“Сондгой 9” булангийн маань энэ удаагийн зочноор Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн УЗ-ийн дарга П.Цагаан оролцож байна. Тэрбээр 1996-1998 онд Монгол Улсын Сангийн сайдаар ажиллаж байв.
1. Ажилд тань хамгийн их тусалдаг гурван зуршил юу вэ?
Үнэнээрээ явах л чухал санагддаг. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг дээ. Багаас маань аав ээжийн захиж ирсэн сургаалиуд их үнэ цэнтэй байдаг. Намайг улс төрд ороход олон хүн чулуу шиднэ, хол явж байгаа хүн ойрын бэрхшээлд сатаарч болохгүй гэж зөвлөж байсан. Б.Чимид багш маань “Хүмүүс ажлаа хийнэ гэж их ярьдаг. Чи хийчихээд түүнийгээ ярьж бай” гэж захьдаг байж билээ.
2. Та ямар хоббитой вэ?
Ууланд явна. Монголын түүхийн газрын зураг цуглуулах бас хоббитой. Монголын түүхийг харахаар яаж газар нутаг нь өөрчлөгдөж байсныг л харахад маш их сонирхолтой үйл явц харагддаг.
3. Өөрийнхөө 25 настайдаа очвол юу гэж зөвлөх байсан бэ?
Ардын зүйр цэцэн үгэнд ерөөсөө буруу зүйл байхгүй. Үүх түүхээ сайн судал. Монголын түүхийг судалж явахад эмгэнэлтэй, бахархалтай олон зүйлийг мэдэж авдаг. Амьдралд олон бэрхшээл тулгарахад өвөг дээдсийнхээ туулсан бэрхшээлийг мэдэж байх нь тустай. Ахмад эсвэл залуу хүмүүстэй нөхөрлө. Байнга унш. Ядаж л сард нэг ном унших хэвшилтэй болох хэрэгтэй. Түүхээ сайн унш л гэж зөвлөнө дөө.
4. Амьдралдаа ямар алдаа гаргаж байсан бэ?
Хийсэн ажлаа хүмүүст ойлгуулах, намайг муулж байхад нь хариу тайлбар хэлэхгүй явсан маань буруу байсан. Намайг сангийн сайд байх үед хэвлэлээр худлаа цуурхал явж байхад тоохгүй явсаар дараа нь гаднын хүний бичсэн номон дээрээс өөрийгөө уншиж байлаа. Сангийн сайд байх үед их хурлын нэг гишүүний ярьсан цуурхлыг тоохгүй өнгөрөхөд тэр хүний номон дээр тухайн засгийн газар огцроход сангийн сайд шударга байгаагүй мэтээр бичсэн байсан. Сангийн сайдын ажлаа Б.Батбаяр (Баабар) хүлээлгэж өгч байхад тэр цуурхлыг худал байсныг Баабар мэдэж авч байлаа.
5.Та өглөө босоод ажилдаа явтлаа юу хийдэг вэ?
Би нэлээн оройтож унтдаг юм аа. Өглөө босоод цайгаа уугаад л ажилдаа явна даа.
6. Таны амьдралдаа авч байсан хамгийн үнэтэй зөвлөгөө?
Эрүүл байх хэрэгтэй. Өвдөж зовоход чиний хажууд байх хүн хань чинь л байдаг. Гэр бүлийнхэн чинь ирж тусална, гэхдээ яг хэцүү үед чинь чиний эхнэр л байна шүү дээ. Тиймээс амьдралынхаа ханиа хайрлах хэрэгтэй.
7. Ажлын тань хамгийн сонирхолтой хэсэг юу вэ?
Шинэ зүйл хийх л сонирхолтой. Манай ажилтнууд бүгд давуу эрхийн хувьцаатай, бид нараас илүү их ашиг авч байгаа. Энэ бол иргэний капитализмын жижиг оч шүү дээ.
8. Та одоо юунд суралцахыг хүсч байна вэ?
Би шинэ зүйл рүү үргэлж тэмүүлдэг. Одоо шинэ хэл суръя л гэж бодоод байна. Жишээ нь бизнес хийхэд цэнхэр далайн стратеги хэрэглэж бусдаас ялгаатай, шинэлэг зүйл хийх нь чухал. Бизнесийн талаарх олон ном уншсан. Номон дотор маш их зүйл бий.