Ирээд оны нийгмийн ороо бусгаа цагт хүүхэд хүртэл хөдөлмөрлөдөг байх үед Ч.Батзаяа бусдын адил Нарантуул, Техникийн зах дээр утсаар яриулж, тамхи, чихэр, ундаа сэлтийг зардаг байв. Харин дараа нь ердөө нэгдүгээр курсдээ тухайн үед хандалтаараа Монголын томоохон сайтуудтай энэ зэрэгцдэг байсан Amjilt.com, Ehlel.com-ийг нээж, сайтын “босс” болов. Эцэстээ 2009 онд найзынхаа жижигхэн сургалтын өрөөнд хөрөнгө гэх зүйлгүй гар утасны электрон дагалдах хэрэгслийн “Эхлэл” брэндийн эхлэлийг тавьжээ. Үүнээс дөрвөн жилийн дараа гэхэд Монголоор овоглох брэндийг дэлхийд гаргах гол зорилгынхоо эхлэл нь болгож, БНХАУ-ын Гуанжоу хотод салбараа байгуулснаар Ч.Батзаяа 13 наснаасаа тээсэн мөрөөдлийнхөө үүд хаалгыг татсан юм. Тиймээс ч брэндийнхээ уриаг “See your dream come to life” буюу “Мөрөөдөл тань амьдрал дээр хэрхэн биелэхийг хар” хэмээжээ.
Өнөөгийн “Эхлэл”-ийн жилийн борлуулалтын орлого Монголд 2.5 тэрбум бол Хятадын зах зээл дээрээс нэг удаагийн борлуулалтаар 600 орчим сая төгрөгийн ашиг олж байв. Ч.Батзаяа “Итгэлцэл юу юунаас илүү чухал. Итгэсэн бол хэдэн тэрбумыг хэдхэн минутанд л шийднэ. Итгээгүй бол нэг юань гуйгаад ч нэмэргүй” гэв. Тэрбээр энэ зэрэгт хүрэхэд багагүй цаг хугацаа, хөлс хүч зарцуулсан. Гар утасны электрон дагалдах хэрэгслийн үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор Эхлэл нэрийн дор хувцас үйлдвэрлэл, программистын сургалт, Хятадад компани байгуулах зөвлөгөө туслалцаа өгөх төвийн үйл ажиллагааг зангидан явуулах болов. Түүнчлэн “Эхлэл”-ээ хөл дээр нь зогсоохын тулд санхүүгээр дэмжих өөр олон бизнес хажуугаар нь хийж байжээ. 2012 оны Улсын баяр наадмын үеэр Заан хуушуур, Арслан хуушуур гэх мэтээр нэрлэсэн багцтай “Том хуушуур” гээчийг худалдаалах болов. Багц тус бүр нь 40 мянган төгрөгийн үнэтэй. Эхний өдөр 10 захиалга л авах бодолтой байсан ч маркетинг сайтай байсан тул 100 захиалга ирэв.
Гэхдээ нэгийг нь ч хүргэж өгч чадаагүй юм. Учир нь түүний төсөөлснөөс хэтэрхий их захиалга ирсэнд балмагдан сандарчээ. Нөгөөтэйгүүр ганцхан хүргэлтийн мотоцикл байсан нь тэр өдөр эвдэрчихэв. Гэсэн ч дараачийн өдрөөс boom хийв. Үүний зэрэгцээ домайн нэр худалдаалдаг Hostmongol компанийг ажиллуулжээ. Энэ мэтчилэн олон бизнест хүчээ зарцуулсан түүнд хийгээгүй оролдлого гэж ховор санагдана. Түүний эрхэлж байсан наймаа, бизнес бүхэнд алдаа оноо бий ч эцсийн дүндээ ашигтай ажиллуулж чаддаг байв. Хятадын зах зээл, хятад хэл, бизнесийн орчин, бизнесийн соёлыг ойлгох гэж Гуанжоуд гурван жил хиртэй ажиллаж, амьдарчээ. Эхлэл нэрээ олон улсын оюуны өмчид бүртгүүлэх, худалдаалах зүйлсээ үйлдвэрлэх, Alibaba-гаас Хятадад нийлүүлэх эрх авах зэрэг ажлуудыг нарийн шат дараалалтай хийв. Монголд 500 ширхэг цамц үйлдвэрлэхэд сар орчмын хугацаа шаарддаг бол Хятадад нэг цагийн дотор л гүйцэтгэх боломжтой. Хурд, үнийн ялгаа асар их. Нөгөөтэйгүүр, Монголд хийсэн цамцыг Монголоос Герман руу тээвэрлэх, Хятадаас тээвэрлэх хоёр тэнгэр, газар шиг ялгаатай. Эндээс тэр дөтлөх аргад суралцсан хэрэг.
Өөрөөр хэлбэл, Дэлхийн худалдааны төв дээр компаниа байгуулж, бүтээгдэхүүнээ худалдаалж байгаа юм. Өнөөдөр Эхлэл компани дэлхийн 17 улсад бүтээгдэхүүнээ гаргадаг. Ч.Батзаяа “Монголын нөхцөлд нэг салбараар амжилтанд хүрнэ гэж байхгүй. Ерээд оны өмч хувьчлалын үеэр боломжит салбарууд нь хувьчлагдаад монополь болсон. Ийм үед гадны зах зээл рүү орж санхүүжилт олж ирэх л хамгийн ухаалаг сонголт санагддаг” гэлээ. Тэдний үндсэн бүтээгдэхүүн болох “Probazz” гар утасны чихэвч, цэнэглэгчийг мэдэхгүй залуус гэж ховор. Уг бүтээгдэхүүнээ түүхий эдээс нь авахуулан хуванцараа шахаж, шахсанаа нааж, гагнаж, хивэнд оруулах гээд бүх бэлдцээ өөрсдөө хийж, цэвэр эх орны үйлдвэрлэл явуулдаг. Судалгаа хийх явцдаа дэлхийд алдартай гэсэн чихэвч бүрийг авч, задалж туршиж үзнэ. Татаж чангааж, салгаж, бүр зажлах энүүхэнд. Эцсийн дүнд Монгол электроникийн инженерүүдийн гараар бүтсэн чанартай бөгөөд загварлаг чихэвч бэлэн болно. Дуугаралт сайтай байхын дээр тэдний чихэвчийн гол онцлог нь хоёр хүн нэг утаснаас хоёр чихэвчээр зэрэг сонсох боломжтойгоор хийдэг.
Нэг савлагаанд хоёр чихэвч, тэдгээрийг нэг утсанд холбох холбогч, чихэвчийн нөөц зөөлөвчүүд, савхин уут, утасны цэнэглэгч, хөнгөлөлтийн карт гээд хэрэгцээт бүхнийг багтаана. Тэдний бүтээгдэхүүн долоо хоногийн дотор л зарагдаж дуусдаг байна. Бид үйлдвэрээр нь ороход шинэ чихэвчийн плат болон програмчлал дээр ажиллаж байхтай таарсан юм. Энэ намар худалдаанд гарах энэхүү шинэ бүтээгдэхүүн нь технологийн хувьд тэс ондоо програмчлалтай, Bluetooth-ээр ажилладаг байх аж. Мөн уг чихэвч асаах, унтраах, цэнэглэх үед монгол хэлээр мэдээлж байсан нь маш сонирхолтой санагдав. Эхлэлийнхэн цаашид ч энэ мэтээр электрон барааны нэр төрлөө нэмэгдүүлэхэд хүчин зүтгэл гаргах болно гэлээ. Утасны дагалдах хэрэгслийн үйлдвэрлэл Монголд анхдагч учраас энэ талаар асууж лавлах, заавар, зөвлөгөө өгөх хүн үгүй. Эсвэл зээл авах амаргүй. Тэрбээр “Үйлдвэрлэгч, бүтээгч, экспортлогч болъё гэвэл, тэр дундаа олон улсад худалдаа хийж суръя гэвэл Америк, Орос, Европ гэхээс илүүтэй Хятадаас л сурах хэрэгтэй” гэв. Хятадад эмээс бусад салбарт бизнес нээлттэй. Бизнесийн систем нь ч хялбар. Компани байгууллаа гэхэд манайх шиг энд тэндээс лавлагаа шаардахгүй, нэг газраасаа л бүх үйлчилгээгээ авчихна. Зээлийн хүү ч бага.
