The Economist-ын”Дэлхий 2019″ сэтгүүлээс хүргэж байна.
Спортын бараа үйлдвэрлэгч Nike компани 2018 оны намар маркетингийн кампанит ажилдаа нүүр царай болох хүнийг хайхдаа эрсдэлгүй сонголт хийж болох байсан. Үүний оронд тус компани Америкт хамгийн их хэл ам дагуулсан тамирчин буюу төрийн дуулал явж байхад арьс өнгөөр ялгаварлах үзэл, цагдаагийн харгислалыг эсэргүүцэн өвдөг сөхрөн суусан, спортын багийн арын хамгаалагч Колин Кэперникийг сонгосон. NFL (америк хөлбөмбөгийн үндэсний лиг) түүнээс зай барьж, ерөнхийлөгч Дональд Трамп түүнийг буруушааж байв. Тус компанийн шийдвэрт хүмүүс тэр даруй хариу үйлдэл үзүүлж, Трампыг дэмжигчид Nike пүүзээ шатааж, олон нийтийн сүлжээнд бичлэг байршуулсан. Гэвч хэдхэн долоо хоногийн дотор Nike компанийн онлайн борлуулалт цойлж, хувьцааны ханш нь тухайн жилийнхээ оргилд хүрсэн юм. Зөрчилт байдал нь тус брэндийг мөнгө зарцуулалгүй олон нийтийн анхааралд хүрэхэд тусалсан.
Nike-ийн хэрэглэгчдийн гуравны хоёр нь 35-аас доош насныхан бөгөөд залуу худалдан авагчид (сурталчилгаа тэдэнд чиглэсэн) Кэперниктэй холбоотой буйдаа тун эерэг хандаж байв. Либераль үйл хэрэгтэй холбогдох компаниудын хүслийг илэрхийлсэн “Капитализмын сэрэлт” гэгдэх зүйлийн жишээ нь Nike-ийн шийдвэр болсон. Энэ чиг хандлага 2019 онд улам газар авах болно. Өмнө нь ихэнх компаниуд зарим хэрэглэгчээ гомдоохоос эмээж улс төржсөн байр суурь харуулахгүй байхыг хичээдэг байсан.
Үүнийг алдарт тамирчин Майкл Жордан “Бүгд Найрамдахчууд ч пүүз авдаг” гэж илэрхийлсэнн удаатай. Тэгвэл өнөө үед бүтээгдэхүүнээ гадаадад үйлдвэрлэж, өөрийнх нь мөрийн хөтөлбөрийг дэмждэггүй гэж ноён Трампад шүүмжлүүлж байлаа ч компаниуд улс төрд оролцохоос бултах боломжгүй болжээ. Парламентууд технологийн компанийн захирлуудыг янз бүрийн хорооны өмнө дуудан авчирч, үзэн ядсан бичлэг, алан хядагчдын холбоо сүлбээ, хүүхдийн хүчирхийллийг зогсоож чадахгүй байна гэж загнаж байна. Олон нийтийн сүлжээ хөгжсөн өнөө үед хэдхэн цагийн дотор ноцтой асуудал дэгдэх боломжтой болсон.
Компаниуд даруй хариу өгөх ёстой том асуудлууд гарч ирсээр байх болно. 2018 онд Флорида мужийн Паркланд хотын сургуульд хүмүүсийг буудсан хэрэг гарч, түүний дараа Delta болон United Airlines компаниуд Буу Эзэмшигчдийн Үндэсний Холбооны гишүүдэд хөнгөлөлт үзүүлэхээ больсон. Nike-ийн нэгэн адил барууны чиг баримжаатай хүмүүс эсэргүүцэл үзүүлсэн ч тус компаниуд шийдвэртээ бат зогссон. Delta компанийн төв байрладаг Жоржиа мужид тус компанийн татварын хөнгөлөлтийг цуцлах санал гарсан ч дэмжигдээгүй.
