ТОГТСОН ХЭВ МАЯГ ГЭДЭГ БОЛ ХАМГИЙН АЮУЛТАЙ ЗҮЙЛ. ХУВЬ ХҮНД Ч, БИЗНЕСТ Ч, НИЙГЭМД Ч ЯЛГААГҮЙ.
Дээрэмчин Щвейцарын нэгэн банкийг дээрэмдэхээр орж ажилчдад нь буу тулгатал тэр нь ямар ч сэйфгүй, бэлэн мөнгө хэрэглэдэггүй цахим банк байв. Азгүй дээрэмчин технологийн шоконд орж, гутарсандаа буцаж гарахаас өөр аргагүй болжээ. Одоогоос гурван жилийн өмнө болсон энэ үйл явдал хүний нийгэм хөгжлийн шинэ хэлбэрт шилжиж, банкнаас мөнгө дээрэмдэх арга хүртэл хуучирсныг илтгэж буй олон жишээний нэг байв. Эдүгээ олон улсын том банкууд технологиор өртгөө багасган, жилд хичнээн салбараа хааж чадсанаар уралддаг болжээ. Харин Монголын хоёр том банк орон нутагт хамгийн олон салбартайгаараа бахархдаг хэвээр байна. Гэвч санхүүгийн салбарт “хөгжил” гэдэг үг аль болох жижиг, авсаархан, хялбар, үл анзаарагдам гэсэн агуулга илэрхийлэх болов.
Хаанаас, ямар замаар гараад ирсэн нь мэдэгдэхгүй “ЛендМН” хэмээх бичил зээлийн төсөл гэнэт зах зээлд гарч ирэхэд Монголын томоохон банкууд амралтын өдрөөр шуурхай хурал хийж уг төслийг хэрхэн шахах, шахахгүй гэхэд яаж татвар ногдуулах талаар зөвлөлдөж байв. Энэ нь цаанаа ямар технологитой, бизнесийн ямар загварыг нэвтрүүлж байгаа, хэрэглэгчдийн ямар асуудлыг шийдэж өгч буйг эхэндээ тэд ойлгохгүй байсан юм. Тэдний гол айдас нь “ямар ч барьцаагүй зээл олгоно” гэсэн үг байв. Удалгүй энэ жижиг компани хөрөнгийн бирж дээр IPO гаргаж, анх төлөвлөснөөсөө хэдэн арав дахин хөрөнгө босгосон нь цөөхөн компани зах зээлийг хуваан хяналтаа тогтоосон Монголын бизнесийн уламжлалт амьдрал, түүний оролцогчдын хувьд амыг нь ангайлгасан явдал байлаа.
“Боломжгүй” айлын хүүхэд
Баярсайхан долоон хүүхэдтэй айлын дундах нь. Чойбалсан хотод улсаас өгсөн 18 м/кв байранд ээжтэйгээ, хамаатныхаа гурван хүүхэдтэй хамт давчуухан амьдардаг байлаа. Аав нь нас бараад удаагүй байхад Улаанбаатарт Мон-Турк гэдэг гоё сургууль байдгийг дуулаад шалгалт өгч тэнцжээ. Энэ сургууль тухайн үедээ 96 000 төгрөгийн төлбөртэй байсан нь олон хүүхэдтэй эхийн хувьд давахааргүй даваа байв. Гэвч Баяраа хамаатнуудаасаа замын зардал цуглуулж сургуульдаа иржээ. Сургуулийн гуанзанд хүүхдүүдтэй хоол идэж байхад сургуулийн нягтлан үе үе орж ирэн төлбөр нэхэн нүүр улайлгана. Төлбөрөө төлөхийн тулд уг сургуульд сурсан гурван жилд насанд хүрээгүй байсан ч турк ресторанд ажилладаг байв. Үүнээс болж ганцхан удаа нутаг явжээ. Үүнээс гадна хөдөөний сургуулиас ирсэн учир англи хэлдээ муу, шалгалт болгонд сүүлийн байруудад ордог байсан учир ямар нэг аргаар англи хэлтэй болох ёстой гэж бодов. Ингээд нэг жил сурсны дараа ээж нь гэртээ ирж амар хэмээн замын зардалд 20 мянган төгрөг илгээжээ. Гэртээ харихад яг таарахаар мөнгө байв. Гэвч тэр үүнээсээ 12 000 төгрөгөөр Төв шуудангийн ойролцоо ном зардаг хүнээс “Grammar In Use” гэсэн англи хэлний сурах бичиг худалдан авчээ.
