Эрт цагт хаад ноёд голдуу найр наадам, баяр ёслолын үеэр нэг нэгэндээ хортой сархад өгч амийг нь хороодог байсан. Үүнтэй аягүй төстэй байдлаар Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэндээ шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэхдээ малийтал инээж байгаад ахмадынх нь хэтэвчээр далимдуулан үр хойчийг нь хорлов.
Тэтгэвэр тэглэх нь үү, эдийн засгаа тэглэх нь үү?
Угаас эрх баригчид улс орныхоо эдийн засгийг улс төрийн барьцаанд тэр чигт нь тавьчихсан, үе үе эдийн засгаа самарсаар ирсэн. 2011-2012 онд монголчууд эх орны хишиг хүртээд шал дордож гурван хүний нэг нь ядуу гэсэн ангилалд хамаарах болов. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн 4.8 их наяд төгрөг юуг ч тогтоож чадалгүй явсаар 2017 онд төгрөгийн ханшийн уналт дээд амжилт тогтоов. Энэ мэт популист шуурга эдийн засагт нүүрлэсний дараа одоо эргээд харахад эрх баригчдын таргалсан, ард түмний ядуурсан хоёр яг тэнцэнэ. Нэг үгээр тэтгэврийн зээлийг тэглэнэ гэх мэтийн сонгууль амдсан амлалтад итгэхгүй байх үндэслэл бидэнд хангалттай байгаа.
Тэтгэврийн зээлийг тэглэнэ гэх мэтийн сонгууль амдсан амлалтад итгэхгүй байх үндэслэл бидэнд хангалттай байгаа.
Нийт 776 орчим тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэх хуулий төслийг Засгийн газар УИХ-д өргөн бариад байна. Үүнийг эдийн засагчийн эрүүл нүдээр харахад энэ бол улс төрийн тооцоололтой алхам болохоос эдийн засгийн үндэслэлтэй шийдвэр яав ч биш. Физикийн хуулиар Орчлонд ямар ч зүйл тэглэгдэж алга болдоггүйтэй адил эдийн засгаас ч мөнгө алга болохгүй. Амьд амьтан идсэн хоол хүнсээ ходоод гэдсээрээ дамжуулан боловсруулдаг шиг аливаа мөнгө үйлдвэрлэл, үйлчилгээний орлого, цалин хөлс болж байж эдийн засагт шингэдэг. Гэтэл эрх баригчид амьтныг амаар нь бус “ардаас нь” тэжээх гэж оролдохтой адил муйхарлаж байна. Ахмадын зээлийг шууд механик аргаар тэглэх бус, ажил эрхлэлт, бизнесийн орчныг дэмжихэд хөрөнгө оруулж, ахмадууд зээл авалгүйгээр амьдрах боломжийг бүрдүүлэх ёстой гэдгийг эдийн засгийн ангийн ямар ч оюутан хэлж чадна.
Ихэнх эдийн засагчийн үзэж буйгаар Цагаан сараас өмнө 800 орчим тэрбум төгрөг гэнэт зах зээлд нийлүүлснээр инфляци өсөхөд нөлөөлнө, төгрөгийн ханш суларна, төсвийн тогтворгүй байдал бий болж, энэ нь цаашлаад ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрт сөргөөр нөлөөлөхөөр байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар Төв банк мөнгө хэвлэхгүй, Салхитын мөнгөний ордын ирээдүйн ашгийг барьцаалан бонд гаргах замаар тэтгэврийн зээлийг тэглэнэ гэж мэдэгдсэн ч уг Ордын ТЭЗҮ-ийн талаарх үнэн бодит мэдээлэл олон нийтэд хаалттай, “Эрдэнэс силвер ресурс” гэгч компанийн захирлын шүүгээнд нуугдсан хэвээр байна.
Улаан хэрүүл
Ерөнхийлөгчийн хортой хундага нийгмийг хоёр хуваав. Зээлээ тэглүүлэх ахмадууд (тодруулбал зээл авахуулсан ар гэрийнхэн нь) баярлаж байгаа ч зээл аваагүй нөгөө хэсэг нь энэ шийдвэрийг шударга бус хэмээн үзэж байна. Ахмадын холбоо нь хүртэл зээл тэглэхийн эсрэг байр суурьтай байгаагаа хэллээ.
