Ачааны хүндийг ганцаараа үүрч байдаг бизнес эрхлэгчид асуудлаа шийдвэрлэхийн тулд бусдаас, цаашлаад бие биенээсээ суралцах хэрэгтэй юм байна гэдэгт үндэслэн Karakorum digital компани бизнес эрхлэгчдэд зориулсан сургалтыг дижитал болон танхимийн хэлбэрээр олгохоор болсон. Дижитал талбарт сургалттай холбоотой олон боломжийг тэд нэвтрүүлжээ. Тодруулбал, бизнес эрхлэгчдийн оролцоог хангах үүднээс “Karakorum digital” сүлжээ нь менторуудын лекцээр хязгаарлагдахгүй бөгөөд сэдэвтэй хамааралтай таны асуултад холбогдох менторууд онлайнаар хариулах юм. Өөрөөр хэлбэл Karakorum digital компанийн эцсийн зорилго нь Монголын бизнесийн орчинд билгийн бус аргын ухааныг нэвтрүүлэх бөгөөд үүний хүрээнд дээрх боломжийг бизнес эрхлэгчдэд санал болгож байна.
Уг ажлын эхний алхам буюу “Бизнес Цэнэг” цуврал сургалтын эхний гарааг Karakorum digital компани болон Business.mn сэтгүүл нар хамтран эхлүүллээ. Өөрөөр хэлбэл, цуврал сургалтын салхийг хагалж Ганабелл Институтын захирал, лектор, көүч П.Гандолгор “Бүтээмжтэй ажиллах 3х3 зарчим” сэдэвтэй өглөөний лекцийг хийсэн бөгөөд 50 гаруй бизнес эрхлэгчдэд орсон юм. Сургалтыг 10-р сарын 30-нд лектор, көүч Д.Болор “Хэрхэн сайн CEO байх вэ”, 11-р сарын 13-нд лектор, көүч Д.Отгонбат “Процессийн удирдлагын тухай”, 12-р сарын 11-нд лектор, көүч Д.Энхбат “Бизнесээ хэрхэн системчлэх вэ” гэх мэт сэдвүүдээр үргэлжлүүлнэ.
П.Гандолгор ментор цуврал сургалтыг эхлүүлж байгаа нь учиртай хэмээн Karakorum digital компанийн захирал Д.Энхбат онцлов. Аливаа бизнес бүр хувь хүнээс л эхэлдэг учраас хувь хүний хөгжлөөр мэргэшсэн ментороор цуврал сургалтаа ийнхүү эхлүүлсэн. Харин П.Гандолгор ментор хувь хүний хөгжил дотроо бүтээмжийг онцлов. Учир нь менторууд болон амжилттай бизнес эрхлэгчид аливаа компанийн хөгжил ажилтан бүрээс буюу хувь хүний бүтээмжээс ихээхэн шалтгаалдаг гэдэг. Тиймээс тэрбээр хөгжлийн эхлэл болсон бүтээмжийн тухай ярихдаа менежмент бус хувь хүн дээр тулгуурласан, практик мэдээллийг онцлов. Түүнчлэн ментор нэгж хугацаанд хийх үр дүнг бүтээмж хэмээн тэрбээр тодорхойллоо.
Тэгвэл хэрхэн бүтээмжтэй ажиллах вэ тухай асуултад “Бизнес Цэнэг” цуврал сургалтын эхний лекц хариуллаа. Тодруулбал бүтээмжтэй ажиллах гурван зарчмыг танилцуулж, үүнд ажил төлөвлөлт, чанартай гүйцэтгэл, хурдтай ажиллагаа хамаарах ажээ. Цаашлаад эдгээр зарчмыг хэрэгжүүлэх нарийн аргачлалыг П.Гандолгор ментор лекцэд хамрагдсан оролцогчдод тодорхой тайлбарлалаа. Оролцогчид “Бизнесийн байгууллагын удирдлагуудад зайлшгүй хэрэгтэй сургалт боллоо” хэмээн тэмдэглэснийг энэ дашрамд онцлоё. Түүнчлэн бүтээмжтэй ажиллах гурван зарчмыг өөртөө бүрэн дүүрэн хэрэгжүүлэхээс гадна хамтрагч байгууллага, хамтран ажиллагсаддаа уг сургалтыг санал болгохоо тэд хэлж байв. Ингээд оролцогчдын сэтгэгдэлийг хүргэе.