Үлдсэн мөнгөөрөө хонь ачсан ачааны машины тэвшин дээр суун харьж явахдаа энэхүү 12 000 төгрөг түүний амьдралдаа хийсэн хамгийн зөв худалдан авалт, хамгийн ухаалаг хөрөнгө оруулалт болсон гэдгийг хараахан ойлгоогүй явлаа. Зуны амралтаараа өнөөх сурах бичгээсээ салахгүй нухаж намар эргэн хичээлдээ орсны дараа шалгалт өгөхөд сүүлийн бус эхний байруудад ордог болов. Энэ бол мөнгөний их, бага нь чухал биш, зөв зарцуулах нь чухал гэдгийн нэгэн тод жишээ байв. Мон-Туркийг төгссөний дараа долоон найзын хамт Боловсролын яаман дээр очиж Турк улсад сурах хүсэлтэйгээ хэлжээ. Гэвч их сургуульд ороогүй байгаа төгсөгчдийг гадаадад явуулахгүй гэсэн хариу авав. Сургуулиа 11 жилийн сургалттай, сүүлийн нэг жилдээ их сургуулийн боловсрол олгодог юм гэж яамны ажилтан эмэгтэйг ятгасны дүнд тэднээс хоёрыг нь явуулахыг зөвшөөрөв. Долоон найзтайгаа яамнаас гарч “газар тэнгэрдээд” хоёр үлдсэний нэг нь Баярсайхан байв. Ийнхүү мөрөөдөж байсан программ хангамжийн мэргэжлээр Турк улсын Эгэ Их сургуульд тэтгэлгээр сурахаар болжээ. Боломжгүй айлын хүүхэд гэж байдаггүй аж.
Төлбөрийг нь “дийлэхгүй” сургууль
2004 онд их сургуулиа төгсөөд Туркийн томоохон банкуудын мэдээллийн технологи хөгжүүлэгч “Yaz” хэмээх компанид ажилд оров. Монгол орон ядуу байсан тэр үед мэдээллийн технологиор гадаадад дээд боловсрол эзэмшсэн залуус голдуу тэндээ үлддэг байлаа. Харин Баяраа турк компанид гурван жил ажиллаж туршлага хуримтлуулсны дараа эх орондоо хэрэгтэй хүн болохын зэрэгцээ гэр бүлтэй болж, байр сууриа эзэлье гэсэн бодолтой долоон жилийн дараа Монголдоо эргэж ирэв. Долоон жилийн өмнө орхиод явсан Монгол яг хэвээрээ байсанд гутарч байлаа.
Туркт байхаасаа тэр олон улсад “Brain drain” гэж тодорхойлдог, мэдлэг, боловсролтой хүмүүсийн гадагшаа чиглэсэн урсгалыг зогсоох зорилгоор Монголд ирснийхээ дараахан “Back to Mongolia” гэдэг нэг төсөл эхлүүлэхээр төлөвлөж байлаа. Тэрбээр гадаадад сураад, боловсроод, ажиллаад ханачихсан хүмүүсийг Монгол руугаа буцаач ээ гэж уриалах, буцлаа гэхэд юу хийх ёстой, хэнтэй танилцах ёстой гэдгийг хэлж өгөх, тэр бүх асуудлаа шийдээд, учраа олчихсон хүмүүстэй холбох зарчмыг баримтална гэж бодож байв.
Гэвч “Back to Mongolia”-гийн санаа Монголд ирээд замхрав. Үүний оронд AdNetwork нэртэй төсөл эхлүүлэв. Монголд ирээд сонин эргүүлж байхдаа маш их зар нийтлэгддэг, сайтууд маш олон баннертай байдгийг анзаарчээ. Эндээс зар өгч байгаа болон зар сонирхож байгаа талуудыг холбосон платформ байгуулах санаа төржээ. Тэр үед Мэдээллийн технологийн үндэсний паркт “Гарааны бизнесүүдийг дэмжих инкубатор хөтөлбөр” хэрэгжиж байсан бөгөөд Баяраа төсөл бичиж ороод, 20 мкв өрөө авч анхны компаниа байгуулав. Ажилтан олохын тулд КТМС дээр очиж “Та мэргэжлээрээ ажиллаж, өөрийгөө хөгжүүлэхийг хүсч байна уу? Тийм бол хоол унааны мөнгийг би даая” гэсэн зар тавиад хоёр оюутан ажилд авав.
Гэвч AdNetwork-ийн системээ хийчихээд том компаниудад очиж олон удаа тайлбарласан ч ойлгох хүн олдсонгүй. Үүгээр мөнгө олж чадахгүй гэдгээ ойлгосны дараа хүмүүсийг дэлгүүр явуулахгүй, интернэтээс худалдан авалт хийлгэх зорилгоор BizMarket хэмээх цахим худалдааны өөр нэг платформ байгуулав. Гэтэл энэ дэд бүтцийг ашиглах худалдагч, худалдан авагчдаа олж чадалгүй бас л гацав. Түүнд нэг л том алдаа байлаа. Тэр аль ч бизнест амин сүнс болдог “баг” гэдэг зүйлийг орхигдуулж ганцаараа л зүтгээд байж. Ийнхүү найзуудаасаа зээлсэн таван сая төгрөгөө бизнес болгож чадалгүй буцааж өгчээ. Энэ хооронд аутсорсингоор гадаадын компаниудын захиалга гүйцэтгэж болдгийг олж мэдэн өөрийн байгуулсан Синглтон компанийнхаа мэдээллийг интернэтэд байршуулж захиалгууд олдог болсноор хоёр жилийн хугацаанд Америк, Канадын компаниудаас 100 мянга гаруй ам.долларын ажил гүйцэтгэжээ.
