Дэлхий дахинд Компаний Нийгмийн Хариуцлага / КНХ/ буюу Corporate Social Responsibility / CSR/ гэсэн ойлголт, үйл ажиллагаа улам бүр өсөн нэмэгдэж байгаа өнөө үед монголын компаниуд ч энэ асуудалд анхаарлаа хандуулан өөрсдийн үйл ажиллагаа, бодлого, шийдвэрт зайлшгүй тусгах хэрэгтэй болж байна. Компаниуд нь нийгмийн салшгүй нэг хэсгийн хувьд нийгэмд тулгарч буй олон асуудлуудыг шийдэхэд санаачлага гаргах, хүн амын болоод эдийн засгийн өсөлт, хөгжилтэй үйл ажиллагаагаа уялдуулж ажиллах, даяарчлагдсан дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхах нэг гол нөхцөл, шалгуур бол КНХ-ийг хэрэгжүүлэх явдал юм. XXI зуунд мэдээллийн технологийн ачаар компаниудын үйл ажиллагаанд олон нийт шууд хяналтаа тавьж, бизнесийн хариуцлага алдсан ганцхан асуудлаас болоод компаниуд томоохон алдагдалд орох нь энүүхэнд болжээ. Нийгмийн хариуцлагын стратегиуд нь өрсөлдөх чадварын суурь болдог. Байгууллага нэр хүндтэй байвал бизнес нь тогтвортой байна. Манай томоохон компаниуд нийгмийн хариуцлагын тайлан гарган, олон нийтэд мэдээлж эхэллээ.
КНХ-ын тодорхойлолт: КНХ гэдэг нь аливаа аж ахуйн нэгж өөрийн үйл ажиллагаагаа хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, байгаль орчинд бохирдолгүй, нийгэмд сөрөг үр дагаваргүй ил тод, нээлттэй явуулна гэсэн ойлголт болно. Ийнхүү хамтрагч, түншүүд, олон нийт, хэрэглэгч, ажиллагсдынхаа өмнө хүлээх хариуцлага, чиг хандлагаа тодорхойлсон хэм хэмжээг бизнесийн үйл ажиллагаандаа баримтлан ажиллах замаар байгууллагадаа баялгийг бүтээн бий болгох төдийгүй улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад хувь нэмрээ оруулах үйл явц юм.
Бизнесийн үйл ажиллагаа нийгэмдээ бүхий л талаар хариуцлагаа ухамсарласан байх, мөн хуулийн хүрээнд олгогдсон үүрэг хариуцлагаас гадна илүү өндөр түвшинд буюу нийгмийнхээ сайн сайхны төлөө сайн дурын үндсэн дээр явуулах үйл ажиллагаа юм. Бизнес эрхлэгчдийн хувьд өнөөдрийн ашгаас илүүтэй урт хугацаанд тогтвортой ашиг олох, харилцагч байгууллагуудтай тогтоосон харилцаагаа хадгалж үлдэх нь түншлэлийн эх суурь болох юм. . Нийгмийн хариуцлагатай энэхүү үйл ажиллагаа нь өөрөө олон талуудын ашиг сонирхлын нэгдлийг илэрхийлж байдаг. Нийгэмдээ, байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай хандсан бүтээгдэхүүн, үйлчилгээг бизнесийнхнээс олон нийт хүлээж байдаг бол харин хувьцаа эзэмшигчид нийгэм, хүрээлэн буй орчинд таатай үйл ажиллагаа дэмжих сонирхол давамгайлах боллоо, Ажилтнуудын хувьд нийгэмдээ үнэ цэнийг бүтээдэг, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг байгууллагыг сонгох болсон төдийгүй, Засгийн газрын тухайд хариуцлагатай бизнесийг улс үндэстний өрсөлдөх чадварыг өсгөн нэмэгдүүлж буй үйл явц гэж үзэх болсон. Иймд КНХ-ыг тодорхой зорилго, төлөвлөлтэй, үе шаттай хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна.
Нийгмийн хариуцлага гэдэг ойлголт өнөөдөр бүхэл бүтэн стандарттай тогтолцоо болж Нийгмийн хариуцлагын олон улсын стандарт ISO-26000 нь 2011 онд, Монгол Улсын үндэсний стандарт MNS ISO-26000 2012 онд батлагдсан ч манайд одоохондоо судлах, хэрэгжүүлж эхлэх шатандаа, хандив өгөх уламжлалт хэлбэр давамгайлсан байдалтай байна. Нийгэм аяндаа ийнхүү хариуцлагатай байхыг биднээс шаардах боллоо.
КНХ-ыг хэрэгжүүлэх чиглэл: КНХ-ыг хэрэгжүүлэхээр төлөвлөхдөө хариуцлагын үндсэн гурван зарчмыг тэнцвэртэй хангах нь зүйтэй юм. Үүнд:
- Ажилтны өмнө хүлээх хариуцлага: Нийт ажилтнуудын эрүүл мэнд, хөдөлмөр хамгаалал, сургалт, боловсрол, хүний нөөцийн, цалин хөлсний, удирдлагын харилцаанд хуулийн хүрээнд ажиллахаас гадна хүний нөөцийн бүхий л ажиллагааг хүний эрхийн тунхагт нийцүүлэн ажиллахыг эрмэлзэнэ.