Компанудын хувьд “Капитализмын сэрэлт” нь “үнэн худлын сөөм зөрүү” юм. Хэрэглэгчид ньхүн амзүйн тохирох бүлэгт харьяалагддаг, мөн улс төрийн эсэргүүцэлтэй тулгарахад бэлэн гэдэгт компаниуд итгэлтэй байх ёстой. Муж улсаа үл тоомсорлож болох ч Холбооны засгийн газар эсвэл Европын Холбоо нь өөр асуудал юм. Умард Каролина муж компаниудын эсэргүүцлийн улмаас хүйсээ солиулсан хүмүүст зориулсан угаалгын газрыг хориглосон шийдвэрээ өөрчилсөн. Гэвч Target компани ийм газруудыг илэрхий дэмжсэнээр борлуулалт нь буурч байв. Америк болон бусад орнуудын хооронд худалдааны маргаан өрнөж, Брексит дараагийн шатандаа орох учир компаниуд 2019 онд улс төрийн зөрчилдөөнт нөхцөл байдалтай их тулгарна. Дэлхийг хамарсан нийлүүлэлтийн сүлжээ бий болсон учир үндэстэн дамнасан компаниуд хил хязгаарын асуудалтай их тулгарна.
Тэд үйлдвэрлэлээ дотооддоо хийвэл зардал нь нэмэгдэж, үүнийгээ зоригтой илэрхийлэх хэрэгтэй болно. Дэлхийн хамгийн том эдийн засагтай Америк эсвэл нийлүүлэлтийн сүлжээнийх нь гол хэсэг болох Хятадын аль нэгийг сонгоход хүрвэл баярлах компани тийм ч олон биш болов уу. Сүүлийн үед Европт популист намууд ялсан нь улс хоорондын зөрчилдөөнийг эрчимжүүлэх магадлалтай. Ажилтнууд дутагдсанаас компаниуд цагаачдад нээлттэй хандах кампанит ажил өрнүүлж магадгүй ч ажлын байраа хамгаалах хүсэлтэй улс төрчдийнхөө уурыг хүргэх эрсдэлтэй. АНУ-ын Дээд Шүүхэд хуучинсаг үзэлтэй хүн сонгогдож магадгүй байгаа нь үр хөндөлт, ижил хүйстний гэрлэлт зэрэг асуудлыг эргэн харахад хүргэх магадлалтай. Нэг улсад сайн хэрэгжсэн аль нэг компанийн улс төрийн кампанит ажил өөр улсад огт хэрэгжихгүй байж болно. Компанийн захирлууд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч мэтгэлцээндээ бэлдэж байгаа мэт улс төрийн мэдээлэл сайтай байх хэрэгтэй.
АНУ-ын шинэ компаниуд буруутай тухай олон нийтийн хэлэлцүүлэг тэдэнд илүү аймшигтай байх болно. Эрс шинэчлэх маягийн санаанууд ч хөөсрөн хөврөх болно. Жишээлбэл, Ардчилсан Намаас Массачусеттс мужид дэвшиж, сонгогдсон сенатч Элизабет Уоррен бүх компанийн захирлуудын зөвлөлийн гишүүдийн дор хаяж 40% нь ажилтнуудын төлөөлөл байх ёстой гэсэн санал дэвшүүлсэн. Зүүний популист савлагчид татварыг буцааж нэмэх эсвэл монополийн эсрэг хатуу бодлого хэрэгжүүлж болох юм. Түүхийг эргэн харвал эдийн засгийн ийм орчлын үед олон захирал өөрсдөдөө өндөр цалин бодож, эд баялгийн хойноос хөөцөлддөг. Мэдрэмжтэй удирдагч 2019 онд нөөц төлөвлөгөөтэй байвал зохино.
Шуургатай үед цайз мэт тайлантай байх нь хамгийн сайн хамгаалалт болно. Харамсалтай нь S&P 500 компанийн дөрөвний нэг хувь нь хэт их зээлтэй буюу үйл ажиллагааны нийт ашгаасаа гурав дахин их өртэй байна. Kraft Foods, Hilton зэрэг том компаниуд ч тэдэн дунд байгаа. Дэлхийн хамгийн шилдэг нь болчихоод үргэлж оргилд байна гэж бодох шиг том алдаа байхгүй.
#Дэлхий2020 тун удахгүй