Амралтанд явахаар шийдэн ачаагаа баглаад гарсан ч аялал нь бүтэлгүйтсэн гэр бүлийн цөхрөлөөс Holiday Inn үүссэн. Энэ бол 1951 он. Дэлхийн хамгийн анхны сүлжээ зочид буудлын эхлэл, энэ салбарын стандартын үүсэл нь байв. Харин Монголд Holiday Inn зочид буудлын франчайзинг эрхийг Макс групп авснаар гурав дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй. Уг зочид буудлын үүсгэн байгуулагч Кеммонс нь аавынхаа санаачилсан гэр бүлийн аяллаар явах үедээ тэдэнд тохиолдсон бүхий л тав тухгүй зүйлсийг бичиж тэмдэглэв. Байрласан буудал болгон нь хүүхэд бүрийн тоогоор нэмэгдэл төлбөр авахын зэрэгцээ тав тухгүй байсан тул тэрбээр энэхүү салбарыг шинэчлэхээр зорьж, орон даяар 400 зочид буудлыг бий болгохоор хатуу шийдэв. Төлөвлөгөө гаргахын тулд нэгэн дизайнертай хамтран ажиллажээ.
Уг дизайнер төлөвлөгөөг хийж байх явцдаа Бинг Кросбигийн тоглосон киног үзэж, төлөвлөгөөнийхөө хамгийн дээд талд тэрхүү киноны нэрээр гарчигласан нь Holiday Inn байлаа. Аялалынхаа тэмдэглэлд гэр бүлээрээ байрлаж байсан өрөө болгоны булан тохой бүрийг нэг бүрчлэн хэмжсэнээр дэн буудлын өрөөний төгс хэмжээг тодорхойлчихсон байв. Түүний тодорхойлсон тэрхүү хэмжээг өнөөдрийн аялал жуулчлалын салбарт стандарт болгон мөрдөж байгаа нь ямар нарийн тооцоолол байсныг нь баталдаг. Үүнээс гадна салбарын стандарт болон мөрдөгдөж болох бусад зүйлсийг ч бодож олсон юм. Стандарт өрөөний хэмжээг угаалгын өрөөний хамт 3.6х7.9 кв.метр хэмээж, усан сан, өрөө бүрт үнэ төлбөргүй зурагт, утас, мөсний машин, зоогийн газар, эцэг эхтэйгээ яваа 12 хүртэлх насны хүүхэд үнэ төлбөргүй байрлуулах гэх мэт тухайн үед шинэ үйлчилгээнүүдийг нэвтрүүлэв. 1952 онд Holiday Inn-ий хамгийн анхны буудлаа төрөлх Мэмфис хотноо байгуулж, жилийн дараа гэхэд гурван ч салбартай болжээ. Үүнээс олон зочид буудал барих мөнгө байгаагүй ч энэ нь түүнд саад болоогүй юм.
Тэр Валлэнс Жонсонтай хамтран франчайз бизнесийн төсөл боловсруулж, 1954 онд Кларксдейл хотод анхны франчайз эрхээ олгожээ. Үүнээс гурван жилийн дараа гэхэд тэд анх удаа 120 мянган ширхэг хувьцаа гарган 9.75 ам.доллараар худалдаалсан нь Holiday Inn дэлхий даяар тархах үндэс болжээ. 1972 онд 400 зочид буудал байгуулах Кеммонсын зорилго 1400 болтлоо өргөжсөн байсныг Тайм сэтгүүлийн нүүрэнд онцолсон байдаг. Өнөөдөр дэлхий нийтэд 5603 салбартай манай гарагийн анхны хүчирхэг зочид буудлын сүлжээ болжээ. 2018 оны байдлаар 4,8 тэрбум ам.долларын борлуулалт хийгээд байна. Inter Continental Hotels (IHG) группийн Holiday Inn зочид буудал нь бизнес, аялал жуулчлал, үүргэвчтэй аялагчид, гэр бүл, бизнесийнхэн гээд аль ч сегментэнд тохирсон, АНУ, Солонгос, Хятад, Орос, Япон улсын зах зээлд хамгийн их танигдсан брэнд юм. Энэ утгаар Макс групп дэлхийн сүлжээ зочид буудлуудыг гурван жил судалж, хөөцөлдсөний эцэст тус буудлыг сонгосон гэдэг. Өөрөөр хэлбэл, захиалга борлуулалтаа авах талбар нь ойлгомжтой аж. IHG группийн төв Лондон хотноо байрладаг бол Монгол Улс дахь салбар Москва хотын бүс нутаг хариуцсан төвд харьяалагддаг.
