(Тэмдэглэл)
Менежмент, бизнес көүчингийн өндөр түвшинд бэлтгэгдсэн номнуудад хэлэгддэг түгээмэл санаа бол баг хамт олондоо ХӨРВӨХ БОЛОМЖ, АЛДАХ ЭРХ ЧӨЛӨӨГ олгох тухай. Ийм боломжоор хангагдсан баг хэзээ нэгэн цагт заавал амжилт олдог болохыг дэлхийд нэртэй көүчүүд онолын үндэслэлтэйгээр бодит кэйст тулгуурлан өгүүлсэн байдаг. Тиймээс монгол бизнес эрхлэгчиддээ зориулан дээрх ойлголтын талаар дэлгэрэнгүй өгүүлж, ямар эрх чөлөөний талаар яриад байгаагаа тайлж хэлэхийг хичээлээ.
Хөрвөх боломж, алдах эрх чөлөө хоёр бол нэг савааны хоёр үзүүр юм. Хөрвөх чадвартай баймааж алдаагаа засч чадна, алдах эрх чөлөөтэй байжийж хөрвөх чадварт суралцана гэдэг ч юм уу.
Юутай ч алдаа гаргадаггүй нэг ч хүн дэлхий дээр үгүй. Суут эрдэмтэн Исаак Ньютон алдаж онон байж л цуутай нээлтүүдээ хийсэн байдаг биз дээ. Хүн бүрийн шүтээд байдаг Билл Гэйтс, Стив Жобс, Жэк Ма нар ч гэсэн алдаж л байсан. Гагцхүү алдаа гаргаж байж л зөв замаа олдог нь хүний амьдралын жам юм. Тиймээс хамт олондоо алдах эрх чөлөөг олгох нь УРУУДАХ ЗАМЫН ЭХЛЭЛ гэсэн ойлголт өрөөсгөл юм. Гаргасан зөв шийдвэр бүр амжилт авчирдаггүй гэдгийг энд мартаж болохгүй.
Захирлуудын, дарга нарын шийдвэр ямагт зөв байдаг гэдэгт удирдагч өөрөө итгэлтэй байдаг. Ажилтнууд нь ч гэсэн тийм гэдэгт найддаг. Гэтэл тэдгээр шийдвэр үнэхээр зөв зүйтэй байсан юм бол өнөөдөр танай компани өнөөдрийн түвшиндээ байхгүй л байсан. Тивдээ цахиур хагалдаггүй юмаа гэхэд улстаа толгой цохьж байх учиртай сан. Тэрбумтан Уоррен Баффет нэгэнтээ “Компани тань нэгэн хэвийн л байгаа бол нягталж, нягталж гаргасан “зөв” шийдвэрүүдэд тань алдаа байсан л гэсэн үг” хэмээн өчсөн байдаг. Дээрх бүгдийг өгүүлэхийн учир нь…
Удирдагч хүний түгээмэл арга барил бол баг, хамт олноосоо байнгын зөв шийдвэр, зөв үйлдлийг нэхэх. Нэхдэгийг нь ч буруутгах аргагүй, бизнес хийхийн үндсэн зорилго бол ашиг олох л шүү дээ. Гэхдээ нэхэхэд нэг учир байгаа нь АЛДАХ ЭРХ ЧӨЛӨӨГ тэдэндээ давхар олгох явдал. Үүнийг би бус менежмент, бизнесийн судар бичгүүд хэлээд байна.
Гэхдээ энэ нь зөвхөн эрх чөлөөг олгоод орхино гэсэн ойлголт биш юм. Үүний тулд чөлөөтэй ажиллах, задгай сэтгэх, чадвараа бүрэн гаргах орчинг нь хамт олондоо бүрдүүлж өгөх учиртай. Энэ дотроо, аливаа санал санаачлага гагцхүү ажилтнуудаас тань гардаг байх нөхцөлийг бүрдлүүлж чадвал тэр нь тус менежментийн аргачлалаас гарах гол ашиг байх ажээ. Алдах эрх чөлөөг өнгөц харваас архиа тааваараа уух, тамхиа дураараа татах боломжийг ажилтнууддаа олгож байгаа мэт удирдагчид санагдаж болох ч энэ нь мөн чанартай хамт олонд очиж буй АСАР ТОМ ХАРИУЦЛАГА байдаг.
