Одоогоос хоёр жилийн өмнө нэгэн эрэгтэй Ойдовын дэлгүүр дээр ирж, түүнтэй танилцан нэлээд яриа өрнүүлж хэвтэрт орсон ээждээ цооролтын эсрэг гудас авахаар тохирч мөнгөө шилжүүлчихээд явав. Гудсыг нь зургаан цагт хүргэж өгөх ёстой байв. Гэтэл нөгөө хүн таван цагийн үед залгаж “Уучлаарай, ах нь гудас авч чадахаа байлаа. Ээж маань нас барчихлаа” гэж хэлэв.
Энэ мэт зүйлс В.Ойдовын өдөр тутмын ажилд цөөнгүй тохиолддог. Жуулчны баазад хүмүүс алжаал ядаргаагаа тайлж, баярлан цэнгэх гэж ирдэг. Харин Гранд Плаза-гийн зургаан давхарт байх “Рехтус” дэлгүүрт ирж буй хүмүүс аргаа барсан, учраа олохгүй, үхэл амьдралын зааг дээрх асуудалтай тулгарсан байх нь олонтаа. Ойр дотны хэн нэгэн нь цаашдаа даамжрах өвчтэй, хэсэг хугацааны дараа нас барах нь тодорхой хүмүүс ч ирдэг. Тэднийг харахад маш хэцүү.
Тиймээс В.Ойдовын хувьд бизнес хийнэ гэдэг бүтээгдэхүүн борлуулж ашиг олно гэдгээс хамаагүй өргөн цар хүрээтэй, магадгүй дэлхий дээрх хамгийн хүмүүнлэг агуулгатай бизнесүүдийн нэг юм. Үйлчлүүлэгч орж ирээд хурдан хугацаанд сонголт хийгээд худалдаж аваад гарна гэсэн ойлголт байхгүй. Тавцант лифт, суултуурын хүрээ тулгуур, тусгай зориулалтын нугалбар хавтан, тусгай эргүүлэгч диск, хөдөлгөөнт зогсоогч гэх мэт бидний нэрийг нь сонсоогүй хэрэгслүүд зарах нь мэдээж өмд зарахаас ондоо.
Зорьж ирсэн хүмүүс энэ мэт хэрэгслийг ихэвчлэн өмнө нь огт хараагүй байдаг. Ийм учраас В.Ойдов бүтээгдэхүүн болгон дээр эхлээд мэдлэг өгөх, дараа нь мэдрүүлэх, эцэст нь худалдах гэсэн дарааллаар ажилладаг. Өөрөө эсвэл ойр дотны хүн нь цус харвасан, саажилттай, өндөр настай, түр зуурын болон олдмол гэмтэлтэй хүмүүст бүтээгдэхүүнээ үзүүлж, ач холбогдлыг нь ойлготол хэрэглүүлсний үр дүнд хэрэгтэй эсэхийг нь тогтооно.
Тэдний ихэнх нь эмч нарын зөвлөсөн хэрэгслийг шууд авахад бэлэн байдаг ч Ойдов хүний зовлонгоор далимдуулж бүтээгдэхүүнээ борлуулахыг хүсдэггүй. Учир нь энэ дэлгүүрээр үйлчлүүлэгчдийг хамгийн сайн ойлгож, туслах боломжтой хүн түүнээс өөр байхгүй. Яагаад гэвэл тэр өөрөө хүний асаргаанд байх ямар байдгийг биеэрээ туулсан.
Итгэлийн хүч
Өөрийнх нь ярьснаар 1980 онд эхээс төрөхдөө тэр “яг л базсан мах шиг” байсан аж. Эмч нар түүнд “Артрогрипоз буюу үе мөчний дутуу хөгжил” гэсэн онош тавьжээ. Хэдхэн сартайгаагаасаа хагалгаанд орж 15 нас хүртлээ нийт 10 гаруй удаа хагалгаанд оржээ. Зарим хагалгааны дараа 5-6 сар хөдөлгөөнгүй тааз ширтэж хэвтэх хэрэг ч гардаг байв. Тухайлбал, таван настайдаа түнхний хүнд хагалгаанд орж хөлөөс бүсэлхий хүртэл бүтэн шохойдож, хоёр хөлнийх нь завсар А хэлбэртэй мод хийн зургаан сар хөдөлгөөнгүй хэвтжээ. 72 цаг унтахгүй уйлах үе ч байсан. Эцэстээ өвдөлтийг тоохоо больж, бие махбодь, сэтгэл зүйн хувьд асар их хатуужил суужээ. Гэхдээ тэр ингэж хатуужихдаа амьдралд хорсож хатаагүй, амьдралд хайртай хэвээр үлдсэн юм.
