Хүссэнээрээ тухлан суух саруулхан танхимд жүжигчин бүсгүй техник, технологийн дэвшлийг ашиглан виртуал ертөнцөд үлгэр уншингаа хүүхдүүдийн нүдэн дээр амилуулна. Сониуч зангаар бялхсан тэдний нүд яг л хорвоог анх удаа харж буй мэт шимтэн сонсонгоо, үлгэр дотроо орж, хүүрнэн бувтнацгаана. Од шүүрэн гарт нь багтах мөч, анхны цас гээд л яг жинхэнэ мэт. Бас болоогүй эцэг, эхийг нь үлгэрт татан оролцуулна. Хүүхдүүдийн бяцхан зүрхэнд нь догдлол, айдас, баяр хөөр дүүрнэ. Үлгэр жаргалтай төгсөхөд урам зориг итгэл найдварын хамтаар бэрхшээл тулгарсан ч аргыг нь олох чадварыг бас тэдэнд өгнө. Элдэв янзын онгоц, машин, байшин сэлтийг будахад түүнийг нь сканердаж, 3D виртуал хот бүтээнэ.
Зурсан зураг нь биет болон хувирч, хүрэх төдийд хөдөлж, дуу гаргана. Хотыг сүйтгэх гэсэн аймшигт луутай ч тулалдана. Энэ бүгдийг хүүхэд өөрөө удирдан залах аж. Өөр нэг өрөөнд унь, тооно, хана, тавилга гээд л монгол ахуй орчин угтана. Авдар дээрх “Намайг үнэртээч” гэсэн бичигтэй эдээс арц, аргал үнэртэнэ. “Бүтээлч өрөө” гэх энэ өрөөг баяр ёслол, тусгай өдөрлөгтөө зориулж загвар дизайныг нь энэ мэтээр байнга өөрчилдөг. Энэхүү өнгөлөг тод, гэгээлэг бүхнээр дүүрэн үлгэрийн дижитал орныг Creative Bamboo гэнэ. Хүүхдүүд “Ид шидийн орон” ч гэнэ. “Ирээдүйд Марс гарагт амьдрах эгэл жирийн хэрнээ өөрсдийгөө хэн болох, юу хийхээ мэддэг аз жаргалтай, хайраар дүүрэн иргэд, гэр бүлийг бэлдэхэд хувь нэмэр оруулна” гэсэн асар том зорилгыг өвөртөлсөн тус хамт олон байгуулагдаад ганцхан жилийг үдэж байгаа ч 2000 гаруй хүүхдэд хүрч үйлчилжээ.
Хүүхэд хийж чадахгүй мэтээр төсөөлдөг олон зүйлсийг энд төвөггүй, хэвлүүхэн гэгч нь хийдэг. Хоёр настай хүүхэд тогоочийн дугуйланд явахад гайшрах хүн олон. Бяцхан гартаа тохирсон эд хэрэгслүүдийг ашиглан аав, ээж, багшийнхаа хамтаар хоол хийж идэцгээнэ. Бяцхан тогоочдын дугуйланг мэргэжлийн хоол зүйч А.Гантигмаа удирддаг. Түүнийг “Идье (just for babies)” гэсэн фэйсбүүк хуудсаар нь андахгүй. Гэхдээ хоол хийж сургах нь тэдний сургалтын хөтөлбөрийн гол зорилго биш. Хүүхдээ ногоонд дуртай болгох нь ээж болгоны хүслэн байдаг. Тэгвэл энд эрүүл, шим тэжээлтэй хүнстэй танилцаж, өөр нэг хүүхэд хажууд нь идэх, тэр тусмаа өөрсдийн гараар хийснээ идэхэд ногоонд дуртай болдог байна.Түүнчлэн томчуудын хийдэг зүйлийг би хийчихлээ гэсэн сэдэл, өөрсдөөрөө бахархах сэтгэлийг төрүүлдэг ажээ. Тэд техник технологийн дэвшлийг ашиглах нь хүүхдийн хөгжлийг дэмжих гол цөм гэж үздэг. Хүүхэд тус бүрт тараагдах IPAD дээр зүгээр нэг тоглоом тоглох бус, тоглоомоо өөрсдөө зохион бүтээдэг.
