М-Си-Эс Холдинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Гантөмөр нэгэн бизнес уулзалтын үеэр компанийнхаа амжилтын үүх түүх, бодлого төлөвлөлтийн талаарх илтгэлээ сонирхолтойгоор тавьсан нь бизнес эрхлэгч олон хүний таашаалд гойд нийцэж байлаа. Бизнес эрхлэгч залуус яг ийм илтгэлийг л туршлагатай бизнесмэнүүдээс хүлээж байдаг ажээ. Тус арга хэмжээ өндөрлөсний дараагаар бид түүнтэй уулзан ярилцлага авах саналаа дамжуулахад тэрбээр уриалгахан хүлээж авсан. Хүлээж авахаар барах уу, уулзах өдөр цагаа тов тодорхой тохирлоо. Бизнесийн хүн аргагүй л ярьсандаа, хэлсэндээ юм.
-Та ЗХУ-ын үед инженер эдийн засагчаар сурч ОХУ-ын үед төгссөн. Ирээд их сургуульд багшилсан, удалгүй Нидерландад магистраар суралцахаар явсан. Гэтэл мэргэжил, практикаасаа тэс өөр салбарт хөл тавьжээ. Тэр дундаа гадаадын том компанид орж, гадаадад очиж ажилласан. 90ээд оны үеийн Монголд тохиосон их сонин түүх байна?
-Орост төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг үзчихээд Монголдоо ирсэн чинь зах зээлийн эдийн засаг заа гэсэн. Тэгээд л англи, орос номнуудыг олж авч байгаад л оройжин сууж конспект бэлддэг байлаа. Нарийндаа бол зарим тохиолдолд ШУТИС-ийн харьяа Компьютерийн техник, менежментийн сургуулийн оюутнуудаасаа 8-10 цагаар л түрүүлж явдаг багш байв. Тэр үеийн ихэнх залуу багш нар гадаадад магистрт суралцах чин хүсэлтэй байлаа. Ингээд Европын холбооны тэтгэлгээр Нидерландад бизнесийн удирдлагаар суралцсан. Ирчихээд багшийнхаа хувийн сургуульд хичээл заагаад явж байсан чинь “Procter & Gamble компани жижиглэнгийн худалдаа хариуцсан менежер авна” гэсэн зар сонин дээр гарсан байхыг олж харсан. Хамгийн гол нь “Компанийн машин өгнө” гэсэн байсан л даа. Машинд нь л бараг явчихсан (инээв). Хувийн машинтай хүн байгаагүй үед чинь машинтай болох боломж хамгийн түрүүнд анхаарал татсан л даа. Тэгээд шалгалт, шүүлгийг нь өгсөөр яваад тэнцсэн. Ийнхүү бизнесийн салбар дахь ажлынхаа гарааг Казахстанд эхэлсэн.
-Шалгалтаа Монголд өгсөн үү?
-Тийм. Компанийн Төв Ази, Кавказын бүсийн төв нь Алматыд байдаг байсан. Тэнд хэсэг хугацаанд байж компанийн соёл, ажлаа явуулах арга барил гээд олон зүйлд суралцсан. Үүний хажуугаар янз, янзын л ажил хийж байлаа. Ингээд тус компанийн Монгол дахь салбарын борлуулалтыг хариуцах ажилд томилогдоод Монголдоо ирж, Дэнжийн мянгын зах дээр цагаан цамц, шар зангиатай нөхөр бараагаа зарах гэж шагайгаар татсан шавар дунд давхиж эхэлсэн дээ. Захын контейнер дотор угаалгын нунтаг, хүүхдийн живхний өрөлт хийж худалдааны төлөөлөгч нартаа харуулахаас л ажлаа эхэлж байлаа.
-Гадаадад төгссөн, дээр нь багш хэмээх эрхэм ажил хийж байсан хүн зах дээр наймаа хийгээд зогсоход эхэндээ их л хүнд байсан байх даа?
-Анхандаа бодох үе байсаан, байсан. Гэхдээ ажлын нь үр дүн бодитоор гараад байхаар маш их таашаал авдаг юм билээ. Сарын дараа гэхэд борлуулалт гурав дахин өссөн байхыг хараад ажилдаа улам дуртай болох жишээтэй. Дэнжийн мянгын зах Нарантуул руу нүүхэд ажил шинээр эхэлсэн ч борлуулалт маань бүр нэмэгдээд ирсэн л дээ. Хариуцуулсан эхний ажил нь цэгцрээд ирэхээр компанийн зүгээс өөр ажлуудыг нэмж өгдөг юм байна лээ. Тэгээд том дэлгүүрүүдийг нэмж хариуцдаг болж, дараа нь борлуулалтын прогноз хийх, бараагаа татан авах, борлуулалтыг идэвхжүүлэх хөтөлбөрүүдийг боловсруулах гэх мэт ажлыг давхар хариуцдаг болох жишээтэй. Үүний хажуугаар М-Си-Эс Группийн Анунгоо компанийн ажилтнуудыг ажилд сонгон шалгаруулж авах, сургах зэрэг ажлууд тохоогдоно.
-Тэр үед та Анунгоо компанийг давхар хариуцдаг байсан гэсэн үг үү?
