Манлайллын коүч буюу Удирдлагын дасгалжуулагчтай ажилласнаар таны бизнес, хувь хүний хөгжил, карьерт ямар өөрчлөлтүүд гарч болох вэ? Бизнес эрхлээд тодорхой хугацаа өнгөрсний дараа та нэгэн хэвийн байдалд орж гацсан мэт санагдаж байсан уу? Зүйрлэвэл зах нь үл харагдах хязгааргүй далайг туулахаар багаа бүрдүүлэн зоригтой, эрч хүчтэй гарсан хөлгийн ахмад та зорьж байсан газрынхаа талд нь ч хүрэлгүй эргэлзэж багаа ч солимоор, хөлөг онгоцоо ч сайжруулмаар, бүр өөр зүг рүү хөлгийн маршрутыг өөрчилмөөр санагдах үе гарах нь бий.
Бизнесээ удирдан хөгжүүлэх явцад тохиолдож байгаа эргэлзээтэй олон асуудлуудын талаар ухаалаг зөвлөмжүүд хэн нэгнээс авч, таныг эрчилж, бас чиглүүлж байх найдвартай зөвлөхтэй болмоор санагдах үе том, жижиг байгууллагыг удирдаж байгаа ямар ч захирлын өмнө тулгарна. Олимп, дэлхийн аварга, ямар ч гайхалтай тамирчид дасгалжуулагчийнхаа удирдлага дор тэмцээний бэлтгэлээ хангадаг. Өндөр хөгжилтэй орнуудад амжилттай яваа бизнес эрхлэгчид, компанийн захирлуудын дийлэнх нь Удирдлагын коүч эсхүл ментороос зөвлөх туслалцаа, чиглэл авдаг нь нууц биш. Удирдлагын коүчтэй ажилласнаар танай бизнесийн өсөлт хөгжилд төдийгүй хувь хүний хөгжлийн талбарт дараах давуу талууд бий болно.
Зөвхөн танд тохирсон шийдлүүд.
Мэргэжлийн коүч нь таны хувь хүний болон бизнесийн онцлог давуу, сул талууд дээр тулгуурлан Хөгжлийн төлөвлөгөө, зорилго, зорилтыг боловсруулахад тань чиглэл өгнө. Зургаан сарын коүчингийн хөтөлбөрт хамрагдсан нэгэн эмэгтэй захирал “… Би өөртөө “чи сайжрах, өөрчлөгдөх хэрэгтэй” гэж үргэлж хэлдэг байсан боловч чухам юуг хэрхэн сайжруулахаа мэдэхгүй будилж явсан байна. Дасгалжуулалтад хамрагдсанаар бүх зүйл тодорхой болж би өдөр ирэх тусам сайжирч, хөгжиж байгаагаа мэдэрч байна. Би ажилдаа дуртай болж, нөхөр хүүхдүүдтэйгээ илүү сайхан харилцаатай болсон” гэсэн үр дүнг сонсоод коүчийн хувьд сэтгэл хангалуун үлдэж билээ.
Хөгжлийн чиглэлийг тогтооно.
Бизнесийн зорилго, зорилтуудтай уялдуулан байгууллагын хөгжлийн чиглэлийг тодорхойлоход туслах ба зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд таны гүйцэтгэх үүргийг тогтооход тусална.
Манлайллын ур чадвар сайжирна.
Коүчингийн хичээл бүр таны манлайллын ур чадварыг дээшлүүлэхэд чиглэх бөгөөд дасгалжуулалтын эхний үе шат дуусахад таны манлайлах ур чадвар 50-100% сайжирч, та өөртөө итгэлтэйгээр компанийнхаа өсөлтийг удирдах болно.
Залгамж халаагаа бэлтгэнэ.
Өндөр хөгжилтэй улсуудад компаниуд удирдах ажилтнуудын дараагийн үеэ бэлтгэхэд Leadership Coaching буюу Удирдлагын дасгалжуулалтын хөтөлбөрийг өргөн хэрэгжүүлдэг. Учир нь ийм төрлийн хөгжүүлэлт нь удирдлагын сургалтууд болон MBA хөтөлбөрт суралцахаас хамаагүй илүү үр дүнтэй болохыг бодит амьдрал дээр харж болно.
Шийдвэр гаргах ур чадвар сайжирна.