Гол нь их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай. Эхлэл компанийн тухайд Гуанжоуд дөнгөж эхлэх төдий болтол ойролцоогоор хоёр тэрбум төгрөг шаарджээ. Олсон бүх мөнгөө энэ салбартаа зарж байв. Учир нь маркетингийн зардал өндөр гардаг аж. Ч.Батзаяа зохиолч, сэтгүүлч аавтайн дээр багаасаа хэрсүү өссөнийг хэлэх үү илтгэгч хэмээн эндүүрмээр уран тод ярьдаг. Сошиал орчинд ч эрч хүч, урам зориг өгсөн нийтлэл, ишлэлүүдээрээ танил болсон. Тэрбээр аливаад “ханах” нь хурдацтай хөгжиж буй өнөө үед бусдаас хоцрох шалтгаан болох тул цаг үргэлж шинийг эрэлхийлдэг. “Миний хүслээр болдог бол бизнесийн хөгжлөө илүү хурдлуулмаар байна. Гэвч биднээс шалтгаалахгүй зүйл гэж байна” гэлээ. Үнэндээ Монголд бизнес эрхлэхэд өсөлтийн хурд удаан. Энэ хугацааг ойлгохгүй шантардаг залуучууд олон. “Хүүхэдтэй болохыг хүсвэл яг одоо ч болно. Гэхдээ 10 сар хүлээнэ гэдгийг мэдэж байгаа биз дээ” гэдэг шиг юм бүхэнд хугацаа шаардагдана гэдгийг тэр маш сайн ухамсарласан байлаа. Харин түүнийг хааяахан цухалдуулдаг зүйл нь “Хятадаас бэлэн бүтээгдэхүүн авчирч энд угсардаг” гэсэн яриа.
Тиймээс үйлдвэрлэлээ Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хяналтаар оруулж, электрон бүтээгдэхүүнийх нь 90 хувийг Монголд үйлдвэрлэдэг болохыг нь тогтоож, сертификат авчээ. Нэг бодлын бид хэрэглэгч орон учраас хараахан бүтээхийн зовлон мэдрээгүй хүмүүс гэдгийг сэтгүүлч би ч үйлдвэрээр нь зочилж байж ойлгосон юм. Ч.Батзаяа бизнесийнхээ амжилттай байгаагийн нууцыг сайн багтайд бий гэлээ. Эхлэл компани Монголд 50 орчим, Хятадад 16 ажилтантай. Өдөр тутмын ажлууд түүний оролцоогүй компани дээр хэвийн явагддаг. Энэ хүртэл түүнд уналтын үе олонтоо тохиолдсон. Өнгөрсөн хямралын жилүүдэд дампуурлын ирмэг дээрээ ч тулсан. Ч.Батзаяа “Уналтын үе хүнд их хэрэг болдог” гээд “Бүгдийг нь ганцаар хийсэн үүсгэн байгуулагч дэлхий дээр хаа ч байхгүй. Нэг хүний компани гэж байдаггүй” гэв. Энэ үзэл баримтлал, хүнлэг сэтгэлийг нь илтгэх мэт компанийн уналт, хөгжлийн үед нь ч хамт байж, дэмжсээр ирсэн ажилтнууддаа удирдах албан тушаал өгч, компаниасаа хувь олгожээ.
ehlel goy shuu
Ene zaluu yagaad iim lag yum bee. Iim zaluus olon baigaasai.
Мундаг залуу юм. Ихийг бүтээгээрэй. Амжилт хүсье