- Байгаль орчны өмнө хүлээх хариуцлага: Компанийн үйл ажиллагаа болон үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн үйлчилгээний байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, нөөц баялгийн ашиглалт, нөхөн сэргээлт зэрэг олон асуудал хамаарна. Энэхүү хариуцлага нь зөвхөн уул уурхайн бизнес эрхлэгчид хамаарах асуудал биш бөгөөд үйлдвэрлэлийн явцад гарч буй хог хаягдлыг бууруулах, дэлхийн дулааралд нөлөөлж буй эрчим хүчний хэрэглээг зүй зохистой ашиглах, өдөр тутмын үйл ажиллагаанд хэмнэлт бий болгох, цаасны хэрэглээг багасгаж цахимжуулах зэрэгээр аль ч төрлийн бизнесийн үйл ажиллагаанд нийцүүлж ажиллахыг эрмэлзэнэ.
- Улс орны өмнө хүлээх хариуцлага: Улс орон, орон нутгийн эдийн засагт оруулж буй компанийн шууд болон шууд бус бүх төрлийн хувь нэмэр нь энэхүү хэсэгт хамаарах бөгөөд татвараа шударгаар төлөх, авилгалаас ангид байх, нийгмийн сайн сайхны төлөө ашгийн бус үйл ажиллагааг санхүүжүүлэх зэрэг ажлуудыг хийхийг эрмэлзэнэ.
КНХ-ыг хэрэгжүүлэхэд хамтрагчдын оролцоо: КНХ-ыг хэрэгжүүлэхэд хэрэглэгч, ажиллагсад, нийлүүлэгчид, хөрөнгө оруулагчид, нийгмийн байгууллагуудын олон талын харилцаа холбоо, оролцоо зайлшгүй хэрэгтэй. Эдгээр нь шууд болон шууд бусаар бизнесийн үйл ажиллагаанд оролцож, нөлөөлж байдаг ба бизнесийн үйл ажиллагаа, үр ашигт мөн л харилцан адилгүй ашиг сонирхлын үүднээс ханддаг. КНХ-ыг хэрэгжүүлэхгүй тохиолдолд ямар нөхцөл байдал үүсч болох, ямар асуудлууд шинээр урган гарч болох, үүсч болзошгүй нөхцөл байдлыг ямар арга замаар давж гарах зэргийг нарийвчлан тодорхойлоход хамтрагчдын эрх ашгийг бодолцож тусгах нь чухал ач холбогдолтой юм.
КНХ-ыг хэрэгжүүлэх нь: Компани, аж ахуйн нэгж тус бүрийн бизнес, үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан КНХ-ийг хэрэгжүүлэх тогтсон төлөвлөлт, арга механизм гэж байхгүй. КНХ-ыг хэрэгжүүлэхдээ өөрийн байгууллагын эрхэм зорилго, алсын хараа, бизнесийн соёл, салбарын үйл ажиллагааны чиглэлээр барьж буй төр засгийн бодлого, зорилт , улс орны эдийн засаг, хууль эрхзүйн орчин, бизнесийн өсөлт, байгаль орчны нөлөөлөл, болзошгүй эрсдэл, үйл ажиллагааны ерөнхий төлөв зэрэг олон хүчин зүйлийг цогцоор харах шаардлага гарна. Ялангуяа хэрэглэгч, харилцагч, хөрөнгө оруулагч, ажиллагсад, нийгэм, олон нийтийн талаар баримтлах бодлого, чиглэл, үйл ажиллагаа нь КНХ-ийг хэрэгжүүлэх эхлэл болох тул компанийн шийдвэр гаргалт, стратеги, менежментийн процесс, хөрөнгө оруулалт зэргийн уялдаа холбоог нягт төлөвлөх шаардлагатай. КНХ-ыг амжилттай хэрэгжүүлэхийн үндэс нь бүх талын оролцогчдын эдийн засаг, нийгэм, байгаль орчны талаар гаргах шийдвэрийг нэгтгэн, уялдуулан зохицуулах явдал юм.