Зочид буудал гэдэг урт хугацаанд буюу 10-аас дээш жилд үр өгөөжөө өгдөг үл хөдлөхийн бизнес хэдий ч өнөөдөр “Holiday Inn Улаанбаатар” төлөвлөгөөний дагуу гүйцэт ашигтай ажиллаж байна. Гол шалтгаан нь франчайз эзэмшигч төв байгууллагаас нь үйл ажиллагаа эхлэхээс өмнө болон дараа нь санхүү, нягтлан бодох бүртгэл, ажилтнуудын сургалт, үйл ажиллагааны журам гэх мэт нэгдсэн удирдлагаар хангадагт байдаг аж. Сурталчилгаа, маркетинг, үйлчилгээ, бүтээгдэхүүний чанар, худалдааны марк, танилцуулга, гадаад мэдээллийн нэгдсэн бодлоготой байх, олон төрийн үйлчилгээг авч болдог саруул уужим хүлээх танхим, заалтай байх, швейд ширээний үйлчилгээ бүхий өглөөний хоолоор үйлчлэх гээд цөм нэг стандартын дагуу ижил байдаг байна. Цаашлаад барилга баригдахаас авахуулан архитектур, засал чимэглэл тус буудлын стандартад нийцсэн байх ёстой.
Дурын барилгад Holiday Inn-ий эрхийг авах боломжгүй, заавал тэдний стандартаар баригдсан байх ёстой аж. Хэдэн өрөөтэй, хичнээн ресторантай байх, үүдний хэсэг, буудлыг хаанаас яаж удирдах гээд л барилгын зохион байгуулалт бүхэлдээ төлөвлөгдсөн. Цонхны хөшиг нь л гэхэд галд тэсвэртэй, бүтэн нар хаах материалтай байх гээд та бидний анзаарамгүй бүхий л зүйлсэд стандарт тавигддаг. Энд хүний идэх уух, уулзаж ярилцах, чуулж хуралдах, амарч алжаалаа тайлах, дасгал хөдөлгөөнөөр хийх гээд бүхий л үйлчилгээг хангахыг зорьжээ. Өрөөндөө мэдээллийн нэгдсэн ухаалаг систем буюу зурагтнаасаа зочид буудлын бүхий л мэдээллийг харах боломжтой Монголын цорын ганц зочид буудал юм. Тус буудалд ажил ороход 68 төрлийн сургалтанд хамрагдсан байх ёстой. Ерөнхий менежерийг төв оффисоос буюу Лондонгоос туршлага, ур чадварыг харгалзан сонгон шалгаруулдаг.
Харин бусад ажилтнуудыг буудал өөрсдөө хариуцдаг аж. Holiday Inn-ий зочид буудлын Удирдлагын хорооны дарга Ц.Соёлэрдэнийн хэлснээр, “Өөртөө итгэлгүй ажилтан хэзээ ч сайн үйлчилгээг бусдад үзүүлж чадахгүй. Баг хамт олон, ажилтнуудын өөртөө итгэх итгэлийг нэмэх нь манай менежментийн арга барилын нэг хэсэг. Энэ чадварыг сайжруулснаар тэднээс гарах үйлчилгээний чанар сайжирч, зочдод төрөх сэтгэл ханамж ч өсдөг” гэлээ. Төв байгууллага болох Лондон дахь IHG-гээс нууцаар төлөөлөгч ирж тогтмол шалгалт явуулдаг байна. Шалгалтаар 100 гаруй хуудас тайлан бичигддэг. Тайланд тэнцээгүй бол франчайз эрхийг эргүүлэн татах хүртэл асуудал яригддаг аж. Монгол дахь салбарын тухайд өнгөрсөн хоёрдугаар сард брэндийн стандарт хангасан үнэлгээнд 100 оноо авчээ.