Креатив сэтгэлгээ/хүн?
Креатив сэтгэлгээ байгаагүй бол хүн үүсээгүй, мичин төрөлдөө одоог хүртэл байх байсан биз. Галыг анх хэрэглээндээ нэвтрүүлсэн, дугуйг зохион бүтээсэн, цасаар орон сууц хийж суусан гэх мэтээр амьд үлдэх, үр удмаа үлдээх, хөдөлмөрөө хөнгөвчлөх, тав тухтай баян тансаг амьдрах гэсэн хүн төрөлхтөний бүхий л шалгарал креатив сэтгэлгээтэй нь шууд холбоотой. Өөрөөр хэлбэл “Яагаад үгүй гэж?” гэсэн хандлага бүхий Креатив сэтгэлгээ нь Хөгжил дэвшил юм. Харин нийгмийн хөгжлийн шавхагдашгүй нөөц, хурдасгуур нь үргэлж Креатив хүмүүс л байсаар ирсэн түүхтэй. Креатив хүн нь биет (шинэ бүтээгдэхүүн, уран зохиол, уран зураг г.м) болон биет бус (шинэ санаа санаачлага, үзэл санаа, шинжлэх ухааны шинэ онол, хөгжмийн зохиол, хошигнол онигоо г.м) зүйлсийг бодож бүтээдэг. Тархи судлал талаас тайлбарлавал аливаа хүн баруун тархиа илүүтэй ашигладаг бол илүү креатив сэтгэх боломжтой байдаг. Мөн Креатив сэтгэлгээнд тухайн хүн эерэг сэтгэл санаатай тайван байх, эсрэгээрээ стресстэй байх аль аль нь сайнаар нөлөөлдөг сонирхолтой зүй тогтол ч бий.
Креатив сэтгэлгээ
Ямар нэг шинэ, гайхалтай санааг гаргах чадвар, шинийг зохион бүтээх чадвар, аливааг өөр өнцгөөс харах чадвар эсвэл шинэ бүтээгдэхүүн, төсөөллийн зүйлсийг бий болгох ур чадвар болон төрөл бүрийн ойлголтуудыг өвөрмөц аргаар нэгтгэх чадваруудын цогц шинж юм.
Креатив хүн гэхээр л зөвхөн урлагийн голдуу шилэгдмэл, гоц авьяастнууд гэж ойлгодог байдал нийтлэг. Мэдээж уран бүтээлчийн хувьд төрөлхийн авъяас буюу байгалийн өгөгдөл чухал үүрэгтэй, гэхдээ хүн бүр креатив сэтгэлгээнд өөрийгөө сорьж, сайжруулж, дасгалжуулж чадна хэмээн энэ талын мэргэжилтнүүд дуу нэгтэй баталдаг юм. Харин хүүхэд байхдаа унаган байсан тэрхүү чадвараа хүн өөрийн хуримтлуулсан мэдлэг, туршлага, логик бодлуудаараа баглаад, хайрцагнаас гадуур буюу чөлөөтэй сэтгэх бололцоогоо эгнэгт хаадагт хамаг учир оршино.
Дэлхийн хэмжээний креатив хүмүүсийн жишээг тоолоод баршгүй. Леонардо Да Винчи, Коперник, Томас Эдисон гэх мэт дэлхийн хэмжээний сэтгэгчид цаг үеэсээ илт түрүүлсэн байжээ. Орчин үед бол хамгийн креатив хүмүүсийн зарим жишээ гэвэл Стив Жобс, Жоан Роулинг, Ричард Брэнсон, Элон Маск нар байна. Эдгээр хүмүүс бол дэлхийг шинэ чиглэлд хөдөлгөж оюун санааны хувьсгал хийгчид юм. Түүхэнд иймэрхүү креатив хүмүүс л үлддэг. Хуучин зүйлийг яг байгаагаар нь давтаж хийсэн хүн хичнээн сайн гүйцэтгэлтэй байсан ч гэсэн тэгсгээд л мартагддаг юм. Дээр дурьдсанчлан хүн бүр өөрийн хэмжээндээ креатив байж чадах ба харин Зохиолч, Зураач, Дизайнер, Барималч, ТВ, Радио, Кинотой холбоотой ажил эрхлэгсэд, Маркетер, Стратегич, Гар урлалч, Шинжлэх ухааны нээлт хийдэг эрдэмтэд, Инженер, Энтрепренер гэх мэт ажил эрхэлдэг хүмүүс бусдаас илүү Креатив сэтгэлгээтэй байх зайлшгүй шаардлагатай тулгардаг. Зүгээр л хайрцагнаасаа гарч л сэтгэх хэрэгтэй! Дэлхийн хамгийн креатив хүмүүс амжилтанд хүрэхээсээ өмнө дандаа шоолуулж, мэдрэл солиотой гэж хэлүүлж байсныг санаарай. Ямар ч уйтгартай хэвшмэл ажил дээр илүү сонирхолтой болгох, хялбаршуулах, бүтээмжээ нэмэгдүүлэх арга замууд үргэлж оршин байдаг. Тиймээс бид бүгд Креатив сэтгэлгээтэй хүн байж чадах юм.
