Манай улсын барилгын томоохон компаниудын нэг бол “Гандирс” ХХК юм. 1991 онд байгуулагдаж 2005 оноос барилгын салбарт үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус компанийн захирал Ц.Эрдэнэчулуунтай хэсэгхэн хором уулзаж бизнесийн үндсэн зарчмын тухай ярилцлаа.
Түүний компаниа байгуулсан түүх болон алдаж оносон үеэс нь бизнес эрхлэгч та өөрт хэрэгтэй сургамж, зөвлөгөөг авах болно.
Ярилцлагаа таны компаниа байгуулсан түүхээс эхэлье. Компаниа анх хэрхэн байгуулж байсан бэ?
Манай компани 1991 онд байгуулагдсан. Компанийн тухай анхны хууль Монгол улсад батлагдсаны долоо хоногийн дараа би ойлгоод биш сонирхоод компаниа байгуулж байсан. Би тухайн үед улсын байгууллагад ажилладаг байсан. Өдөр тутмын сонин уншиж байтал “Хувь хүн компани байгуулж болно” гэсэн гарчигтай мэдээ байв. Үүнийг хараад би үнэндээ үнэмшээгүй. Лавлаад унштал бүр “Ганц гишүүнтэйгээр компани байгуулж болно” гэсэн байв. Сайд, сайдын дараа дарга, даргын дараа орлогч дарга гээд л олон гишүүнтэй болж байж байгууллага бүтдэг гэж боддог байтал “Нэгхэн гишүүнтэй байгууллага байна” гэсэн мэдээнд би итгээгүй. Тэгээд би энэ мэдээг үнэн эсэхийг нь мэдэх гээд компаниа байгуулсан юм болов уу. Очоод компаниа байгуултал болж байна шүү. Надад нэг бичиг өгөв. Тамганы үйлдвэрт очтол тамга хүртэл өгч байна. Тэгэхээр нь би маш их баярлаад байгууллагынхаа дарга дээр очоод хэлтэл дарга уурласан, би ч ажлаасаа халагдав. Манай дарга “Чи байгууллагынхаа хамгийн өсөх ирээдүйтэй ажилтан, би чамайг өөрөө өсгөж, чадалтай мэргэжилтэн болгоно гэж боддог байсан. Гэтэл чи хөрөнгө шүтсэн, мөнгө бодсон хүүхэд байж. Чи их балай хүүхэд байна” гээд хамт олны хурал дээр намайг халж байсан.
Үүнээс хойш одоо юу хийх вэ дээ. Нөгөөх байгуулсан компанийхаа ажлыг эхлэв. Тухайн үед би нийгэм зах зээл гэдэг шинэ зүйл рүү шилжиж байгаа юм байна л гэж бодсон. Зах зээлийн тухай хүмүүсээс асуухаар юм зарахыг л хэлдэг гэж хариулав. “Нарантуул” зах маш том болох юм байна, тэнд бүгдээрээ очиж юм зарна, тэндээс бүх хүмүүс хэрэгтэй зүйлээ авдаг болох юм байна л гэсэн ойлголт надад байв. Тиймээс би юм зарахаас л бизнесээ эхэлсэн. Тэр үеэс өнөөдрийг хүртэл явчихсан байгаагаа харахад би асар их болох, болохгүйн дундуур явж, үүнээс болох тал нь дийлэнх байсан болохоор өнөөдрийг хүрчээ.
Хэрвээ та бизнесээ дахиж шинээр эхлэх боломжтой болвол өмнөхөөсөө юуг өөрөөр хийх байсан бэ? Өөрөөр хэлбэл, хамгийн түрүүнд юунд илүү анхаарах байсан бэ?
Чиний компани чамайг л харуулна. Компани чинь чиний л дүр төрх, чиний л хуулбар. Өөрөөр хэлбэл, чи ямар соёлтой, ямар сахилга баттай, ямар хүмүүжилтэй, ямар мэдлэгтэй, ямар хандлагатай байгаа чинь чиний бизнесээс тод томруун харагдана. Тэгэхээр бизнес хийнэ гэдгийг мөнгө олоод бусдад аливааг зарна гэж ойлгож болохгүй. Харин чи өөрийгөө олон нийтэд, нийгэмд бизнесээрээ дамжуулж таниулж байна гэдгээ сайтар ойлгох хэрэгтэй. Мөн компаниараа дамжуулж улс эх орныхоо хөгжилд, бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж байна эсвэл гай болж байна гэдгээ сайн ойлгох хэрэгтэй.
