Economist 2019 сэтгүүлээс хүргэж байна. (Tencent-ийн захирал Пони Ма Хуатен ядууст туслах технологийн боломжийг онцолж байна)
Хөдөлгөөнт интернэт, ухаалаг утас дэлхийн өнцөг булан бүрт нэвтэрч, нийгмийн сүлжээ ба хэрэглэгч төвтэй үйлчилгээ бидний өдөр тутмын амьдралыг олон талаар өөрчилж байна. Дэлхийн бусад улстай харьцуулвал энэ хувьсал Хятадад илүү хурдан, илүү гүнзгий явагдах боллоо. Жижиглэн худалдаа, финтек зэрэг салбарыг хамарснаар энэ чиг хандлага 2019 онд улам илэрхий болно. 20 жилийн өмнө Tencent компани байгуулагдсан Хятадын өмнөд хэсгийн Шенжен хотоор жишээ авъя. Энд та ухаалаг утасныхаа дэлгэцийг хуруугаараа хэд товшоод л онлайнаар худалдаа хийж, зоогийн газар эсвэл хүргэлтийн үйлчилгээнээс хоол захиалж, хэрэглээний болон нийтийн тээврийн хэрэгслийн төлбөрөө төлж, эмчтэй цаг товлож эсвэл гэрлэлтээ бүртгүүлж болно. Интернэт, бусад дэвшилтэт технологийн ачаар олонх маань өмнө нь төсөөлж байснаасаа ч илүү амьдрал нь чанаржиж байна. Үүнийг бид мэдээж гараа дэлгэн угтана. Гэвч надад нэг асуулт тавьмаар санагдаад байдаг юм. Бид технологийг ашиглаж тэдгээр ядуу дорой, тусламж шаардлагатай хүмүүсийн бэрх хөдөлмөр, гачигдлыг хөнгөвчилж чадах уу гэж. Байгалийн гамшигт нэрвэгдэгсэд эсвэл өвчтэй, ядуу хүмүүст сайхан сэтгэлээр туслахад олон хүн татгалзахгүй. Гэвч хандив хүсэх, шаардлагатай хүмүүст мөнгө хүргэхэд хугацаа их ордог. Гэнэтийн нөхцөл байдлаас шалтгаалж саатал ч үүсч болно.
Дөрвөн жилийн өмнө Tencent компани (олон улсын зах зээлд WeChat гэгддэг аппын дүү апп болох Weixin-ээр дамжуулан) Хятадад анхны онлайн хандивын кампанит ажил эхлүүлсэн. Энэ нь хандивлагч нарт Weixin Pay ашиглан хүмүүнлэгийн байгууллагаа эсвэл сайн үйлсийн төслөө шууд сонгон мөнгөө өгөх, цаашлаад үйл явцыг нь хянах боломж олгосон юм. Өнөөг хүртэл “Сайн Үйлсийн өдөр 9.9”- ийг (жил бүр есдүгээр сарын 9-нд болдог учир ийн нэрлэсэн) ашиглаж, 49.5 сая хүн 7300 гаруй хандивын байгууллагад 2.1 тэрбум юань хандивлажээ. Технологийн тусламжтай сайн санааны үйлс бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг болж, илүү зугаатай, шинэлэг, хүртээмжтэй болж чадна гэдэгт би итгэдэг. Жишээлбэл, манай Step Donation Programme нь Weixin-ийн хэрэглэгчид алхмаа тоолуулж, тодорхой тоонд хүрмэгц тохирох газраа хандив өгөх зориулалттай зохиомжлогдсон. Манай Voice Donation Programme нь уншсан шүлэг, зохиолыг нь харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан аудио ном болгож хувиргах боломжийг Weixin-ий хэрэглэгчдэд олгодог. Бид цаашаа ахиулаад харвал, хүн амын насжилт нь Хятад болон олон улсын эрүүл мэндийн системд ихээхэн дарамт учруулахаар байна.
Эрүүл мэндийн системийн үр өгөөжийг дээшлүүлэхэд Засгийн Газарт бид технологиор тусалж чадах уу? Өвчтөний зовиурыг хөнгөлж, гэр бүлийнх нь шаналалыг зөөллөхийн тулд бид юу хийж чадах вэ? Хятадад нэг эмч бэлтгэхэд найман жил шаардагддаг. Гэвч эмнэлгийн үйлчилгээний эрэлт нь одоогийн хүчин чадлаас нэгэнт давжээ. Эмнэлгийн мэргэжилтнийг сургах дөт зам байхгүй ч эрүүл мэндийн ухаалаг үйлчилгээтэй болоход тусалснаар бид дорвитой өөрчлөлтийг бий болгож чадна.
Хиймэл оюун ухаан (AI) эмч нарт гурван аргаар том тус хүргэнэ. Нэгдүгээрт, тайлан бичихээс эхлээд энгийн атлаа зүдэргээтэй ажлыг гүйцэтгэснээр өвчтөндөө зарцуулах эмчийн цагийг нэмэгдүүлнэ. Хоёрдугаарт, мэдээллийн баазад суурилж эмнэлгийн зургийг уншиж дүн шинжилгээ хийж сурснаар, оношийн нарийвчлал, бүтээмжийг нэмэгдүүлнэ. Эдүгээ гэмтэл оношилж, полип /эдийн гаж хөгжлийн/ шинж чанарыг урьдчилан үнэлэхэд секундын ердөө аравны нэгтэй тэнцэх хугацаа зарцуулж байна. Гуравдугаарт, AI нь тухайн хүнд тохирсон эмчилгээ, эмнэлгийн үйлчилгээг санал болгоход эмнэлгийн мэдээлэл, зураг болон эмгэг генийг олж, тааруулж сурах боломжтой. Өвчтөнүүдийн хувьд нийгмийн сүлжээний талбарууд нь эмчтэй алсын зайнаас холбогдож хүлээх цагийг багасгах боломж олгоно. Хүмүүс ухаалаг утсаа ашиглаж ердөө хурууныхаа үзүүрээр сонгосон эмчдээ үзүүлэх цаг авч болно. Хэрэв хол зорчих боломжгүй бол видео чатаар эмчтэйгээ ярьж, Weixin Pay ашиглан зөвлөгөө, эмийн үнээ төлж, улмаар дэргэдэх эмийн сангаасаа эмээ авч болно. Хамгийн бүтээлч оюутнуудын төсөөллийг тусган хөгжиж буй интернет нь бидний амьдралд гүнзгий нэвтэрчээ. Уламжлалт бизнесийг ухаалаг үйлдвэрлэлд шилжихэд нь туслах дижитал хувьсгалыг 5G технологи улам хурдасгах болно. Зөвхөн бизнесийн хөгжлөө урагшлуулах бус нийгмийн орхигдсон бүлэгт зориулж үнэ цэнэ бүтээхийн төлөө эдгээр боломжийг угтан авцгаая.