Креатив салбар болон Креатив эдийн засгийн тухай ойлголт, хандлага
Хүмүүс бид ямар ч сэтгэл хөдлөл байхгүй, сонирхолгүй зүйлсийг үзэн яддаг сэтгэл зүйн нийтлэг онцлогтой байдаг ба креатив салбар нь тэрхүү сэтгэл хөдлөлийг үйлдвэрлэж байдгаараа улс орны хэмжээний амин чухал салбар билээ. Креатив салбарын хамгийн энгийн хэлбэрүүдийг жагсаавал: Урлаг (уран зураг болон баримал гэх мэт бүтээлүүд), урлагийн үзүүлбэрүүд (бүжиг болон театр гэх мэт бүтээлүүд), гар урлал (хийсэн хүний онцгой ур чадвар шингэсэн гар аргаар хийсэн урлалууд), хөгжим (хөгжим зохиох болон түүнийг тоглох), кино болон энтертайнмент ертөнц (уран сайхны болон баримтат кинонууд, телевизийн уран бүтээлүүд), зар сурталчилгаа болон идэвхжүүлэлт (идэвхжүүлэлтийн видео гэх мэт маркетингийн харилцааны шийдлүүд), дизайн (нүдэнд харагдах дизайн, хэрэглэгчийн дизайн, бүтээгдэхүүний дизайн, дотоод засал чимэглэлийн дизайн гэх мэт), хувцас загвар (хувцасны ертөнц бол тэр чигтээ нэртэй дизайнеруудын креатив ажиллагаа, түүнийг үзүүлэх шоунуудаас бүрэн хамаарч байдаг), соёл заншил (үндэсний хоол болон үндэсний баяр, фестивал зэрэг соёлтой холбоотой зүйлс), ардын урлаг дээрээ суурилсан модерн урлаг, фото зураг, архитектор (барилгын хийц, загвар), хэвлэн нийтлэх болон хэвлэл мэдээлэл (ном зохиож хэвлүүлэх болон видео хэлбэрийн хэвлэл мэдээлэл), тоглоом (ялангуяа видео тоглоомын ертөнц), IT программууд, сонирхолтой музей галерей, судалгаа & шинжилгээ (ямар нэг онцгой үнэ цэнэ бүхий шинэ бүтээгдэхүүн, нэр томьёо, аргачлал, загвар зохиох) гэх мэтчилэн хөвөрнө. Мэдээж хэрэг креатив салбарт ямар ямар чиглэлийг багтаах талаарх маргаан дуусахгүй. Зарим оронд урлаг соёлоор хязгаарлагддаг бол хоол хүнсний салбар нь эдийн засгийн болоод соёлын томоохон ач холбогдолтой оронд бол үүнийг багтааж тооцох нь ч бий.
Креатив салбар
Хувь хүний орлуулж болшгүй авъяас, ур чадварт суурилсан салбар бөгөөд тэднээс гарсан унаган санаа нь маш чухалд тооцогдож түүн дээрээ ажиллан оюуны өмч, үнэ цэнийг бий болгон, ашиглах замаар эд баялаг, ажлын байр үүсгэдэг онцгой салбар юм.
