Майхан нь аяллын зориулалттай гэх ойлголтыг “Амар асар” компани эвдэж, малын саравч, агуулах, явуулын оффис, машины гарааш, ариун цэврийн асар, усанд орох газар гээд олон янзаар ашиглаж болохыг харуулаад байна. Алдарт ЖДҮ-гийн сангаас хэдэнтээ зээл авах гэж үзээд бараагүй Б.Бадраа энэ төрлийн дэмжлэг олгодог олон төсөл, хөтөлбөрт хандсан ч барьцаа хөрөнгөгүйн улмаас буцаагдаж байв. Ганц боломжтой хувилбар болох Ажилгүй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нэг сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч байжээ. Гэсэн ч энэ нь түүний бизнесийг хөгжүүлэхэд хэтэрхий бага мөнгө байв. Харин Shark Tank-аас 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хүсээд бүх шаркуудыг өөртөө татаж, 100 сая төгрөг авч чадсан Бадраагийн “Амар асар” өнөөдөр бүтээгдэхүүний нэр төрөл, үйлдвэрлэлийн хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлээд байна.
Монголд уламжлалт аргаар майхан хийдэг газруудыг эс тооцвол угсардаг, эвхэгддэг, боловсронгуй хувилбарын үйлдвэрлэл байсангүй. Иймд Бадраад майхан ашиглалтын төрөл зүйлийг хөгжүүлэх бүрэн боломжтой зах зээл харагджээ. Гэхдээ үүнээс ч илүү чухал зүйл нь түүнд амьдралаа өөрчлөх гэсэн чин хүсэл эрмэлзэл байлаа. Энэ бол 2016 он. Түүний хамгийн анхны бүтээгдэхүүн нь асран гарааш юм. Өөрөө гараашгүй, хучлага ашиглахад төвөгтэйн дээр хиртэж, хувцас бохирдуулдаг, заримдаа салхинд хийсчихдэг тул өвлийн цагт машинаа хөлдөөчихгүй байх гэсэн амьдралын шаардлагаас үүдэлтэй асран гараашийг бүтээх болжээ. Загварыг нь хийхдээ нялх хүүхдийг ялаа шумуулаас хамгаалах торноос санаа авав. Мэдээж шуудхан хийчихээгүй.
Хүүгийнхээ тоглоомон машинд манекен хэлбэрээр хийж туршжээ. Туршилт амжилттай болж, эхний ээлжинд өөрийн машиндаа хийв. Эргэн тойрныхон нь гадны улсад үүнтэй төстэй гарааш олон бий, тэднийг судалж, улам сайжруулаарай гэх болов. АНУ, Герман, Араб, Хятад зэрэг улсад энэ төрлийн гарааш элбэг аж. Гараашаа зогсолтгүй сайжруулсаар хаалга хийн, өвөл нь гарааш, зун нь асар майхан болгон ашиглаж болохоор болгож, эвхэгдсэний дараах овор хэмжээг ч багасгав. Энэхүү бүтээлийг нь харсан хүн бүр “Энэ чинь яасан амар эд вэ” хэмээн уулга алдаж байсанд “Амар асар” гэсэн нэр өгчээ. Бадраа төрөлхийн гарын дүйгээ мэргэжил болгож, ХААИС-ийг зохион бүтээгч инженер, механикч мэргэжлээр төгссөн. Үүний хажуугаар элдэв загвар зохион бүтээх дугуйланд олонтаа хамрагдаж байв. Харамсалтай нь зах зээлийн шуурганаар түүнд мэргэжлээрээ ажиллах боломж олдоогүй. Олонхын ижил ганзагын наймаа хийж байгаад ерээд оны сүүлээр Солонгос улсыг зорин таван жил хөдөлмөрлөжээ. Ирснийхээ дараа Урт цагаанд цүнх, чемодан засдаг газар байхгүйг анзаарч, энэ ажлыг арван жилийн турш хийсэн юм. Инженер хүн учир цүнх, чемоданы бариул, цоож, дугуй мэтийн учрыг төвөггүй олчихдог байв
Харин сүүлийн үед энэ төрлийн ажил эрхэлдэг хүмүүс олширсноос ашиггүйдэж орхижээ. Нөгөөтэйгүүр энэ үед томхон бизнес хийж, өөрийгөө сорих гэсэн бодол түүнийг өдрөөс өдөрт хурцалж, тогтож сууж чадахаа ч больсон байлаа. Тэрбээр майхныхаа загвар зургаа шөнөдөө гараар зурж, бэлэн болсон гэж үзвэл компьютер графикчаар зуруулна. Өдөр нь төмрийн ажлаа хийн, гаргасан рамдаа тааруулж оёдлоо эсгэнэ. Энэ дараалал хэдэн ч цаг хамаагүй үргэлжилнэ. Ингээд шинэ бүтээгдэхүүн гарсан бол хашаандаа бариад тавьчихдаг. Ингэж нар, салхинд тэсвэртэй эсэхийг шалгадаг аж. Өвөл нь гарааш, зун нь асар майхны борлуулалт түлхүү хийгдэнэ. Малын саравч, үр тарианы агуулах, уул уурхай, зам, барилгын ажилчдын майхан, намрын ногоо хураалтад зориулж хөлдөхөөс хамгаалсан майхан, зөгийчдийн байрлах гэр, тэр бүү хэл сонгуулийн түр штаб гэх мэт олон зориулалтаар үйлдвэрлэдэг. Яг одоо явган аялагчдад зориулж хөнгөн хийцтэй “Бадарчин” майхныхаа загвар, хөгжүүлэлт дээр ажиллаж байна. Цаашид бүтээгдэхүүнээ улам сайжруулахын тулд ШУТИС-ын эрдэмтэн Р.Мядагмаа багшийн боловсруулсан нано технологийн даавуугаар майхнаа хийхээр тохиролцжээ.
