Одоогоос 64 жилийн өмнө АНУ-ын Сан-Франциско хотод домогт бизнесмэн, Apple компанийг үндэслэгч, электрон хэрэгслүүд хүний амьдралд ямар үүрэг гүйцэтгэх тухай төсөөллийг эрс өөрчилсөн Стив Жобс мэндэлжээ. Түүний хэвлэлд өгсөн ярилцлагууддаа хэлсэн бизнесийн арга ухааны талаарх үгсийг түүвэрлэн хүргэе.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ
Фокус бүлэгт дулдуйдаж бүтээгдэхүүн бий болгох үнэхээр хэцүү. Биетээр үзүүлэх хүртэл хүмүүс өөрсдөд нь юу хэрэгтэйг мэддэггүй.
Дизайнеруудын хийдэг ажил нь тэдэнд өгсөн ямар нэг хайрцгийг аятайхан харагдахаар болгох гэж хүмүүс эндүүрдэг. Бидний хувьд дизайн тэс өөр зүйл. Дизайн бол ямар нэг зүйлийг сайхан харагдуулах, аятайхан мэдрүүлэх тухай яриа биш, харин ямар нэг зүйл хэрхэн ажиллах тухай яриа юм.
Бүтээгдэхүүнд хамаг хүчээ зарцуулдаг соёл технологийн компаниудад ч хэрэгтэй. Гарамгай инженер, ухаалаг хүмүүсээр дүүрсэн компани цөөнгүй. Гэхдээ эцсийн дүндээ бүх зүйлийг нэгтгэж чадах татах хүч орших ёстой. Эс бөгөөс олон гарамгай, чадварлаг хүмүүсээс эрээвэр хураавар ухаалаг төслүүд л бий болно.
Шилдэг компаниуд гоо зүйд анхаардаг. Тэд зөв хэлбэр, зөв харьцааг олохын тулд маш их цаг зарцуулдаг ч энэ нь эцэстээ үр шимээ өгдөг. Өөрөөр хэлбэл, гоо зүйгээр дамжуулан тухайн компани өөрийгөө хэрхэн төсөөлөх, ямар сахилга баттай байх ёстой талаар зөв чиглэл сонгож чаддаг.
Хүний мэдлэг, туршлага хэр өргөн гэдгийг мэдэх тусам бидний дизайн төдий чинээ сайн болдог. Бүтээлч ажиллана гэдэг эд зүйлийг зөв нэгтгэхийг хэлнэ. Бүтээлч хүмүүсээс “Энийг яаж хийсэн бэ?” гэж асуухад тэд юу гэж хариулахаа мэддэггүй. Учир нь тэд хийгээгүй, харин ямар нэгэн онцгой юмыг олж хараад эвлүүлсэн төдий. Энэ нь хэсэг хугацааны дараа нотлогддог. Өөрөөр хэлбэл, тэд өөрт байсан туршлагыг нэгтгэх замаар ямар нэгэн шинэ зүйлийг нийлэгжүүлэн бий болгодог.
БИЗНЕСИЙН ТУХАЙ
Beatles бол миний бизнесийн загвар. Эдгээр залуус бие биенийхээ сөрөг чанарыг хяналтанд байлгаж чадсан. Нэг нэгнээ тэгшитгэж, хамтдаа том бүхэллэгийг үүсгэсэн. Би бизнесээ ингэж л хардаг. Агуу үйл хэргийг хэзээ ч нэг хүн хийдэггүй, зөвхөн баг л энийг хийж чадна.
Хэрэглэгчдээс юу хэрэгтэйг нь асууж, дараа нь хэрэгтэй гэснийг нь санал болгох гэсэн оролдлого бүү хий. Энэ ажлыг хийдэг хүмүүс байдаг л юм байгаа биз. Харин бид үргэлж дараагийн мөрөөдөлдөө тэмүүлэх ёстой.
Амжилттай бизнесийг бүтэлгүй бизнесээс ялгадаг зүйлсийн тал хувь нь ердөө махруу чанар.
Бид өөрсдийнхөө ажлаас урам авдаг. Онлайн гарааны компаниудыг ойлгоход хэцүү. Үнэхээр сайн компани босгох гээд байна уу, эсвэл мөнгөнд шунаад байна уу гэдгийг нь. Миний бодлоор хэрэв тэд үнэхээр сайн компани босгох бодолгүй байгаа бол юунд ч хүрэхгүй. Учир нь чамд жинхэнэ хүсэл байхгүй бол удахгүй бууж өгнө.
“Сайн зураачид хуулдаг, агуу зураачид хулгайлдаг” гэж Пикассо хэлсэн байдаг. Бид үргэлж агуу санааг юу ч бодолгүй хулгайлдаг байсан.
Macintosh компанийн төсөл дээр хөгжимчид, яруу найрагчид, зураачид, амьтан судлаачид, түүхчид ажилласан учраас сайн болсон гэж боддог. Нэг л мэдэхэд тэд дэлхийн хамгийн шилдэг компьютерын мэргэжилтнүүд болчихсон байлаа.
Хэрэв чи удаан хугацаанд ямар нэг зүйлд ууссан бол амьдралд байж болох бусад боломжоос татгалзах хэрэгтэй. Үнэхээр утга учиртай ажлыг дуустал хийхэд чи нэг талаас жинхэнээсээ махруу зантай, нөгөө талаас хязгаарлагдмал байх шаардлагатай. Ялангуяа зүгээр нэг бизнесмэн биш, харин жинхэнэ бүтээлч хүн байхыг хүсвэл.