Энэ мөнгөөрөө дараагийн төслөө санхүүжүүлэв. Тэр бүтэлгүйтсэн хоёр төслийнхөө нэрийг нэгтгэж BizNetwork нэртэй гурав дахь төслөө 2009 онд эхлүүлжээ. Энэ нь ажилтай, нийгмийн идэвхтэй залуучуудыг холбосон сошиал сайт болох ёстой байв. Энэ удаа тэр ганцаараа зүтгэсэнгүй, Жавхаа хэмээх залуутай маркетингийн чиглэлд хамтарснаар BizNetwork амжилт олох нөхцөл бүрджээ. Тэд энэ төслөөс их ашиг олно гэсэн итгэлгүй байлаа. Гэвч танилынхаа хүрээнд туршсан эхний өдөрт 600 хүн бүртгүүлж, нэг сарын дараа 2000, хагас жилийн дараа 10 000 хэрэглэгчтэй болжээ. Энэ мөчөөс эхлэн мөнгө олох тухай арга эрэлхийлж “SS Club”-т “Name card party” хэмээх арга хэмжээ зохиосон нь 600 залуус цугларав. Энэ арга хэмжээг цаашдаа тогтмол зохион байгуулдаг болжээ.
Ажил хэрэгч залуучуудын сошиал сүлжээ маягаар хөгжүүлэх байсан BizNetwork яваандаа тохирсон ажилтан олох гэж стресстдэг хүний нөөцийн ажилтнуудын ажлыг хөнгөвчилсөн, компаниудын хамгийн хэрэгтэй, нэг ёсондоо Монголын “linkedin.mn” болж хувирав. Компанудын хүний нөөцийн газрынхан тогтмол цэцэг, бэлэг илгээж талархлаа илэрхийлдэг болов. BizNetwork гараад хоёр жил болоход цэвэр ашиг өгч эхлэв. Дөрвөн жил болоход бизнес улам өргөжиж Баяраа хувийн бизнестэй, жийп машинтай, тохилог амьдралтай компанийн захирал болсон байв. Гэвч зах зээл, хэрэглэгчдийн зан төлөв, хэрэгцээ өөрчлөгдөхийн хэрээр Баяраа өөрөө бизнестээ жижигдэж эхлэв. Аажмаар бизнесийн мэдлэгээ тэлэх хэрэгтэй юм байна гэдгийг 25 хүнтэй компани удирдаж байхдаа ойлгожээ.
Нэгэн өглөө ажил руугаа түгжрээд явж байхад ажил дээрээ очоод өчигдөр хийсэн зүйлээ дахин давтан хийнэ гэж бодоход уйтгартай болж, өөр илүү, шинэ юм юу ч хийхгүйгээ мэдэж байгаа мөртлөө өглөө бүр ингээд замд түгжрээд явж байгаа нь маш утгагүй санагдав. Тэрбээр замын дундаас гэр лүүгээ эргэн очиж компьютераа асаан “Дэлхийн топ 100 бизнесийн сургууль” гэж хайв. BizNetwork-ийг худалдаж авахыг хүссэн нэг хүнд бизнесээ зарахаар тохиролцов. Гурван сар бэлдэж Америкийн хоёр сургууль руу материал явуулсан ч тэнцсэнгүй. Ахин гурван сар бэлдэж шалгалт өгснөөр АНУ-ын Сиэтл хот дахь Вашингтоны Их Сургуулийн МВА хөтөлбөрт тэнцэв. АНУ-ын хоёр дахь Цахиурын хөндий гэгддэг Сиэтлийг сонгосон учир нь тэнд Амазон, Майкрософт, Гүүгл, Делл, Фэйсбүүк, Твиттер зэрэг том технологийн компанийн оффис байрладаг. Ингээд тэр 2015 онд эхнэр, хоёр хүүхдээ орхин дахин эрдмийн мөр хөөхөөр алсад мордов. Түүнд сурч боловсорч, өөрийгөө хөгжүүлэх маш тодорхой зорилго байсан учир түүнийхээ төлөө тууштай явж чаджээ. Үнэтэй сургуульд тэнцэх болов уу, төлбөрийг нь даах болов уу гэсэн бодол түүнд байсангүй. Хүн хүсэх л юм бол хорвоо ертөнц тэр хүслийг нь сонсож биелүүлдэг. Төлбөрийг нь дийлэхгүй сургууль гэж байдаггүй аж.
“Уйдамтгай” хүн
100 мянган ам.долларын төлбөртэй сургуулийн хичээлийн эхний улиралд 20 мянган ам.доллар төлж, үлдсэн мөнгөө бизнесийг нь авсан хүнээсээ АНУ-д очсоны дараа авахаар тохиролцов. Гэтэл удалгүй Монголд эдийн засгийн хямрал болж Баяраагийн түнш түүний мөнгийг өгөх боломжгүй болж, тэр санхүүгийн хувьд ахиад л эхлэлийн цэг дээр ирэв. Үргэлжлүүлэн сурах уу, эсвэл ажил хийх үү гэсэн хүндхэн сонголтын өмнө ирлээ. Мөнгө олохын тулд бүх профессорынхоо хаалгыг нүдэж туслуулах ажил байгаа эсэхийг лавлаж явав. Эцэст нь Монголд элэгтэй нэгэн багштай танилцсанаар санхүүгийн байдал арай дээрдэв. Гэвч цаашид сургалтын төлбөрөө төлөхийн тулд орлогын найдвартай эх үүсвэр хэрэгтэй байв.