-Би Procter & Gamble компанийн Монгол дахь төлөөлөгчийн газарт ажилладаг байсан. Анунгоо болохоор манай дистрибьютор компани. Тэр үед монголчууд шинэ эдийн засагт шилжиж, шинэ ажлуудыг анхлан хийж байсан болохоор бүгдээрээ хамжаад л төв офисийнхоо зааврын дагуу зүтгэдэг байв. Удалгүй Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга бүсгүй нутаг буцах болж би багаа ахалж үлдсэн. Чадлынхаа хэрээр зүтгэж, Анунгоогийнхоо багийг нэлээн сайн болгож, борлуулалтаа жилээс жилд хурдтай өсгөж байтал Төв Ази, Кавказын бүсийн дистрибьюторуудын үйл ажиллагааны багийн ахлагчаар ажиллуулахаар Алматы руу томилсон. Урьд нь зөвхөн Анунгоо компанитайгаа ажилладаг байсан бол одоо шууд есөн орны том, жижиг олон дистрибьютор компаниудтай ажиллах, тэдгээрийг чадавхижуулах, борлуулалтын зорилтонд нь хүргэх үүрэгтэй, дээр нь гадаад хүмүүсийг удирдах хэрэгтэй болсон. 90-ээд он бол гадаад хүн гагцхүү бидний дээр л ажилладаг байсан цаг үе шүү дээ. Өнөөдөр бол монгол залуус гадаадын ажилтнуудыг удирдаж, ажиллуулж чаддаг болжээ. Ийм жишээ олон байна. Манай М-Си-Эс-ийн компаниудын төслүүд дээр гэхэд барууны орнуудын олон мэргэжилтэнг манай залуучууд удирдаад, амжилттай ажиллаж байгааг харахад үнэхээр сайхан санагддаг.
Хариуцсан ажлаа яаж хийх вэ гэдэг талаар байнга бодно, ямар нэг санаа орж ирвэл тэр дор нь тэмдэглэж авна, өөрөө өөрлүүгээ мессеж бичнэ. Ер нь орж ирсэн санаа, бодсон зүйлээ мартчихгүйн тулд өөрөө өөртөө и-мэйл, мессеж байнга бичдэг дээ.
-Монголчууд бид гадаад оронд удаан хугацаанд ажиллаад ирэхээрээ өөрийн эрхгүй эх орондоо татагдаад байдаг өвөрмөц шинжтэй улс. Танд тийм мэдрэмж хэзээ төрсөн бэ, хэцүү байв уу?
-Казахстанд хэсэг хугацаанд ажилласны дараагаар тийм мэдрэмж төрж эхэлсэн шүү. Уг нь бол Procter & Gamble-д ажиллахад үнэхээр сайхан л даа. Цалин урамшуулал нь дажгүй, шудрага ханддаг, сурч хөгжих зүйл ихтэй, цаашдын ирээдүй ойлгомжтой, гэр бүлээ аваад явахад асуудалгүй гэх зэргээр олон давуу тал байсан. Гэсэн хэдий ч эх оронч үзэл маань Монгол руу татаж, чангаагаад байдаг. “Улс эх орондоо хэрэгтэй хүн болоорой” гэж аав, ээж маань бид нарыг багаас нь хүмүүжүүлдэг дээ. Тэр талаас бодохоор гадаадын компанид, дээр нь гадаадад ажиллаад байх утга учиргүй мэт санагддаг болчихоод байлаа. Гэтэл тэр байдлыг маань мэдсэн мэт яг тэр үед Ж.Оджаргал захирал М-Си-Эс-д ирж ажиллах санал тавихад нь нутаг буцахаар сэтгэл шулуудаж билээ.
-Гэхдээ найман жил ажиллаад дасчихсан, удирдлагуудынхаа итгэлийг хүлээж байсан байгууллагаа шууд орхиод явахад ямар ч хүнд хэцүү байдаг. Сэтгэл зүйн хоёрдмол байдлыг яаж зохицуулсан бэ?
-Монгол руугаа буцах туйлын дуртай байсан ч гэлээ хамт олондоо энэ шийдвэрээ дуулгахад хэцүү байсан. Итгэл үзүүлж байсан байгууллагынхаа өмнө хүлээсэн үүргээ шууд орхиж зүрхлээгүй. Тиймээс цалингүй чөлөө гуйлаа. Чөлөөгөөр явах гэр бүлийн шалтгаан ч байсан. Тэгэнгүүт манай Ерөнхий захирал давхиж ирээд “Чи цалингүй чөлөө авч болохгүй. Гэр бүлээ яаж тэжээх гэж байгаа юм. Чамд зайнаас хийх ажил өгнө” гэхэд маш их баярласан. Ингээд л зайнаас төслүүд хийх, мөн М-Си-Эс-ийн ажилд туслах даалгаврыг захирлаасаа аваад Монголдоо ирсэн дээ.
“ИЙМ САЙН КОМПАНИЙГ УЛАМ САЙН БОЛГОХОД ХЭРХЭН НЭМЭР БОЛОХ ТУХАЙ Л БОДСОН”
-Монголдоо ирээд борлуулалтын чиглэлээрээ ажилласан уу? Хамгийн сайн суралцсан, хамгийн сайн мэддэг салбар тань шүү дээ.