Учир нь менежментийн дээрх өөрчлөлтийн нөлөөгөөр ажил үүргийн хуваарилалтад өөрчлөлт орж илүү тодорхой болдог бөгөөд үүний тод илрэл нь багийн менежер гаргасан шийдвэртээ өндөр хариуцлага хүлээж, баг хамт олон хийсэн ажлынхаа үр дүнг улаан нүүрээрээ хүртдэг хэлбэр юм. Өөрөөр хэлбэл ХАРИУЦЛАГААС БУЛТАХ ХЭН Ч ҮЛДЭХГҮЙ. Энэ бол алдах эрх чөлөөний нөлөөгөөр бий болсон менежментийн өөрчлөлтөөс гардаг гадаад илрэл юм. Харин дотоод илрэл нь сэтгэл зүйн өөрчлөлт. Алдахгүй л юм шүү гэсэн бодол, үр дүнг зорьсон хэмжээндээ хүргэх юм шүү гэсэн тэмүүлэл тухайн багийн хамт олонд бүрэн суудаг. Дээр нь эрч хүч, ур чадвараа хэзээ, хаана, яаж зарцуулахаа нарийн төлөвлөж, хуваарилахад давхар суралцдаг аж.
Хамт олны уур амьсгал ингэж нэг нудрага мэт зангидагдаж, тэдний сэтгэл зүй нэгэн зүгт чиглэсэн цагт захирал та ажилдаа өөдрөг үзэлтэйгээр ирж, хэд хоног сэтгэл амар зугаалах боломжоор бүрэн хангагддаг болно. Үүний тод жишээ нь Билл Гэйтс. Менежментийн пирамидаа суурь тоосгоноос нь эхлэн зөв өрсөн хүний бизнес сансрын хөлөг адил бүрэн автоматждаг гэнэм.
Эндээс нэг асуудал босч ирнэ. Хэрэв алдаа гаргавал яах вэ? гэдэг. Тийм ээ, алдаж болно. Гэхдээ зөв шийдвэр бүр амжилтын баталгаа болдоггүй хэмээх дээр өгүүлсэн санааг санах хэрэгтэй. Энэ нь мэдээж харьцангуй ойлголт юм. Алдаа болгоныг нь тэвчээд сууна гэж юу байх билээ. Тиймээс гаргасан алдаа нь том эрсдлийг дагуулж байгаа бол удирдагч бодлогын журмаар асуудалд оролцож, чиглүүлж явах нь зүйн хэрэг. Гэвч практикаас харахад баг, хамт олноороо ярилцаж гаргасан шийдвэр аюул дагуулах хэмжээнд барагтай л бол хүрдэггүй билээ. Мэдээж, муу шийдвэр бүр удирдагчид өвдөлтийг өгч байдаг. Хүмүүс алдаан дээрээсээ суралцдаг гэдгийг мартаж болохгүй. Тэгэхээр энэ төрлийн өвдөлт эерэг өвдөлт байх бүрэн магадлалтай.
Алдах эрх чөлөө бүхий менежментийг цогцлоохдоо нэг зүйлийг анхнаас нь маш тодорхой цэгцлэх ёстой. Тэр нь АЖИЛ ҮҮРГИЙН ХУВААРИЛАЛТ. Багаа удирдаж буй менежер гаргасан шийдвэрийнхээ, ажил гүйцэтгэгч хамт олон үр дүнгийнхээ өмнө хариуцлага хүлээх учиртай. Асуудлын гол нь тэрхүү багт хамаарагч улсуудын үүргийг маш сайн тодорхойлж өгөх явдал. Тухайлбал, жирийн дизайнер, ахлах дизайнерын ялгаа, заагийг ойлгомжтой тодорхойлж өгөх ёстой.
Ингээд л ажил эхэлнэ дээ. Гэхдээ хамгийн хүнд ажил бол алдах эрх чөлөө бүхий менежментийг бий болгох явдал. Энэ талаар хожим өгүүлэх болно.