Та юуг шинээр эхлэх байсан бэ гэж асууж байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр та бол алдаагаар дүүрэн, болсон юм ер нь хэр их байна вэ, одоо нэг шинээр эхэл дээ гэж хэлж байх шиг байна. /инээв/ Надад нуугаад байх юм байхгүй, нуусан ч мэдчихсэн байна. Би алдаагаа ярих дуртай. Алдаа минь миний үнэт эрдэнэ. Би өнөөдрийг хүртэл 100 гаруй төрлийн бизнес оролдсон. Үүний 60 гаруйг нь босгосон, үлдсэнг нь дампууруулсан. Тухайлбал би алим зардаг байсан. Тэр үед алим ховор байсан. Алим зарж байгаа газар бөөн дэс дараалал болдог байв. Манай хөрш айлын охин Толгойтын бөөний баазад алим хуваарилж тараадаг байж таараад надад хэд хэдэн хайрцаг алим өгөв. Би алимаа зах дээр очиж зардаг байсан. Тэр үед банк гэж байхгүй, алим зарсан мөнгөө шар торонд хийгээд л орой нь гэр лүүгээ явдаг байсан. Нэг удаа 11 сарын үед бүх алимаа чингэлэгт хураагаад хонотол нэг шөнийн цаснаар бүх алим маань хөлдчихсөн. Энэ явдлаас хойш би үргэлж аливаа эрсдэлийг тооцоолж байх хэрэгтэйг ойлгосон.
10 орчим жилийн дараа буюу 2000-д оны үед би Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг руу зайрмаг болон оргилуун дарс зөөж зарах төлөвлөгөөтэй байв. Бараагаа машинд ачуулахдаа хүн хөлсөлж зайрмагаа машины халаагуурын дэргэд, харин оргилуун дарсаа ачаан дээр нь бэхлэв. Эцэст нь зайрмаг хайлж, оргилуун дарс хөлдсөнөөр миний наймаа бүтэлгүйтсэн юм. Би өөрөө ачсан бол арай ч ингэхгүй л дээ. Хоёрын хооронд, гурвын дунд би дарга болж ачаа ачдаг ажилтантай болчихсон байна шүү дээ. Ачаа ачсан хүн маань малын зоотехникч хүн байсан. Үүнээс би юу сурсан бэ гэхээр, чи өөрөө чадахгүй байж хоёрын хооронд дарга болох юм бол, чи өөрөө ажилтнаа хянах системээ бүрдүүлээгүй бол, хүнээ буруу сонгож авсан бол, ажлаа буруу зохион байгуулсан бол горыг нь чи иймэрхүү байдлаар амсах болно. Би зохион байгуулалттай холбоотой ажил хийх үедээ зайрмаг, оргилуун дарс хоёр шиг юм болох вий гэж маш их боддог. Тиймээс эхлээд маш их судлах хэрэгтэй. Битгий яар. Чадах чадахгүйгээ мэдэхгүй байж компани байгуулахаасаа өмнө ашиг хүртэх эсэхээ маш сайн судлах хэрэгтэй.
Та анх компани байгуулахдаа зорьж биш үнэмшиж байгуулсан гэлээ. Харин одоо үед хүмүүс ихэвчлэн зорьж компани байгуулах болсон. Шинэлэг шийдэл нэвтрүүлж, түүнээсээ ашиг олохыг эрмэлздэг. Тэдний дийлэнх нь өөрсдийгөө старт ап гэж нэрлэдэг. Тэгвэл бизнесийг хүн бүр хийж чадах уу?
ЕБС-аас эхлээд нийгэмд байгаа хүүхэд залуусын сахилга батыг харахад тэдний дийлэнх нь дарга болох дуртай болчихжээ. Залуу хүмүүс мэдээж гэнэн, дэврүүн хүсэлтэй, аливаад туршлагагүй, хүний үгэнд оромтгой байгаа. Эдгээр характерууд залуучуудад байгаа учраас олон компани шинээр байгуулагдаж байгаа.