Disney-н хүүхэлдэйн кинонууд дээр суурилан хүүхдүүд өөрсдийн 3D дизайныг гаргаж, код бичиж, элдэв туршилтууд хийдэг байна. Мөн хөгжмийн, бүжгийн, жүжгийн, гар урлалын гэх зэрэг дугуйлангууд хичээллэнэ. Эцэг, эхчүүдэд ч сургалт, лекц зохион байгуулдаг аж. “Creative Bamboo” бага насны хүүхдийг хөгжүүлэх бүтээлч төвийг байгуулах санаа бусдын л нэгэн ижил үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, тэдэндээ хамгийн сайн сайхныг зориулах гэсэн эх хүний хүслээс төрсөн юм. А.Уянга гэх бүсгүй анхныхаа хүүхдийг гаргаад эцэг, эх байх талаар огт мэдлэггүй байх үедээ хүүхдийн хүмүүжил, хөгжил, эцэг эхийн оролцооны талаар эрчимтэйгээр уншиж судалж, гадаад явах болгондоо энэ талаар гадны орнууд юу хийдэг, хүүхэд хүмүүжлийн онцлог нь юундаа байна гэдгийн бяцхан үрээ дагуулаад олон газраар оржээ. Эхэндээ мэдсэн зүйлээ охин дээрээ туршиж байв. Хоёр дахь хүүхдээ төрүүлсний дараа зөвхөн өөрийн хүүхдүүдээ анхаарснаар тэд маань аз жаргалтай амьдрахгүй гэдгийг ойлгожээ.
Өсөж байгаа орчин, нийгэм, эргэн тойрны хүмүүс нь хүүхдүүдийнх нь хүмүүжилд асар их нөлөө үзүүлдэг гэдгийг илүүтэй ойлгосноор Entrepreneurship in Technology сэдвээр магистрийн зэрэг хамгаалсан нь санаагаа хэрэгжүүлэх асар их зориг болон мэдлэгийг өгсөн байна. Хоёр нялх хүүхэдтэй түүний хувьд цахимаар суралцсан нь нөхцөл байдалд нь тохирсон хамгийн боломжит хувилбар байсан юм. Creative Bamboo-гаа ч энэ үед эхлүүлжээ. Нэрний creative нь бүтээлч гэсэн үг бол bamboo нь хулс мод юм. Хулсны үндэс асар удаан ургадаг ч, үндэслэсэн хойно газар дээр гарч ирэхэд хурдан хугацаанд төрлөөсөө хамааран өдөрт нэг метр хүртэл өндөр болж ургах нь бий. Уянга хүүхдийг ч үүнтэй адилтган бага насанд нь суурийг нь сайн тавих хэрэгтэй гэсэн утгыг бэлэгдэн ийн нэрийджээ. Харин охиныхоо хамгийн анхны тэжээвэр амьтан болсон урт удаан амьдралын бэлэгдэл яст мэлхийг логон дээрээ байрлуулав.
Яст мэлхийн барьсан дэлхийн бөмбөрцгийн зурагтай бөмбөлөг нь зөвхөн Монголын бус дэлхийн иргэдийг бэлтгэнэ гэсэн өргөн цар хүрээтэй утгыг илэрхийлэх ажээ. Ямар дугуйлан байх талаар өөрийнхөө хэмжээнд эрэл хайгуул хийж, эцэг эхчүүд, хүүхдүүддээ юу сонирхож байгаа талаар 100 гэр бүлээс судалгаа авав. Тэд орлогынхоо түвшнээс хамаараад янз бүрийн хариулт өгч байсан боловч бага насны хүүхдүүд буюу таваас доош насныхныг ганцхан өөрийн хүүхдүүддээ биш, хүрч чадах хэмжээндээ бусад хүүхдүүдэд бүтээлч иргэн байхад нь туслах зорилгоор анх хүүхдийн жүжиг тавьсан нь Creative Bamboo-гийн эхлэл болжээ. Уянга хүний хамгийн чухал чадварыг “бүтээлч сэтгэлгээ” гэдэгт итгэдэг. Олон жилийн уйгагүй судалгааны эцэст хүүхдийг гарцаагүй урлагаар хөгжүүлдэг байдлыг ойлгож, төвийнхөө нэг гол үйл ажиллагааг хүүхдийн оролцоот жүжиг тавих гэж үзсэн байна.
Түүний хэлснээр, “Үүнийг эхлүүлэх бодол миний дотор яваад байсан боловч нэг л зориг хүрэхгүй байсан. Харин цахимаар АНУ-ын Мэриландийн их сургуульд ямар сургалт, дугуйланд явуулах хэрэгтэй, тэр нь хүүхдийн хөгжилд ямар ач холбогдолтой талаарх ойлголт дутмаг байв. Хамгийн чухал нь 0-5 насны хүүхдийг хөгжүүлэх газар Монголд байгаагүй байна. Гэтэл хүүхдийн төлөвшлийн 90 хувь нь 0-5 насанд бүрэн төлөвшдөг. Сургалтын хөтөлбөрөө хаа нэг газраас хуулбарлаж аваагүй, тус төвийн зохиосон шинэ арга хэмжээнүүд байсан учраас эхэн үедээ эцэг, эхчүүд ойлгохгүй, бүртгүүлдэггүй байлаа. Мөн хөтөлбөр зохиоход мэргэжилтнүүдийн туслалцаа хэрэгтэй тул зөв хүмүүсийг олоход цаг их оржээ. Тэрбээр хэлэхдээ, “Манайд ирсэн үйлчлүүлэгч нар магадгүй одооноос л бидний юу хийгээд байгааг ойлгож, үйлчилгээг маань мэддэг болж байгаа байх” гэв.