Америкт бүтэн цагаар мастерын сургалтад сууж байгаа оюутнууд заавал цалинтай мэргэжлийн дадлага хийх ёстой. МВА хөтөлбөрүүдийн чансаа нь оюутнууд ямар компанид, ямар хэмжээний цалинтай дадлага хийснээс шууд хамаарна. Баяраагийн суралцаж байсан Вашингтоны Их Сургуулийн дэргэдэх Ф.Постерын бизнесийн сургууль нь голчлон технологийн компаниудад хүний нөөц бэлдэж өгдөг бөгөөд илүү оноо авсан нь бус, илүү практик ажил хийсэн, гадуур ажил хэргийн сүлжээгээ илүү тэлсэн оюутан амжилттай ажилд ордог байв. Энэ сургуулийн МВА хөтөлбөрөөс жил бүр 10 оюутанг Амазон компанид дадлагажуулах зорилгоор уралдаан зарладаг байлаа. Баяраагийн англи хэл хангалттай түвшинд байгаагүй ч Монголд компани ажиллуулж байсан туршлага нь хэрэг болж, зургаан удаа ярилцлаганд орсны үр дүнд Амазонд сарын 9 000 ам.долларын цалинтай дадлага хийх эрхтэй болж, үүгээрээ өр зээлээ төлж, цаашид суралцах боломжтой болжээ. Энэ компанид гурван сар дадлага хийхдээ технологи ба бизнесийг хослуулсан бүтээгдэхүүн хариуцсан ахлах менежерийн (Senior product manager) ажил хийв. Энэ хугацаанд тэр зах зээл, хэрэглэгчдийн судалгаанаас эхлээд, шинэ бүтээгдэхүүний санаа, санхүүгийн төлөвлөлт, маркетингийн төлөвлөгөө, технологийн шийдлүүдийг бүгдийг нь хариуцаж баг ахалж ажиллав. Энгийнээр хэлбэл, түүний даалгавар нь Амазонд найзаа урьдаг Referral program-г гурван сарын хугацаанд хөгжүүлж нэвтрүүлэх байв.
Амазоны дараа төгсөгчдийн клубын мэдээлэл, танилын сүлжээгээ ашиглан 20 технологийн компани дундаас Делл компанийг сонгов. Гэвч ажилд орох процесс амар байсангүй. Барууны технологийн компанид ажилд орохын тулд асар их мэдээлэл цуглуулж, дээд тал нь долоон удаа ярилцлагад орох хэрэгтэй. Тэр үед Делл компанид big data, machine learning-гийн тусгай баг гараад ажиллаж байв. Энэ багт энтрепренер сэтгэлгээтэй, туршлагатай, бүтээгдэхүүн хариуцсан менежер хэрэгтэй байсан бөгөөд эцсийн сонголт Баяраа дээр буув. Тэрбээр 60 хүнтэй баг ахлан big data төслийнхөө програм хангамжийг хариуцан ажиллажээ. Ингэснээр тэр Америкийн том компанийн туршлага, процесс, соёлоос нь суралцах нэгэн том зорилгоо биелүүлэв.
Ийнхүү Монголоос очсон “боломжгүй” айлын хүү төлбөрийг нь “дийлэхгүй” сургуулиа төгсөж, Америкийн технологийн том компанид ажилтай, өндөр цалинтай нэгэн болов. Компанидаа үргэлжлүүлэн ажилласнаар гурван жилийн дараа байртай болж, таван жилийн дараа ахлах албан тушаалд дэвшиж, насны бөгсөнд очтол хангалуун, тохилог амьдарч чадна гэдгээ мэдэж байв. Нэг үгээр ирээдүйд ямар ч эрсдэл харагдахгүй байлаа. Гэвч тэр эрсдэлгүй, тайван хэрнээ нэгэн хэвийн, бараг бүх зүйл ойлгомжтой амьдралаар амьдрах хүн биш байв. Цаашид том компанийн эрэг шураг болж явна гэхэд нас хайран санагдаж эхлэв.
Хэрэв эрэг шураг болж явахгүй гэвэл өөрийн старт ап компанийг эхлүүлж болно. Гэхдээ үүний тулд виз авах гэж таван жилийг зарцуулах нь байж боломжгүй байлаа. Ингээд тэр компаниасаа Канадад болон Мексикт ажиллах санал авсан ч татгалзаж, 2018 оны дөрөвдүгээр сард шийдвэрээ гаргаж, МВА хөтөлбөрөөр сурч байсан эхнэрээ сургуулиас нь, хоёр хүүхдээ америк сургуулиас нь гаргаж Монгол руу буцахаар чемоданаа баглав.
