The Economist сэтгүүлийн “Дэлхий 2019” дугаараас
Америкаас тусгаар тогтнож чадахгүй байгаадаа Герман тэчьяадан уурсана
Герман улс 2019 онд эдийн засгийн эсвэл улс төрийн бус харин сэтгэл түгшээм оюун санаа, сэтгэл зүйн хямралтай тулгарна. Германы эгэл жирийн хүмүүс Берлиний элитүүдийн олон жилийн турш мэдэж байсан зүйлийг анх удаа мэдэрнэ. Pax Americana-г давж гарах гадаад эсвэл аюулгүй байдлын бат найдвартай бодлого Герман улсад байхгүй. Энэ нь Ангела Меркель канцлерын албан тушаалаа орхисны (магадгүй 2019 онд, хэтдээ 2021) дараа Германыг хэн удирдах вэ гэсэн асуултаас тусдаа асуудал байх юм. Тэрбээр 2017 онд ахин нэр дэвшихийг хүсээгүй нь нээлттэй нууц билээ. Дүрвэгчдийн драмыг өв болгож үлдээсэн нь бус харин Доналд Трамп ерөнхийлөгч болсон нь түүнийг ийм шийдвэр гаргахад хүргэсэн. 1945 оноос хойш Герман улсын бүтээсэн бүх байр суурийг Трампизм хүчингүй болгоно гэдгийг хатагтай Меркель ихэнх германчуудаас түрүүлж ойлгожээ. Баруун Германы анхны канцлер Конрад Аденауэрээс хойш Германы гадаад бодлогын баримжаа нь хос “Барууны холбоо”-г дагах байв: Эхлээд NATO-гийн хүрээнд АНУ, хоёрдугаарт, Европын холбооны хүрээнд Франц улс. Америкийн арми, цөмийн зэвсгийн ивээл нь Германыг Оросоос хамгаалж байв.
Үүний хариуд, германчууд худалдаа, аюулгүй байдлын аль алинд нь дүрэмд суурилсан олон талт дэг журамтай болохын төлөө милитаризмаас татгалзав. Үүнийхээ хажуугаар үндэсний ашиг сонирхлоо ч гээлээ. Гэвч тэд энэ тохиролцооноос хожсон. Тус улсын эдийн засаг цэцэглэн хөгжиж, дипломат бодлогодоо гэгээн дүр эсгэсэн өнгө төрхтэй болов. Ноён Трампыг сонгогдохоос аль эрт Америк нь ийм төрлийн үйлчилгээнээс залхаад байв. Тус улсын Батлан хамгаалахын сайд Роберт Гэйтс 2011 онд цэрэг армидаа ач холбогдол өгөхгүй байгааг нь Европ болон Германд анхааруулж, Америкийн мөнгөөр туйлахаа зогсоохыг Германаас шаардсан билээ. Германы элитүүд үүний логикийг удахгүй ойлгож эхэлсэн юм. Дэлхийн үйл хэрэгт илүү их оролцохыг 2014 онд Германы ерөнхийлөгч Йоахим Гаук уриалсан. Бусад нь ч түүнийг дэмжив. Гэвч энэ талаарх мэтгэлцээн олон нийтэд хүрээгүй юм. Сонгуулийн кампанит ажлууд нь зөвхөн дотоодын асуудалд төвлөрөн өрнөж байв. Тэгтэл ноён Трампын ялалтын нүргээн мэдрэгдэв.