Таван настайдаа анх таяган дээр зогсож үзжээ. Гэхдээ алхана гэж юу болохыг төрөхөөсөө мэдэхгүй, яаж хийхийг тархи нь ойлгохгүй байсан учраас найман нас хүртлээ таягтай явж чаддаггүй байжээ. Зургаан настайгаас алхах тухай зүүдэлж эхэлсэн бөгөөд тэнцвэр гэдэг зүйлийг аажмаар ойлгодог болсон. Аав нь анх шатаар буулгадаг болж алхах тойргоо томосгосоор нэг л мэдэхэд хэдэн км алхдаг болчихсон байв.
Мөн таван настайдаа нэгэн удаа гадаа нохой зодолцож хүүхдүүд гүйлдэн гарч тэр ганцаараа довжоон дээрээ үлдэхэд бусдаас өөр гэдгээ ойлгожээ. Тэгээд дараагийн удаа тэр хүүхдүүд өөрийг нь аваад явах хэмжээнд тэдэнд хэрэгтэй хүн болох ёстой гэж бодов. Тиймээс найзууддаа уншсан ном, үзсэн кино зэргээ нүдэнд нь харагдтал ярьж чаддаг болжээ. Энэ нь цаашдаа бусдыг тэвчээртэй сонсдог, өөрийгөө хүний оронд тавьж үзээд тэр хүнд хэрэгцээтэй шийдлийг гаргаж өгдөг чадварыг эзэмшүүлжээ. Маргааш хэзээ босож, хэзээ нүүр гараа угааж, яаж сургуульдаа явахыг урьд өдөр нь тооцоолоод унтдаг байсан нь цагийг ягштал барьдаг болгожээ.
Биеийн онцлогоос үүдэж хийх гэж хүссэн маш олон зүйлээ хийж чадахгүй үед дотроо “шатдаг” байлаа. Зорьсондоо яаж хүрэх тухай эргэцүүлсний эцэст бусадтай хамтран өөрийн санааг хэрэгжүүлэх, үүний тулд найзуудаа дайчилж, өөрөө зохион байгуулах хэрэгтэй гэж үзэв.
Эцэг, эх нь “миний хүү чадна” гэсэн итгэл өгч жирийн сургуульд элсүүлж, хөгжлийн бэрхшээлгүй хүүхдүүдтэй багаас нь хамт байлгасан нь хамгийн зөв шийдвэр байв. Тэр дундаа өөрөө сонголт хийх, өөрөө шийдвэр гаргах бололцоо олгож байсан нь маш ухаалаг алхам байлаа. “Би мотоцикл унамаар байна” гэж тэр нэг удаа аавдаа хэлэхэд Таван шард байдаг дэлгүүрт дагуулж очоод “За унаж үзэх үү” гээд суулгаад түрэв. Тэгэхэд В.Ойдов “Арай л болоогүй юм байна” гэдэг дүгнэлт хийж ахиж энэ сэдвээр ярихаа болив. Морь унана гэвэл “Унавал уна” гээд морь луу хөтлөөд явах хугацаанд ч Ойдов өөрийн дүгнэлтийг хийнэ. Аавынх нь хүүдээ өгсөн итгэлийн хамгийн тод илрэл нь түүний нэр юм. 1980 онд Монголд хамгийн одтой байсан хүний нэг нь Олимпоос медаль авсан Зэвгийн Ойдов байсан учраас хүүгээ золбоотой амьдраасай гэсэндээ ийм нэр өгчээ.
Амьдрал засалч
Дээдсийн хүрээлэн сонины 1998 оны нэгэн дугаарт “АНУ-аас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулан 150 тэргэнцэр авчирна” гэсэн богинохон ярилцлага гарсан байдаг. “Надад мөрөөдөл байхгүй” хэмээн ярьж А.С Пушкины “Я помню мгновение” (Тэр мөчийг санаж байна) шүлгийг уншин таягаа тулан ярилцлага өгч зогссон энэ хөвгүүн бол МУИС-ийн Олон улсын харилцааны II курсын оюутан В.Ойдов байв.
Тэрбээр энэ үед АНУ-д эмчилгээнд явж ирээд удаагүй байсан бөгөөд тэнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан олон төрлийн туслах хэрэгсэл байдгийг нүдээрээ харжээ. Монголд ирээд сэтгүүлч Г.Золжаргал болон аавтайгаа хамтран Тусламжийн тэргэцнэр сан байгуулжээ. Тэгэхэд В.Ойдов 18 настай байлаа.
Тэд Монголын бараг бүх аймгаар явж, тусламжийн шугамаар орж ирсэн Монголд анхных болсон олон үйлдэлт тэргэнцэр, гурван дугуйт тэргэнцэр, анхны алхагч, хөл өргөгчтэй тэргэнцэрүүдийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст бэлэглэж, очсон газар болгондоо сургалт хийдэг байв. Энэ ажлыг нийтдээ 10 жил хийсэн аж.
