Аливаа зүйлийн учир холбогдлыг гүнээс нь ойлгохыг хичээж, тухайн асуудлын шийдлийг углуургаар нь төнхөж гаргах чадвар бизнесмэн хүнд байх учиртай. Түүнийг байлгах, бий болгодог чухал зүйлийн нэг бол хобби. Өнгөц харваас хобби нь өөрийгөө баясгах хэрэгсэл, биеэ амрах хэрэглэл мэт ойлгогдов ч зөв сонгосон хобби нь тухайн хүнд урагш хөгжих шинэ замыг нээж, бусдыг ойлгох өөр гарцыг харуулж, өөрийгөө ондоогоор таних боломжийг олгодог шидэт эд билээ. Ялангуяа бизнес эрхлэгчид үнэн сэтгэлээ зориулсан хоббитой байхын амтыг бусдаас түрүүлэн мэдэрч, бусдын түрүүнд алхаж яваа улс. Ийм нэгэн эрхэм бол “Дельта констракшн” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Гавьяат барилгачин Ц.Эрдэнэбат юм. Гэрэл зураг, яруу найраг бол түүний үндсэн хобби. Нарийндаа бол унаган хобби нь. Унаган өгөгдлийг тордох бүрт мэргэшил болон тэлдгийн жишгээр дээрх хоёр хобби түүний хоёр дахь мэргэжил болон хөгжжээ.
–Би үндсэндээ хоёр хоббитой. Гэрэл зураг, яруу найраг. Гэрэл зураг дотроо майкро төрлөөр зураг авах дуртай. Байгаль, хүн, амьтны нарийн деталууд гэсэн үг л дээ. Хүүхэд байхын л гэрэл зураг, яруу найраг сонирхдог байсан. Тэр сонирхол маань одоо ч хэвээрээ байна.
-Майкро төрлөөр дагнан зураг авахыг сонирхдог үндсэн сэдэл тань юу вэ. Юуг дүрслэхийг хичээдэг вэ?
-Философиос л болдог байх. Зарим хүн бөх, морины зураг авах сонирхолтой байдаг бол би гэрэл, өнгөөр илэрхийлэх талдаа илүү автсан юм байна гэж өөрийгөө бодоод байгаа юм. Тиймээс нарны тусгалаас үүссэн бус тухайн амьтан, хүн, ургамал өөрөөсөө гаргадаг тэр өнгийг л хайдаг даа.
-Хуучин цагт зураг угаана гэдэг маш хүнд ажил байлаа. Тэр үеийг зарим зурагчид “Зураг авахын сайхныг илүү их мэдрүүлдэг байж” хэмээн тодорхойлдог?
-Тэр үеийн хамгийн хүнд юм нь нэг агшин авсан бол дахиж авах боломж муу байлаа шүү дээ. Одоо бол дижитал аппаратын буянаар 10, 20 бүр 30, 40-өөр нь авдаг таатай боломж бүрдсэн байна. Зургаа хальсан дээр буулгадаг байх цаг үед бол ажиллагаа их ордог байсан л даа. Зургаа авна, хальсаа буулгана, хальсаа шарна, цаасан дээр буулгана гэх мэт. Дээр нь хийсэн ажлынхаа үр дүнг харахын тулд 36 кадрыг дуусгаж байж хэзээ хойно хардаг байлаа. Авсан зургаа хормын дотор үзэж, хардаг болсон өнөө цагт бол ямар өнцгөөс авч вэ, юун дээр алдаж вэ гээд уран бүтээлийн талын боломжууд их болсон. Үүнийг дагаад зургийн хөгжил философи тал руугаа орсон. Дан ганц гэрэл зураг ч гэлтгүй яруу найраг, хөгжим ч гэсэн адил.
Өвлийн хахир хатууг ялчихаад модны мөчир дээр таатай нь аргагүй сууж байгаа болжмор заримдаа биднээс том харагддаг юм байна. Илүү том, илүү өнгөлөг, илүү бяртай, магадгүй заримдаа илүү ухаантай ч юм шиг харагддаг.
-Философлог зураг авах сонирхол тань гэрэл зургийн хөгжилтэй холбоотойгоор өөрчлөгдөв үү эсвэл унаган сонирхол байв уу?
-Бага настай холбоотой. Залуу байхад бол юм бүхэн л сонирхолтой байдаг шүү дээ. Гар утас битгий хэл Lexus-570 унах хүсэл дүүрэн байдаг даа. Одоо бол тийм сонирхол огт байхгүй болж. 60 нас гэдэг бол аливаад философилог хандах, юмны учир шалтгааныг олоход илүү тэмүүлдэг болгодог юм байна.
-Зургийн тань цомгийг харж суух нь ээ тагтаа болжмор, мод мөчрийн зургийг крупный планаар авах дуртай бололтой. Таны философлог шинж үүгээр илэрхийлэгдэж байна уу?
