27 насанд зарим хүний амьдрал тогтож, хэдийнэ гэр бүл, ажилтай болцгоодог. Харин Ван Гог энэ насандаа л уран бүтээлийнхээ гарааг эхэлж, дэлхийд танигдахуйц өндөр түвшинд хүртэл хөгжиж, өөрийн зам мөрөө тодоос тод үлдээсэн юм. Эргээд харахад тэрбээр энэ бүхнийг арван жилийн хугацаанд л амжуулжээ. 37 настайдаа тэрбээр гунигтайгаар хорвоог орхих хүртлээ аравхан жилийн дотор нэртэй зураачдаас хамгийн олон бүтээл туурвисан юм. Огцом хувирах зан авиртай ч хөдөлмөрч байсан тэрбээр өөрийнхөө зөв гэдэгт үргэлж итгэдэг байсан нь бусдад тэвчишгүй санагддаг байсан гэдэг. 27-тойдоо дүүдээ илгээсэн захидалдаа “Миний ирээдүй илүү тодорч, амьдрал минь илүү хялбар болж эхэлж байгаа санагдаж байна. Бүх зүйл өөрчлөгдөж байгаа ч миний доторх бодол, аливааг харах өнцөг минь огтхон ч өөрчлөгдсөнгүй. Надад гарсан өөрчлөлт гэвэл хийж байгаа зүйлдээ улам гүнзгий дурлаж, цаашид хийх зүйлдээ итгэх итгэл минь ундарсаар байна” гэж бичиж байв.
Винсент Виллиам Ван Гог санваартны гэр бүлд зургаан хүүхдийн отгон нь болж төрсөн. Тэрбээр тосгондоо хоёр ч сургууль дамжсаны дараа 16 насандаа олон улсын урлагийн бүтээл худалдаалдаг Goupil and Cie-д хамгийн залуу ажилтнаар орж байв. Авга ахынх нь олж өгсөн энэхүү ажлын ачаар урлагийн ертөнцтэй танилцсан явдал түүний хожмын урлагийн замналын суурь нь болж өгсөн гэдэг. Зургаан жилийн турш урлагийн бүтээл зарсан нь түүнд их зүйлийг заасан ч цаашид түүний амьдрал хэрхэн эргэх нь тодорхойгүй л байлаа. Урлагийн ажлаасаа гарсныхаа дараа таван жилийн турш тэрбээр амьдралынхаа сүүлийн мөчөө хүртэл зориулах зүйлийг хайж бадарчилсан юм. Энэ хугацаандаа хоёр ч удаа багшилж, хадлан хадах ажил хийж, тэр бүү хэл сүмд сайн дураараа санваартан ч хийж үзэв. Дүүдээ бичсэн нэгэн захидалдаа “Ганцаардлын тухай бодож эхлэх болгонд надад бурхны тухай бодол орж ирж байна. Оршуулгын газар өөртэйгээ ярих нь надад тухтай санагддаг. Учир нь газар доор байх бүх хүмүүс эрх тэгш. Би өөр хаана ч ингэж мэдэрдэггүй” гэж бичиж байв. Улмаар шашны итгэл үнэмшил нь түүнийг үлдсэн амьдралаа христийн шашныг дэлгэрүүлэхэд зориулах тухай бодоход хүргэж байв. Учир нь шашин болон сүм хийд, сэтгэл санаагаар хямарч ганцаардсан түүнд тайван амьдрахад нь яг тохирох газар санагдаж байсан юм. Гэвч энэхүү шийдвэрийг гэр бүлийнхэн нь эрс эсэргүүцсэн тул түүнд сонголт үлдсэнгүй. Ийнхүү сонирхлоороо зурж эхлээд байсан тэрбээр эргэж буцалтгүй урлагийг сонгов.
Хүсэл мөрөөдлөө дагах зам нь дардан байсангүй. Учир нь уран зургийн талаар эхнээс нь бүхнийг сурах шаардлагатай байсан тул нар мандахаас жаргах хүртэл бүх цагийг сурах бичиг үзэж, зургаа зурахад зарцуулдаг байлаа. Тэрбээр өөрийгөө олохын тулд тасралтгүй зурсаар байсан юм. Энэ тухайгаа “Явж байгаа замаа үргэлжлүүлэхийн тулд би зогсолтгүй явах хэрэгтэй. Би юу ч хийхгүй бол, цаашид суралцахгүй бол хожигдоно. Тиймээс би тасралтгүй оролдсоор байх хэрэгтэй” гэж захиандаа дурдсан байдаг. Эцэстээ урлагийн академид явсан нэг сар, зурах техникээс зураачийн өөрийгөө илэрхийлэх арга барил нь илүү чухал гэх түүний итгэлийг улам гүн болоход нөлөөлөв. Ийнхүү түүний зургууддаа ашиглах өнгө будгийн хослол, нэг өнгийн олон төрлийн уусгалууд зургуудад нь биеллээ олж эхэлсэн гэдэг.