Гэхдээ хүмүүст тус хүргэж байсан ч зөвхөн тусламжийн хэлбэрээр уг ажил нь тогтвортой үргэлжилж чадахааргүй байв. Хүмүүст өөр таяг, өөр тэргэнцэр гэх мэт сонголт хэрэгтэй байсан ч тусламжаар орж ирсэн хэрэгслүүдийн төрөл маш хязгаарлагдмал байлаа. Тиймээс В.Ойдов дээрх хэрэгцээг хангах арга нь энэ ажлаа бизнесийн хэлбэрт оруулж, үйлчлүүлэгчийн хүсэлд тохирсон сонголт бүхий тусгай дэлгүүр нээх хэрэгтэй гэж тэр үзэв. Өөрөөр хэлбэл асаргаанд орсон хүмүүсийн хөгжих хэрэгцээг нарийн харгалзсан, тэдний амьдралд өөрчлөлт авчирч чадахуйц урт удаан хугацаанд оршин тогтнох бизнесийг бий болгохыг зорьжээ.
Анхны тэргэнцэрээ бэлэглэж бас дэлгүүрээсээ анхны туслах хэрэгслээ зарах хүртэлх хугацаанд хүмүүнлэгийн ажил хийснээс гадна боловсролын хувьд тэр өөрийгөө сайн “цэнэглэж” чаджээ. МУИС-д олон улсын харилцааны чиглэлээр урилгаар сурч 2010 оны шилдэг оюутан болж байв. Хичээлтэй өдөр өглөө бүр Зуун айлаас 45 минут алхаж ангийнхаа охидоос түрүүлж ирээд дээш гаргахыг хүлээдэг байв. Ингэхдээ тэр өөрөөс нь хөнгөн жинтэй, бяр багатай хүмүүс өөрт нь туслаад шатаар дээш гаргах техник боловсруулжээ. Хичээл цонхлоход гадагшаа гарах боломжгүйгээс ангидаа үлддэг байв.
Ангийнхнаасаа ялгаатай нь орос хэлдээ сайн байсан учир орчуулга их хийж, үүний зэрэгцээ англи хэлийг идэвхитэй судалж байв. Их сургуулиа төгсөөд аюулгүй байдлын компанид менежерээр таван жил, “Мерси Кор Монгол”олон улсын байгууллагад таван жил ажиллаад мөн л урилгаар Швейцарт бизнесийн удирдлагын мэргэжлээр сурахаар явжээ. Мөн Щвейцарийн хөгжлийн тусламжийн байгууллагатай хамтран ажиллаж Ахуй засалч хэмээх мэргэжлийг Монголд нутагшуулах төслийн зохицуулагчаар ажиллаж байлаа. Энэ мэргэжил нь хүний алдагдсан чадварыг эргэн эзэмшүүлэхэд чиглэдэг Сэргээн засах анагаах ухааны нэг салбар аж.
Харин Щвейцараас ирэхдээ эргэлт буцалтгүй өөрийн бизнесээ эхлүүлэх бодолтой ирэв. Ингээд тэр 2013 онд “Асаргаа сувилгаа үзүүлдэг, мөн Асруулдаг хүн бүрт” зориулж “Rehtus” нэртэй компаниа байгуулав. Нэрийн хувьд Rehabilitаtion (сэргээн засах) гэдгийн Reh, монгол хэлний Тус гэдэг үгийг нийлүүлж “Рехтус” гэж нэрлэжээ. Логон дээрх нээгдсэн цоож нь цоожтой мэт нөхцөл байдалд буй хүмүүсийг эрх чөлөөтэй болгоно гэсэн санааг илэрхийлдэг.
Өөрийн хуримтлуулсан 15 сая төгрөгийг компанийн эхлэлийн хөрөнгө болгосон ч удалгүй тэр нь дуусав. Хөрөнгө оруулалт хайж нилээд хэдэн бизнесмэнтэй уулзсан ч бүтсэнгүй. Гэр бүлээсээ зээлж, эсвэл эд хөрөнгөө барьцаалахыг хүсээгүй тул crowdfunding буюу олон нийтээс хөрөнгө босгох санаачилга гаргаж Indiegogo хэмээх сайт дээр 15 мянган ам.доллар босгох зорилготой кампанит ажил өрнүүлжээ. Үр дүнд нь 8300 ам.доллар цуглуулж бизнесээ үргэлжлүүлэв.