Хорь гаруй жилийн өмнөөс л Креатив салбар гэсэн нэр томьёо эрчимтэй яригдах болсон ба түүнд багтах зарим чиглэлүүд нь хамгийн эртний байсан ба зарим нь дижитал хувьсгалын үр нөлөөнд дөнгөж үүсэж эхэлж байлаа. Ихэнх нь хуучны соёлын бүтээгдэхүүнүүд буюу театр, бүжиг, хөгжим, кино, уран зураг, соёлын өв гэх мэт байв. Өнгөрсөн хугацаанд АНУ-ын засаг захиргаа гэхэд сүүлийн 100 гаруй жилийн туршид өөрийн нөлөөллийн суртал ухуулгадаа эерэгээр ашиглах зорилготой кино салбараа л онцгойлон дэмждэг байснаас бусдаар төрийн бодлогод нь байр сууриа олж амжаагүй л байлаа. Одоо харин хөгжингүй орнуудад шинээр гарч ирсэн чиглэлүүдийг нь нэмээд улс орны баялаг бүтээх эдийн засгийн системд хүчтэй байр суурь эзэлж, олон саяар нь хүний нөөц ажиллуулж эхэлсэн. Креатив салбарыг нарийн тодорхойлж байгаагүй ч эдгээр чиглэлүүд нь авъяаслаг хувь хүмүүс ба оюуны өмчийг хамгаалах зэрэг тулгуур ойлголтуудаараа ижилсэж байв. Оюуны өмчийг бүртгэх, хамгаалах, түүний арилжааны үнэ цэнийг нэмэгдүүлэх бодлого нь Креатив салбарын хамгийн чухал ойлголтын нэг билээ. Үнэндээ Креатив салбар бол бусад бүхий л эдийн засгийн салбаруудад нэвчиж, нөлөөгөө үзүүлсээр ирсэн онцгой салбар бөлгөө. Ялангуяа сүүлийн жилүүдийн дижитал технологийн нөлөөгөөр энэ байдал бүүр ч онцгой мэдрэгдэх болжээ. 1990-ээд оны үеэс л Австрали, Англи гэх зэрэг улсууд Креатив салбарынхаа улсын эдийн засагтаа оруулж буй хувь нэмрийг анх хэмжиж эхэлсэн байдаг. Хэдийгээр ямар чиглэлүүдийг энэ салбарт оруулж тооцох талаар маргаантай байдаг ч зарим орны хувьд Креатив эдийн засаг нь 10-15% эзэлдэг гэсэн тооцоолол бий.
Креатив эдийн засаг
Креатив эдийн засаг бол юун түрүүнд тодорхой авъяасыг худалдаа арилжааны мөнгөн илэрхийлэмжинд оруулах бодлого гэсэнтэй агаар нэг.
Креатив сэтгэлгээ, соёл, эдийн засаг, технологийн нэгдэл нь оюуны өмчийг бий болгож, эргэлтэнд оруулж орлого, ажлын байр, экспортыг үүсгэхийн сацуу нийгэм дахь нөлөөлөл, соёлын олон төрөлт байдал, хүний хөгжлийг дэмждэг байх ёстой. Креатив салбар гэж чухалчилж ярьж эхэлснээс хойш 20 жилийн дараа тухайн орон Креатив эдийн засгийн дэд бүтцийг хэрхэн шийдэж, хэрхэн шилжиж байгаагаар нь хөгжингүй орнуудын сүр хүчийг хэмждэг болсон байна.
БНХАУ-ын 11 дэх удаагийн 5 жилийн стратеги зорилтуудын нэгэн чухал зорилго нь “Хятадад үйлдвэрлэв” (Made in China) гэдэг ойлголтоос “Хятадад бүтээв” (Created in China) гэсэн ойлголт руу тэмүүлэх буюу товчхондоо бол маш том, үсрэнгүй шилжилт хийхээр зориг шулууджээ. Өөрөөр хэлбэл 21-р зууны эдийн засагт бол ихээр үйлдвэрлэх нь чухал биш, харин оюуны өмч илүү чухал болсоныг мэдэрсэн гэсэн үг юм. Их Британид бол Креатив салбарыг эдийн засгийн, үйлдвэрлэлийн, соёлын, боловсролын бодлогын аль нь вэ? эсвэл бүгдээрээ юм уу? гэдэг дээр мэтгэлцээн явагдсаар. Хиймэл оюун ухааны хөгжил өндөр түвшинд хүрсэн байгаа өнөө үед орлуулж болшгүй хүний нөөц бол яахын аргагүй Креатив салбарын ажилчид болж байна. Нөгөө талаас харвал Креатив салбарт ажилладаг хүн илүү аз жаргалтай амьдрах бололцоотой. Дэлхий ертөнцийн мэдээлэлд тэгш гарцтай орчин үеийн хүн үйлдвэрийн суурь машин дээр өдрийн 8-10 цаг ажиллах сонирхол маш бага болсон. Интернет болон дижитал технологиуд нь Креатив салбарын гарцыг хэн бүхэнд нээлттэй болгож өглөө. Жишээлбэл, бий болсоноосоо хойш 15-хан жилийн дотор л видео тоглоомын зах зээл киноны зах зээлийг үнэлгээгээрээ давчихаад байгаа нь нэгийг бодогдуулна.
