Бизнес эрхлэгчид маркетингийн арга хэлбэрийг компанийнхаа үйл ажиллагаанд нэвтрүүлдэг ч мөн чанарыг нь дутуу ойлгосноосоо болж Маркетингийн алба, маркетингийн менежерүүдийнхээ ажилд шууд болоод шууд бусаар буруу нөлөөлөх нь манай практик түгээмэл байдаг. Тиймээс энэ талаарх ойлголтыг өгөх үүднээс BZP Digital&Inbound ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Батзоригтой ярилцлаа.
-Маркетингийн тал дээр ямар алдааг бизнес эрхлэгчид түгээмэл гаргаж байна вэ?
-Түгээмэл байдаг алдаануудаас дурдвал технологийн дэвшлийг ашиглахдаа тааруу байна. Хуучин цагт бол ийм боломжоор хөрөнгө мөнгөтэй том компаниуд л хангагдах бололцоотой байсан бол өнөөдөр маркетингт зориулагдсан үйлчилгээ хямд болсон. Үүний хамтаар нарийн мэргэжлийн баг, хүмүүсийн оролцоогүйгээр технологийн дэвшлийг амар хялбараар хэрэгжүүлэх үүд хаалга нээгдсэн. Дээр нь үүрэн технологт суурилсан үнийн хувьд нэг сарын 10 долларын төлбөртэй, үнэгүй гэх мэт олон төрлийн шийдлүүд гарч ирсэн байгаа. Энэ шийдлүүд нь хоорондоо уялдаатай ажилладаг. Би өөрөө л бүтээлч байж, хичээл зүтгэлтэй байх юм бол байгууллагынхаа маркетинг, борлуулалт, үйлчилгээ зэрэг функцүүдээ автоматжуулах, бүтээмжээ өндөрсгөх, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх бололцоонууд бий.
-Маркетингийн менежер гэдэг нь мэргэжлийн ураас гадна олон талын мэдлэг, чадвартай байх хэрэгтэй байдаг. Ажлын байр нь байгаа ч шалгуурыг бүрэн хангасан боловсон хүчин нь манайд хэр хангалттай байдаг юм бэ?
-Нэг үеэ бодвол хөгжсөн л дөө. Уламжлалт маркетингийн арга хэлбэртээ бол бид нар нэлээд туршлагатай болж, компаниуд ч чадвартай менежерүүдтэй болсон. Харин дижитал маркетингийн чиглэлд мэргэжлийн боловсон хүчин яах ч аргагүй дутмаг байгаа. Энэ дотроос сошиал маркетингийн тал дээр бол тодорхой боловсон хүчнүүд бэлтгэгдээд туршлагажиж байгаа учир урагш явж байгаа хандлага бий. Гэхдээ энэ нь нэг л хэсэг нь. Үүний цаана веб сайт, веб маркетинг, Google, Facebook-ийн сурталчилгаа, Chatbot, Messenger, CRM гээд олон төрлийн технолог байгаа. Энэ технологуудыг цогцоор нь зөв уялдуулах чадвар сул байгаа. Контент маркетингийн арга ухаан манайд үр дүнтэй хөгжиж байна. Энэ нь гар утас, интернет хөгжсөний үр нөлөө юм. Гэвч үүнийгээ иргэдэд хэрхэн хүргэх, контентийнхээ стратегийг яаж боловсруулах вэ гэдэг талын ур чадвар мөн сул байна. Ийм төрлийн ажлыг хийхдээ хүний сонирхлыг татсан контент хийгээд байгаа нь хуучны уламжлалт маркетингийн арга хэлбэрээр ажиллаад байна гэсэн үг.
-Том компаниудын захирлууд бол маркетингийн асуудалд яаж оролцохоо мэддэг болсон. Гэхдээ үүрэг хариуцлагаа хольж хутгах байдал том, дунд, жижиг бизнесийн аль алинд нь ажиглагддаг. Тэдгээр захирлууд ямар хэмжээнд яаж оролцвол маркетингийн ажил хамгийн зөв замаар урагшлах вэ?