Дэлгүүрээ нээсэн ч эхний зургаан сар нэг ч бүтээгдэхүүн борлогдсонгүй. Компаниа сурталчлах, бүтээгдэхүүний мэдээллээ орчуулж, цэгцэлж блогт оруулах, гадуур уулзалтууд хийх зэрэг ажлыг өөрөө хийж байлаа. Ийм бизнес байдаг, хийж болно гэдгийг хүмүүст ойлгуулахын тулд голын зузаан мөсийг удаан хугацаанд тогшсоор цоолон ус гаргахтай адил цуцалгүй оролдсоор үр дүнд хүрчээ.
“Rehtus” кoмпани эдүгээ сэргээн засалт, сувилахуй, ахуй засал болон бие даан амьдрах үйлчилгээнд зориулагдсан хэрэгслүүдийн худалдаа, сургалт, хувийн зөвлөгөө үзүүлэгч Монголын анхны компани болон хөгжиж байна. “Харамсалтай нь хүний зовлон шаналалд дулдуйддаг бизнес цөөнгүй” гэж Ойдов нэрэлхүү ярьж байв. Гэвч түүний санаачилсан бүхэн нийгэмд хичнээн хувь нэмэр оруулж буйг үнэлж баршгүй.
Эдүгээ манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн байдал “сайн” гэдэг үнэлгээнээс хэтэрхий хол байгаа. Гадуур зорчихоос эхлээд сурч боловсрох, хөдөлмөр эрхлэх үед тэдний өмнөх саад тотгор дуусашгүй. Тэдний тоо өнөөдөр 100 мянга давснаас 14 мянга орчим нь хүүхдүүд ажээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүн бүрийг ахиад нэг хүн асрах хэрэгтэй бөгөөд зарим тохиолдолд ойр дотны хүнээ асрахын тулд ажлаасаа гарах шаардлага тулгардаг. Ингэхээр дор хаяж хөдөлмөрийн насны хүнийг ашиглах боломж нэг хүнээр буурна. Амьдрах орчны элдэв эрсдлээс болж төрмөл болон олдмол хэлбэрээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс олшрох нь нийгмийн хамгааллын тогтолцоонд улам их ачаалал нэмдэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд онцгойлон анхаардаг Австрали улсын Статистикийн Хорооноос бүх нийтэд, тэр дундаа Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэд \ХБИ\-эд хүртээмжтэй нөхцөлийг барилга байгууламжиндаа хангаагүй улмаас бизнесүүд нийт борлуулалтынхаа 14-18.5 хувийг алддаг гэсэн тооцоог хүртэл хийжээ.
Тиймээс В.Ойдов өөрийн компанийг асруулж байгаа болон асарч байгаа хүмүүсийн өдөр тутмын амьдралыг, хэрэглэхэд хялбар хэрнээ, хөгжингүй технологийг шингээсэн туслах хэрэгслүүдээр хөнгөвчилж өгөхөд чиглүүлэн ажиллаж байна. Жишээ нь, 90 кг жинтэй хүнийг усанд оруулах гэж махна гараараа хөлсөө гоожуулан зүтгэж байснаас зориулалтын кран ашиглаж усанд оруулах нь аль алинд нь тустай. Тусгай хэрэгсэлгүйн улмаас асарч буй хүн өөртөө эрсдэл дагуулж буй жишээг гадаад, дотоодод явж байхдаа тэр олон удаа харж байв. Өөрөө хүнээр асруулж үзсэн, хүн асардаг хүмүүст ямар хүндрэл бэрхшээл учирдгийг мэддэг учир тийм хүмүүсийн оронд өөрийгөө тавьж үзсэн нь энэ бизнесийг эхлүүлэх гол шалтгааны нэг байлаа.
Ойдовын хувьд тухайн хүнийг хөгжлийн бэрхшээлтэй хэмээн тусгайлан асрах нэрийдлээр гэрийн мухар сахиулан нийгмээс тусгаарлахад хамгийн их эмзэглэдэг. “Ингэж тусгаарлагдсан хүүхдэд мөрөөдөл өгөхөөс өөр сайхан зүйл байгаа гэж үү?” гэж тэр ярив. Өөрөө таван настайдаа ааваараа дэмнүүлэн шатаар бууж байсан шиг алхаж чадахгүй хүүхдэд Рехтусын бүтээгдэхүүнийг өгч анх удаа алхаж үзэн мөрөөдлөө биелүүлж байхыг нь харах шиг сайхан зүйлд түүнд байхгүй. Хүүхэд байхдаа үзсэн кино, уншсан номоо ярьж өгөхөөс илүү зүйлийг бусдад өгч чаддаггүй байсан бол өнөөдөр хувь заяаны эрхээр өөртэй нь адил болсон хүмүүст аавынх нь өгсөнтэй ижил итгэл найдвар, урам зориг, эрх чөлөө, сонголт өгөх боломжтой болжээ.
Мундаг залуу байна.Эрүүл хүнээс дээр зорилготой байгаагаар чинь бахархаж байна