нь хувь хүмүүст зориулсан CRM буюу хэрэглэгчидтэйгээ харилцах платформ юм. 2014 оноос Америкийн бизнесменүүдтэй хамтран хөрөнгөө босгоод, хөгжүүлэлтийг нь монгол залуучууд Монголдоо хийгээд явж байна. Өнгөрсөн жилийн борлуулалт 1.2 сая ам.долларт хүрч одоо л хөдөлгүүр нь ажиллаж, тогтвортой бизнес болж эхэллээ.
Хоёр дахь нь холбоо харилцаа болон төлбөр тооцооны нэгдсэн аппликейшн. Сүүлийн 10-аад жил бид Монголынхоо ихэнх банкинд интернет банк, смарт банк зэрэг олон финтек шийдлүүд нэвтрүүллээ. Гэхдээ бүгд тус тусын хэрэглэгчтэй тусдаа системүүд юм. Харин бид өөрийн олон жилийн туршлага дээрээ үндэслэн бүх монголчууд ижил тэгш ашиглах боломжтой олон улсын стандарт хангасан нэгдсэн шийдлийг бүтээхийг зорьж байна. Яг л Хятадад Wechat, Америкт Paypal, Солонгост Kakao гэсэн аппликейшн байдаг шиг. Монголд тэр нь Mongol Сhat байгаасай гэж бид хүссэн юм.
Гурав дахь нь IT-ийн гүнзгий сургалттай Nest ахлах сургууль юм. Энэ нь бидний боловсролын салбарт хийж байгаа хөрөнгө оруулалт. Манай компаниар жишээлэхэд дотоод, гадаадад их сургууль төгссөн сайн хүүхдүүд ажиллахаар орж ирдэг ч дор хаяж нэг жилийн дотоод “сургалт” явагдаж таардаг. Тэгэхээр залуус маань яг амьдралтай уялдсан боловсрол эзэмшиж чадахгүй байгаад байна. Тиймээс шууд компанид ороод ажиллахад шаардлагатай мэргэжлийн болон уян чадваруудыг(soft skill) 10 жилийн сурагчдад зааж байна.
-Боловсролын төсөл ямар үе шатандаа яваа вэ? Цаашид юуг зорьж байгаа вэ?
-Одоогоор академи дээрээ хичээлийн дараах сургалт хэлбэрээр жилдээ 80 хүүхдэд IT-ийн суурь хичээлүүдийг зааж байгаа ч цаашдаа улам олон хүүхдэд боломж олгомоор байна. Тийм ч учраас бид ахлах сургуулийн төсөлд хөрөнгө оруулалт хийхээр шийдсэн юм. Зөв багшаар заалгаж, зөв чиглүүлж чадвал манай хүүхдүүд өндөр амжилт гаргах боломжтой. ШУТИС-д С.Бауырбек багшаар хичээл заалгаж байсан 40-өөд оюутан одоо АНУ-д Microsoft, Amazon, Expedia гээд олон том компанид ажиллаж байна. Өөрсдийн бор зүрхээр амжилтанд хүрсэн монгол залуус дараагийн үеийн дүү нартаа өөрсдийн туулсан замыг хэрхэн дөтлөхийг зааж өгөх юм. Зөв хандлагатай, эрдэм мэдлэгтэй, чадварлаг 10 мянган инженер Монголоос төрвөл би энэ улсын ирээдүйд том өөрчлөлт гарна гэдэгт бүрэн итгэлтэй байна.
МИНИЙ СОНГОСОН ЗАМ УЧИР БИ ӨӨРӨӨ Л БҮГДИЙГ ХИЙХ ХЭРЭГТЭЙ
Монгол залуус 2007 онд Америкт очингуутаа оролцож болох хамаг л арга хэмжээнд очиж, танилцаж болох бүх л хөрөнгө оруулагчидтай уулзан компаниа танилцуулах ажлыг хийж эхлэв. Тэдэнд замаасаа буцах шалтаг хэтэрхий олон байлаа. Гэвч залуус мөрөөдөлдөө тийм ч амархан бууж өгөхийг хүссэнгүй. Удалгүй тэд хөрөнгө оруулагчидтайгаа дотносохын тулд тэдний дуртай гольфыг хамтдаа тоглож эхлэв. Удалгүй тэд гольфын нүх хоорондын зайг хэмждэг хар төхөөрөмжийг америкчууд байнга барьж явдгийг, мөн бүгдээрээ шахуу Blackberry утас хэрэглэдгийг анзаарав. Энэ мөчид хэн нэгний толгой дотор гэрлийн бүрхүүл аслаа.
