Энэ удаагийн ISO-с гаргасан олон улсын удирдлагын тогтолцооны хэрэгжүүлэхэд өгөх зөвлөмжөөр Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо (ХАБУТ) ISO 22000 стандартыг авч үзнэ. Юуны өмнө ХАБУТ-г хүнсний хэлхээнд буюу түүхий эд бэлтгэл, хүнс тээвэрлэлт, хүнсний сав баглаа боодол үйлдвэрлэгч, хүнстэй харилцдаг бараа материал үйлдвэрлэгч, хоол үйлдвэрлэгч, хүнс үйлдвэрлэгч зэрэг хүнсний хэлхээнд оролцож буй аль ч байгууллага авч хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Ялангуяа экспортод чиглэсэн хүнсний үйлдвэрлэл эрхэлж буй байгууллагын нэн тэргүүнд авч хэрэгжүүлбэл зохилтой стандарт юм. Монгол улс 2018 онд экспортод 7011.8 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн онтой харьцуулахад 13.1% өссөн байна. Үүнээс мал, амьд мал, ургамал, хүнсний бэлэн бүтээгдэхүүн нь 216 сая ам.долларын экспортын орлогыг авчирчээ. Хүнсний бэлэн бүтээгдэхүүний нэр төрлийн экспорт 75% өссөн нь хамгийн өндөр өсөлт гарсан нэр төрөл байв. (Гаалийн статистик 2018) Хүнсний бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хувьд хуулийн болон зохицуулалтын тусгайлсан шаардлагуудыг бүрэн нийцүүлж нарийн ажиллах шаардлагатай салбар юм.
Тиймдээ ч бүтээгдэхүүн экспортлогч үйлдвэрийн хувьд импортлогч орон талаас өөрийн зохицуулалтын шаардлага тавих буюу Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO22000, FSSC22000, хамгийн багадаа Хүнсний аюулгүй байдлын систем HACCP хэрэгжүүлсэн байхыг шаардах нь нийтлэг зүйл. Жишээ нь, БНХАУ дулааны аргаар боловсруулсан махны импортын зөвшөөрлийн шаардлагад үйлдвэрлэгч нь дор хаяж НАССР систем хэрэгжүүлсэн үйлдвэрлэгч байна гэж заасан. Ийм ч учраас сүүлийн дөрвөн жилд хүнс үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд ISO22000, FSSC22000, HACCP системийг хэрэгжүүлэхийн үр нөлөөг ойлгож, томоохон хүнс үйлдвэрлэгч эдгээр ХАБУТ-г хэрэгжүүлж олон улсын болон дотоодын баталгаажуулалт аваад байна. Тогтолцооны төрлөөр авч үзвэл, FSSC22000 хэрэгжүүлж олон улсын баталгаажуулалт авсан гурван байгууллага, ХАБУТ ISO22000 хэрэгжүүлж дотоодын баталгаажуулалт авсан (Стандарт Хэмжил Зүйн Газар) найм, олон улсын баталгаажуулалт авсан 10, Хүнсний аюулгүй байдлын HACCP тогтолцоог хэрэгжүүлж дотоодын баталгаажуулалт авсан зургаа, олон улсын баталгаажуулалт авсан ес, нийтдээ 36 байгууллага (ОБЗЕРВ Консалтинг ЗҮБ судалгаа 2019 оны нэгдүгээр сар) байна.
ХАБУТ (ISO22000) хэрэгжүүлэх тухай
Стандартын тухай товч. Хүнс үйлдвэрлэлийн хэлхээнд оролцогч байгууллагуудын Хүнсний аюулгүй байдлаа удирдах гол стандарт нь ISO22000 тогтолцоо юм. Байгууллагын хэлбэр хэмжээ, нийлүүлдэг бүтээгдэхүүн үйлчилгээ, үйлдвэрлэлээс үл хамааран аль ч байгууллага өөрт тохируулан хэрэглэх боломжтой ерөнхий стандарт. ISO 22000 нь Хүнсний аюулгүй байдлын талаар байгууллагыг хянахаар ашиглаж буй зорилтдоо хүрэх, харилцан уялдаа буюу харилцан үйлчлэл бүхий бодлого, зорилтыг тогтоох, чиглүүлэх элементүүдийн цогц шийдэл болно. Хүнсний аюулгүй байдал гэдэг хоол хүнсийг зориулалтын дагуу хэрэглэхэд хэрэглэгчдэд хор хохирол болохгүй байх баталгаа юм.
ISO22000 нь хүнсний хэлхээний аливаа нэг байгууллага сайн дураар авч хэрэглэн, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг аюулгүй хүнсний тогтолцоонд оруулахад тавигдаж буй нийтлэг шаардлага юм. ISO22000 стандарт анх ISO 22000:2005 болон батлагдсан ба 2018 онд ISO22000:2018 шинэчлэгдсэн хувилбар гарсан. Тус стандарт дараах зорилгыг агуулна: • Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дамжлага, шат бүр дээр нарийн хяналт тавих, • Үйлдвэрлэлийн явцад аюултай бүтээгдэхүүн нийлүүлж тэр нь хэрэглэгчид хүрэхээс сэргийлэх. • Алдаа доголдол гарсан тохиолдолд залруулах ажиллагаа хийж дахин гарахаас сэргийлэх.
Стандартыг ямар байгууллага хэрэгжүүлбэл зохимжтой вэ?