Төрсөн дүү Тео нь анх түүнийг ятгаж урлагийн амьдралд ороход нь нөлөөлсөн. Үүнээс хойш арваад жилийн турш тэрбээр ахынхаа урлагийн амьдралд түшиг тулгуур байсаар ирсэн нь захиануудаас нь тод харагддаг. Амьд ахуй цагтаа олонд танигдаж, гагцхүү уран бүтээлээ хийснээр хангалуун амьдрах боломжгүй гунигт тавилан Ван Гогийг тойроогүй юм. Тиймээс ч зурсан зургуудаа зарж, амьдралаа залгуулах боломжгүй түүнд дүү нь үргэлж тусалдаг байлаа. Түүний амьдралд эзлэх дүүгийнх нь орон зайг хэн ч орлошгүй байв. Дүү Теодоо 1888 онд бичсэн захидалдаа тэрбээр “Би зургуудаа зарж чадахгүй нь. Гэвч зурсан зургууд маань өөрсдийн үнэ болон миний өөрийн амьдралаас илүү үнэ цэнэтэй байсныг хүмүүс ухаарч, зургуудыг маань ойлгох цаг ирнэ” гэж бичиж байв.
Амьдралынхаа сүүлийн саруудыг эмнэлэгт өнгөрөөж байх үед нь ч түүнд дүүгээс нь зургийн хэрэгслүүд ирсээр байлаа. Дүүдээ хаягласан захидалдаа “Чи миний амьдралыг аварсаар ирсэн. Би үүнийг хэзээ ч мартахгүй. Мөнгө дахиад олдох ч чинийх шиг энэрэнгүй зан дахиж хэзээ ч олдохгүй” гэж бичсэн байдаг. Эцэстээ гэр бүлтэй болсон дүүгийнхээ амьдралд тээр болж байгааг мэдэрч, сэтгэлийн өвчнөөсөө болж түүнийг амиа хорлосон гэж үздэг. Ван Гог 1883 онд захидалдаа “Надад нэг бодол үе үе бодогдох боллоо. Амьдралынхаа сүүл үед зурж эхлээд зогсохгүй би энэ хорвоо дээр цаашид удаан амьдрахгүй санагдах юм. Магадгүй миний бие дахиад зургаагаас арван жилийн хооронд амьдрах юм болов уу даа” гэж бичсэн байдаг.
Наран цэцгийг харах болгонд Винсент Ван Гогийг боддог хүн маш олон бий. Учир нь уран зургийн түүхэнд тэр л анх удаа хэний ч хайхраагүй цэцгийн гоо сайхныг нь анзаарсан юм. Наран цэцгийн зургууд түүний талархлын илэрхийлэл байсан гэдэг. Захиандаа гунигласан зүрхтэй хүн бүрийг тайтгаруулах урлагийг бүтээмээр байгаа тухай дурдсан нь хожим наран цэцгийн бүтээл нь болсон аж. Шаналж буй зүрх бүрт тайтгарал өгөх гэж хэний ч анзаардаггүй цэцэгсийг зурдаг байлаа. Нэг л мэдэхэд түүний амьдрал энэхүү цэцэгтэй салшгүй холбоотой болсон байв. Түүний оршуулга дээр найзуудынх нь авчирсан цэцэг өнөөх л наран цэцэг байсан юм. Тэрбээр “Би урлангаа чимэглэх зургуудынхаа талаас илүүг наран цэцгийн зураг байлгахаар бодож байна” гэж нэгэн захидалдаа дурссан байдаг. Хэн ч анзаарч хардаггүй байсан наран цэцгийг өөрийн өнгө будгаар буулгасан түүний зургууд 130 жилийн турш хүмүүст баяр баясал, тайтгарлыг авчирсаар өнөөдрийг хүрэв. Цэцэг болгон үхдэг ч түүний зурсан цэцэгс үзэсгэлэнтэй чигээрээ үлдсэн юм.
Ван Гогийн бичсэн бүх захидлууд
Ван Гогийн амьдралаар хийсэн баримтат кино
Түүний хэлсэн ишлэлүүд
“Юуг ч оролдож үзэх зориггүй амьдрал ямар л амьдрал байх билээ…”
“Нэг эрдэмд төгс суралцсан нэгэн бусад олон эрдмийг ойлгож чаддаг”
“Бидний эргэн тойрон тэр чигээрээ яруу найраг. Гэвч түүнийг цаасан дээр буулгах нь бидний бодсон шиг тийм ч амар зүйл биш юм”
“Хүмүүс намайг байгаагаар минь хүлээж аваасай гэж би хүсэх юм”