Ингэснээр уг хар төхөөрөмжийг Blackberry утастай нэгтгэхээр өдөр шөнөгүй ажиллаж эхлэв. Учир нь гольф тоглодог хүмүүст уг хар төхөөрөмжийг 500 гаруй ам.доллараар худалдаж авах асуудал биш, харин хоёр зүйл барьж явах л төвөгтэй байсныг тэд зөнгөөрөө мэдэрчээ. Хар төхөөрөмжийг аппликейшн болгоод утсанд нь суулгах тэдний санааг ч хөрөнгө оруулагчид ихэд олзуурхан хүлээж авснаар хамтын ажиллагаа эхлэв. Үр дүнд нь амжилт олоод зогсохгүй Америкийн хэвлэлээр хүртэл тэдний бүтээгдэхүүнийг онцолсон юм. Эргээд харахад ямар ч боломжгүй шахуу давааг давчихсан тэд яагаад бизнесээ эхэлснээ маш сайн мэдэж байсан юм. Иймээс ч тэд эцэстээ арга замаа зөв олсон. “Аливаад зориглон хөдөлбөөс хүрэхгүй газар үгүйг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэддэг” аж. Хожим мөрөөдөлдөө нэг алхам ойртохоор тэрбээр дахин Америк орныг зорьсон юм. Гэвч энэ удаа өөр зорилго тээж явлаа.
-Америкт сурсан жилүүддээ та хоёр сургуульд сурангаа Цахиурын хөндийд технологийн компанид давхар ажиллаж, хажуугаар нь Монгол дахь компанитайгаа байнга холбоотой ажилладаг байсан. Энэ бүхнийг яаж амжуулдаг байв?
-Америкт очингуутаа голоороо тасархай их эвгүй буйдан дээр унтдаг байлаа. Хүн өглөө амарчихсан босдог байхад би нуруу тасрах шахуу босдог байв. Гэхдээ зүгээр ээ. Би унтаж болоод байсан болохоор гоё л буйдан. Өглөө долоон цагт босоод Старбаксын нэг том кофе авна. Сан Хосе руу очиж хичээлдээ суучихаад цаашаа Стэнфорд руу хичээлдээ явдаг байсан. Хоёр сургуульд зэрэг сурдаг байсан тул энэ хоёрын хооронд 1-2 цаг явдаг байлаа. Цахиурын хөндийд амьдрах өртөг өндөр тул ажил хийхгүй бол болохгүй. Надад аз таарч тухайн үед хэсэг залуустай хамтарч IT-ийн нэгэн старт ап компанид ажиллаж байсан юм. Ажлаа тараад орой долоо, наймын үед гэртээ ирэхэд Монголд яг өглөө болж таарна. Тэгээд л өглөө дөрөв хүртэл Монголд байгаа залуучуудтайгаа холбогдож ажилладаг байсан. Энэ асуудал дээр юу гэж бодож байна, энэ бүтээгдэхүүнийг яаж хөгжүүлэх үү гээд л ярилцдаг байлаа. Ингээд өглөө дөрвөн цаг хүртэл ажиллачихаад гурван цаг орчим унтаж босоод хичээлдээ явна. Яг энэ дэглэмээрээ би хоёр жил тасралтгүй явсан. Заримдаа арай бага унтана, хааяа арай их унтана. Яг хоёр жил ингэж явчихаад Монголдоо ирээд маш их ядарснаа мэдэрч байлаа. Хүн гэхдээ нэг хэмнэлд орчихоор яваад л байдаг юм байна лээ. Миний сонгосон зам учир би өөрөө л бүгдийг хийх хэрэгтэй. Гомдоллох бол өөртөө л гомдоллоно шүү дээ.
-Монголд ШУТИС-ын бакалаврыг төгссөнөөс гадна, та Америкийн бакалавр, магистрыг оролцуулаад хэд хэдэн сургуульд сурсны эцэст эргээд харахад юуг илүү ойлгов?
