Бизнесээ эхэлж байгаа хүмүүс гараан дээрээ алдаа гаргаснаас үүдэн том эрсдэл, цаашлаад дампуурахдаа тулах нь олонтаа. Мэдээж цагийн эрхээр, амьдралын туршлагаар олон талын мэдлэг, арга барилыг хуримтлуулдаг ч гэлээ тэр цагийг таны компани хүлээж тэсэх үү гэдгийг бодох хэрэгтэй. Асуудлыг шийдэх хамгийн зөв гарц бол голын эхэнд бүгдийг тооцох явдал юм. Үүнд нэмэр болох үүднээс судалгаанд олонтаа тусгагддаг, зөвлөхүүдийн дандаа анхааруулдаг өгөөжтэй зөвлөгөөнөөс шигшин хүргэж байна.
Хамгийн үнэ цэнтэй нь хүмүүс. Бизнест ганцаараа зүтгэн амжилтад хүргэнэ гэдэг бол зүгээр л нойрон дунд орж ирсэн зүүд юм. Тиймээс ачааллаас тань хуваалцчих хэмжээний хүмүүсийг хайж олох хэрэгтэй. Тэгэхдээ зөвхөн чадвартайг нь. Тийм хүмүүс л захирал таны өмнө өргөн уудам боломж, амьсгаа авах маш том орон зайг олгож байдаг. Чадвар дотор гарын дүйгээс гадна мэдрэмж, сэтгэхүй, хүн чанар, сэтгэл гэх мэт олон ухагдахуун хамаарна гэдгийг ойлгоорой. Бизнес гэдэг ойлголт бий болсон цагаас хойш ёс мэт батлагдсаар байгаа энэхүү онолыг та ойлгосон л бол буруу хүмүүсийн эрлээ яг одоо зогсоо.
Азгүйтэл тохиолдох нь гарцаагүй зүйл. Та ямар ч ухаантай, чадвартай байлаа азгүйтэх гэдэг нөхцөл байдал гараанаасаа гарсан бизнес бүрт тохиодог юм шүү. Том агуулгаараа бизнес тань гайгүй сайн явж байлаа ч тодорхой стратеги, компанит ажил дээр алдагдал хүлээж байдаг. Тиймээс гаргасан алдаа, буруу шийдвэрээ дараагийн шатанд гарах гарц хэмээн сэтгэл зүйгээ ирлэх хэрэгтэй. Ингэж ирлэхгүй байснаас болж л алдагдал, алдаанууддаа дарагдсаар эцэст төгсгөлд нь сөхрөөд унадаг байна.
Цаг хугацаа бол хамгийн үнэтэй капитал. “Цаг хугацаа бол мөнгө” гэсэн тодорхойлолт үүнийг илтгэх буй за. Тухайлбал, ажлаа хэр хурдан эхлүүлнэ тийм хурдаар та ашиг хүртэх боломжоо нэмэгдүүлнэ. Илүү дэлгэрэнгүй хэлвээс, хоногийн 24 цагийг хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлж байгаагаараа цаг хугацааг тодорхойлж байх аваас та туулж болзошгүй саад бартаагаа тэр хэмжээгээр цөөрүүлж байна гэсэн үг.
Онож хэлсэн ганцхан үгээр бүх асуудлыг шийдэж болно. Үгийн хүчийг үнэлэхгүй байж болохгүй шүү. Харилцаанаас харилцаа үүсдэг гэдэг биз дээ. Та ярдаглавал нөгөө хүн чинь зөрүүлээд агсардаг даа. Тиймээс уурлахыг урьтахаасаа өмнө үгийн баялгаа ашиглан нөгөө хүнд асуудлыг тодорхой тайлбарлаж байх хэрэгтэй. Онож хэлсэн ганцхан өгүүлбэр хүнийг босгож ирдэгтэй адилхан нүдээ олсон ширхэг үг бизнесийг тань өндийлгөөд ирдгийг заавал мэдэж байх хэрэгтэй. Тэгэхээр харилцах урлагт гаргуун сайн суралцах хэрэгтэй байх нь.
Төгс байдал бол өсөлтийн дайсан. Бизнес гэрлийн хурдаар хөгждөг эрин үед бид амьдарч байна. Төсөл маань түүхий байна хэмээн ажлаа хойш тавиад байх аваас бизнесээ унагааж байна гэсэн үг. Амжилтад ямар хүн хүрдэг гээч. Хамгийн хурдан, хамгийн уян хатан нь. Мэдээж эхний оролдлогоор бүх зүйл төгч байхгүй учир алтан дунджийг олж сурах хэрэгтэй. Бэлэн биш байлаа ч зөв цагтаа эхлүүлсэн ажил түүртэлгүйгээр анхны амжилтдаа хүрсэн түүх мянга, мянгаараа бий. Ажлаа эхлүүлсэн цагт уян хатан чанараа харуулаад эхэлвэл ч нэгийг дуулгах вий.
Санал шийдэл бүр практикч байх ёстой. Гаргасан шинэ санаа, шинэлэг шийдлүүд бүгдээрээ өвөрмөц, анхаарал татахуйц байж болно. Гэвч түүний үнэ цэн нь амьдралд хэрхэн бууж байгаагаар л хэмжигддэг. Жишээ нь, тасархай хийцтэй видео контент хийх санаа танд төрлөө. Гэтэл түүнийг хийх хөрөнгө мөнгөний бололцоо, техникийн шийдэл байхгүй бол түүнээс татгалзах л хэрэгтэй. Хамгийн шилдэг санааг авдрандаа хийгээд түгжчих нь илүү үнэ цэнийг хуримтлуулдаг юм шүү.
Суралцах боломжийг бүү алд. Та агуу их мэдлэгтэй байлаа ч суралцах хэрэгцээ хэзээд гарч байдаг. Гэхдээ үүний тулд ажлаа хаян алга бол гэсэн үг биш юм. Хийж байгаа ажлаасаа суралц, бусдын үйлдэж байгаа алдаанаас сур. Хүн гэдэг амьтан бусдын алдааг л түрүүлж хардаг шүү дээ. Тэгвэл үүний оронд оноог нь, давуу талыг нь мэдэрч бай. Тэр мэдрэмж тань нэг л мэдэхэд таны толгойд мэдлэг болон хөгжсөн байна. Гагцхүү ингэж чадаагүйгээс болж олон бизнесмэн бусдын гаргасан буруу замаар замнаж, гаргасан алдааг нь давтсаар байдаг.