Шилдэг удирдагчид маш сайн шийдвэр гаргагчид байдаг. Коүчтэй ажилласнаар таны шийдвэр гаргах чадвар эрс дээшилж та ажил, амьдралтай холбоотой шийдвэрүүдийг гаргахдаа олон талаас нь өргөн хүрээнд харж сурна. Өөрөөр хэлбэл таны гаргах шийдвэр илүү чанартай бөгөөд оновчтой болно гэсэн үг юм.
Тодорхой болгоно.
Маш олон байгууллага, хувь хүмүүс хөгжлийн чиглэлээ тодорхойлоогүй байдаг. Зуу гаруй ажиллагсадтай нэгэн компанийн захирлаас байгууллагынхаа хэтийн зорилгыг хэрхэн харж байна вэ гэж асуухад “… Би компанийнхаа хэтийн зорилгын талаар бодож үзсэн. Гэхдээ би энэ талаар бусадтай хуваалцмааргүй байна. Яагаад гэвэл энэ нь биелэгдэхгүй байх магадлалтай” гэсэн хариулт сонсож байлаа. Удирдлагын коүчтэй ажилласнаар та нэг талаар өөртөө итгэлтэй болохын зэрэгцээ компанийнхаа ямар мэдээллийг бусдад нээлттэй хуваалцах, ямар мэдээллийг нууцлах талаар тодорхой ойлголттой болно.
Төвлөрч сурна.
Удирдлагын коүч нь таны сонгосон чиглэлд хүсч буй үр дүнгээ үзүүлэхэд чиглэсэн ажлуудыг ямар дэс дараалалтай, хэрхэн гүйцэтгэх тал дээр зөвлөхийн зэрэгцээ хэрхэн төвлөрч ажиллах тал дээр тодорхой арга, аргачлалыг зааж чиглүүлнэ.
Үүрэг хариуцлагаа сайтар ойлгоно.
Таны хүлээх үүрэг хариуцлага болон хариуцах ажлын цар хүрээг тодорхойлоход тусална.
Өөрийгөө болон бусдыг таньж мэднэ.
Удирдлагын дасгалжуулалтын үеэр та хувь хүний хувьд өөрийгөө болон тантай ойр ажилладаг хүмүүсийг илүү сайн таньж мэддэг. Өөрөөр хэлбэл та өөрийн болон бусдын сэтгэл хөдлөлийг илүү сайн ойлгон, сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдаж, таны сэтгэл хөдлөл бусдад хэрхэн нөлөөлж байгааг анзаарч мэдэхэд тусална. Сэтгэл хөдлөлийн нөхцөл байдлаа илүү сайн таньж мэдсэнээр өөрийгөө илүү сайн удирдаж сурах ба бусдад хүчтэй нөлөөлж, харилцааны ур чадвараа эрс сайжруулахад тусална.
Өөртөө илүү итгэлтэй болно.
Та удирдлагын болон харилцааны ур чадваруудыг эзэмшсэнээр өдөр ирэх тусам өөртөө илүү итгэлтэй болно.
Амьдралын зорилго.
Коүчтэй ажилласнаар та энэ амьдралд чухам юу хийж бүтээж, ямар өөрчлөлтүүд хийх ёстойгоо сайтар ойлгоод зогсохгүй амьдралаа илүү утга учиртай болгох чиглэлээр тодорхой алхмууд хийж эхэлнэ.
Үнэт зүйлс.
Коүч тань амьдралдаа баримталдаг зарчмууд болон үнэт зүйлсийг тодорхойлох дасгалыг ажиллуулах ба үүний үр дүнд таны баримталдаг үнэт зүйлс тодорхой болно. Зөвхөн хувь хүний төдийгүй компанийнхаа үнэт зүйлсийг ч тодорхойлох боломжтой болох юм. Коүчингийн үеэр та маш олон зүйлд суралцаж өөртөө шинэ нээлтүүд хийх бөгөөд энэ дундаас үнэт зүйлсээ тодорхойлох нь магадгүй хамгийн чухал нь байхыг үгүйсгэхгүй.
Алсын хараа.
Дээрхийн мөн адил мэргэжлийн коүч нь хувь хүний түвшинд болон танай компанийн алсын харааг тодорхойлоход туслалцаа үзүүлнэ.
Өөрийгөө бодитоор харна.
Таны хувь хүний мөн чанар давуу болон сул талуудаа бодитоор харахад тань мэргэжлийн коүч тусална. Сайжруулах талууд дээрээ хэрхэн ажиллах тухай мөн л мэргэжлийн коүчээс зөвлөгөө авч болно.
Тасралтгүй урагшлах дотоод хөдөлгүүртэй болно.
Хүмүүсийн тархиндаа суулгасан итгэл үнэмшил нь нэг бол тэднийг хөтлөн урагш хөгжүүлдэг эсхүл тэдний хөгжлийг боомилон хойш чангаадаг. Дасгалжуулалтын явцад коүчинг таны дотоод хүч ба итгэл үнэмшил нь таны ажил амьдралд хэрхэн нөлөөлж байгааг өөрт тань ойлгуулахад тусална. Өөрөөр хэлбэл таны итгэл, үнэмшил таныг хязгаарлах бус таныг хөгжүүлдэг, эрчилдэг байхын тулд та өөрийнхээ төлөө юу хийх ёстойг зөвлөнө.
Үр дүнд хүрнэ.
Ажил амьдралын талбартаа таны тодорхойлсон зорилго, зорилтуудаа хэрэгжүүлэх чиглэлээр яг тодорхой үр дүнгүүд үзүүлж эхэлнэ.
Эргэцүүлэн бодож, тасралтгүй суралцана.
Дасгалжуулалтын хичээл бүрийн төгсгөлд гэрийн даалгаврууд өгдөг ба танд тодорхой сэдвийн хүрээнд бодож тунгаах боломжийг олгодог.Танд тулгамдаж буй асуудлын хүрээнд илэн далангүй ярилцаж, аюулгүй орчинд саналаа солилцоно.
Бүтээмж нэмэгдэнэ.
Менежментийн болон манлайллын ур чадвар тань дээшилснээр ажлаа урам зоригтой хийж шинэ амжилтууд гарган бүтээмж эрс нэмэгдэнэ.
Өөрчлөлт ба мотиваци.
Зорилго, зорилтоо тодорхойлсны дараа урд өмнө нь хийж байгаагүй ажлуудыг хийх эсхүл зарим зүйлсийг шинэчлэх, өөрчлөх шаардлагатай болдог. Коүчтэй ажилласнаар урьд өмнө нь хийх юмсан гэж хүссэн мөртлөө хэрэгжүүлж чаддаггүй байсан олон зүйлийг хийж эхлэх сэдэл төрнө. (Жишээ нь, магистрт суралцах, мэргэжлийн зэрэг, цол авах шалгалтад бэлтгэх, гадаад хэлний мэдлэгээ ахиулах, илүүдэл жингээ хасч эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх гэх мэт)
Нууцыг найдвартай хадгална.
Чухал асуудлуудын талаар шийдвэр гаргахаасаа өмнө компанийн ажилтнууд болон гэр бүлийнхэнтэйгээ тэр бүр ярилцах боломжгүй нөхцөл байдалтай компанийн захирал олонтаа тулгардаг. Ийм үед захирал коүчтэй санал бодлоо хуваалцдаг ба коүч нь тухайн ажлын хүрээнд мэдлэг туршлагаа захиралтай хуваалцан тулгамдсан асуудлаар шийдвэр гаргахад нь тусалдаг.
Байгууллага болон хувь хүмүүс удирдлагын коүчтэй ажиллахаар болвол тухайн коүчийн мэдлэг, туршлага чадварыг маш сайн судалж байж гэрээ хийх нь зүйтэй. Мэргэжлийн шаардлага хангахуйц удирдлагын коүч нь Олон улсын коүчуудын холбооны сургалтад хамрагдан гэрчилгээжсэн (эмчтэй зүйрлэвэл анагаах ухааны дээд сургуулиа төгсөөд эмчлэх эрхийн лицензээ авсан байх) байх шаардлагатай бөгөөд бизнесийн байгууллагад удирдах ажил хийж буй захирлуудын хэрэгцээнд нийцэж тэдэнд тулгарч буй асуудлыг шийдэхэд шаардлагатай арга техникүүдийг эзэмшсэн, тэдэнд тохирсон шийдлүүдийг боловсруулах чадвар бүхий эксперт байх ёстой. Туршлагатай, мэргэжлийн коүчүүд ихэвчлэн 20-оос дээш жил хэд хэдэн салбарт ажиллан туршлага хуримтлуулсан байхаас гадна байгууллага, аж ахуйн нэгж удирдан түүнийгээ амжилтанд хүргэж байсан түүхтэй, мэдлэг чадвараа бусадтай харамгүй хуваалцдаг, мэргэжлийн өндөр ёс зүйтэй, хувийн манлайлал бүхий мэргэжилтнүүд байдаг. Дээр дурдсан давуу талууд нь зөвхөн маш чадварлаг коүчийн дасгалжуулалтад хамрагдсанаар бий болно гэдгийг санууштай.