Халамжийг хавтгайруулахгүйгээр нийгмийн зорилтот бүлэг буюу тэтгэврийн зээлтэй ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэнэ гэсэн нь “яагаад минийхийг болохгүй гэж” гэсэн барьцах хандлагыг эрчимжүүллээ. Өөрсдийн дэгдээсэн түймрээ унтраах гэж мэгдэхдээ эрх баригчид халамж барьцаалсан зээл тэглэнэ, зээлгүй ахмадуудад мөнгө өгнө гэх зэргээр эдийн засагтаа улам сөргөөр нөлөөлөх шийдвэр гаргаж мэдэхээр байна. Тухайлбал, УИХ-ын байнгын хороогоор зээл тэглэх хуулийн төслийг хэлэлцэж дэмжээд зургаа хүртэлх сая төгрөгийн зээлийг л тэглэх замаар өр төлөх дээд хязгаарыг тогтоох, зээлгүй байгаа 192 мянган ахмадад ямар нэгэн хөнгөлөлт олгох чиглэлийг ХНХ-ын сайдад өгсөн байна.
Эдийн засагчид, тэр дундаа гадны судлаачид “Монголчууд яагаад зээлнээс айдаггүй юм бол” гэж гайхдаг бөгөөд иргэдийн зээлийн хэмжээ өндөр байгааг эрсдэлтэй гэж үздэг. Эдүгээ Улаанбаатарын гудамжаар явж байгаа приуснуудын нэлээд нь ББСБ-д зээлийн барьцаанд, цалин, тэтгэвэр нь банкны зээлийн барьцаанд, эдийн засаг нь популист улс төрийн барьцаанд, жаахан туйлшраад хэлвэл улс орон гадаадын санхүүгийн байгууллагуудын шахалтан дор байгаа. Ийм нөхцөлд зээлийг тэглэх шийдвэр нийгэмд төсөв, санхүүгийн хариуцлагагүй байдлыг улам дэвэргэнэ.
Үл үзэгдэх занга
Уншигч та бодоод үз. Яагаад бидний сонгосон засаг үргэлж биднийг “араар тавьдаг вэ?” Яагаад бид эх орны хишиг, хүүхдийн мөнгөнд хууртдаг вэ? Яагаад бид хуулийн заалтад бус бөө, ламын үгэнд илүү итгэдэг вэ? Яагаад хүмүүс нэр дэвшигчдийг бодит мэдлэг, чадвараар нь бус популист амлалт, нутаг ус, хамаатан садан, танил тал гэсэн статусаар нь голдуу дэмждэг вэ?
Өнөөдрийн бидний гол асуудал бол хулгайлж дуусдаггүй авлигачид, хаанаа ч хүрэхгүй цалин, тэтгэвэр, хайгаад олддоггүй ажил, монголчуудыг уусгах гэсэн хятадуудын аль нь ч биш. Харин ингэж боддог бидэнд учир бий.
Бид амьдралдаа өдөр тутам шийдвэр гаргадаг. Гэхдээ тэр шийдвэрүүд бидний хийсэн сонголтоос хамаараад амьдралд маань ахих шат, эсвэл гацах занга болдог. Хулгайн сэдэлт төртэй болсон нь бидний гаргасан шийдвэрийн л үр дагавар. Хэрэв бид алдаа болгоноо авлигачид руу чихээд, алдсан ашиг болгоноо хятад компанитай холбоод байвал бид өөрсдийнхөө тархинд суулгасан занганаас хэзээ ч мултрахгүй.
Оксфордын Их Сургуулийн профессор Паул Коллер “Адагт үлдсэн тэрбум” номондоо Африкийн ихэнх орнууд яагаад ядуу амьдардгийг тайлбарлахдаа “засаглалын занга” гэсэн ойлголтыг дэвшүүлсэн. Өөрөөр хэлбэл “муу хүмүүсийг төрд гаргасны занга” юм. Мулгуу удирдагчид улс орныг сүйрүүлдэг нь гол асуудал биш, харин тэдэнд ийм бололцоо олгоод байдаг олон нийт бол хамгийн гол асуудал гэж Коллер тодотгожээ.
