- Та өглөө босоод ажилдаа явтлаа юу хийдэг вэ?
-6 цагт босоод дасгалаа хийнэ дээ. Өглөө болгон тогтмол дасгал хийдэг. Биеэ сайхан халаачихаад усанд орно, цайгаа ууна. Дараа нь юм уншдаг.
- Ажилд тань хамгийн их тусалдаг гурван зуршил юу вэ?
-Эхлүүлсэн ажлаа дуусгадаг. Орой ширээн дээрээ дуусгаагүй ажил байлгахгүй байхыг хичээдэг. Тиймээс дуусгаж байж л харьдаг даа. Нөгөөдөх нь, ажлынхаа амжилтаас таашаал, эрч хүч авдаг. Мөн болж л өгвөл шинэ санаа, шинэ мэдээлэлд тэмүүлдэг. Өөрөөр хэлбэл суралцах юм л даа. Олж авсан мэдлэг, чадвараа мэдээллээр цаг ямагт баяжуулж байхыг хичээдэг.
- Та ямар хоббитой вэ. Тэр хобби таны ажилд ямар нөлөөг үзүүлдэг вэ?
-Юм унших, мэдээлэл авах дуртай. Аль болох өөрийгөө хөгжүүлж аливаа дэвшлээс хоцорчихгүй байхыг боддог юм. Тэр дунд ажилтай холбоотой мэдээ, мэдээлэл ч байна.
- Та яг одоо юунд суралцахыг хүсч байна?
-Энэ цаг үе дижитал эрин болчихлоо. Энэ цаг үед залуучуудаас дутахгүй байхыг боддог. Ялангуяа зөвлөх ажил хийж байгаа болохоор дижитал шилжилт рүү шилжихэд хүмүүст хэрэг болох зүйлсийн талаар илүү ихийг мэдэж авахыг зорьж байна.
- Та өөрийнхөө 25 насандаа очвол юу гэж зөвлөх бэ?
-Хамгийн гоё нас л даа. Би хүүхэд байхдаа л мэргэжлээ сонгосон хүн. Сайн инженер, зохион бүтээгч болно гэж. Тэгээд л ирээдүйд электроникийн нэг цехтэй болно доо л гэсэн гэгээн мөрөөдөлтэй байлаа. Гэтэл хувь заяаны зургаар ч гэх юм уу, сургуулиа төгсч ирээд 13 жилийн дараагаас удирдах ажил руу орчихсон. Менежментийн чиглэлээр явна гэж бодож байгаагүй. Дарга нарын шаардлагыг биелүүлэх ёстой учир яалт ч үгүй хүнтэй ажиллах энэ чиглэл орсон. 25 настай Д.Болорт эргэж зөвлөх тухайд электроникийн ажлаа хийгээд үйлдвэрлэлээ явуулах байсан юм биш үү гэж хэлэх байсан болов уу. Гэхдээ үйлдвэрлэл байгуулахын тулд удирдах ажил руу мэдээж орох байх л даа.
- Танай гэр бүлийнхэн таныг юу гэж шүүмжилдэг вэ?
-Амарсангүй гэдэг дээ. Нэг хэсэг ажил дээрээ маш их сууж, гэртээ цаг бага гаргадаг байсан. Ажилдаа ч дуртай байж. Сүүлийн үед гэр бүлдээ цаг гаргадаг болсон. Ядаж долоо хоногийн нэг өдрийг зориулж байгаа.
- Арал дээр ганцаараа үлдэнэ гэвэл ямар ном авч явах вэ?
-Хүүхэд байхдаа Даниэль Дефогийн “Робинзон Крузо”-г зөндөө л уншиж байлаа. “Усан доогуур 20000 дээр аялсан нь”-ыг ч гэсэн олон уншсан. Энэ зохиолууд эзгүй арал дээрх ахуйг өгүүлдэг шүү дээ /инээв/. Хэрэв би эзгүй аралд үлдвэл сэтгэлгээний чиглэлийн ном авч явах байх даа.
- Таны амьдралдаа авч байсан хамгийн үнэтэй зөвлөгөө?
-Аавын минь хэлж байсан үг хамгийн үнэтэй. Сурсан арга туршлагаа бусдад харамгүй өгөөрэй, тусалж чадах юм байвал түүгээрээ тусалж байгаарай. Тэр чинь чамд эргээд маш эрч хүч болно гэж зөвлөдөг байсан.
- Та өдөрт хэдэн цагийг гэр бүлдээ зарцуулдаг вэ?
-Амрах өдрөө гэр бүлдээ бүрэн зориулдаг.