КНХ-ын үр ашгийг хэмжих нь: Аливаа бизнесийн үйл ажиллагааны зорилго нь хэмжигдэхүйц байх шаардлагатай. Компанийн нийгмийн хариуцлага ч мөн адил хэмжигддэг.. КНХ-ын үр дүнтэй байдал нь ажилтны шилжилт хөдөлгөөн, хөрөнгө оруулалтын санал, бүтээгдэхүүн үйлчилгээний борлуулалт, хэрэглэгчдээс авах үнэ цэний судалгаа, зардал хэмнэлт, олон нийт дэхь компаний нэр хүнд, олон нийтийн сэтгэл ханамжийн эерэг үнэлэлт зэргээр илэрдэг. Зөвхөн санхүүгийн хэмжүүрээр хэмжих нь түүний бодит утга, өртгийг алдагдуулдаг. Нөгөөтэйгүүр өнөөдөр хийсэн ажлаа маргааш хэмжих нь үр ашиггүй зардал болно. Харин КНХ-ын бодлогыг тогтвортой, урт болон дунд хугацаанд хэрэгжүүлсний дараа үр ашгаа хэмжих боломжтой. Олон улсын туршлагаас харахад КНХ-ыг хэрэгжүүлснээр компаний нэр хүнд хамгийн багадаа 30 хүртэл хувиар өсгөх боломжтой гэж үздэг. Эсрэгээрээ КНХ-ыг хэрэгжүүлсэн дүр эсгэж, тогтвортой бус нэг удаагийн нэр хүнд олох гэсэн ажлууд хийж, хэвлэл мэдээллээр төлбөрт мэдээлэл цацсанаар сөрөг үр дагавар ч гарч байсан тохиолдлууд байдаг.. КНХ-ын үзүүлэлтээ тодорхойлоход дараах судалгааны ажлуудыг хийх шаардлагатай. Үүнд:
- Ижил гарааны нөхцөлтэй бизнестэй харьцуулах
- Хэрэглэгчийн тоо, орлого ашгийн дүнг харьцуулах
- Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааг авах
- Ажилтнуудын сэтгэл ханамжийн судалгаа гэх мэт.
Хенри Форд: Зөвхөн ашгийн төлөө явах аваас тухайн компани хэзээ нэгэн цагт сөнөнө
КНХ-аа таниулан сурталчлах нь: КНХ-ын бодлого, хандив ивээн тэтгэлэгийн бодлого, олон нийттэй харилцах бодлого зэргээ гарган олон нийтэд нээлттэй танилцуулах нь зорилтот бус элдэв саналаас татгалзах эелдэг шалтгаан болдог. Мөн КНХ-ын чиглэлээр гүйцэтгэсэнсэн ажлуудаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах нь хэрэглэгч, харилцагч, нийлүүлэгчид, улс орны хэмжээнд танигдах маш сайн гүүр болж, хэвлэл мэдээллийнхэн энэ чиглэлээр үнэ төлбөргүй сурталчилж өгдөг төдийгүй цахим ертөнц хөгжсөн өнөө үед олон нийтийн талархлыг хүлээх магадлал ихтэй. Энэ төрлийн мэдээлэл нь таны бизнесийн өрсөлдөгчөөс ялгарах давуу талыг бий болгох төдийгүй нийгэмд эерэг хандлага сэтгэлгээг төлөвшүүлэхэд ч нөлөөлж чадах боломжтой. Түүнчлэн КНХ нь нэг удаагийн шинжтэй үйл ажиллагаа биш учир урт хугацааны нэр хүнд, үр ашгийг бий болгох үргэлжилсэн процесс болж хэрэглэгчдийг татаж, бусад нийлүүлэгч хамтрагчдын хувьд тантай хамтран ажиллах хүсэл сонирхлыг төрүүлэх болно. Мэдээж тунг нь тааруулж тодорхой тактиктай ажиллах ёстой. Та КНХ-ын идэвхтэй үйл ажиллагаагаар дамжуулан бизнесийн тогтвортой байдлаа хадгалахыг хүсч байгаа бол анхнаасаа зөв бодлого, нягт төлөвлөлт , чанартай гүйцэтгэлд анхаарах нь зүйтэй гэж зөвлөе.
КНХ-ыг хэрэгжүүлж байсан туршлага: Та бүхэнд КНХ-ын чиглэлээр хэрэгжүүлж төслүүдээс танилцуудвал:
Бага ангийн сурагчдад зориулсан “Үдийн цай” хөтөлбөр /2006/; ирээдүйн технологийн салбарын хүний нөөцийг бэлтгэх “Мэдээллийн технологийн загвар сургууль” хөтөлбөр/2007/; Оюутнуудыг сурах боломжийг нэмэгдүүлэх, санхүүгийн харилцаанд бэлтгэх “Оюутны хөнгөлөлттэй зээл”-ийн хөтөлбөр/2007-2010/, “Цахим сургууль” төсөл /2010-2011/ байгал орчноо хамгаалах, хог хаягдлыг бууруулах “Эко бокс” хөтөлбөр зэрэг олон тооны төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн.
КНХ-ийн талаар дээр дурьдсан бүхэн зөвхөн үндэсний хэмжээний томоохон компаниудад хамаатай бус цөөн ажилтантай ЖДҮ бизнес эрхлэгчид, Компаний хэмжээнд ч том хөрөнгө зардал, хүн хүч гаргахгүйгээр, тогтвортой ажлын байрууд бий болгож үйлдвэрлэл үйлчилгээгээ өргөтгөх, ажилтнаа хөгжүүлэхэд анхаарч, үйлдвэрлэлийн хаягдал эрчим хүчний хэрэглээгээ багасгах зэргээр КНХ-ийн үндсэн зарчим шаардлагуудыг боломжоороо хэрэгжүүлэх боломжтой юм.