“Айрмаркет” компанийн хүний нөөцийн менежер Б.Ариунбилэг
Энэ сургалт миний хувьд маш хэрэгцтэй сургалт боллоо. Манай байгууллагын ажилтнууд олон төрлийн сургалтад хамрагдаж байсан. Харин энэ удаагийн сургалт бол миний сорьж үзээгүй сорилуудыг заасан, хувь хүн талаас минь нэлээдгүй хурцалсан сургалт боллоо. Би сургалтын үеэр танилцуулсан сорилуудыг өөртөө туршиж үзээд өөрийгөө хаана явж байгаагаа мэдэх бүрэн боломжтой болсон. Дараа нь өөрийгөө сайжруулах тал дээр бүтээмжтэй ажиллах зарчмын хоёр дахь зарчим буюу чанартай гүйцэтгэлийн тасралтгүй сайжруулах аргыг хэрэглэх хэрэгтэй юм байна. Энэ мэт хөрсөн дээр нь буулгасан арга, аргачлалыг нарийн заасан заасан учраас маш хэрэгтэй сургалт болж чадлаа.
Хүн бүрт өөрийн гэсэн бүтээмжтэй ажиллах зарчим гэж бий. Та өөрийнхөө зарчмаар хэр бүтээмжтэй ажилладаг вэ? Өөрөөр хэлбэл сургалтад суусны дараа таны бүтээмжийн гүйцэтгэл тань хэрхэн дүгнэгдэж байна вэ?
Миний хувьд хангалттай түвшинд бүтээмжтэй ажиллаж чадахгүй байна. Хэрвээ сурахыг хүсч байвал бусдад заа гэсний дагуу би байгууллага дээрээ “Бүтээмжтэй ажиллах 3х3 зарчмыг” өөрийнхөө хэмжээнд заах болно. Түүнчлэн өөртөө бүтээмжтэй ажиллах зарчмыг дадал болгоно гэсэн зорилгыг өөртөө тавилаа.
Танай компанид хувь хүн рүү нь хандсан сургалт болдог уу?
Улиралдаа нэг удаа гаднаас багш авчраад идэвхжүүлэх байдлаар сургалт оруулдаг. Яг бүтээмжийн талаар, ялангуяа энэ сургалт шиг тодорхой чиглэлтэй сургалт авж байгаагүй. Зөвхөн надад гэхэд ингэж сайн нөлөөлж байгаа юм чинь үүнийг би ганцаараа мэдээд өнгөрөх бус хувь хүн, цаашлаад байгууллагынхаа хөгжлийн төлөө энэ талаарх сургалтыг авах шаардлагатай юм байна.
Хүн бүр өөрийнхөө салбарт мастер болсон цагт тухайн байгууллагынхаа хөгжилд хувь нэмэр болдог хэмээн лекцийн үеэр дурдлаа. Та үүнтэй санал нэгдэж байна уу?
Лекцийн эхэнд П.Гандолгор багш нэг жилийн, нэг сарын, нэг өдрийн, нэг цагийн, нэг минутын ашиг болон бүтээмжээ тооцоолж үзсэн үү гэж асуулаа. Яг бодохоор манай компани хамгийн нарийндаа нэг өдрийн л ашиг, бүтээмжээ тооцоолдог. Харин цаг, минутын ашиг, бүтээмжээ тооцоолдоггүй. Үүнийг тооцоолж гаргахын тулд ажилтан бүрийнхээ цаг, минутын бүтээмжийг хэмжиж, цаашлаад түүнийг дээшлүүлэх тал дээр хичээн ажиллах хэрэгтэй юм байна гэдгийг ойлголоо. Далайд дусал нэмэр гэдэг шиг хүн бүрийн нэгж хугацаанд гаргаж буй бүтээмжээс тухайн хүн, алба, байгууллага бүтээмжтэй ажиллах боломжтой гэдгийг ойлголоо.
Грийнланд интерпрайзис компанийн гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэцэцэг
Компанийн бүх ажилтнаа нэг өглөөг эрч хүчтэй, сонирхолтой сургалтаар эхлүүлээсэй гэж хүссэний үндсэн дээр компанийн ажилтнуудынхаа 70 орчим хувийг энэхүү сургалтад оролцууллаа. Сургалтын хувьд зөвхөн байгууллагын удирдлага бус компанийн бүх ажилтанд хамааралтайгаараа онцлог байсан учраас бид бүгдэд таалагдсанаас гадна хүртээмжтэй сургалт боллоо. Цаашдаа ч уг цуврал сургалтад ажилтнуудаа хамруулах, өөрөө ч их юм сурах хэрэгтэйг ойлголоо. Мөн хамтрагч байгууллагынхаа ажилтнуудыг “Бизнес Цэнэг” цуврал сургалтад суулгъя гэж бодож байна.
Таны хувьд бүтээмжтэй ажиллахдаа ямар зарчим баримталдаг вэ? Уг сургалтад заасан зарчим таныхтай хэр нийцэж байна?
Миний ерөнхий баримталдаг зарчимтай ойролцоо байна. Гэхдээ миний гүйцэтгэл уг зарчмын гүйцэтгэлийн хажууд хангалттай биш юм байна. Тиймээс илүү их суралцах хэрэгтэй юм байна гэдгийг ойлголоо.