Хүний нөөцийн бодлогыг хариуцан ажилласан. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг заалгаж ирээд зах зээлийн эдийн засгийн хичээл заах хэрэгтэй болсон шиг, онол заадаг багшаас борлуулалтын менежер лүү давхиад орчихсон түүхүүдтэй минь адил тохиолдол болсон. Товчхондоо бол сайн мэдэхгүй салбар луу дахиад л давхиад орчихсон л доо (инээв). Тиймээс хүний нөөцийн менежментийн талаар шинээр суралцаж, гүнзгийрүүлэн судлах шаардлага гарсан. Алматыд байх үед миний удирдлагад хүний нөөцийн мундаг мэргэжилтнүүд байсан болохоор тэднээсээ сурсан зүйлээ сэргээхийг хичээлээ. Дээр нь гадаадын том компанийг дотроос нь ажиглаж, ойлгож авсан жаахан туршлага байлаа. 2005 онд М-Си-Эс-д ирэхэд “Манай Монгол шиг жижиг зах зээлтэй оронд маш богино хугацаанд ямар гайхалтай ололт, амжилтыг цогцлоосон юм бэ” гэсэн бодол надад өөрийн эрхгүй төрсөн. Улс орондоо асар их хувь нэмэр оруулдаг болсон энэ компаниа улам сайн болгоход тус дэм болж чадах юм бол тэр маань л эх орондоо оруулах хувь нэмэр юм байна гэж ойлгосон. Хариуцсан ажлаа яаж хийх вэ гэдэг талаар байнга бодно, ямар нэг санаа орж ирвэл тэр дор нь тэмдэглэж авна, өөрөө өөрлүүгээ мессеж бичнэ. Ер нь орж ирсэн санаа, бодсон зүйлээ мартчихгүйн тулд өөрөө өөртөө и-мэйл, мессеж байнга бичдэг дээ (инээв).
-Procter & Gamble компанидаа буцаж очсон уу. Есөн сарын чөлөө авсан асуудлаа яаж шийдсэн бэ?
Чөлөөний хугацаа дуусах болоход Ж.Оджаргал захирал компанидаа бүрэн үлдэх саналыг тавьсан. М-Си-Эс-ийн хамт олныхоо хүрэх гэж хичээж буй зорилго, зорилтыг бүрэн ойлгочихсон, “Дэлхийн хөгжлийг, дэлхийн стандартыг Монголдоо цогцлооно” гэсэн эрхэм зорилгыг нь хамтдаа томъёолчихсон, хувь хүний үнэт зүйлийн хувьд хамтдаа цааш зүтгэхэд болохоор байсан болохоор Ж.Оджаргал захирлын саналыг талархалтай хүлээж авсан. Тэгээд л дарга нартаа бодит байдлыг тайлбарлаж хэлээд М-Си-Эс-тээ бүр үлдсэн дээ. Түүнээс хойш хүний нөөцийн чиглэлээр найман жил гаруй ажилласан. Дараа нь Кока-Кола-гийн бизнес дээр хоёр жил орчим ажиллаад, сүүлийн жилүүдэд М-Си-Эс Холдинг-д ажиллаж байна.
-Гадаадаас Монголдоо ирээд ажиллахад мэдээж тодорхой ялгаа харагдсан байж таараа. Ажиллаж байгаагүй шинэ салбарыг хариуцсан эхний жилүүддээ ямар чиглэлд анхаарч ажилласан бэ?
Түрүүн хэлсэнчлэн М-СиЭс бол тэр үедээ томоохон амжилт олчихсон, өөрийн гэсэн тогтсон бодлого, соёлтой болчихсон компани учраас миний хүчин чармайлт бол улам сайн болоход нь тус нэмэр болох талын зүйл байлаа. Байгууллагыг дараагийн шатанд гаргах хүний нөөцийн тогтолцоог хөгжүүлж, төлөвшүүлэхэд төвлөрч ажилласан. 2005-2013 он бол Монголын эдийн засгийн өсөлтийн алтан үе байлаа. Эдийн засаг олон дахин өссөн.
Энэ жилүүдэд Монголын компаниуд маш их өсч, томорсон, мөн эдийн засгийн энэхүү өндөр өсөлтийг бүтээлцсэн. Өсөлтийг дэмжихийн тулд хүний нөөцийн менежментийн оновчтой бүтэц, тогтолцоо, процессуудыг бий болгож жигдрүүлэх, хүмүүсээ улам чадавхижуулах, зөв соёл, уур амьсгал, хандлагыг төлөвшүүлэх зайлшгүй шаардлагатай юм байна гэдгийг том зургаар нь харж, үүнд төвлөрч ажилласан.
Мөн хүн өөрөө чадваржаад, хариуцсан ажлаа сайн хийгээд байх юм бол ажлын үр дүн, мэргэжлийн ур чадвар маань шудрагаар үнэлэгдэх юм байна гэсэн итгэл үнэмшлийг ажилтнууддаа бий болгохыг зорьсон. Бидний анхаарсан бас нэг чухал чиглэл бол менежерүүдээ чадавхижуулах. Менежер хүний хүлээдэг үндсэн үүрэг нь тухайн багийг зөв зохион байгуулж, хамт олны гаргах ажлын үр дүн, бүтээмжийг эрс нэмэгдүүлэх явдал байдаг. Тиймээс олон сайн менежер, удирдах ажилтан бэлтгэхийг зорьж, менежментийн ур чадварыг хөгжүүлэх сургалт семинар олныг зохион байгуулж, манлайлал, менежментийн ур чадвар нь хэрхэн ахиж, хөгжиж байгааг тодорхойлох үнэлгээнүүдийг бий болгосон.
