“Архангай аймгийн Цэнхэр сумын тэжээллэг өвс идэж, Орхон голын хөвөөнөөс ундаалсан сарлагийн сүү” гэсэн тайлбартай Монгол брэндийн сүүг өдөр бүр сая сая хүн онлайнаар захиалжээ. Захиалагчид эх үүсвэрийн баталгаатай, үйлдвэрлэлийн явцыг өөрийн нүдээр харсан бүтээгдэхүүнээ ийнхүү итгэлтэйгээр сонгон захиалж байгаа нь энэ.
Яг одоо дээрх шиг нөхцөл байдал байхгүй ч хэдхэн жилийн дараа ийм болохыг үгүйсгэхгүй. Учир нь салбар бүр ямар нэгэн байдлаар дижитал руу шилжиж, техник технологийг үйл ажиллагаандаа ашиглаж эхэлсэн. Түүнчлэн орчин үеийн хүмүүсийн дийлэнх нь эх үүсвэрийн баталгаатай, чанартай, аюулгүй байдлыг хангасан хүнс, бүтээгдэхүүнийг хэрэглэдэг болсон. Тодруулбал, McKinsey&Company-аас өнгөрсөн жил онлайнаар хийсэн судалгаанаас харахад Z үеийнхний 65 хувь нь худалдан авч буй бараа, бүтээгдэхүүнийхээ гарал үүсэл, хаана, хэрхэн, яаж хийсэн болохыг олж мэдэхийг хичээдэг гэж хариулжээ.
Тиймээс манай улсын голлох салбаруудын нэг ХАА-н салбар хөрөнгө оруулагчдыг татах ухаалаг шийдэл рүү шилжих цаг нь нэгэнт иржээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн онд Монгол Улсын Засгийн газар “Хүнс экспортлогч орон болно” гэж хөгжлийн бодлогодоо тунхагласан ч үүнд итгэсэн, хүлээн зөвшөөрсөн нь цөөхөн байсан. Учир нь амьдрал дээр аливаа улсыг ямар нэгэн бүтээгдэхүүний экспортлогч болгодог нь Засгийн газар бус хувийн хэвшлийхэн байдаг билээ. Тиймээс ХАА-н салбарт ажилладаг зарим компаниуд болон тэднийг нэгтгэдэг төрийн бус байгууллагууд хамтран уг салбарын бүтээгдэхүүнүүдийг экспортлох эхний алхамаа хийж эхэллээ.
Тодруулбал, малчин өрх, газар тариаланчид, өрхийн аж ахуй эрхлэгчид, зөгийчид, гахайчид, фермэрүүд гэх мэт 10 мянга гаруй гишүүнтэй Монголын хүнс хөдөө аж ахуйн үндэсний ассоциаци болон БНХАУ-аас Монгол улсад суугаа хөрөнгө оруулагчдын “Зун-Хуа” нийгэмлэг хамтран Монгол Улсад смарт Хөдөө аж ахуйн технологийг хөгжүүлэх судалгаагаа эхлүүлжээ. Түүнчлэн Монгол, Хятад, Нидерланд улсууд хамтран ХАА-н инновацийн парк байгуулах ажлаа мөн эхлүүлэв.
Смарт ХАА гэдэг нь өргөн утга агуулгатай ойлголт юм. Үүний хамгийн энгийн бөгөөд эхний жишээг тайлбарлавал, Alibaba, Taboa гэх мэт интернэтэд холбогдсон худалдааны сүлжээ шиг талбар дээр Монголын ХАА-н бараа, бүтээгдэхүүнийг байршуулах юм. Ингэснээр олон улс болон дотоодын худалдан авагчид болон хөрөнгө оруулагч нар уг сүлжээ рүү нэвтрэн Монголын бараа бүтээгдэхүүний эх үүсвэртэй төвөггүйхэн танилцаж, цаашлаад худалдан авах, хөрөнгө оруулах боломжтой болно. Түүнчлэн олон нийтэд зөв мэдээллийг түгээж, ХАА-н big data-г цуглуулах юм. Үүнийг ажил хэрэг болгохын тулд БНХАУ болон Монгол Улс хамтран боловсон хүчнээ бэлтгэх, ХАА-н асар их туршлагатай Нидерланд улсын туршлагыг нэвтрүүлэх, түүнчлэн бараа бүтээгдэхүүндээ инноваци шингээх, ингэхийн тулд инновацийн парк байгуулах гэх мэт ажлуудыг хийх юм. Энэ мэт ХАА-н салбар дахь цоо шинэ үеийг эхлүүлэх эхний уулзалтаа Монгол, Хятад хоёр талын бизнес эрхлэгчид, судлаачид, хөрөнгө оруулагч нар хийлээ.
БНХАУ-аас Монгол улсад суугаа хөрөнгө оруулагчдын “Зун-Хуа” нийгэмлэгийн орлогч дарга А.Далангурав “Хамтын ажиллагаа гэдэг нь хоёр талын сонирхлыг хэлдэг. Бид уг санал санаачлагыг хүргүүлэхэд Монголын тал ч гэсэн нааштай хандаж, ижил хүсэл сонирхолтой байсан. Тиймээс смарт ХАА тун удахгүй ажил хэрэг болно” гэв. Түүнчлэн смарт ХАА нь зөвхөн Монголд бус БНХАУ-д ч гэсэн цоо шинэ зүйл учраас аль аль талдаа ихээхэн ач холбогдол өгч байна.
Монгол Төрийн зүгээс одоогоор хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүдийг НӨАТ-аас чөлөөлж зардлыг 10 хувь бууруулж, импортын татварыг нь таван хувь байсныг 15 хувь болгосон нь хүнс үйлдвэрлэгчдэд томоохон дэмжлэг болж байгаа. Энэ таатай нөхцөлд БНХАУ болон Монголын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчид ийнхүү ажлаа эхлүүлж байгаа нь ХАА-н салбарт үйл ажиллагаа эрхэлдэг 3700 гаруй ААН-үүдэд бүр том дэмжлэг болно гэдэгт салбарын бизнес эрхлэгчид итгэж байна.