АНДЫН ТУС
Ч.Анарын хувьд олон жил бизнес оролдож, түүний амтлаг болон гашуун аль аль талыг мэдэрчээ. Тэрбээр Жи Мобайл компанийг хөл дээр нь босгосон ч өөрөөсөө хөрөнгө оруулаагүй гэсэн шалтгаанаар тэндээс явахаас өөр аргагүй болсон байна. Энэ нь Монголд тогтсон бизнесийн соёлын нэгэн жишээ байв. Анар хэсэг хугацаанд сэтгэл, санааны гүн хямралд орсон ч сайн хань, мотспорт хоёрын ачаар эргэн босчээ.
Гэвч тэр алхам тутамдаа санхүүгийн асуудалтай тулгардаг, их зээл авах хүсэлтэй ч үргэлж эрсдэлтэй ажил хийдэг болохоор банкнаас зээл авч чаддаггүй байв. Ийм асуудалтай тулгардаг олон найз нөхөд нь байдгийг ч мэддэг байлаа. Тэрбээр Болдбаатар хэмээх найзтайгаа нийлэн, мөн технологи болон математикийн чиглэлээр мэргэшсэн дөрвөн найзынхаа хамт LendMN-ийг эхлүүлэв. Үүнээс улбаалж олонд хүртээмжтэй, гэхдээ өртөг багатай санхүүгийн үйлчилгээг бий болгохоор шийдэж, 2015 онд “AND Global” компаниа байгуулж, LendMN хэмээх бичил зээлийн платформ байгуулав.
Түүний зорилгодоо хүрэх гол хэрэгсэл нь технологийн ололт байсан бөгөөд гадаадын мэдээллийн технологийн компаниудад ажилладаг монгол залуусыг өөрийн төсөлдөө татан оруулжээ. Энэ дунд Pay Pal төлбөрийн системийн алдааг олж өгсөн хүн ч байв. Тэд нийлээд хиймэл оюун ухаан, machine learning-гийн технологид суурилсан бичил зээлийн цахим үйлчилгээг бий болгов. LendMN бий болсон анхны жилд энэ платформоор дамжуулан ямар ч барьцаагүй бичил зээл олгоно гэхэд тэдэнтэй уулзсан 100 банкир, эрсдлийн менежер, зээлийн мэргэжилтний 99 хувь нь “наадах чинь тэнэг санаа” гэж хэлж байв. Гэсэн ч тэд 2016 онд дотоодын хөрөнгө оруулагчдаас нэг сая ам.долларын хөрөнгө оруулалт татаж чадсан юм. Анарын хувьд хүмүүс архи, тамхи, зугаа цэнгээнд хэрэглэх бага хэмжээний мөнгө зээлдэх болов уу гэж бодож байсан ч хожим нь LendMN-ий хэрэглэгчид илүү санхүүгийн хариуцлагатай байдгийг мэдсэн нь түүнд гайхшрал төрүүлж байлаа.
Энэ үед дэлхий дахинд технологийн нөлөөгөөр хүмүүсийн санхүүтэй харилцах хэв маяг эрс өөрчлөгдөж Щвейцарын банкны дээрэмчнийг алмайруулсан шиг үйл явц хүчтэй өрнөж байлаа. Санхүүгийн уламжлалт үйлчилгээний өөрчлөлт, санхүүгийн хэрэглэгчийн зан төлөвийн өөрчлөлт хоёрыг нэгтгэн шийдэж буй хэлбэр нь финтек болов. Энгийн үгээр хэлбэл, тухайн хүн ямар нэг хэрэгцээгээ хангахад банканд оочерлох, үзвэр, үйлчилгээ үзэхдээ заавал очиж мөнгөө төлөх, гүйлгээг хүлээх зэргээр үндсэн хэрэгцээгээ хангахаас өмнө олон хүндрэлтэй учирч буйг финтекийн технологийн хүчээр маш амар, анзаарагдахгүйгээр шийдэж өгдөг. Жишээ нь, үйлчлүүлэгч зөвхөн хуруугаа уншуулаад л шууд үйлчилгээгээ авчихна. 2017 он гарсны дараа Анарт энэ төслийг цаашид өндөр түвшинд гаргахад чадварлаг баг хэрэгтэй байлаа. Өмнөхөөс ялгаатай нь тэр хэнтэй хамтрахаа сайн мэдэж байсан юм. Санхүү тал дээр Болдоо, хөрөнгө оруулалтын чиглэлд Око нар байсан ч компанийн үйл ажиллагааг өдөр тутамд нь хөгжүүлж, шинэ арга барилаар авч явах хүн хэрэгтэй байв.