Хүн ажилд аваач, ажилд оруулаад өгөөч гэдэг гуйлтууд хүний нөөцийн бидэнд олон ирдэг байсан ч тэр тохиолдол бүрт ёс журмынх нь дагуу явах зарчмын шаардлагыг ний нуугүй л хэлчихдэг.
-Тухайн үед хүний нөөцийн бодлого Монголд онол, практикийн хувьд бүрэн нутагшаагүй байсан ч гэлээ та бүхэн бодлогоо боловсруулахдаа алсын хараагаа мэдээж тодорхойлсон байх. Одоо эргээд харахад энэ урт удаан хугацаа, их ажлын үр дүнд алсын харааныхаа зорилгод хэр дөхсөн гэж боддог вэ?
Бид 10 жилийн дараа хаана очсон, ямар болсон байхаа төсөөлж алсын хараагаа тодорхойлж, түүндээ хүрэхийг зорьж ажилласан. 10 жилийн дараа дүгнэхэд зорьсон зорилго маань бараг бүрэн биелсэн байсан даа. Зорилгодоо ямар ч хамаагүй аргаар хүрэх бус зөв замаар явж хүрэхийг чухалчлан үнэт зүйлс, баримтлах зарчмуудаа хамтдаа томъёолж, нийт ажилтнууддаа сурталчилж, алхам тутамдаа мөрдлөг болгож ирсэн нь болзошгүй алдаа, эрсдэлээс бизнесээ хамгаалж чадсан гэж боддог. Хүний нөөцийн хувьд мөн олон бодлого, дүрэм журмыг боловсруулж, нийт ажилтнууддаа ойлгуулж хэвшүүлэн, чанд мөрдөж ажилласан. Хүн ажилд аваач, ажилд оруулаад өгөөч гэдэг гуйлтууд хүний нөөцийн бидэнд олон ирдэг байсан ч тэр тохиолдол бүрт ёс журмынх нь дагуу явах зарчмын шаардлагыг ний нуугүй л хэлчихдэг. Хэрэв энд нэг гоё ярьчихаад араар нь буруу юм хийгээд байвал зорилгын маань утга алдагдана шүү дээ. Тиймээс аливаа зорилго, зорилтыг дэвшүүлж болох ч тууштай байдал нэн чухал юм билээ.
“БАГШИЙН МААНЬ ЗӨВЛӨГӨӨ МИНИЙ АМЬДРАЛЫГ ӨӨРЧИЛСӨН”
-Эзэмшсэн мэргэжил, олсон туршлага хаана ч хэдийд ч хэрэг болж байдаг шидтэй эд л дээ. Монголын том компанийн удирдах ажилтны нэг байж, хариуцсан ажлаа амжилттай удирдаад явахад мэргэжил, мэргэшлээс өвлөгдсөн ямар чанар тань хэрэг болдог вэ. Багш хүн илүү сонсдог байх юм уу, инженер хүн илүү алсыг хардаг байх юм уу. Тодорхой нөлөөлөл байгаа болохоор л та ажлаа сайн хийсэн байх гэж хараад байна л даа?
Мэргэжлээс илүүтэй надад хамгийн их нөлөөлсөн нэг зөвлөгөө байдаг л даа. Залуу багш байсан үетэй маань холбоотой. Тэр үеийн залуу багш бид нар гадаадад сурах сургууль, тэтгэлэг хөөцөлдөөд үндсэн ажлаа орхигдуулах тохиолдол заримдаа гаргадаг байсан тул нэг өдөр манай тэнхимийн “Буурал” Г.Ганхуяг багш маань хэлж байна. Миний хайрлаж, хүндэтгэдэг хүмүүсийн нэг байсан даа. “Та нарын бодол санааг ойлгож байна аа. Гадаадад сурах юмсан гэсэн тэмүүлэл чинь зөв. Гэхдээ өнөөдөр хариуцаж байгаа ажлаа хамгийн сайнаар хийгээд байх юм бол дараа, дараагийн шатууд аяндаа ойртоод байдаг юм шүү” гэсэн сургааль миний толгойд маш тод үлдсэн. Өдөр бүр хийж буй ажлаа өөрийн чадлын хэрээр хамгийн сайнаараа хийж, гүйцэтгэхийг эрмэлзэх болсон. Одоо би залуучуудтай уулзахдаа багшийнхаа өгсөн энэ зөвлөгөөг дандаа хэлдэг. Г.Ганхуяг багш маань “Хүн хэтийн зорилготой байх ёстой, гэхдээ их шунаж хэрэггүй, тууштай, уйгагүй байгаарай” гэсэн зөвлөгөө нь надад мөн хүчтэй нөлөөлсөн. Бизнесийн салбарт 20 жил гаруй ажиллахдаа P&G, М-СиЭс хоёрт л ажиллаж ирсэн байна.
Ямар нэг асуудлын талаар ярилцлаа гэхэд хүмүүсийн янз бүрийн өнцгөөс харсан дүгнэлтийг сонсоод “Нээрээ ийм боломж байгаа юм байна. Би яагаад ингэж бодоогүй юм бол” гэсэн бодол олон төрж байсан. Одоо ч гэсэн төрсөөр л байгаа.
-М-Си-Эс-ийн бий болгосон компанийн соёлоос та өөрөө ямар үнэ цэнийг олж авсан гэж боддог вэ?
