ТЭСО корпорацийнхан өөрийн Youtube сувагтаа нэгэн видео нэмсэн нь санаанд оромгүй амжилт үзүүлж 247 сая хүн үзжээ. Энэ бол Монголд бүтээгдсэн видеоны хувьд урьд хожид байгаагүй амжилт. Тодруулбал, таван жилийн өмнө тэдний цацсан “Аляска” зайрмагны сурталчилгаа өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн эрчимтэй хандалт авч, өдөр өдрөөр үзэгчдийн тоо нь нэмэгдсээр байгаа юм. Хоёр долоо хоногийн өмнө гэхэд уг видеог 229 сая хүн үзсэн байсан гэхээр ямар хурдацтай өсөж байгаа нь та бүхэнд ойлгомжтой болох биз ээ. Харин энэхүү видео байршсан TesoCorp нэртэй Youtube сувгийг 612 мянган хүн дагаж, ТЭСО корпораци “Silver Play Button”-аа хүлээн авахад бэлэн болоод байгаа юм байна. Дагагч буюу subscriber-ийн тоо нь 100 мянгад хүрсэн youtuber (видео контент бүтээн Youtube платформд түгээгч) -т “Silver Play Button”-ийг гардуулдаг билээ.
Маркетингийн идэвхжүүлэлтийн хүрээнд бүтээгдсэн жижиг урсгал сурталчилгаа нь ингэж өндөр хандалт авч эхэлснийг тэд өнгөрсөн зургадугаар сард л олж мэджээ. Улмаар Youtube хуудсаа компанийнхаа данстай холбосноор энэ бүх үзүүлэлтэд тохирсон урамшууллын мөнгө орж эхэлсэн байна.
Ихэвчлэн Энэтхэг, Вьетнам, Ирак зэрэг улсаас хандаж байгаа ба FMCG төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Doritos, M&M’S зэрэг брэндийн сурталчилгаатай ойролцоо хандалттай байгааг тус корпорацийн маркетингийн албанаас мэдээлсэн юм. Мөн “Аляска” хэмээх зайрмагны нэр нь өөрөө сэрүүцүүлэм мэдрэмжийг төрүүлж буй учраас дулаан орны хүмүүс хандан үзэх нь их байгаа ба автоматаар хандалтаа өсгөх ямар нэг арга хэрэглээгүй зүгээр л органикаар бүх зүйл явагдсан гэлээ.
Youtube-ээс ирүүлсэн тооцоолол, саналаар ийм олон дагагчтай сувгийг контент бүтээх чиглэлээр ашиглавал ТЭСО корпораци жилд тэрбум шахам төгрөгийн орлого олох аж. Энэ бүхнээс үүдэн ТЭСО корпорацийнхан контентын бизнес рүү орох боломжтой юм байна гэж үзэж байгаа бөгөөд энэ чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой хүмүүст нээлттэй хандана гэдгээ уламжилсан юм. Ингэхдээ зөвхөн ТЭСО-ийн бүтээгдэхүүнийг сурталчлах бус сэдвийн хувьд чөлөөтэй байхаар төлөвлөж байна. Нэг үгээр хэлбэл, контент буюу оюуны бүтээлээр монголчууд дэлхийд өрсөлдөх боломжтойг тэд олж харжээ.
ТЭСО корпорацийн фэйсбүүк дэх албан ёсны хуудсанд энэ сарын есөнд оруулсан постод бичсэнээр TesoCorp гэсэн youtube дэх суваг компанидаа 60 000 ам.долларын ашиг өгөөд байна.