Онлайн гарааны компаниуд хэтэрхий олширч байгаа асуудал нь хэтэрхий олон хүн компани байгуулж буйд биш. Хэтэрхий олон хүн эцсээ хүртэл явдаггүйд байгаа юм. Учир нь хүмүүсээ халах, төслөө цуцлах, хүндрэлтэй тулгарч нойргүй шөнүүдийг өнгөрөөх зэрэг арга тасарсан үе олон тохионо. Яг л ийм үед чи өөрийнхөө хэн болох, чиний үнэт зүйлс юу болохыг ойлгодог.
ХХ зууны агуу хоккейчин Уэйн Гретцкийн “Би шайб байсан зүг рүү биш, шайб байх зүг рүү гулгадаг” гэсэн үг бий. Энэ зарчмыг би Apple дээр хэрэгжүүлэхийг үргэлж чармайж ирсэн. Эхлүүлсэн цагаасаа л. Цаашдаа ч үргэлж ийм байна.
ИННОВАЦИ, ХУВЬСГАЛЧ ЧАНАР, ЭНГИЙН БАЙХ ТУХАЙ
Би аажмаар бий болдог төгөлдөршлийг таашааж амьдралдаа хэрэгжүүлж ирсэн. Гэвч хувьсгал хийх хэмжээний өөрчлөлтөд илүү сэтгэл татагддаг. Яагаад гэвэл хувьсгал хийх нь хэцүү, стресс ихтэй. Хувьсгал хийхийн тулд “Чи дууссан, ахиад юу ч хийгээд бүтэхгүй” гэж ятгах тэр л үеийг давж гарах хэрэгтэй.
Миний бизнесийн тарни бол “Төвлөр, энгийн бай”. Энгийн зүйл хийх нь энгийн бус зүйл хийхээс хэцүү. Өөрийнхөө сэтгэлгээг цэвэрлэж, энгийн болгоход хөлсөө урсгах шаардлагатай. Гэхдээ ингэж чадсан тохиолдолд чи уулыг ч өргөх хүчтэй болно.
Инновацилаг байж чаддагаар нь манлайлагчийг даган дуурайгчаас ялгадаг. Үе үе бүхнийг өөрчилж хувьсал авчирсан бүтээгдэхүүн бий болдог. Ядаж нэг ийм бүтээгдэхүүний төсөл дээр ажиллах нь тун ховор боломж. Apple азтай байж, бид хэд хэдэн тийм бүтээгдэхүүн хийсэн.
Судалгаа, шинжилгээнд хэр их мөнгө зарцуулах нь инновацитай ямар ч холбоогүй. Apple компани “Mac” компьютерыг зах зээлд танилцуулж байхад “IBM” судалгаа, шинжилгээнд 100 дахин хөрөнгө зарцуулж байсан. Хэргийн учир нь мөнгөнд биш, харин таны дор байгаа хүмүүст, тэднийг удирдаж, ойлгож байгаа арга хэлбэрт байгаа юм.
Хэтэрхий олон зүйл хийж буруу замаар явахгүйн тулд мянган саналаас татгалзан “үгүй” гэж хэлсэн үед л инноваци бий болдог. Бид эзэлж болох шинэ зах зээлийн тухай байнга боддог ч зөвхөн “үгүй” гэж хариулах замаар үнэхээр чухал зүйл дээр төвлөрч чадна.
Үнэхээр сонирхолтой санаа, содон технологийг он удаан жил инновацилаг байж чадах компани болгон хувиргахын тулд сахилга бат хэрэгтэй.
ХҮМҮҮСИЙН ТУХАЙ
Ажлаа хийж байгаа хүмүүс бол Мас компьютерын амжилтын ард байгаа хөдөлгөх хүч. Миний зорилт бол тэдэнд орон зай бий болгож, зохион байгуулалтын асуудлаас чөлөөлж, хараандаа байлгах.
Миний хувьд хамгийн чухал нь Apple компанийг хамгийн чухал 100 тоглогчтой байлгах. Үлдсэн нь жам ёсоороо болно.
Би хэн нэгнийг үнэхээр хариуцлагатай ажилд томилохдоо үнэхээр ухаантай эсэхийг нь хардаг. Гэхдээ тухайн хүн Apple-д дурлаж, сэтгэлээ өгч чадах эсэхэд санаа зовдог. Хэрэв дурлаж чадвал үлдсэн нь жамаараа болно.
Би тэгш үр дүнг дэмждэггүй, харин тэгш боломжийг дэмждэг. Учир нь амьдрал гэдэг тэгш байдаггүй учраас би тэгш үр дүнд итгэдэггүй. Хэрэв амьдралд үр дүн тэгш байсан бол уйтгартай байна.
Ажил дээр байхдаа бүх хүчээ зарцуул. Битгий унтаад бай. Тэмүүлж байгаа амжилт тань илүү их амжилтыг дагуулдаг. Тиймээс төгс төгөлдөрт хүрэх хүсэл, шуналтай хүмүүсийг ажилд ав.
Энэхүү материалыг бэлдэхэд Inc, Business Week (1, 2), Wired, Fortune (1, 2), Esquire, CBS, Charlie Rose, Time Magazine, Rolling Stone, The New-York Times зэрэг хэвлэл, мөн Computerworld Smithsonian Awards дээр хэлсэн үгнээс түүвэрлэв.