Procter & Gamble-ийн үеэс эхэлж ярья л даа. Тус компанид хайртай, одоо ч гэсэн талархаж явдаг. Хамт ажиллаж байсан хүмүүстэйгээ харилцаа холбоотой. Ажилд ороод удаагүй байхдаа хувь хүний зан үйлийн хэв шинжийг тодорхойлох тест бөглөж байсан. Хэдэн жилийн дараа тэр тестийг дахин бөглөөд анхныхтайгаа харьцуулж үзсэн л дээ. Тэгтэл би нэлээн өөр хүн болчихсон байгаа дүн гарсан. Хүнийг өөрчилж, хөгжүүлж болдог юм байна аа гэдгийн нэг жишээ нь би өөрөө байжээ. P&G-д анх орж байсан Гантөмөр, P&G-ээс гарч байсан үеийн Гантөмөр хоёрын хооронд маш том зөрүү байсан гэж боддог. Мэдээж М-Си-Эс-т ажилд орж байх үеийн Гантөмөр, одоо байгаа Гантөмөрийн хооронд ч нэлээд ялгаа бий. Арван хэдэн жил ажиллах хугацаандаа хэрэндээ л туршлага хуримтлуулж, харах өнцөг маань илүү өргөн, аливаад хандах хандлага маань илүү хүлээцтэй болсон болов уу. Ж.Оджаргал, Ж.Од захирал, бусад захирлуудаас байнга суралцаж ирсэн.
Гаргах шийдлээ хоорондоо хэлэлцэж, ярилцангаа ухаарч, ойлгож авдаг зүйл олон байдаг. Ямар нэг асуудлын талаар ярилцлаа гэхэд хүмүүсийн янз бүрийн өнцгөөс харсан дүгнэлтийг сонсоод “Нээрээ ийм боломж байгаа юм байна. Би яагаад ингэж бодоогүй юм бол” гэсэн бодол олон төрж байсан. Одоо ч гэсэн төрсөөр л байгаа. Ийм бодол төрөөд байна аа гэдэг нь би суралцаж байгаагийн илрэл байх. Компанитайгаа хамт хөгжөөд байгаа болохоор М-Си-Эс-тээ ажиллах нь надад сайхан санагддаг.
-Үлгэрлэн дуурайдаг хүн тань мэдээж Ж.Оджаргал захирал байх. Түүний ямар чанар таны байр суурь, үзэл бодол, бизнесийг авч явах арга барилд нөлөөлсөн бэ?
Аливаа асуудал, шийдлийн голыг нь олоод харчихдаг чанар Ж.Оджаргал захиралд байдаг. Жишээ нь, манайхан ярьдаг л даа. Ажлаа танилцуулж байхдаа “Энийг л битгий асуучихаасай” гэсэн зүйлийг хэдийнэ олоод харчихсан, тэр талаар тодруулаад асуудаг гэдэг. Юмыг том зургаар нь, голыг нь олж хардаг энэхүү мөн чанараас нь бид суралцсаар л байгаа. Дээр нь түүний хүмүүстэй хүндэтгэж харилцаж байгаа, энгийн байгаа, даруухан байгаа байдал нь олон хүнд үлгэр дуурайлал болж байдаг. Гол захирал нь тийм байхаар дараа, дараагийн захирлууд үлгэр жишээ авдаг байх жишээтэй. Айл өрхийн дотоод уур амьсгал ааваас ихээхэн шалтгаалдаг шиг тухайн компани, хамт олны уур амьсгал, соёл нэгдүгээр хүнээсээ ихээхэн хамаардаг юм болов уу гэж би боддог юм.
Яг зөв үед зөв байдлаар асуудалд оролцдог байх нь хамгийн зөв зам юм аа гэдгийг тус хичээл онцолдог. Би ийм байхыг л хичээдэг дээ. Заримдаа чаддаг, заримдаа чаддаггүй.
-Компанийн удирдлагуудын жишээнээс харахад нэг хэсэг нь асуудал болгонд нэвтэрч ажилладаг байхад нөгөө хэсэг нь менежерүүдээрээ дамжуулж ажлаа явуулахыг илүү үздэг. Харин дээрх хоёрыг балансалж чадаж байгаа жишээ цөөн байх шиг. Компанийг удирах таны арга барил энэ гурвын алинд нь илүү хамаарах бол?
Энэ талаар манай компани менежерүүддээ тусгайлан хичээл заадаг. Кен Бланшардын “Нөхцөл байдлын манлайлал” гэдэг хичээл. Ямар үед нь асуудалд оролцох вэ, оролцохгүй вэ гэдгийг тус хичээлээс сурч авдаг л даа. Хэрэв хүмүүс таныг “Бүх ажилд гүнзгий сайн оролцдог менежер дээ” гэж байгаа бол аль, аль нь магтсан хэрэг биш. Яг зөв үед зөв байдлаар асуудалд оролцдог байх нь хамгийн зөв зам юм аа гэдгийг тус хичээл онцолдог. Би ийм байхыг л хичээдэг дээ. Заримдаа чаддаг, заримдаа чаддаггүй.
-М-Си-Эс тэргүүтэй манай том компаниуд хүний нөөц, менежментийн чиглэлд өндөр түвшинд нэгэнт гарчээ. Улсынхаа хэмжээнд хараад үзвэл хүсч зориод байгаа олон улсын түвшин рүүгээ бид хэр ойртож байна вэ?
