Ном бичигдсэн түүх
Уг номын зохиогч Брад Стөүн 2006 оноос хойш Bloomberg-ын технологийн булангийн ахлах редактороор ажиллаж байгаа бөгөөд өмнө нь New York Times-д мэдээний сурвалжлагч байв. Тэрбээр технологийн салбар дахь шинэ содон үйл явдал, ололт амжилтуудын талаар олон жил бичих явцдаа Безостой хэд хэдэн удаа уулзаж байсан гэдэг. Заримдаа түүнтэй бүрэн хэмжээний ярилцлага ч хийж байв. Харин 2012 онд мань сэтгүүлч Безостой дахин уулзахдаа компанийнх нь түүхийг өгүүлсэн ном бичих санаа өвөртөлж очив. Компанийн дотоод соёлын дагуу цаасан дээр жирийтэл буулгасан номын саналаа түүнд өгөхөд Безос анхааралтай уншиж дууссаны дараа “Чи хүүрнэлийн төөрөгдлийг хэрхэн зохицуулах гэж байна даа” хэмээн асуусан юм. Уг төөрөгдөл нь Нассим Николас Талебын “Хар хун” номонд гардагчлан ойлгоход төвөгтэй бодит байдлыг хүмүүс хэтэрхий энгийн болгож ойлгодог үзэгдлийг хэлдэг. Безосын тайлбарлаж байгаагаар Амазоны түүхийг ном болгож бичихэд хэтэрхий төвөгтэй ба компанийн амжилт бүрийн цаана хоорондоо сүлэлдсэн маш олон учир шалтгаанууд буйг хэлсэн юм. Гэвч уг ном зүгээр ч бичигдээд зогсолгүй шилдэг ном гэх шагнал болгоныг түүсэн бөгөөд уншигч та яг одоо энэхүү номын тэмдэглэлийг уншиж сууна.
1994 онд Нью-Йоркийн тэнгэр баганадсан нэгэн оффист Амазоны талаарх санаа хамгийн анх төрж байсан гэдэг. Харин өдгөө Амазон компанийн талаар сонсоогүй бизнес эрхлэгч гэж үгүй. Зохиогч шинэ, хуучин нийт 300 гаруй ажилтантай ярилцлага хийж, Безостой жил дамнан ярилцсаны эцэст Амазоны бүрэн түүхийг бичсэн аж. Ном бичигдэж эхлэх үед Безосын “Амазоны түүхийг эргэж харахад хэтэрхий эрт байна” гэх бодол аажмаар өөрчлөгдсөн нь уг компанийн асар өргөн түүхийг амжилттай буулгасныг илтгэж буй биз ээ.
Номонд гарах сургамжтай жишээнүүд
Бизнест үргэлж тохиолддог тодорхойгүй байдал, эрсдэл дагуулсан шийдвэрийг Безос хэрхэн даван туулсан жишээгээр уг ном арвин. Эдгээр жишээн дунд монголчуудад нэр нь хэдийн танил болсон эрхмүүд гардаг тул жишээнүүдийг эргэн санаж эргэн тойрныхондоо сонирхуулж ярихад нэн хялбар бөгөөд зугаатай санагдана. 2001 оны үеэр Амазон хэрэглэгчдээ татаж, тэдний итгэлийг олох гэж зүдэрч байсан цаг. Энэ үед Харри Поттер цувралын дөрөвдүгээр боть хэвлэлтээс гарах дөхөөд байв. Ж.К.Роулингийн үнэнч уншигчдад нь хүсэн хүлээсэн ботийг нь санал болгох боломжийг Безос алдахыг хүссэнгүй. Иймээс уг номыг худалдаалж эхлэх өдөр нь 40 хувийн хямдралтайгаар захиалагчдын гэрт нь хүргэж өгөх үйлчилгээг Амазон санал болгов. Үр дүнд нь нийт 255 мянган захиалга нэг бүрээс Амазон хэдэн долларын алдагдал хүлээж байсан ч хэрэглэгчийн итгэлийг олохын тулд зайлшгүй хийх ёстой алхам гэж Безос үзэж байв. Удалгүй түүний энэхүү шийдвэрийг эсэргүүцэгчдэд захирлынх нь зөв байсныг цаг хугацаа харуулсан юм.