Улс орныг өөдлөн дэвжихэд хүчтэй удирдагч бус боловсролтой иргэд хэрэгтэй гэдэг нь орчин үед үзэл бодол гэхээсээ илүү илэрхий аксиом болжээ. Бид бүхний гол алдааг орчин үеийн хэллэгээр илэрхийлвэл бид “хүнд хөрөнгө оруулдаггүй”, бүх зүйл хүний сайн сайхны төлөө байх ёстой байтал “хүн” гэдэг гол субъектыг байшин барилгаас ч дор статустай болгосноор тайлбарлаж болно. Дипломтай ажилгүйчүүд олон болсон шалтгаан нь мөнгөнд шунасан хувийн сургуулиуд биш, “төгсч л байвал ямар мэргэжил, сургууль нь чухал бус” гэдэг сэтгэлгээний занга юм.
Ийнхүү бид амьдралаа үл үзэгдэх зангаар дүүргэжээ. Эдгээр зангыг олж харах ганц дуран бол мэдлэг боловсрол. Тэглэсэн, тэглээгүйгээс үл хамаарч өнөөдрөөс эхлэн авсан зээлээ Цагаан сард бэлтгэхэд бус боловсролдоо илүү зарж эхэлвэл таны амьдралд үл үзэгдэх занга байх магадлал тэр хэрээр багасна.
Зөв зүйтэйг оновчтой сайн бичжээ.
Хар масс нь ухаарахгүй юм аа
Зөв асуудал тавьжээ. Ийм сэтгэлгээтэй хүн олон түмнийг сэнхрүүлэх чиглэлээр байнга мэдээлэл өгч байвал их буян үйлдэх аж
Сурахад оройтдоггүй гэж бүгдээрээ л заагаад байдаг, тэгэж заадаг насныхан нь их сургуулийн боловсролоос хойш юу ч сурдаггүй, сурахыг ч хичээдэггүй. Ажлынх нь шугамаар ирдэг сургалт, семинар, томилолт нь цаг нѳхцѳѳлт, аялал, дэлгүүр хэсэлт, архидалт болоод дуусдагийг бүгд мэдэж байгаа. Үнэхээр хоцрогдмол байгаагаа ахмадууд нь хүлээн зѳвшѳѳрѳх хэрэгтэй. Ахмад хүмүүсийн эго хэт ѳндѳрт байна. Ѳѳрсдийгѳѳ дѳвийлгѳж түүхэн дундаа амьдардаг хүмүүсээр дүүрэн байна.
Залуучууд хѳгшчүүдэд бүгдэнд нь мэдээ мэдээлэл авах эх сурвалжаа ѳѳрѳѳ сонгож ѳѳрийгѳѳ хүрээлүүлэх боломж бүрэн байгаа боловч зѳв сонгож чадахгүй байна. Үндсэрхэг үзлийг буруу зааж байна. Би монгол хүн гэж бодхоос илүүтэй, би бол “хүн” гэж бодож амьдраасай гэж хүсэж байна. Шалтгаангүйгээр хэн нэгэн үзэн яд гэсний тѳлѳѳ үзээн ядаад байгаа хятад хүмүүс чинь миний чиний амьдралд гай болохоос илүүтэйгээр үүнийг уншаад сууж байгаа компьютер, утас, таблетууд, ѳмсѳж байгаа гутал хувцасыг чинь, ѳглѳѳ шүдээ угааж байгаа сойзыг чинь ч гэсэн байж болох хамгийн хямд үнээр нийлүүлж ѳгч байгаад баярлах хэрэгтэй.
Архи согтууруулах ундааг бэлэг, мэндчилгээний хэрэгсэл гэдэг үзлийг халаасай. Лам бѳѳрүү биш даатгалын компанид очдог болоосой. Модонд хадаг уяж ѳмхийрүүлж орхих цаг хугацааг нэг шинэ зүйл сурах хугацаагаар солиосой. Бүгд хариуцлага, үр дагавар гэдэг зүйлсийг ухамсарлаасай. Этиктэй байгаасай.
This country is a rock that’s rolling down the hill, and a rock stops at the bottom and stays there forever. Gotta leave this shithole country, once and for all.