-Оюутан байхад багш нар маань гадагшаа явж ажиллаж үз гэж зөвлөдөг байсан. Би ШУТИС-д оюутан байхдаа дотоодын IT компаниудын хариуцаж авсан Дэлхийн банкны төслүүд дээр ажилладаг байлаа. Их сургуулиа төгсөөд ч ажилласаар л байсан. 2006 онд ШУТИС-ийг 19-тэйдээ төгсөөд, 20 хүрэхдээ бүгдээрээ “нэг зоригтой алхам хийе” гээд найзуудтайгаа хамтраад “Infinite Solutions” компанийг байгуулсан. 2007-2008 онд Америкийн Хойд Дакота мужийн Дикинсоны их сургуульд нэг жил сурсан. Дараа нь 2011-2015 онд Цахиурын хөндийд ажиллаж, сурч, амьдарчээ. Ингээд бодоход би дотоодод ч, гадаадад ч сурлаа. Монголд сурсны учир гэвэл “Монголдоо юу болж байгааг сайн ойлгож мэдээрэй, шууд гадагшаа явчихвал дотоодоосоо хөндийрчихнө” гэж аав, ээж зөвлөсөнтэй холбоотой. Одоо эргээд харахад сурч төгссөн диплом гэхээс илүү ур чадвар, сурсан зүйл, танилцсан хүмүүс илүү чухал юм байна гэж боддог. Сар бүр манай компани шинэ ажил горилогчдоос ажлын ярилцлага авдаг. Сүүлийн дөрвөн жил бид нэг ч удаа ажил горилогчдынхоо дипломыг хараагүй. Харин яг юу хийж байсан, юу хийж чадах уу гэдгийг л илүү чухалчилсан.
-Америкт сурч ажиллаад Монголдоо ирэхдээ юуг илүү ойлгосон бэ?
-Сураад буцаад ирэхэд ойлгосон чухал зүйл бол экосистем. Монгол улсад бизнесүүд ихэвчлэн тус тусдаа ажилладаг. Харин миний хувьд Монголд ирээд манай компани цаашаа хөгжиж томрохдоо ямар экосистем бүрдүүлж явах вэ гэдгийг илүү төлөвлөх хэрэгтэйг ойлгосон. Цахиурын хөндий бол экосистемээ мундаг бүрдүүлчихсэн. Чанартай боловсролын институци нь байна, хөрөнгө оруулагчид, чадварлаг хүний нөөц, сайн бренд нь байна. Шилдэг IT компаниуд нь ч байна. Бүгд бие биенээ дэмжээд шилдэг бүтээгдэхүүн гаргах боломжтой. Тиймээс экосистемээ зөв бүрдүүлж, зөвхөн ашиг харалгүй алсыг харж бизнесээ хийвэл хүмүүсийн хандлагыг өөрчлөх, цаашдаа нийгэмдээ нөлөөлөх бүрэн боломжтой.
Стив Жобсын “Connecting the dots” гэдэг үг байдаг даа. Чи амьдралдаа зөв яваад байвал, чамд тохиолдсон үйл явдлууд бүгд хоорондоо холбогдож эхэлнэ. Эргээд харахад надад тохиолдсон бүх зүйл утга учиртай байдаг гэдэгт би итгэдэг
-Ирээдүйд юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Эцсийн мөрөөдөл минь Монгол цахиурын хөндийг бий болгох. Тэнд биотехнологи, нанотехнологи гээд бүх технологи хөгжиж байдаг. Технологи гэхээр том ойлголт болчихоод байна л даа. 1960-аад онд биотехнологи дээрээ бид тасарчихсан улс байжээ. Бид малынхаа вакциныг өөрсдөө хийж чаддаг байсан. Гэтэл одоо гаднаас авч байна. Уг нь бид улам л ухаантай болсон баймаар. Гэтэл улам ухраад л байгаа юм шиг. Үүнийг л би гайхаад байдаг юм. Бидний хүсээд байгаа зүйл бол Монгол хөндий. Тэнд нь сурахыг хүссэн хүүхдүүд, суралцах сургууль, хажууд нь ажиллах компаниуд нь байж байдаг. Энэ бол миний эцсийн мөрөөдөл. Үүнд л би амьдралаа зориулна гэж боддог. Бидэнд потенциал байгаа. Би одоо арван жилийн хүүхдүүдтэй ажиллаж байна. Тэднийг зөв л чиглүүлж чадвал маш том амжилт гаргана гэдэгт бүрэн итгэдэг.
ёстой сайхан ярилцлага уншчихлаа