1871 оны Чикаго хотын их түймэрт байшин нь өртөж шатсаны дараа Кинг Жиллетт амь зогоохын тулд доншуур наймаачин болжээ. Тэрбээр олон хотоор хэсэж явахдаа төмөр бөглөөг анх зохион бүтээсэн Уильям Пэйнтертэй танилцаж, бизнесийн нэгэн чухал зөвлөгөө авсан байна. Худалдан авагч ахин дахин авахуйц бүтээгдэхүүн хийх нь амжилттай бизнестэй болохын үндэс гэж У.Пэйнтер түүнд зөвлөсөн аж. Эл зөвлөгөөний дагуу олон жилийн турш “нээлт” хийхээр эрмэлзэж явсан К.Жиллеттэд 1895 оны зуны нэгэн өглөө аз тохиожээ. Тэрбээр сахлаа хусаж байхдаа сахлын хутганых нь ир муудсаныг анзаарсан агаад чухам энэ мөчид цоо шинэ “бүтээлийн”санаа толгойд нь орж ирсэн байна. Тэр бол нэг удаагийн сахлын хутга. Тухайн үед “Star” компани үүнтэй төстэй сахлын хутга үйлдвэрлэж байсан ч хэрэглэхийн өмнө заавал ирлэдэг сул талтай байв. Харин К.Жиллетт нь хямдхан, хоёр талдаа иртэй, ир нь муудсаны дараа ишнээс нь аваад шинээр сольж болдог “бүтээгдэхүүн”-ийг толгойдоо ургуулсан байлаа.
К.Жиллетт удаах зургаан жилийг санаагаа бодит хэрэг болгоход зориулжээ. Эрдэмтэд, зохион бүтээгчид түүний санааг хэзээ ч бүтэшгүй зүйл хэмээн үл ойшоов. Энэ үед 40 нас хүрч, амжилттай бизнесмэн, зохион бүтээгч, зохиолч болоод байсан К.Жиллетт бууж өгсөнгүй. Тэрбээр Массачусеттсийн технологийн их сургуулийн төгсөгч, машинист Уильям Никерсонтой 1901 онд хамтарсан нь амжилтын эхлэл боллоо. У.Никерсон сахлын хутга үйлдвэрлэх дараалал, тоног төхөөрөмжийн санааг гаргасан бол К.Жиллетт харин үйлдвэрлэлээ эхлэхэд шаардлагатай 5000 ам.долларыг босгох зорилгоор “American safety razor company”-г байгуулав. Ийнхүү тэрбээр гурван хүнтэй компанийн ерөнхийлөгч боллоо.
Нэрээ “Gillette safety razor company” болгож өөрчилсөн тэд 1903 оны аравдугаар сараас бүтээгдэхүүнээ сурталчилж эхэлсэн бөгөөд анхны сурталчилгаа нь “Systems Magazine” сэтгүүлд гарчээ. Компани эхний жилдээ тус бүр таван ам.долларын үнэтэй 51 ширхэг иж бүрдэл, нэг ам.долларын үнэтэй 20 ширхэг багц ир 168 ширхэгийг борлуулав. 1904 онд К.Жиллетт шинэ бүтээлдээ патент авснаар бусад компаниас давуу талтай болж ирлээ. Улмаар борлуулалт нь өсөж, мөн ондоо 90 884 иж бүрдэл, 123 648 ширхэг ир заржээ. 1905 онд “Жиллетт” компани Бостон хотын өмнөд хэсэгт зургаан давхар барилга худалдаж авсан бол 1906 онд анх удаа ашигтай ажиллав. Дэлхийн I дайны өмнө К.Жиллетт борлуулалтдаа улам анхаарч, ямар ч нөхцөлд арьс эсгэхгүй, загатнуулахгүй сахал хусдаг бүтээгдэхүүн хэмээн сурталчлах болсон байна.
Түүний хүч хөдөлмөр, гайхалтай шинэ бүтээл компанийг нь амжилтад хөтөллөө. 1905 онд тэрбээр Лондон хотод гадаад дахь анхны оффисоо нээж, Парис, Монреаль, Берлин, Лестер хотуудад үйлдвэр байгуулав. 1923 оны үед гадаад худалдаа нь К.Жиллеттийн бизнесийн борлуулалтын 30 хувийг эзлэх болсон юм. Гоо сайхны арчилгааны бүтээгдэхүүний зах зээлд нэн чухал “нээлт” хийсэн К.Жиллетт компаниа олон жил тэргүүлж чадаагүй. 1910 онд тэрбээр компанийн хувьцааны хяналтын хэсгийг гол хөрөнгө оруулагч Жон Жойст 900 мянган ам.доллараар худалдаж, үүсгэн байгуулсан компаниа орхисон түүхтэй. К.Жиллетт олон жилийн турш Ж.Жойстой компанийн эрх мэдлийн төлөө тэмцсэний эцэст ийм шийдвэр гаргасан аж. Гэвч түүний бий болгосон бүтээгдэхүүн дэлхийн шилдэг брэндийн нэг болтлоо өсөж дэвжээ. “Жиллетт компани” нь хожим бичгийн хэрэгсэл (Paper Mate, Parker, Waterman), шүдний сойз, амны хөндийн арчилгааны бүтээгдэхүүн (Oral-B), зай үйлдвэрлэгч (Duracell) компаниудыг өөртөө нэгтгэж, “бүл нэмсэн”. Гэвч 2005 онд “Procter and Gamble” тус компанийг 57 тэрбум ам.доллараар худалдан авсан агаад эдүгээ “Global Blades and Razors” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна.