2000 оны эхээр зарим компаниуд алсын хараа, эрхэм зорилго, компанийн засаглалтай байх ёстойг ойлгодог болсон. Гэхдээ үүний мөн чанарыг сайн судлалгүйгээр ханцуй шамлан орсоноор эмх цэгцгүй, зах замбараагүй нөхцөлийг байгууллагадаа үүсгэсэн байдаг. Гэтэл байгууллагын соёл гэдэг нь хүн бүрт тусгайлан хуваарилагддаг, байгууллага болгонд ялгаатай байх учиртай бөгөөд боловсрол, мэдлэг, туршлага гээд бүхий л зүйлээрээ өөр хоорондоо адилгүй ажилтнуудыг нэг зорилгын дор нэгтгэх тухай ойлголт юм. Байгууллагын соёлыг онч мэргэн төлөвшүүлснээр урт хугацаанд үр өгөөжтэй ажиллах, ажилчид нь итгэл үнэмшил болох, ирэх саад бэрхшээлийг хамтдаа даван туулах зэрэг олон давуу талыг тухайн компанид олгодог.
Компанийн соёлын тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Үүнийг бизнес эрхлэгч танд тодорхой тайлбарлах үүднээс байгууллагынхаа соёлыг зөв гольдролоор хөтлөн амжилт гаргасан “Сүү” ХК-ийн жишээ, тус компанийг удирдаж байсан Б.Гантулгын туршлагыг онцлон тэмдэглэж байна.
2013 онд Б.Гантулга үндэсний ууган үйлдвэрийн нэг “Сүү” ХК-ийн гүйцэтгэх захирал болсноор хэд хэдэн ажил хийсний нэг нь уг компанийн соёлыг төлөвшүүлж, баталгаажуулсан явдал юм. Тэрбээр хэлэхдээ “Тухайн үед “Сүү” ХК-д жинхэнэ компанийн соёл гэж байгаагүй. Компанийн эрхэм зорилго, алсын хараа гэх үгнүүд нь модон буюу хамт олонтойгоо наалдаж өгөөгүй, хамт олон нь ч уг эрхэм зорилго, алсын хараагаа мэддэггүй байсан” гэв. Тиймээс Б.Гантулга нийт 400 гаруй ажилтантай, 2500 фермертэй томоохон компани өөрсдийн гэсэн соёлтой байх ёстой гэж үзэн ажлаа эхлүүлжээ. Практикаас харахад том бүтэц, олон ажилтантай компанийг сайн менежмент удирддаггүй, харин компанийн соёл заавал удирддаг бол жижиг компанийг сайн менежмент удирдаж болдог. Тиймээс энэ зарчмыг тэрбээр удирдлагаа болгон эхний ажлуудаа төлөвлөжээ.
Бүх ажилчиддаа хүрч чадсан компанийн соёлыг “Сүү” ХК-д бий болгоход зөвхөн Б.Гантулга болон удирдлагын баг тэргүүлэх үүрэгтэй оролцоогүй аж. Харин тэд ажилчдынхаа санал бодол, байр суурийг анхааралтай сонсчээ. Үүний тулд цайны цагаа ажилчидтайгаа хийх хамтын ярилцлагад зориулсан байна. Ярилцлага амжилт олсон нууц нь ярилцлагыг удирдлагууд бус маркетингийн багийнхан хөтлөн явуулсанд оршиж байлаа. Учир нь удирдлагууд өөрсдөө асуувал ажилчид нь биеэ барьснаар хүссэн үр дүн гарахгүй байх магадлалтай.
“Сүү” ХК-ийн компанийн соёлоо бүрдүүлэх зорилгоор ажилчдаасаа асуусан асуултын үндсэн санаа нь:
- “Сүү” ХК-д яагаад ажилладаг вэ?
- Таны бодлоор “Сүү ХК” гэж юу вэ?
- “Сүү” ХК-ийн ямар зүйл танд таалагддаг вэ?
- Ирээдүйд “Сүү ХК” ямар компани болвол танд таалагдах вэ? Ямар компани болоосой гэж бодож байна вэ?
- Таны ажиллах мөрөөдлийн компани тань ямар байвал болох вэ? гэж асуужээ.
Ингээд ажиллагсдынхаа хариултыг нэгтгэхэд хамгийн их давтагдсан үг нь “сүүн цагаан сэтгэл” гэх үг байжээ. Мөн “буянтай үйлдэл, цагаан мөртэй” гэх хариулт олон давтагдсан байв. Тиймээс тэд монгол үндэснтний идээний дээж болсон СҮҮ-нд түшиглэж компанийн соёлоо бүрдүүлэхээр шийдвэрлэснээр “Уламжлан ирсэн сүүн соёлыг орчин үеийн хэрэглээнд нийцүүлэн түгээнэ” хэмээх “Сүү” ХК-ийн өнөөгийн эрхэм зорилго үүссэн түүхтэй. Харин алсын хараагаа “Монгол сүүгээр дэлхийг ундаална” гэж тодорхойлсон.
Уг компани ажиллагсадынхаа санал болгосон “есөн цацал шиг” гэх үгийг ашиглан ажилтан бүрийн эрхэмлэх есөн зүйлийг боловсруулжээ. Гэхдээ хамтын хүчээр бий болгосон энэхүү компанийн соёлоо тэд хэдхэн өдөр хэрэгжүүлээд хав дарахыг хүсээгүй тул ажилтан бүрт дадад зуршил болгоход нэлээдгүй цагийг зарцуулсан байна. Б.Гантулгын өгүүлснээр компанийн удирдлага олон нийтэд өгч буй ярилцлагадаа компанийн соёл, цаашлаад эрхэм зорилго, алсын хараагаа байнга дурдаж байвал компанийн ажилчид өөрсдөө түүнийг сонирхож эхэлдэг байна. Өөрөөр хэлбэл, дэргэд нь байгаа үнэт зүйл нь “соёл” байжээ гэдэг ойлголтыг ажилчиддаа ойлгуулж, улмаар тус ойлголтыг ажилчдынхаа оюун санаанд суулгаж өгөх нэг том хөшүүрэг нь удирдлагын зүгээс барих учиртай дээрх арга барил ажээ. Түүнчлэн, байгууллагын гишүүд болон гадны хүмүүст тухайн байгууллага дотор хэрхэн биеэ авч явах, яаж бусадтай харилцахыг чиглүүлэх луужин нь болдог байна.
Компанийн соёлыг дээрх жишгийн дагуу бүрдүүлж чадвал ажиллагсад өөрсдийнхөө ажиллах мөрөөдлийн орчинг бүрдүүлэх тухай бодож, компанийнхаа хөгжил дэвшилд илүүтэй анхааран ажилладаг болдог. Өөрөөр хэлбэл аливаа бизнесийг өсгөхөд зөвхөн удирдагч толгойгоо гашилгах бус ажилчид нь өөрийн мэдэлгүй компанийнхаа хөгжил дэвшилд санаа зовниж анхаарал хандуулж эхэлдэг.
[…] харилцагч дэлгүүрүүд болон хөрөнгө оруулагч нарын хөдөлмөрийн үр шим болсон уг шагналыг авахад дараах амжилтууд […]