Чи бусдын алдаан дээр дөрөөл, бусдын алдаанаас суралц. Өөрөө битгий алд. Старт ап хийнэ ээ гэдэг чи өөрөө алдана л гэсэн үг. Харин үүнийхээ оронд эхлээд зүгээр л сайн ажилтан болчих. Эхлээд компани байгуулах тухай битгий бод. Шууд ажилд ор. Тухайн компанийхаа шилдэг ажилтан бол. Захирлынхаа хамгийн итгэмжит хүн нь бол. Чадсан чадаагүй ганцаараа, цүнхэндээ нэг тамгатай, кофе шопд очиж конторлодог, цалин авдаггүй, ашиг орлогогүй байхыг бизнес гэж хэлдэггүй юм аа. Үүнийг старт ап гэдэггүй юм. Магадгүй 20 жил бизнес хийсэн захирлуудаас дутахгүй, илүү ч байж болох мэдлэгтэй, мэргэжилтэй, дадлага туршлагатай болчихоод бизнесээ эхлүүл. Старт апыг зөвхөн залуу эсвэл шинэ хүн хийдэггүй. Би одоо л өөрийгөө старт ап эхлүүлэх хэмжээнд хүрсэн гэж бодож байна. Тиймээс эдгээр зүйлийг мэдэрч байж, сурч байж бизнесээ эхлүүлээрэй.
За яахав, чи нэг компанид ажилд ороод сайн ажилтан боллоо. Гэхдээ чи тэнд сайн байсан гээд компаниасаа гараад сайн байна гэсэн үг биш. Аль хэдийнэ үүсээд, тогтвортой байдлаа олчихсон систем дотор чи амжилттай ажиллаад болоод байсан. Харин компаниасаа гараад захирал шигээ, менежер шигээ, компанийхаа бүтэц зохион байгуулалт шигээ чи өөрөө хийж чадах уу? Чаддаг болсон цагтаа бие дааж бизнесээ эхлүүлнэ үү гэхээс чадахгүй бол бүтэхгүй. Энэ үед чи хамгийн сайн, шилдэг ажилтнаараа л үлд. Мэдээж чиний цалин, хангамж, аз жаргалын индекс нэмэгдэнэ, хамт олондоо хувь нэмэртэй болно, ахуй амьдралаа сайжруулна шүү дээ. Ингэж болж л байвал энэ замаараа яв л даа. Монгол хүн болгон Google-д очиж ажиллая гэж бодож байгаа болохоос биш Google-ийг шинээр нээе гэж бодохгүй байгаа биз дээ. Зарим залуус Монголоос гараад явахаараа зөв сэтгэчихээд, Монголдоо ирэхээрээ буруу сэтгээд байдаг. Учир нь Монголын бизнесийн орчин нь, эргэлт нь буруу. Тиймээс залуус буруу эргэлтэд орчихоод байна. Буруу эргэлтэд байгаа гэдгээ сайн мэдэрч байх хэрэгтэй.
Тиймээс бизнес эхлэх гэж байгаа залуус маш сайн бод, маш сайн асуу, маш сайн суу, маш сайн тооцоол, маш сайн суралц. Зөвхөн өнөөдрийг биш, ирээдүйг төлөвлө. Гурван сарын дараа гэхэд би цалингүй байх учраас зээл авчихна гэж бодож байгаа бол цагаа тулахаар зээл чинь ч олдохгүй. За яахав, яаж ийж байгаад зээлээ бүтээлээ. Тэгвэл одоо юмаа хийж эхлэх ёстой. Энэ мэт явсаар хэдэн жил өнгөрсний дараа чи харамсана шүү. Байгууллагын шилдэг ажилтан болоод Хайнань аялах эрхийн бичигтэй байсан үеэ их өр зээл, стрессээр сольсондоо чи харамсана. Эргээд ажилдаа очих нүүргүй болчихсон. Өөр газар орох гэхээр бүх зүйл шинээр эхлэх болдог. Ийм байдалд хүрэх вий. Тиймээс ирээдүйгээ бод. Дүгнэж цэгнэж байж шийдвэрээ гаргаарай.
Судлаад, сураад, тооцоолоод компаниа байгуулчихлаа. Магадгүй зарим нь мэдэхгүйгээр байгуулчихсан ч явж байгаа. Эдгээр хүмүүст зориулаад компани байгуулсны дараа байх зайлшгүй хоёр чанар гэвэл ямар чанарыг захих вэ?