Ойртож байгаа гэж боддог шүү. Одоогийн залуучууд үнэхээр өөр болсон байна. Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, орчин үеийн шинэ техник, технологуудыг ойлгож мэдэж байгаа нь манайд ажиллахаар ирж байгаа залуусаас харагддаг. Өмнөх үеийнхнээс өөрөөр бодож сэтгэж, аливаад хандах хандлага нь өөр байна. Нэг ёсондоо цоо шинэ хүмүүс бий болжээ. Харин асуудал юунд байна вэ гэхээр эдгээр шинэ сэтгэлгээ, шинэ хандлагатай шинэ хүмүүсийг өмнөх үеийн бид нар яаж зөв сайн ажиллуулж, амжилт гаргахад нь хэрхэн туслах вэ гэдэг л байна. Тиймээс энэ талаар нэлээд бодууштай, аргыг нь олууштай юм болов уу гэж боддог.
“МОНГОЛ ЗАЛУУЧУУДААРАА БАХАРХДАГ”
-Залуучууд гэснээс залуучууд тантай уулзах дуртай байдаг юм билээ. Ялангуяа бизнес, эдийн засгийн чиглэлийнхэн. Тэдэнтэй уулзах зав хэр гарч байна. Уулзахаараа ямар зөвлөгөөг танаас илүүтэй хүсч байна?
Боломж гаргаад залуучуудтай уулзахыг хичээдэг. Залуустай уулзахаараа “Яаж илүү амжилттай байх вэ”, “Амжилтын ямар боломжууд байна вэ” гэх зэрэг сэдвээр ярилцдаг л даа. Ярилцах үеэрээ нэг зүйлийг зөвлөж, ойлгуулахыг хичээдэг. Бидний үеийнхэн бол ажлын төлөө төрчихсөн мэт зай завсаргүй л ажилладаг хүмүүжилтэй байдаг бол залуучууд арай өөр арга барилтай юм байна. Ажиллахын зэрэгцээ амрах, чөлөөт цаг гаргах дуртай байдаг гэх юм уу даа. Хэдийгээр энэ нь чухал ч гэлээ “Эрч хүчтэй, залуу насан дээрээ аль болох их ажиллаж, олон зүйлийг сурч, өргөн туршлага хуримтлуулж ажилдаа илүү үр дүн гаргаарай. Тэгж байж дараа, дараагийн шатанд эрт гарах боломжоо нээнэ шүү” гэж зөвлөдөг. Сурах, туршлагажих, ажилдаа үр дүн гаргах боломжоо хойшлуулаад байхаар хүрч болох амжилтаа тэд давхар хойшлуулаад байгаа юм шиг санагддаг. Үүнтэй холбоотой нэг түүх ярья. Хэдэн жилийн өмнө Ньюком группын Ц.Болдбаатар гуай дэлхийн хүнсний хамгийн том компани болох Нестле-гийн ТУЗ-ийн дарга
Питер Брабек-Летмат гуайг Монголд урьж авчирч, бизнесийнхэнтэй уулзуулсан юм. Тэрбээр хэлэхдээ “Би Нестле компанид ажилд ороод хамгийн анхан шатнаас нь эхэлсэн. Ажлаа сайн хийх гэж хэрэндээ хичээдэг байлаа. Гэтэл нэг өдөр намайг дараагийн шатанд томилсон. Би бусдаас толгой илүү байгаагүй. Маш их хичээж ажилладаг байсан болохоор бусдаасаа арай л илүү үр дүн гаргаж байсан байх. Дараагийн шат маань надад илүү их зүйлийг сурах, хөгжих боломж нээсэн.
Энэ мэтчилэн ажиллаж байсан шат болгондоо ижил түвшний бусад хүмүүсээсээ арай илүү байж дэвшсээр нэг өдөр компанийнхаа захирал болсон” гэж ярьсан нь их сонирхолтой, сургамжтай санагдсан. Түүний ярьсан энэ жишээг би залуучуудад ярьж өгдөг. Том компаниудын ажилтнаа дэвшүүлдэг гол систем бол дараагийн шатны ажлыг хийх ур чадвар нь арай илүү дөхсөн, бусдаасаа арай илүү ажиллаж байгааг нь л дараагийн шатанд томилдог. Амьдрал дээр гоц авьяастай хүмүүс ховор. Дийлэнх олонхи нь ойролцоо потенциалтай хүмүүс л байгаа шүү дээ. Тэдэн дотроос тодорч гарах хамгийн энгийн бөгөөд зөв арга бол хичээх, хариуцсан ажлаа сэтгэлээсээ хийх. Стив Жобс нэгэн лекцэн дээрээ Connecting the dots буюу “Холбогдсон цэгүүд”-ийн тухай ярьсан байдаг. Өмнөх ажил дээрээ сурч мэдсэнээ ашиглаад дараагийн ажил дээрээ амжилт гаргаад явсан карьер хамгийн амжилттай байдаг юм байна гэж боддог.
Менежерийн ажлыг бид хоёр үндсэн хэсэгт томьёолдог. Нэгд, build the business буюу бизнесийн үр дүнг гаргах. Хоёрт, build the organization буюу байгууллагыг хөгжүүлэх.
-Таны намтар түүх Стив Жобсын хэлсэн онолоор явсан юм шиг санагдаад явчихлаа шүү. Эхлээд багш байсан, дараа нь Procter & Gamble-д орсон, тэнд ороход багшийн туршлага тань хэрэг болсон. Procter & Gamble-оос олсон туршлага тань М-Си-Эс-т ажиллахад нөлөөлсөн гэх зэргээр?