Баярааг АНУ-аас ирээгүй байхад тэндхийн цагаар шөнийн 10 цагт Анар, Око нар скайпаар холбогдож хамтран ажиллах тухай ярилцав. “Монгол залуучууд хамтраад гадаадад оюуны бүтээлээ экспортолно” гэсэн Анд глобалын эцсийн зорилго нь Баяраад маш таалагдав. Монголчууд Америкт өрсөлдөж чадахгүй юм аа гэхэд Азид хангалттай үзэлцэнэ гэсэн итгэл түүнд төрж байлаа. Ийнхүү таван сарын дараа тэр “Инвест Монголиа Улаанбаатар” арга хэмжээн дээр LendMN-ийг төлөөлөн илтгэл тавиад зогсож байв. Уул уурхай, дэд бүтэц, эрчим хүч гэх мэт үргэлж ярьдаг ч урагшаа ахидаггүй нөгөө л асуудлуудаа хэлэлцэж байсан уг арга хэмжээн дээр Монголын олон нийт түүний илтгэлээс “финтек” гэдэг үгийг анх удаа сонссон юм.
Баяраа Монголд ирснийхээ дараа машины зээл авах гэж банканд хандахад барууны компанид ажиллаж байсан туршлагатай ч түүнийг барьцаагүй учир “эрсдэлтэй нэгэн” гэж үзэж зээл өгөхөөс татгалзсаны дараа LendMN-ий зорилго түүний толгойд улам тодорч ирэв. Мөн түгжээн дундуур тэмтчин байж банканд очоод улсаас өгсөн “ухаалаг” гэсэн тодотголтой иргэний үнэмлэхийг үзүүлсээр байтал ахиж хурууны хээ шаардаж байгаа нь утгагүй санагдав. Тиймээс “AND Global” компани санхүүгийн үйлчилгээг Баяраагийн хэлснээр супер амархан, супер хямд, супер хурдан болгож, хэрэглэсэн хүн нь сэтгэлийн таашаал авах хэмжээнд хүртэл хөгжүүлэх том зорилт тавьсан юм. 2017 оны наймдугаар сард “AND Global” Японоос 4 сая ам.долларын хөрөнгө оруулалт босгосноор компанийнх нь зах зээлийн үнэлгээ 30.8 сая ам.долларт хүрч, нэр хүнд нь улам өслөө.
Гэвч уламжлалт санхүүгийн байгууллагуудын дунд барьцаагүй зээл олгодог цахим ББСБ байх нь LendMN-ий хувьд хүндхэн байлаа. Тиймээс энэ бэрхшээлийг даван туулахаас гадна Монголын оюуны бүтээлийг гадаадад экспортолж, Азийн орнуудад хүчээ үзэх том зорилгоо биелүүлэх замын эхлэл болгож хөрөнгийн зах зээлд IPO гаргаж, олны итгэлийг олж, чухам юу бүтээснээ харуулах хэрэгтэй байв. Ингээд 2018 оны хоёрдугаарт сард LendMN ББСБ хувьцаат компани болж, хувьцаа гаргаснаар олон нийтээс нийт таван тэрбум төгрөгийн хөрөнгө босгосон нь төлөвлөснөөс олон дахин даван биелсэн арилжаа болов. IPO гаргах үед компани хасах баланстай, ашиггүй байсан бол 2018 оны төгсгөлд нэг сая ам.доллар буюу 2.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай гарав. Эхэндээ 10-хан мянган харилцагчтай байснаа жилийн дотор 400 000 болсон нь уламжлалт банкуудын 20 жил ажиллаж байж цуглуулдаг харилцагчдын тоотой тэнцэж байлаа.
Эндээс харахад LendMN-ий хувьцаа зөвхөн нэг компанийн хувьцааны асуудал биш байсан бөгөөд хамгийн чухал нь технологийн давуу талыг ашиглан санхүүгийн үйлчилгээний өртгийг хэд дахин буулгаж, хялбарчилж болдгийг санхүүгийн уламжлалт байгууллагуудад тод томруун харуулсан жишээ болсон юм.
Бүх бизнес цахимжина, мобайлжина
LendMN нь АНД-ынхны хийж буй том үйл хэргийн зөвхөн нэг хэсэг аж. 2018 оны 11 дүгээр сард Lend хэтэвчийн төсөл дээр ажиллаж зах зээлд танилцуулсан нь одоо 290 мянган хэрэглэгчтэй болжээ. Дээр нь зээлийн хэрэглэгч 110 мянга болсноор LendMN-ийнхэн бусад худалдаа, үйлчилгээний байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээг нийт 400 мянган хэрэглэгчдэд хүргэх боломжтой болов. Одоогоор зах зээлийнхээ 60 хувийг эзэлсэн бөгөөд 2019 оны эхний хагас жилдээ багтаад 15-20 шинэ үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр хүн бүрт өдөр бүр тулгардаг мөнгө, санхүүтэй холбоотой асуудлыг маш хялбархан, харилцагчдад төвөггүйгээр шийдэж чадах, нэг ёсны лайфстайл апп болох юм.
Яг одоо LendMN өөрийн давуу талыг мэдэрч, бяр нь амтагдаж байгаа нь хэд хэдэн жишээнээс харагдана. Тухайлбал, Лхамурын 1000 ширхэг бүтээгдэхүүн хоёр өдрийн дотор энэ апп-аар зарагдаж, Өргөө кинотеатрын 5000 билет тавхан хоногийн дотор дууссан. Мөн 12 секундын дотор Samsung утсыг хямдралтай авах 300 ширхэг хүсэлт иржээ. Энэ мэтээр гурван сарын дотор бизнес эрхлэгчдэд зориулсан 20 гаруй тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна. Цаашдаа LendMN жижиг бизнес эрхлэгчид рүү чиглэсэн үйлчилгээг өргөн фронтоор нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Монголын эдийн засагт маш том орон зайг эзэлдэг энэ бүлгийн нэг нэгэндээ бараа, үйлчилгээгээ хүргэх, төлбөр тооцоогоо хийх шийдлийг нь энэхүү платформоороо шийдэхийг тэд зорьж байна. Ингэхдээ технологийн давуу талыг ашиглан аливаа гүйлгээг хялбархнаар, бас хурдан гүйцэтгэхээс гадна гүйлгээний шимтгэлийг тэглэх, эсвэл хамгийн доод хэмжээнд байлгах боломжтой гэж тэд үзэж байна. Тодруулбал, худалдаа, үйлчилгээ эрхлэгчид Монголын 400 мянган хэрэглэгчдэд энэ апп-аар дамжуулан бараа, үйлчилгээгээ хүргэх юм.
Чингисийг тайван орхино уу
Монголд ирсэн ихэнх жуулчин онгоцноос бууснаар “Чингисийн хонгилоор” орж явсаар тэр хонгилоороо буцдаг. Өөрөөр хэлбэл, тэд Чингис хааны нэрэмжит нисэх онгоцны буудалд газардаж, хотын төв рүү Чингисийн өргөн чөлөөгөөр явж, аягүй л бол Чингис зочид буудалд бууна. Тэр буудалд чингис хивс өлгөөтэй, ганц хундага татъя гэвэл нөгөө архи нь бас л Чингис нэртэй байх магадлал өндөр. Төв талбайд нь гараад зургаа авахуулбал бас Чингисийнх. Ийнхүү Монголын хамгийн том брэнд нь Чингис болж, гадаадад очоод ярьж бахархдаг гол объект нь болжээ. Анар гадаадад явах болгондоо Чингисээс өөр нэрлэх брэнд байхгүйд эмзэглэдэг байсан учраас “AND Global” компанийнхаа зорилгыг Монголын оюуны бүтээлийг дэлхийн зах зээлд гаргана гэж тодорхойлжээ. Одоо тэр морь, программ хоёрыг хоёуланг нь номхотгох чадалтай болсон. Монголын зах зээлд танигдаж, байр сууриа эзэлсний дараа тэд Зүүн өмнөд Азийн зах зээлд гарахаар ажиллаж байна.
Санхүүгийн хүртээмжтэй үйлчилгээ авч чаддаггүй хүн дэлхийд хоёр тэрбум бий. Тэдний нэлээдгүй хэсэг нь Зүүн өмнөд Азийн орнуудад байдаг бөгөөд тэдэнд бичил зээлийн үйлчилгээ авах маш том хэрэгцээ байгаа. Монголчуудын 90 гаруй хувь нь банканд данстай бол Зүүн өмнөд Азийн орнуудад энэ үзүүлэлт 15-70 хувьтай. “AND Global” эхний ээлжинд хөгжил арай сул, дотоодын өрсөлдөгчид харьцангүй бага гэдгээр нь Камбож улсыг сонгож тухайн зах зээл рүү нэвтрэх олон ч загварыг боловсруулжээ. Тус улсын иргэдийн нилээдгүй хэсэг нь банкуудаас зээл авч үзээгүй, зээлийн түүхгүй, банктай харьцаж үзээгүй бөгөөд тогтмол орлогогүй хүмүүст хүрч үйлчилнэ гэдэг институцийн бодлого ч байхгүй аж. Тэндхийн “Сатапана” гэх банкны хэрэглэгчид дээр нь суурилаад эрсдлийн бүх үнэлгээг нь хийж хамтран ажиллах түншлэлийн гэрээ хийх шатанд явж байсан ч улстөрийн тогтворгүй байдал, төрийн эргэлт гарах эрсдлээс болж төсөл түр зогссон байна.