Бизнесийн түвшин бүрт өөр өөр чанарыг эрхэмлэнэ. Хүний нөөц бол ямар ч цаг үед чухал байна. Старт ап ч бай, хүчирхэг корпораци ч бай хүний нөөцийн зөв бодлого хэрэгтэй. Хүний нөөц хүнээс биш өөрөөс чинь шалтгаална. Чи өөрийнхөө учрыг ол, чи өөрөө ажлаа хийх чадамжтай хүнийг бэлтгэ. Ажилтнаа чадваргүй гэдэг захирал өөрөө чадваргүй байна аа л гэсэн үг. Хүний нөөцөө зөв удирдах нь захирлаас эхэлнэ. Маркетинг, стратеги төлөвлөлт зэрэг бол зарим бизнес дээр зарим үе шатанд хэрэглэх өгөгдөхүүнүүд юм. Хүний нөөцийн дараа төлөвлөлт чухал. Маш сайн төлөвлө, маш сайн зохион байгуулалтад ор. Бодлоороо ажиллаж болохгүй. Болж өгвөл хүний алдаан дээрээс суралц. Өөрөөр хэлбэл, бусдаас үлгэр жишээ ав, дадлага туршлагатай хүмүүсээс суралц. Ингэж байж л ажил явна.
2000-аад оноос хойшхи /Z үе/ хүмүүстэй ажиллахдаа юун дээр анхаарч байна вэ? Энэ үеийнхний ажлын арга барилын онцлогийг юу гэж хэлэх вэ?
Энэ асуудал надад ерөөсөө хэцүү биш. Тэр бол хүн. Ямар ч цаг үед хүн хүнээрээ л байдаг. Тиймээс хүн, ажиллах хүчин, манай хамт олон, мэргэжилтэн гэдэг талаас нь тэднийг харах хэрэгтэй. Хүн болгон л хөгжил дэвшил, үнэнч шударга байдалд дуртай. Шинийг эрэлхийлэх, аливаад хувь нэмрээ оруулж сайн сайхныг бүтээх дуртай шүү дээ. Энэ нийтлэг чанар дээр нь тулгуурлаж ажиллана. Түүнээс хүн болгонд тааруулж ажиллана гэдэг утгагүй зүйл. Гурван хүнтэй гурван өөрөөр 300 хүнтэй 300 өөрөөр харьцана гэдэг боломжгүй. Тиймээс хүн төрөлхтөний нийтлэг зан ааш, зарчим дээр нь тулгуурлаж ажиллана. Тэр хүмүүс Z үеийнхэн л байгаа биз. Тэгээд яах юм. Ажиллах гэж л, цалин мөнгө авах гэж л ирсэн биз дээ. Энэ хүмүүс бусдын адил л юм сурахыг хүсч байгаа. Тиймээс би ерөөсөө анхаарал хандуулдаггүй. Харин ч тэдний сайн талыг нь түрүүлж харж, хүнд хэцүү ойлгомжгүй талд нь анхаарал хандуулдаггүй.
Ажилтантайгаа харьцахдаа та нэн түрүүнд ямар хандлагыг эрхэмлэдэг вэ? Тэдэнтэй харьцах таны номер нэг арга гэвэл юуг хэлэх вэ?
Компани зохион байгуулалтад ороод, томрох тусам захирал хүн болгонтой харьцаж чадахгүй. Болох ч үгүй. Мөн би өөрийнхөө бодож байгаагаар хүнтэй харьцаж бүүр ч болохгүй. Би гэртээ, гэр бүлийнхээ хүрээлэлд өөрийнхөөрөө байна уу гэхээс ажил дээрээ тийм байж болохгүй. Ажил дээрээ албан ёсны харилцаа тогтоох хэрэгтэй. Сайхан ааштай хүн гээд нялуураад байж болохгүй. Дуучин гээд ажил дээрээ дуулаад байж болохгүй шүү дээ. Ажил хийх нөхцөл бололцоогоор хангасан орчинг үүсгэх хэрэгтэй. Хоёрдугаарт, хүний нөөцийн бодлогоор тодорхойлно. Үүний хажуугаар компанийн соёл орж ирнэ. Аливаа компанийн соёл хүний нөөцийн бодлогод нөлөөлж байдаг.
Захирал хүний өөрийн хувийн өнгө төрх, үзэмж, зан ааш тодорхой хэмжээгээр компанид нөлөөлдөг. Харин компанийн соёлоо бодлогоор суулгаж өгөх хэрэгтэй учраас өөрийн хувийн зан аашаа компани дотроо гаргаад яваад байж болохгүй, угаасаа бүтэхгүй. Харин хувь хүн талаасаа аль болох нээлттэй, ойрхон, чин сэтгэлээсээ харьц. Уурласан ч үнэнээсээ уурла, гомдож байгаа бол үнэхээр гомдож байгаагаа хэл, магтах бол чин сэтгэлээсээ магт. Хүнд хүний сэтгэл хэрэгтэй болохоос хуурамч сэтгэл хэрэггүй шүү дээ.
Ярилцсанд баярлалаа.