-Би өөрийгөө том хүн гэж бодно. Хүн бүр л тэгж боддог юм л даа. Гэтэл бодоод байсан чинь өвлийн хахир хатууг ялчихаад модны мөчир дээр таатай нь аргагүй сууж байгаа болжмор заримдаа биднээс том харагддаг юм байна. Илүү том, илүү өнгөлөг, илүү бяртай, магадгүй заримдаа илүү ухаантай ч юм шиг харагддаг. Тэр агшинг анзаараад ухаж харах юм бол тухайн хүнд “Би хэн билээ. Би чинь адилхан болжмор шүү дээ” гэх ухаарлыг өгдөг байх жишээтэй. Ялангуяа шавьжны ертөнц рүү өнгийвэл бүр ч их сонин зүйлийг харна. Бидний огт анзаардаггүй тэр ертөнц дотор хүмүүний амьдрал шиг өрсөлдөөнтэй, тэмцэлдээнтэй, бие биенийгээ ялан дийлсэн сонирхолтой үзэгдлүүд өрнөж байдаг. Хүнчлээд харвал их сонирхолтой зүйлс олон харагддаг юм л даа.
-Өнгөц харвал шаагисан олон шоргоолж зах замбараагүй давхилдаад л байх шиг. Гэтэл тэнд нэгэн том амьдрал өрнөөд байх. Өдөр шөнөгүй өрнөх энэхүү амьдралыг нарийн аждаг хүнд илүү онцгой мэдрэмж төрдөг байх?
-Хараад байх бүрт “Би ийм байх юмсан” гэж бодогддог юм. Шоргоолж өөрийн өрнүүлж байгаа амьдрал, үйл хөдлөлөөрөө “Эцсийн эцэст би шоргоолж шиг л байх ёстой шүү дээ” гэсэн сургаалийг бидэнд өгөөд байдаг. Нөгөө талдаа энэ нь тэр жижигхэн амьтны надад өгч байгаа ухаарал юм л даа. Тэр агшинг гэрэл зурагт буулгаад харахаар энэ бүгдийг яалт ч үгүй хэлээд байдаг. Энэ мэтчилэн үнэнийг хэлсэн гэрэл зургуудыг авах юмсан гэж би боддог, хичээдэг.
Нарийндаа бол шоргоолжны өрнүүлж байгаа амьдрал хүнийхтэй адилхан. Тэд чинь дотроо дэгтэй журамтай шүү дээ. Тэр ч бүү хэл GPS-тэй. Ажаад сууж байх нь ээ тухайн шоргоолж өөрийн явдаг нэг л замаар явдаг. Өөр замаар явдаггүй юм байна лээ. Тиймээс энэ талаар ургуулж нэлээд боддог л доо. Тэр GPS-ийг нь удирдаж байгаа төв сервер нь хаана байгаа бол? Хэрэв үүрэнд нь байгаа бол түүнд яаж захирагдаж байна вэ? гээд л сонин, сонин сэдвүүд урган гарч ирдэг. Ингээд л цааш улам дурлана даа.
-Та хамгийн сүүлд хэзээ шоргоолжны зураг авав?
-Өчигдөр яваад ирлээ.
-Хар, улаан шоргоолжны үүрээ байгуулсан байдал, хийж буй үйл хөдлөл нь хоорондоо ялгаатай харагддаг л даа. Аль нь таны сонирхлыг илүү татдаг вэ, яагаад?
-Хар шоргоолж мөрөөрөө, даруухан бол улаан шоргоолж илүү агрессивный амьтан л даа. Дайчин чанартайгаас гадна дайсагнах чадвартай. Өөрөөр хэлбэл хар нь хөдөлмөрч, даруухан байдлыг илэрхийлдэг бол улаан нь цэрэг эрийн дүр төрхийг илтгэж байдаг. Энэ бүх үйл хөдлөл, үзэгдлийг өөртөө тусгаж байна хэмээн төсөөлөөд суухаар байгаль ертөнцийг танин мэдэж байдаг. Залгуулаад тухайн хүн өөрийгөө таньж байдаг юм л даа. Энэ утгаараа бөх барилдуулж, морь уралдуулахаас арай өөр ач холбогдолтой зүйл юм.
ҮГГҮЙ ОРЧЛОН
Намгийн саарал усанд сүү дусаав ч хярам болохгүй
Намрын хүйтэн бороонд дэлхий дэвтэв ч өвс ургахгүй
Ногоон хэдий харагдав ч замаг ургаад цэцэг болохгүй
Нар хэдий гэрэлтэвч буруу нүхэнд гэгээ тусгахгүй ээ.Ц.Эрдэнэбат
-Та өөрийгөө хар, улаан шоргоолжны алинтай нь зүйрлэх вэ?