Үггүй болон хөгжимт, сүүдрэн театр гэх мэт өвөрмөц жүжгүүдийг тоглодог. Нэг үлгэрийг амилуулахад цаасан дээрээс эхлэн зохиол, зураглал, ая шум, гэрэл, техник, тайз, хувцас гээд дор хаяж хоёр сар бэлтгэнэ. Өнгөрсөн улиралд хүүхдийн алдартай зохиолч Жулия Доналдсоны зохиолуудаас ярьж өгөнгөө зохиолуудтайгаа холбоотой хоол хийж байсан бол шинэ улиралд олон улсын үндэсний хоолтой танилцуулах жишээтэй. Хамгийн гол нь сургалтад суулгахдаа хүүхдээ орхиж явах бус хүүхэдтэйгээ хамт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх нь чухал юм. Creative Bamboo төвийн Ерөнхий менежер Т.Оюунтүлхүүр үйл ажиллагааныхаа талаар тайлбарлахдаа, “Өнөөдөр дүн гэдэг зүйлд анхаарч, багш гэдэг хүнээс эмээдэг болсон. Сургуулийн дугуйлан нь хичээл шиг хариу нэхсэн байдлаар явагддаг нь эргээд хүүхдээ залхаах хандлагатай. Иймд бид хүүхэд нас маш богино учраас бүтээлч сэтгэлгээг нь хөгжүүлэх замаар сайхан дурсамжуудыг бүтээж өгөхийг оролддог.
Сургалтаа ямар ч дүрэмд баригдахгүйгээр хүүхдийн хүсэл эрмэлзлийг харгалзан, долоо хоногийн нэг өдөр нэг л цаг ордог” гэлээ. Хэдий сургалт, хөтөлбөрөө сайн базсан ч маркетингийн бодлогогүйгээр олонд хүрч чадахгүй. Тэд өөрсдийн сургалтаа хүүхдүүдэд яагаад чухал вэ гэдэг талаас нь сурталчилгаагаа хийдэг. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагаагаа рекламдах бус ямар нэгэн зүйл танин мэдэх, мэдлэгийн үлдэцтэй байх талаас нь бодолцдог. Онлайн орчинд жирэмсэн эхчүүдэд зориулсан видео контент бэлтгэх, хүүхдүүдэд гар урлалын хичээл заах зэргээр сурталчилгаагаа хийдэг. Нэг удаад 70 хүүхэд хүлээн авах боломжтой. Өнөр бүл төв, Дэлхийн зөн байгууллагатай байнгын хамтын ажиллагаатай байж хөгжлийн бэрхшээлтэй болон нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд сургалт орж, театрынхаа жүжгийг үзүүлэх гэх мэт ажлыг тогтмол зохион байгуулдаг.
Цаашид уран бүтээлүүдээ танилцуулж олон улсын хүүхдийн фестивальд оролцох, хүүхдүүдийн оролцоот жүжгийг ямар чухал вэ гэдгийг таниулах ажлуудыг хийх, үйлчилгээнүүдээ явуулын болгох, өөрийн гэсэн онцлогтой салбаруудаа нээх, олон улсын байгууллагуудтай нягт, тогтмол хамтарч ажиллах, нэрийн бараа, бүтээгдэхүүн гаргах, цэцэрлэг сургуулийн үндсэн хөтөлбөрт өөрсдийн хөтөлбөрүүдээс оруулах гэх мэт том зорилтууд тавиад байна. Нэг үгээр, Creative Bamboo-д хязгааргүй боломж байна. Үлгэр амилах цагаар үртэйгээ ирээд буцсан сэтгүүлч миний аялал энэ хүрээд өндөрлөсөн ч хүүгээ энэхүү ид шидийн орноор ахин дахин зочлуулах үүд хаалгын эхлэл нь болсон юм. Охин юм чинь чи балетад яв биш. Хүүхдийнхээ сонирхлыг нээх боломжийг эцэг эхчүүд бид өгөх ёстой.
энэ охины нийтлэлүүд күэ мөн их таалагдах юмдаа