Бид өмнөхөн Алдаа гарах эрх чөлөөг ажилтнууддаа олгохын ач холбогдлын талаар “Захирал та, ажилтандаа АЛДАХ ЭРХ ЧӨЛӨӨГ ОЛГОНО УУ!” нийтлэлдээ өгүүлсэн. Энэ удаад тухайн захирал компанидаа тус менежментийг хэрхэн нутагжуулж болох арга хэлбэрийн нэгээхэн хэсгийг тэмдэглэж байна.
НЭЭЛТТЭЙ БАЙХ
Таны гаргах ёстой хамгийн чухал шийдвэр бол хариуцлагыг ажилтнууддаа шилжүүлж өгөх. Ингэхдээ “Захирал надад итгэж байгаа юм байна” гэсэн итгэл үнэмшлийг тэдэнд эргэлтгүй олгох хэрэгтэй.Үүний нэг хэлбэр нь хурал цуглааны үеэр аливаа асуудлыг хэлэлцэхдээ сонголт хийх боломжийг ажилтандаа өгч байх учиртай. Тухайлбал, Нараа та энэ асуудлыг судлаад яаж шийдсэн нь зөв байх талаар саналаа хэлээч?
ХҮЛЭЭЛТЭЭ ТОДОРХОЙ ОЙЛГУУЛАХ
Шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалд “Энэ нөхөр л ажил хийчихээр хүн. Тэр надад таалагддаг” гэсэн хөнгөн сэтгэлээр хандаж огт болохгүй. Учир нь тухайн багийг удирдах менежер бол Алдаа гаргах эрх чөлөө бүхий менежментийн амин сүнс нь юм. Тиймээс гүйцэтгэх ур, боловсруулах чадвар, удирдах барил гэх мэт заавал байх шаардалгуудыг олон талаас нь тунгаах хэрэгтэй. Сонголтоо хийх хүртэлх хугацаандаа хариуцлага хүлээж чадна гэж тооцсон ажилтнууддаа тодорхой ажлуудыг тохоож, гүйцэтгүүлэх нь менежерийн өнгө төрх, төрөл хэлбэрийг ялгаж харахад хамгийн их тусыг өгдөг.
Тухайлбал, Нараа та энэ асуудлын гадаад нөхцөлийг нь судлаад яавал зөв байх талаар эцсийн шийдвэрээ дараагийн баасан гарагт хэлээрэй. Туяа та дотоод нөхцөлийг нь судлаад танилцуулаарай. Та хоёрын гаргах судалгаа, шийдвэр энэ төслийн 3-р улирлын төлөвлөгөөнд том дэм болно гэдэгт найдаж байна.
МЕНЕЖЕРИЙН НЭР ХҮНДИЙГ ӨРГӨХ
Ажилтнуудынхаа гаргаж буй санал санаачлагын түвшинг жигнэж байх хэрэгтэй. Энэ зуур урмын үг хайрлахаа март уу зай. Таны гол зорилго бол тухайн багийг удирдаж байгаа менежерийн нэр хүнд, нэмэр нөлөөллийг хамт олны дунд тойруу замаар бий болгох явдал юм. Үүнийг хурал цуглаан, албан бус уулзалт гээд бүхий л нөхцөлд хийж болно. Үгээ хэлэх хэлбэрийн тухайд жишээлэхэд “Эрхэмээ компанийн борлуулалтын асуудлыг хариуцан ажиллаж байгаа учраас энэ талаар гагцхүү түүнд л хандах хэрэгтэй”. Өнгөц харахад дээрх үг итгэл үзүүлж байгаа шууд хэлбэр биш боловч ажил хариуцаж авсан шинэхэн менежерт асар өндөр ач холбогдолтой байдаг. Менежертээ итгэсэн бол түүнийг бүх талаар дэмжих нь захирлын хийх үндсэн ажлуудын нэг ажээ.
ЖИЖИГ АСУУДАЛ ГЭЖ ҮГҮЙ
Хариуцлагыг тухайн багт үүрүүлэхдээ эрх, үүргийн орон зайг анхнаас нь сайн ялгаж, салгаж өгөх ёстой. Ингэхдээ зөвхөн том асуудалд анхаарч, жижгийг орхигдуулна гэсэн үг биш юм. Үүнд захирал ч хамаатай. Жижиг асуудлуудаас том проблем үүсдэг шүү дээ. Жижиг асуудлыг ч гэсэн шийдэх хариуцлагыг нь тухайн багт үүрүүлж байх хэрэгтэй.
Тухайлбал, Нараа танай баг хамт олон сурталчилгааны компанит ажлыг сайн зохион байгууллаа. Баяр хүргэе. Харин Эрх чөлөөний гудамжинд тавигдсан хоёр ч зурагт самбар урагдсан талаар ямар бодолтой байна. Энэ талаар ирэх даваа гарагийн хурал дээр ярилцъя.
АЛДААНААСАА СУРАЛЦАХ
Ажилтнууддаа алдах эрхийг олго. Энэ бол алдуулаад л бай, алдааг нь тэвчээд л суу гэсэн шууд утга биш юм гэдгийг сайн санаарай. Энэ нь менежментийн нэгэн төрлийн урхи юм. Хэрэв таны итгэл үзүүлсэн хамт олон нэгдмэл удирдлагаар үнэхээр хангагдсан бол тийм баг алдаа гаргахыг ихэнхдээ тэвчдэггүй онцлогтой байдаг. Азгүйтэхгүй байхыг танаас илүү хүсдэг байж ч мэднэ. Яагаад гэвэл сэтгэл, зорилго, үйлдлээ нэгтэж чадсан хамт олон эрсдлийг тодорхой хэмжээнд урьдчилан харах чадвартай байдаг ажээ.
АЛДААГАА ХҮЛЭЭЖ СУРАХ
Захирал өөрөө алдаа гаргасан бол ажилтнуудынхаа өмнө буруугаа хүлээдэг ухамсартай байх учиртай. Энэ нь захирлын хувьд гутамшиг мэт наанаа харагдавч цаанаа хамт олны сэтгэл зүйг өргөж байдаг далд нөлөөтэй. Тухайлбал, Өнгөрсөн хурал дээр та бүхний саналыг бодолцолгүйгээр би буруу шийдвэр гаргаснаа хүлээж байна. Тэр хүнийг дэвшүүлэх нь зөв гэдэгтээ хэт их итгэсэн байж. Дараагийн удаа аливаа чухал томилгооны талаар санал солилцож байх болно.
Таны энэ үйлдэл дунд тушаалын менежерүүдэд хамгийн том үлгэр жишээ болж байдаг. Тэд ажилтнуудтайгаа тань шиг л харилцдаг болно. Үүнээс гарах эцсийн үр дүн нь эрүүл уур амьсгал. Эрүүл уур амьсгал нь олон үйлдлийн цөм гэдэг дээ.