-Том компаниуд олон талаараа бусдын урд гарсан байдаг л даа. Гэхдээ энд нэг сул тал байдаг. Тэндхийн маркетингийн бодлого нь төсөв, тооцоонд тулгуурлагдан тодорхойлдог ч асуудлыг үзэмжээр харж шийдчих гээд байдаг талтай, захиралд таалагдах байдлаар гэх ч юм уу. Гэтэл магадгүй захирал зорилтод хэрэглэгч биш байж болно шүү дээ. Үүнээс хамаараад маркетингийн хүмүүс ч хоорондоо ярьдаг байх, захирлын явдаг зам дахь самбар хамгийн зөв байрлалтай гэдэг ч юм уу. Тиймээс том компаниудын сул хийж байгаа алхам бол маркетингийн үр өгөөжийн хэмжилт. Сул талаа орхиод сайн байгаа чиглэлээ илүү хөгжүүлэх нь маркетингт байх ёстой чухал зүйл. Миний хэлж байгаа зүйлийг “Маркетинг бол мэдрэмжийн асуудал” гэх зэргээр маркетингийн олон хүн шууд үгүйсгэнэ л дээ. Мэдээж мэдрэмж чухал. Гэхдээ нөгөө талдаа тоогоо харах ёстой. Тоо чинь үгүй гэж хэлээд байгааг бодож үзэх л ёстой. Технологт суурилсан маркетинг хийх боломж бүрдсэн өнөө цагт өгөгдөл дээрээ шинжилгээ хийх бололцоо бүрэн бий болсон.
Жижиг, дунд бизнесийн хувьд хөрөнгө мөнгөтэй холбоотойгоор маркетингийн ажлаа том компаниуд шиг хүчтэй хийх боломж тааруу байдаг. Гэхдээ маркетинг хийхгүй байна гэсэн үг биш юм. Маркетинг хийснээр борлуулалт нэмэгдэнэ, борлуулалт нэмэгдсэнээр байгууллагын өсөлт явагдана. Одоо тэдэнд шинэ боломж гарч ирсэн нь хямд төсөр технологи. Өөрсдөө л бүтээлч, хичээнгүй байж чадвал том компаниудтай өрсөлдөх боломжийг нээнэ.
-Монголын хэрэглэгчид өөрсдийн гэсэн шинж чанар, онцлогтой. Гадаадын онолуудаас аль нь манайд илүү тохирч, аль арга хэлбэр нь илүү үр өгөөжийг өгч байна вэ?
-Хэрэглэгч нь байгаа тохиолдолд бүх л төрлийн маркетингийн арга, хэлбэрийг манайд ашиглаж болно л доо. Гэхдээ бүгдийг хэрэглэхээсээ өмнө манай хэрэглэгч хэн бэ гэдгээ эхлээд тодорхойлох хэрэгтэй. Яагаад гэвэл гадаадын, Монголын хэрэглэгчийн зан төлөв, сонирхол өөр байдагтай адил компани бүрийн хэрэглэгч мөн ялгаатай байдаг. Тиймээс л “Манай хэрэглэгч хэн бэ” гэдгээ л олох хэрэгтэй. Сайн судалж байж авдаг хүн үү, хүнээс сонсоод авдаг хүн үү, хямдралд дуртай хүн юм уу гэх зэргээр хэрэглэгчдэд юуг ойлгуулвал сонголтод нь нөлөөлөх вэ гэдгээ маш сайн судлах хэрэгтэй.
-Захирлуудын төөрдөг нэг зүйл нь маркетинг, борлуулалтыг хольж ойлгох явдал. Үүнээсээ болоод маркетингийнхээ үйл ажиллагааг өөр тийш нь чиглүүлчихдэг хандлага байна. Энэ тал дээр та бизнес эрхлэгчдэд ямар зөвлөгөө өгөх вэ?
-Маркетинг, борлуулалт хоёр бол нэг тэрэгний хоёр дугуй гэж хэлбэл нэг их буруутахгүй. Нэг дугуй нь эвдэрчих юм бол нөгөө нь явахгүй. Энэ хоёр нэгдмэл удирдлагатай байхыг үгүйсгэхгүй. Харин “нэг зүйл” гэсэн ойлголтоор удирдан чиглүүлэх нь учир дутагдалтай. Үүнтэй адил хэт тусд нь авч явж бас болохгүй. Тэдний хоорондын уялдаа холбоог заавал хангаж байх ёстой. Жишээ нь маркетинг хийсний үр дүнд манай бүтээгдэхүүнийг хүмүүс сонирхоод эхэллээ. Энэ сонирхлыг борлуулалт руу хурдан өгөх хэрэгтэй. Нөгөө хүн нь манай юмыг авмаар байдаг. Борлуулалтынхан нь таг болвол маркетингийн үр өгөөж байхгүй болно. Эргээд борлуулалт нь хэрэглэгчдээс авсан мэдээлэл, ойлголтоо маркетингдаа хэлнэ. Энэ хүн манай сурталчилгаанаас ингэж буруу ойлгосон байна, манай бүтээгдэхүүний талаар ингэж хэллээ гэдэг ч юм уу. Энэ мэтчилэн маркетинг, борлуулалт хоёр уялдаа холбоотой ажиллаж эргэх холбоог зөв үүсгэх хэрэгтэй.
bi buh turliin zuil oyh oydliin uildwer ajilluulah gesen ym marketungiin uilchilgee hiih uu