Филиппин улсын зах зээлд яг ийм стратегиар орсон бөгөөд өнгөрсөн оны 12 дугаар сард “LendPinoy” нэртэй бичил зээлийн үйлчилгээний апп-г амжилттай нэвтрүүлжээ. Энэ мэтээр ойрын таван жилд Азийн 10 улсын зах зээлд гарах төлөвлөгөөтэй байна. Хэрэглэгч талаасаа харвал “AND Global” нь санхүүгийн үйлчилгээний компани. Харин хөрөнгө оруулагч талаасаа цэвэр технологийн компани. Учир нь тэдний технологийг санхүүгийн компани ашиглан эцсийн хэрэглэгчидтэй харьцаж байгаа. Тийм учраас Азийн зах зээл руу гарахдаа тэнд санхүүгийн компаниуд шинээр байгуулахгүйгээр, санхүүгийн байгууллагуудтай нь хамтран ажиллаж, өөрсдийн технологио хуваалцах зарчим баримталж байна. “AND Global” компанийн гадаад хамтын ажиллагаанд гаргасан нэг амжилт нь “Viber” хэмээх мэссэнжэрийн хүчирхэг апптай хамтран ажиллахаар болжээ. Учир нь Вайбэрийн мэссэнжэрээр хэрэглэгчдэд хүрэхэд өртөг, эрсдэл багатай бөгөөд энэ апп-г хэрэглэдэг хүн Мьянмарт, Филиппинд хэдэн арван саяаараа байдаг аж. Хэрэв Андууд Зүүн өмнөд Азийн зах зээлд байр сууриа олж чадвал Монголын зах зээл дээр анх үнэлэгдэж байснаасаа 100 дахин үнэлгээтэй болж, хөрөнгө оруулагчиддаа хамгийн том бэлэг барьж чадна. Ингэвэл монголчуудад Чингисээс гадна бахархах бас нэг зүйл бий болно.
Ширээгүй захирлууд
LendMN-ий үсрэнгүй өсөлт Монголын санхүүгийн зах зээлд бий болсон тохиолдлын хэрэг биш байлаа. “AND Global”, LendMN, “AND Systems” гэсэн гурван компанийн хийж буй зүйл нь нийгмийн хөгжилд өрнөж буй том өөрчлөлт, бизнесийн шинэ соёлын илрэл байв. Тэдний бусад санхүүгийн байгууллагаас ялгарах нэг том хүчин зүйл нь “Data” хэмээх орчин үед улам үнэд орж буй баялгийг ухаалгаар ашиглаж буйд оршино. Эдүгээ бид хөдөө аж ахуй, аж үйлдвэрийг уламжлалт аргаар хөгжүүлэх гэж оролдож байгаа ч мэдээллийн технологид суурилаагүй бизнес удахгүй унах, бүр алга болох магадлал өндөр. “AND Global” компанийг үүсгэн байгуулсан хүмүүсийн хувьд ирээдүйн чиг хандлагыг амдан тоссон стратеги, арга барилыг анхнаасаа нэвтрүүлжээ. Энэ компанийн оффис дээр яваад очвол захирлууд нь энд тэнд босоогоороо хурлаа хийж, чухал шийдвэрүүдээ гаргаж байхтай таарч болно. Баярсайханы хувьд сүүлийн үед бүр ширээ, сандал хэрэглэдэггүй захирал болжээ. Учир нь нэг том өрөөнд, нэг том ширээний ард сууснаар үр дүнтэй шийдвэр гарахгүй гэж үздэг. Тэгээд ч орчин үеийн энтрепренерүүдийн ажлын арга барил нь “Интернет, розетка хоёр байвал хаанаас ч ажиллана” зарчимд шилжсэн юм.
Группын хэмжээнд жил хагасын өмнө 30 орчим хүнтэй байсан бол одоо 150 болчихсон, америк, япон, филиппин, пакистан гэх мэт таван үндэстэн ажилладаг энэ компани хүний нөөц, менежментийн тал дээр ч уламжлалт бус хандлагатай. Сүүлийн үеийн менежментийн арга барил аж үйлдвэрийн үеийнхээс тэс өөр болж, ажиллах хүч нь ч өөр болсон. Ялангуяа шинэ үеийнхэнтэй аж үйлдвэрийн менежментийн арга барилаар ажиллаж болохгүй. Учир нь тэдэнд маш олон сонголт байдаг бөгөөд хүсвэл гэрээсээ интернэтээр ажиллаж байна. “Гол нь хүмүүс өөрсдийнхөө хийх ажилд дуртай, хаашаа явж буйгаа мэддэг байх ёстой. Дарга удирдах биш чиглүүлдэг. Хамтдаа нэг зорилгын төлөө явж байгаа, тэр зорилго нь чамд ч, надад ч, нийгэмд ч хэрэгтэй байвал бүтнэ” гэж Баярсайхан ярьсан юм. Мөн “хамгийн үнэтэй зүйл бол мөнгө, оффис биш, харин мэдлэг, хамт олон” гэж тэр онцлов. Тиймээс өдөр тутмын ажилд оролцохын оронд зөв баг бүрдүүлж, зөв стратеги гаргах нь илүү хөшүүрэгтэй, захирлын хийх ёстой ажил болдог байна. Анарын хувьд Баярсайханыг зөв юм хийж байна уу үгүй юу гэж хянадаггүй, харин зөв хүн үү гэдэг талаас нь харж сонгосон.
Бизнес сэтгүүлийн 4-р дугаараас оруулав.
[…] редактор. Business.mn сэтгүүлийн ковер материал болох “Амжилтын эзэн” буланг […]
Mongoliig tuluulj bolno, mundag baina. 3 apple tai zuragaa harin bolichih tegeh uu. Arai l huduu baina.
Залуусаараа бахархаж байна, зүүн өмнөд азиас эхлэн африк өмнөд амeрик хүртэл финтeк -р дайлаар мордсуу. 21-р зууны шинэ Чингис