Монгол хонины ноосоор хийсэн уг даавуу нь ус нэвтэрдэггүй, амьсгалдаг, хэт халуунд халуун агаар дотогш нэвтрүүлдэггүй, өвөл дулаанаа барьдаг. Энэ нь өртөг өндөртэй бөгөөд одоогийн майханд ашиглаж буй брезентээс гурав дахин өндөр үнэтэй юм. “Амар асар” дэлхийд танигдсан монгол асар майхан бий болгох зорилгыг өвөртөлсөн. Гадуур зарагддаг машины хучлага нь 150 мянга орчим төгрөгийн үнэтэй бол Амар асрын гарааш 750 мянган төгрөгөөр худалдаалагддаг. Энэ нь хучлага авснаас илүү олон жилийн эдэлгээ даадаг чанартай, гарааш худалдан авахаас хэд дахин бага өртөгтэй юм. Майхны тухайд хамгийн жижиг нь уламжлалт шувуун нуруутай майхныг эвхдэг болгосон загвар бөгөөд 400 мянган төгрөгийн үнэтэй. Харин хамгийн том хэмжээтэй нь 9х9 харьцаатай, таван минутад баригддаг. Өнгөрсөн онд хөрөнгө оруулалтаа авсны дараа ажлын байраа сайжруулж, төмрийн болон оёдлын тоног төхөөрөмж авч, тодорхой хэмжээний түүхий эд нөөцлөн, оёдолчин, төмөрчин гагнуурчин гэсэн ажлын байруудыг нэмжээ.
Хамтаръя, хоршъё гэсэн үндсэн чиг шугамыг баримталж, төмөр нугалдаг, гагнадаг, оёдог гэх мэтчилэн хэсэг тус бүрийг нь өөр өөр газар хийж, нэг газар нийлүүлэх “кластер” хэлбэрийн үйлдвэрлэлийг дэмждэг. Ийм учраас их хэмжээний захиалга орж ирвэл Амар асрынхан дангаараа дийлэхгүй учир оёдлын тал дээр “Батзүү” компанитай хамтран ажиллахаар болжээ. Түүнд хамтран ажиллах санал ихээр ирдэг бөгөөд гэр барьж хураахад төвөгтэй учир эвхэж хураадаг майхны захиалга түлхүү ирж байгаа аж. Сүүлд говийн аяллын компани элсэн дээрх мотоциклийн уралдаанд зориулсан кэмп хийлгэхээр захиалсан болон аяллын компаниас хоолны гэр, усанд орох газар, бие засах бүхээг, унтлагын майхан зэргийг тусад нь шийдсэн явуулын кэмп хийлгэх захиалга орж иржээ. Мөн Монголын оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран 21 аймгийн төвөөр аялж, бүтээгдэхүүний сурталчилгаа хийхээр бэлтгэж байна.
Цаашид томоохон байгууллагуудын гадна гараашаа байрлуулж, тэдгээрийг ажилчдадаа түрээслүүлэх хувилбарыг санал болгох юм. Мөн энэ хавраас Батлан хамгаалах яамны цэргийн майхны тендерт оролцохоор материал болон туршилтын майхнаа бэлджээ. Ийнхүү Амар асрын ажил дундрахгүй их байна. Бадраа, “Бид зөвхөн гэр, ажил гэсэн уяатай ботгоны зарчмаар амьдраад байна. Гэтэл бизнес санаа гэдэг зүгээр л хүний хажууд хэвтэж байдаг. Хэрэв хийх гэсэн жижигхэн оч л байвал түүндээ улайрчихдаг. Хийж чадах эсэхээ мэргэжлийн болон чадварынхаа үүднээс судлаарай. Эхлээд төрсөн санаагаа Монголд хөгжих боломжтой эсэхийг судлах нь чухал. Өөрийн чадал, түвшин хүрэхгүй бол янз бүрийн бизнесийн сургалт, төсөл хөтөлбөр, зөвлөх үйлчилгээ байдгийг санаарай” хэмээн зөвлөж байна.