-Ммм. Байгалийн унаган өгөгдлөөрөө бол би хар шоргоолж шиг хүн. Гэвч барилгын салбарын өрсөлдөөнтэй бизнест зүтгэж байгаа хүний хувьд улаан шоргоолж шиг байхаас өөр аргагүй. Гэхдээ энэ бол миний өөрийн ертөнц биш. Энэ бол ажил хийх гэсэн, амьдрах гэсэн хүсэл тэмүүлэл дундаас зайлшгүй бий болсон шинж чанар юм уу даа.
-Шоргоолж хэмээх амьтны шинж бизнес эрхлэгчид, тэр дундаа танай салбарт байдаг байх гэж хардаг. Энэ хэр зөв бол?
-Үүнтэй санал нийлнэ. Барилгын салбарынхан улаан шоргоолж шиг нэг нударга болон эмхлэн зохион байгуулагдаж, зоримог, дайчин байгаасай гэж би боддог.
-Ингээд ярилцаад сууж байхад та бол өөрийн гэсэн том дотоод ертөнцтэй хүн байна гэдгийг мэдэрлээ. Тэгэхээр гэрэл зураг, яруу найраг бол өөрийнхөөрөө байх, өөрийгөө бусдад ойлгуулах, өрөөлийг таньж мэдэх ертөнц тань юм байна аа гэж, тийм үү?
-Ядарсан гуйлгачин ч байна уу, задарсан баян ч байна уу ертөнц дээрх бүх хүнд өөрийгөө илэрхийлэх гурван л арга байдаг. Харах, сонсох, ярих чадвараараа дамжуулж ертөнцөд нэвтэрдэг гурван хэлтэй. Энэ гурван хэлээрээ дамжуулж хүмүүс практик ажлаа хийдэг байх нь л дээ. Энэ тохиолдолд би харах мэдрэмжийн гоо сайхнаас энерги авах илүү дуртай хүн юм л даа. Өөрөөр хэлбэл өөрийнхөө батарейг ингэж цэнэглэдэг гэсэн үг.
-Та аль нутгийн хүн бэ?
-Архангайн хүн.
-Тэгэхээр авсан зураг, бичсэн шүлэг тань гагцхүү байгалийн сэдэвтэй байгаа нь Арын сайхан хангай нутгийн үзэсгэлэн гоог идэр бага наснаасаа харж, тэмтэрч, мэдэрч өссөнтэй холбоотой юу?
-Магадгүй. Орчин үеийн залуус хотжоод монгол уламжлал, монгол амьдралын хэв маягаас холдож байна л даа. Бидний үеийнхэн бол уламжлалт ахуйгаасаа холдоогүй, дэргэд нь байсаар л байгаа хүмүүс. Тиймээс л өөрийгөө байгалиас цэнэглэх талдаа илүү дуртай байдаг байх.
-Тэмээ ус уулгүй 40 хоног байж чаддаг гэдэг шиг та байгалиас хэдэн хоногийн нөөцтэй эрч хүчийг авдаг вэ?
-Миний хажууд сууж байгаа С.Дотнобилиг гэдэг хүн миний цэнэгийг хэр үрж байна вэ гэдгээс ихээхэн шалтгаална (инээв). Энэ бүсгүй миний цэнэгийг хайр найргүй үрээд байвал би байгалиасаа долоо хоног бүр авахаас аргагүй болно. Хэрвээ гамнаад байвал цэнэг маань 14 хоног хүрнэ л дээ. Тиймээс цэнэгийн маань нөөц нь дан ганц надаас бус хамтраад ажиллаж байгаа хүмүүс маань давхар хамаардаг.
-Нэг үеийн бизнес эрхлэгчидтэй тань харьцуулахад та тайван хүн байна. Бусад хүмүүс болохоор хашгичиж гуугчдаг, тэгэхээс ч өөр аргагүй байдаг байх. Ийм нөхцөл байдалтай та яаж зохицолдож тайван байж чадаж байна вэ?
-Би чинь 15 жилийн турш хашгичиж байгаад зүрхний судас таглараад унасан хүн байгаа юм. Тэрнээс хойш хашгичихаа больж, хашгичдаг ажлаа С.Дотнобилиг тэргүүтэй барилгын салбараар мэргэшсэн залуустаа шилжүүлсэн (инээв). Тиймээс одоо чөлөөндөө гарсан хурандаа болохоор харагдах байдлаараа тайван харагдаж байгаа байх. Гэхдээ компанийнхаа шийдвэр гаргах гол процесст оролцож, зөвлөн чиглүүлэх ажлаа эрхэлж байгаа. Үйлдвэрлэлийн ноён нуруу болж байдаг өдөр тутмын удирдлагын асуудалд оролцохгүй байгаа болохоор танд тийм гэгээлэг нөхөр шиг харагдсан байх аа (инээв).
-Сайхан яриа өрнүүлсэнд тань талархаж байна. Таны уран бүтээл, мөн бизнест амжилт хүсье.