Албан тушаалынх нь нэр хүнд, намба ноён Трампыг зөөлрүүлнэ гэдэгт хатагтай Меркелийн зөвлөх хүрээлэлд буй үнэнч атлантицистууд (ихэнхдээ Христийн ардчилагчид) жил гаруйн турш итгэсээр иржээ. Харин Америкт үл итгэсэн байр сууринаас хандагсад (голдуу социал демократууд) тус улсын барьцнаас чөлөөлөгдөх цаг ирлээ гэж дүгнэв. Ноён Трамп Германтай анд найз бус атаат дайсан мэт харьцаж эхэлснээр талууд чөлөөлөгдөх тал руу хэвийж эхэллээ. Эрх чөлөөгөө тунхагласан гэж үзэж болох мэдэгдлийг 2018 онд Гадаад хэргийн сайд Хейко Маас хийв. Шаардлагатай тохиолдолд Герман улс нь Америктай “жингийн эсрэг тал” мэт харьцах ёстой гэж тэр маргав. Ингэх цорын ганц зам бол Герман нь илүү нэгдмэл Европ болон Канад, Япон зэрэг “олон талт” улсуудын шинэ нэгдлийн нэг хэсэг болох юм.
Ийнхүү 2019 он айлчлахад Герман нь олон талаараа Америктай сөргөлдөх болов. Парисын уур амьсгалын гэрээ (Герман зөвшөөрч, Америк эсэргүүцэв), Ираны цөмийн хэлэлцээр (өмнөхтэй ижил), Орос, Германы хоорондох “Умардын хоолой 2” байгалийн хийн хоолой (өмнөхтэй ижил) зэрэг зөрчилдөх зүйл олон байна. Европ дахь Америкийн интернетийн компаниудын үйлчилгээ, монополь байдал, татвараас зайлсхийсэн явдал зэргээр маргаан өргөн хүрээг хамарна. Улмаар цэрэг армийн төсөв, NATO-гийн 5-р зүйл, “Барууны үнэ цэнэ” сэдэв дээр маргаан дээд цэгтээ хүрнэ. Германы бодлого боловсруулагчид 2019 оны турш Европын бусад улстай хамтран ноён Маасын тавьсан зорилгод хүрэхийн төлөө хөдөлмөрлөнө. Америкчууд эзэмшиж болохгүй (үүгээрээ SWIFT-ээс өөр) олон улсын худалдааны төлбөрийн систем бий болгохыг тэд хичээнэ. Мөн PESCO мөн CARD гэсэн ойлгомжгүй хураангуйлал бүхий NATO-гийн Европ хувилбарыг байгуулахаар яаравчилна. Гэсэн ч тэд ахин дахин хоёр зүйлийг тун сайн ойлгоно. Нэгдүгээрт, Европ нь Германы санааг хэрэгжүүлэхээр нэгдэхийн аргагүй хуваагдмал болсон. Хоёрдугаарт, Америкийн системтэй, үнэмлэхүй хүч чадал нь өөртэй нь эн зэрэгцэх “жингийн эсрэг тал” бий болгох боломжийг хэнд ч, мэдээж Германд ч олгохгүй.
Sturm und Drangry Уурлаж бухимдсан Германы зүүн, баруун жигүүрийн популистууд нь Зүүн, Барууны хооронд “ижил зайтай орших” Герман улсын тухай хуучны мөрөөдлийг сэргээнэ. Бусад улс төрчид саяхныг хүртэл толгойд нь орж ирдэггүй байсан Герман улс цөмийн зэвсэгтэй болох ёстой гэсэн үл бүтэх маргааныг өрнүүлнэ. Ихэнх нь дасч дадсан үгүйсгэх байр сууриа хадгалж үлдэнэ. Хенри Киссинжер нэгэнтээ Герман бол “Европт хэт томдох, дэлхийд хэт жижигдэх улс” гэж хэлсэн. Олон герман хүн ноён Трампад дотроо хилэгнэж явдаг онцгой үзэгдлийг үүгээр тайлбарлаж болно. Ноён Маасын өмнө тус албыг хашиж байсан Сигмар Габриель ийн хэлжээ: “Биднийг ямар дорой болохыг тэрбээр өдөр бүр бидэнд сануулдаг”. Дэлхий аюултай болсон, Герман харин үүнд бэлэн биш байна. 2019 онд германчууд үүнийг ойлгож, цөхрөлийг мэдрэх болно.