Энэ талаар бодож байгаагүй юм байна. Гэхдээ магадгүй байх. Манай М-Си-Эс-т бол Нестле-гийн захирал шиг ажилдаа хичээж, “Холбогдсон цэгүүд”-ээр карьераа зурж буй олон сайн захирал, менежер, ажилтнууд бий. Тэдний намтар түүх бол дараагийн залуучуудад үнэхээр том үлгэр жишээ болохоор шүү.
-Гэхдээ манайд чинь Монгол арга барил байдаг шүү дээ. Дунд шатны удирдлага нь доод шатны чадварлаг ажилтнаа шахдаг, гадуурхдаг. Ийм түүхийг сэтгүүлч бид нар бишгүй л сонсдог. Энэ байдал танай компанид бол үгүй болсон байх нь ээ?
Тиймээс таны хэлсэн шиг нөхцөл байдал засагдсан байх. Одоо Монголын компаниудын хүний нөөцийн гол бодлого хаашаа чиглэж байна гэхээр тухайн менежер нь ажилтнаа, баг хамт олноо хэр сайн бэлдэж байна тэр хэмжээгээр компанидаа үнэлэгдэж, өөрөө цаашаа явах, дэвших боломжийг нээж байгаа явдал. Өөрөөр хэлбэл, хүмүүсээ сайн сургаад, орныхоо хүнийг бэлдсэн бол тэр менежер дараагийн шатанд дэвших нэг үндсэн нөхцөлөө биелүүллээ л гэсэн үг. Менежер хүний хийх ажлыг бид хоёр үндсэн хэсэгт томьёолдог. Нэгд, Build the business буюу бизнесийн үр дүнг гаргах. Хоёрт, Build the organization буюу байгууллагыг хөгжүүлэх. Эхнийх нь байгууллагын өнөөдрийн ажлын хэмжүүр бол удаахи нь урт хугацааны тогтвортой амжилтын үндэс юм. Энэ мэтчилэн бид төрөл бүрийн сургалт хийдэг л дээ. Жингийн туухай дээр тавьж байгаад л энэ хоёр үүрэг бол эн тэнцүү чухал гээд л ярилцана даа (инээв).
-Бусад компаниуд М-Си-Эс-ийн амжилтын талаар мэдээж шимтэн сонирхож байгаа. Нэг ёсондоо та бүхэн бусдад үлгэрлэл дуурайлал болж байдаг. Тиймээс ажилтан, менежерүүдийнхээ бүтээсэн онцгой төсөл, ажлуудаас өгүүлвэл сонирхолтой байх болов уу?
Улс орондоо хамгийн их хэрэгтэй нэгэн хөрөнгө оруулалтыг Монголын компаниуд хийсээр ирсэн, хийсээр ч байгааг онцлон хэлэхийг хүсч байна. Тэр бол монгол хүмүүсийг хөгжүүлж буй явдал. Мэдлэгтэй, чадвартай, зөв хандлагатай, ёс зүйтэй, ажлын дөртэй, орчин үеийн хөдөлмөрийн харилцаанд оролцож сурсан хүмүүсийг олон арван мянгаар нь Монголын компаниуд бэлтгэж байна. Компаниуд хэлдэг шүү дээ. Улсад ийм ийм татвар төлж, бүтээн байгуулалтыг хийж, ажлын байруудыг бий болгож байна аа гэж. Энэ нь мэдээж үнэн, сайн, улс оронд хэрэгтэй. Гэвч Монголын залуучуудыг зөв төлөвшүүлж, чадавхижуулж байгаа нэг том хөрөнгө оруулалт нь дурдагдахгүй өнгөрөөд байдаг. Үүнийг илтгэх олон, олон жишээ бий. Тухайлбал, манай М-Си-Эс Проперти, М-Си-Эс Интернэшнлийн залуучууд Оюутолгой төсөлд 1.3 км-ийн гүнд инженерингийн байгууламж, дэд бүтцүүдийг бүтээн байгуулж байна, гэрэл цахилгаанаас авахуулаад офис, хүнд механизмын засварын цехийг хүртэл газрын гүнд байгуулж байна. Газар доорх хот л гэсэн үг. Инженерингийн ийм нарийн түвэгтэй том бүтээн байгуулалтыг хийж чадах компани дэлхий дээр цөөн байдаг гэсэн.
Би өнгөрсөн зун тийшээ очиж үзсэн. Орж үзээд залуучуудаараа бахархах, бас хайрлах мэдрэмж төрсөн. Үнэхээр мундаг зүйлийг тэд нар маань маш амаргүй хүнд нөхцөлд хийж чадаж байна. Метро барих бол манай залуучуудын хувьд асуудал биш юм байна гэж бодогдсон. Энэ бол нэг том төслийн нэг л хэсэг. Гэтэл Оюутолгой төсөлд дээр 15 мянган монгол залуучууд ажиллаж, амьдрал ахуйгаа өөд нь татахаас гадна олон улсын түвшинд сурч, чадваржиж, туршлагажиж, цагийг яс баримталж, дүрэм журмыг яс мөрдөж, ёс зүйтэй байж, зөв төлөвшиж байна. Улс орнуудын хөгжил дэвшил ямар хүмүүстэйгээсээ шууд хамаардаг. Хэрвээ Монголд 10 Оюутолгой төсөл хэрэгжиж байсан бол бид маш богино хугацаанд дэлхийн өндөр хөгжилтэй орны нэг болох боломж нээгдэх юм байна даа гэж бодогдсон. “Өөр улс оронд дахиад гүний уурхай байгуулахаар болвол танай компанийг, залуучуудыг дагуулаад явна шүү” гэж төслийг бүхэлд нь хариуцан удирдаж буй олон улсын инженеринг компанийн удирдлага хэлж байна лээ.