Мал аж ахуй, газар тариалангаас гарч буй түүхий эдээс эхлэн хэрэглэгч хүртэлх бүхий л үе шатанд ариун цэвэр, эрүүл ахуйн аюулгүй байдлыг бүрэн хангах, зохицуулах, хэрэгжүүлэх, шинжлэх ухааны үндэслэлтэй, зүй зохистой, дэс дараалалтай тогтолцоог бүрдүүлэхээр зорьж буй хүнсний гинжин хэлхээнд оролцогч бүхий л байгууллагууд энэхүү стандартыг хэрэгжүүлэх боломжтой. Ялангуяа экспортод чиглэсэн хүнс үйлдвэрлэгч байгууллагуудын нэн тэргүүнд авч хэрэгжүүлбэл зохих удирдлагын тогтолцоо юм.
ISO 22000:2018 СТАНДАРТЫГ PDCA ЦИКЛ БА ЭРСДЭЛД СУУРИЛУУЛСАН СЭТГЭЛГЭЭНИЙ ЗАРЧМЫН НЭГДЭЛ
(Хаалтад буй тоо нь стандартын бүлгийг заана)
Бусад удирдлагын тогтолцоотой хамтад нь хэрэгжүүлэх боломж
ISO 22000:2018 нь ISO-с гаргасан бусад удирдлагын тогтолцооны дээд түвшний бүтэц бөгөөд бүх удирдлагын тогтолцоонд нийтлэг хүрээг тогтоосон. Энэ нь тогтвортой байдлыг хангах, өөр өөр удирдлагын тогтолцооны стандартуудыг нийцүүлэх, дээд түвшний бүтэцтэй тохирох дэд бүлгүүдийг санал болгож, бүх стандартад нийтлэг хэлийг хэрэглэх боломжтой болгодог. Тус стандартыг хэрэгжүүлэхдээ байгууллага нь өөрийн ХАБУТ-г бизнесийн үндсэн процесс болон, бусад менежментийн системтэй холбоход хялбар.
Манлайлал
Стандарт нь хүнсний аюулгүй байдлын талаарх үүрэг амлалтыг хэрэгжүүлэхийн тулд дээд удирдлагын манлайллыг шаарддаг ба иймээс хэрэгжүүлж буй байгууллага энэ асуудалд илүүтэй анхаарал хандуулах хэрэгтэй. Дээд удирдлага бүх үүрэг хариуцлага, эрх мэдлийг өөрийн байгууллагын хэмжээнд тодорхой болгож, хуваарилж, мэдээллийн урсгалыг чөлөөтэй байлгах тогтолцоо бий болгох нөхцлөөр хангасан байх стандартын шаардлагыг ойлгосон байх ёстой. Дээд удирдлага нь үр дүнтэй хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ач холбогдлыг бүх харилцагч, сонирхогч талууддаа мэдээлж, харилцан ойлголцож, хамтран хөгжих, аюулгүй хүнсээр хангах зорилгоо биелүүлэхэд харилцагч нараа татан оролцуулах нь зүйтэй.
Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны шинэчилсэн ISO 22000:2018 стандартын үндсэн өөрчлөлт
1. Удирдлагын тогтолцооны бусад стандарттай уялдуулж болохуйц ахисан түвшинд хүргэсэн 2. Эрсдэлд суурилсан сэтгэлгээг авч үзсэн 3. Төлөвлө-Гүйцэтгэ-Шалга-Сайжруул (PDCA) мөчлөгийг байгууллага болон үйл ажиллагааны төвшинд салгаж тодорхойлсон 4. Үйл ажиллагааны гол нэр томьёо болох ССР, OPRP, PRP зэргийг илүү тодорхой тайлбарласан
PDCA-ийг байгууллага болон үйл ажиллагааны түвшинд тодорхойлсон байдал
Үр дүн Байгууллага ХАБУТ ISO2000 стандартыг хэрэгжүүлснээр хүнсний аюулгүй байдлын гүйцэтгэлд дараах бодит үр дүн бий болдог:
• Байгууллага өөрийнхөө нөхцөл байлдыг тодорхойлон, сайжруулах боломжуудыг дэвшүүлж тогтвортой хөгжлийн суурийг тавина;
• ХАБ-н удирдлагын тогтолцооны баримт бичгийн тогтолцоо бий болно;
• Бүтээгдэхүүнд тохиолдож болох аюулыг урьдчилан үнэлж, түүнд тохирсон хяналтын систем бий болно;
• Үйл явцыг оновчтой замаар хэрэгжүүлэх тогтоосон арга зам буюу процедурууд (procedure) бий болно;
• ХАБ-н ажлын гүйцэтгэлийг хянах цогц систем бий болно;
• ХАБ-н ажлыг үнэлэх боломжтой болно;
• ХАБ-н ажлын гүйцэтгэлийг тасралтгүй сайжруулж авч явах боломжтой болно;
• Aжилчид өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрхэн аюулгүй ажиллах талаар мэдлэг, чадвартай болж, санал санаачилгатай, хариуцлагатай ажиллагчид бий болно;
• Компанийн өрсөлдөх чадвар нэмэгдэнэ;
• Олон улсын зах зээлд гарах, бүтээгдэхүүн үйлчилгээг экспортлох боломж нэмэгдэнэ.
Д.МӨНХБАЯР (ХАБУТ ХАРИУЦСАН ЗӨВЛӨХ)
Т.ПҮРЭВХАТАН (OБЗЕРВ КОНСАЛТИНГ ЗҮБ-ЫН МЕНЕЖМЕНТИЙН ЗӨВЛӨХ)