Бизнес эрхлэгчдэд түгээмэл тохиолддог алдаа оноо, жаргал зовлон бүхнийг уг номонд өгүүлсэн нь уншигч бүр өөртөө хамаарах хэсгээс сургамж авууштай. Нэгэн жишээг дурдахад, Безос хэрэглэгч утсаар ярих ёсгүй гэж анхнаасаа үзэж байлаа. Учир нь тэрбээр хүн бүр Амазоны сайтаар чөлөөтэй үйлчлүүлж, аргаа барвал хэрэглэгчдэд туслах цэсийг хялбархан ашиглах боломжтой гэж итгэж байв. Иймээс хэрэглэгчийн үйлчилгээний хэлтэст оператортой ярихын тулд үйлчлүүлэгчдийн хүлээх цагийг бууруулах чиглэл өгөв. Удалгүй хурал дээр хэрэглэгчийн хэлтсийн дэд ерөнхийлөгч Билл Прайсаас оператортой холбогдох хүртэл хэрэглэгчийн хүлээх дундаж хугацаа ямар байгааг Безос асуув. Прайс энэ үед компанийн амин чухал дүрмийг зөрчин захиралдаа бодит байдлыг зөөлрүүлэн хэрэглэгчид нэг минутаас бага хугацаатай хүлээж байгааг хэлж орхив. Хариуд нь Безос “Үнэхээр үү? За харцгаая” хэмээгээд Амазоны хэрэглэгчийн төв рүү залган утсаа чанга яригч дээр нь тавив. Утасны хүлээлгийн ая хурлын өрөө дүүрэн цуурайтах зуур Безос бугуйн цагаа харж зогсоно. Ширээний ард сууж буй бусад хэлтсийн захирлууд тавгүйтэж, харин Прайс яахаа мэдэхгүй дэмий л сандрах аж. Дөрвөн минут хагас хэртэй хугацаа өнгөрсний дараа Безосын царай минчийтлээ улайлаа. Эцэст нь оператор утсаа авахад тэрбээр зүгээр л шалгаснаа хэлмэгцээ утсаа тасалж, Прайсыг чадваргүйгээс гадна худалч хэмээн чангаар шүүмжлэв. Энэ явдлаас 10 сарын дараа Прайс ажлаа хүлээлгэж өгсөн юм.
Безосын ажлын арга барил
Безостой хаана ч таарсан чамд бүрэн анхаарлаа хандуулж юу ярихыг чинь тэрбээр анхааралтай сонсоно. Бусадтай санамсаргүй таарч яриа өрнүүлэхдээ Безос бусад завгүй захирлууд шиг үргэлж л нэг тийшээ яарсан мэдрэмжийг хэзээ ч төрүүлдэггүй. Амазон компанийн дотоод соёлоор уулзалт дээр ямар ч пресентаци, слайд ашигладаггүй аж. Оронд нь ажилтнууд хийсэн ажлаа зургаан нүүрт багтаан бичиж, санаагаа танилцуулдаг. Ингэснээр ажилтнууд чөлөөтэй болоод цэгцтэй сэтгэхэд суралцдаг хэмээн Безос үнэн голоосоо итгэдэг. Ажилтнууддаа тавих түүний шаардлага хэр хатуу гэдгийг номон дээрх зарим түүх харуулдаг. Тэрбээр компанийнхаа эхэн үед шинэ ажилтан авах ярилцлаганд ажил, амьдралын тэнцвэрийг ярьсан хүмүүсийг ажилд авдаггүй байв.
Бизнесийн өрсөлдөөний талбарыг хэдэн нүүдлийн цаанаас шатрын мастер мэт хардаг гэгддэг Жеф Безос хувийн пуужингийн компани Blue Origin-ыг үүсгэн байгуулснаас гадна 2013 онд тэрбээр Вашингтон Постыг 250 сая ам.доллараар худалдаж авсан нь хэвлэлийн салбарынхныг цочроож байв. Түүний үргэлж бусдад сануулж хэлдэг үг “Амазоны зорилго бол бизнесийн салбар болоод дэлхий даяарх стандартыг дээшлүүлж хэрэглэгчид төвтэй болгох”. Тийм ч учраас өндөр шаардлаганд нь нийцэхгүй хүмүүст хатуу ханддаг захирлынхаа дор ажиллах хүмүүс заримдаа шантардаг аж. Харин түүний хатуу шаардлагыг давж уншигчдын гар дээр очсон уг номыг уншихад дэлхийн хамгийн том онлайн худалдааны компани хэрхэн амжилт олсныг түүхэн цаг хугацааны үйл явдлуудтай нь хоршуулан мэдэж авна. Нэг гоочлох зүйл байсан нь ном 2014 онд бичигдсэн тул сүүлийн таван жилийн түүхийг ч мөн мэдэх хүслийг төрүүлж орхино. Харин сайн мэдээ нь уг номын дараагийн цувралыг зохиогч хэдийн бичиж эхэлсэн ба 2020 онд худалдаанд гарахаар хүлээгдэж байгаа аж.
80 хүрээд чи туулсан амьдралаа чимээгүйхэн эргэцүүлэн, өөрийнхөө түүхээ эргэн дурсахад чамд хамгийн чухал зүйл бол чиний хийсэн сонголтууд байх болно. Эцэстээ бид өөрсдийнхөө хийсэн сонголт юм” Принстоны их сургуулийн төгсөлтийн илтгэл дээрээс (2010.05.30)
Безосын унших номын жагсаалт
Амазоныг үүсгэн байгуулагдахаас эхлээд хөгжиж, өөрийн гэсэн соёлоо бүрдүүлэхэд ном чухал үүрэг гүйцэтгэсэн. Компанийн соёлыг, хэрхэн ажилладаг зарчмыг гүнзгий ойлгохыг хүссэн шинэ захирал, ажилтнуудын уншдаг номыг доор жагсаав.