-Манайхан эх орондоо байхдаа цээжээ дэлсээд, залхуу хойрго байдаг хэрнээ Солонгост очоод хараар ажиллахаараа хамгийн сайн ажилтан нь болчихдог. Гэтэл бид нар Монголдоо хөгжиж болдог жишээг та өгүүллээ. Ингэж залуучуудаа нэг бодлого дор нэгтгэж, нэг зорилгын төлөө урагшлуулж чадаж байгаагийн нууц нь юунд байна вэ?
Хүмүүсийг тэгж ажиллуулж, хөгжүүлж, урам зоригжуулж чаддаг тогтолцоонууд байна гэсэн үг шүү дээ. Оюутолгой, М-Си-Эс, Таванбогд, Шунхлай, Петровис гээд бүгдээрээ өөрийн гэсэн системийг бий болгосон байна. Тэр систем рүү яваад орохоороо тухайн хүн таарч тохироод, сайн ажиллаад явчихдаг юм байна л даа. Цаг хугацааны явцад тэр нь дадал, хэвшил болж төлөвшдөг байх жишээтэй. Олон сайн компани байх тусмаа олон мянган хүний хөгжилд асар том хөрөнгө оруулалт хийдэг юм байна.
-Шинээр ажилд орж байгаа ажилтан компанийн соёлыг дагаж төлөвшдөг ч нөгөө талаараа хайрцаглагдах аяс ажиглагддаг. Хэт хайрцаглагдснаас үүдэн тухайн ажилтан оюун санааны хувьд баригдмал болчихдог ч юм уу. Ийм байдлаас М-Си-Эс компани яаж зайлсхийж чаддаг вэ?
Санаа бодол, байр суурийг аль болох чөлөөтэй байлгахыг эрмэлздэг. Өнгөрсөн оны удирдах ажилтны зөвлөгөөн дээр Ж.Оджаргал захирал энэ талаар хэлсэн. Манай нэг залуу “Ямар хүнийг сайн ажилтан гэж та үнэлэх вэ” гэж асуухад Ж.Оджаргал захирал “Өөрийн санаа бодолтой. Удирдлагад таалагдах, таалагдахгүйгээс үл хамааран тэрхүү санаа бодлоо илэрхийлж хэлж чаддаг ажилтанг үнэлдэг” гэж хариулсан. Тиймээс компанийн соёл нь ажилтныг хайрцаглаад байх бус өөрөө хувьсаж, өөрчлөгдөж байх нь чухал. Мэдээж, бусадтайгаа нийцтэй байх, үнэнч шударга, ёс зүйтэй байх, хуулийг дагаж мөрдөх гэх мэт үндсэн тулгуур зарчмууд байдгаараа байна.
-Ажлынхаа хажуугаар цаг зав гаргаж сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа. Төгсгөлийн асуултаа арай өөр өнцгөөс тавья гэж бодлоо. Хэрэв та сэтгүүлч байсан бол дараагийн зочноороо хэнийг урих байсан бол?
Бизнес хийж байгаа залуучуудад, олон хүнд хэрэгтэй их олон зүйлийг ярих хүн бол “Жавзандамба хутагт” төвийн багш Д.Нямсамбуу гэж боддог. Энэтхэгт арав гаруй жил Буддын гүн ухаан үзэж, дараа нь Англид шашин судлалаар сурсан өндөр боловсролтой хүн юм билээ. Найзуудтайгаа хамт түүний лекцэнд хоёр ч удаа сууж байсан. Нийгмээ ёс суртахуунтай болгох талаар их сонирхолтой зүйлүүд ярьж байсан. Би шашин шүтлэгийн хувьд маруухан, прагматик талдаа хүн л дээ. Гэхдээ нийгмээ, хүмүүсээ илүү ёс зүйтэй, зөв сэтгэлтэй болгоход Д.Нямсамбуу багшийн ёс суртахуунтай холбоотой сэдвүүд нь хэрэг болох болов уу гэж боддог учраас би түүнтэй л уулзаж ярилцах байсан байх.
Энэ хүнээс суралцах зүйл их байна. Олон нийтэд лекц яриа хийдэг бол уу.
Tun saihan yariltslaga bolson bn. Setguulchiin asuultuud mash tsegtstei, onovchtoi. Yariltslagiin aguulga ch bs mash unshuurtai sxan boljee… Iim goy yariltslagiig unshaagui ih udsan baina. Endees suraltsah, amidraldaa heregjuuleh mash olon sxan sanaanuudiig olj avlaa.. bayrlalaa.. Amjilt husey
Олон жилийн өмнө монгол компаниуд бүгд л танил талаа ажилд авдаг үед энэ компанийг огт танихгүй ч чадалтай мэдлэгтэй хүнийг ажилд авдаг гэж сонсоод их гайхаж байж билээ. Зөв соёл бүрдсэн компани томрох нь тодорхой байдаг юм бна.
Би бас тэр Нямсамбуу гавжийн хичээлүүдийг youtube-ээс үзээд сэтгэл санаа хүртэл сэргээд их аятайхан байгаа