Креатив салбар нь өөрөө тухайн улсын “Soft power” буюу “зөөлөн хүчний бодлого”-той шууд холбоотой байдаг бөгөөд улс орны гадаад имиж, нөлөөллийг тогтоодог маш том хүчин зүйл болж бусад бүхий л салбарууддаа мөн эерэгээр нөлөөлдөг. Өмнөд Солонгос улсын дуу хөгжим, кино, хувцас загварын ертөнц нь бүс нутагтаа хамгийн том болоод зогсохгүй нийт экспортдоо томоохон хувь нөлөө эзэлдэг болсоор удлаа. Монгол оронд ч Солонгос улсын энэ нөлөөлөл хүчтэй ноёлж байгаа нь нүднээ илхэн. Даяаршилын ертөнцөд өөр орны Креатив салбарын нөлөөнөөс зугтаах арга байхгүй, энэ нь нэг ёсондоо бидний амьдралын хэв маяг болж шингэжээ.
Эрчимтэй даяарчлагдаж байгаа энэхүү эрин үед дэлхийн олон улс гүрнүүдийн соёл болон худалдаа арилжааны огтолцол бол Креатив салбар бөгөөд үүнийг тухайн улс орон, хотыг бусад өрсөлдөгчдөөс нь ялгаруулах гол стратеги болгон ашиглаж байна. Соёлын дүр төрх болсон Францын Эйффел цамхаг, Энэтхэгийн Таж Махал, Австралийн Сидней дуурийн театр зэрэгтэй өрсөлдөхийн тулд Креатив салбарыг худалдаатай холбоод Лондонд бол Шоредич дүүргийг дизайны бизнесийн диваажин болгох, ХонгКонгийн баруун Коулуун дүүргийг кафе, клубуудын төвлөрөл болгох, Абу Даби-гийн Садияат арлыг олон тэрбум долларын ХО-ын нийслэл болгох зэрэг бодлогууд гарч иржээ. Боловсрол дээр гэхэд л Англи улс хүүхдийн боловсролын шинэ концепци боловсруулан түгээдэг төв болох, Тайвань бол бүс нутгийн хамгийн креатив дээд боловсролын төв болох зэрэг амбицтай бодлогууд хэрэгжиж байна.
Бидний мэдэх Израйль улс яаж ингэж хөгжсөн бэ? Олон ургальч үзэл, Креатив сэтгэлгээг дээдэлдэг жүүд хүмүүс юу ч үгүй цөл газрыг дэлхийн хэмжээний оюун сэтгэлгээний өлгий нутаг болгожээ. Израйль улс байгуулагдсан анхны жилүүдэд Jaffa нэртэй жүржнээс өөр гадаадад борлуулах бараа бүтээгдэхүүн тэдэнд байсангүй, байгаль цаг уур, геополитик ч байнга тэдний хөгжлийн эсрэг байсаар ирсэн. Одоо бол тэд технологи, инноваци шингэсэн өвөрмөц бараа бүтээгдэхүүн/үйлчилгээгээрээ дэлхийн гүрэн болж чадсан. Орчин үеийн даяарчлагдсан, дижиталжсан бизнесийн ертөнцөд огт өрсөлдөөнгүй салбар маш ховор. Өрсөлдөөн байгаа нөхцөлд креатив сэтгэлгээний байр суурь бизнест илүү чухал болж эхэлнэ. Тиймээс бизнесийн талбарт креатив сэтгэлгээг нэмэгдүүлэн ашиглах “brainstorming”, “6 thinking hats” гэх мэт олон аргачлалуудыг бий болгож, хөгжүүлсэн байдаг билээ.
Юу ч байхгүйгээс л дэлхийн бизнесүүд газар сайгүй боссоор байна. Дэлхий өөрчлөгдөж байна, зэр зэвсэг ихтэй болон том үйлдвэрлэгч гэдгээрээ биш харин хамгийн креатив байж чадсан үндэстэн өрсөлдөөнд ялах магадлал өндөртэй болсон шинэ дэг журам нэгэнт тогтжээ. Креатив салбар бол анхны ХО харьцангуй бага оруулах мөртлөө боломжит өгөөж маш өндөр байж болдог салбар юм. Энгийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд өөрийн өртөг, ашгийн хувь хэмжээг тооцоолж болдог. Харин креатив салбарт ер бусын үнэ цэнэтэй креатив ажиллагаанаас бүх зүйл хамаарч байдаг бөгөөд Креатив салбарын бүтээгдэхүүнийг өртгөөс нь хэдэн арав дахин үнэтэй зарах бололцоотой юм. Ихэнх тохиолдолд зах зээл хэрхэн хүлээж авах, борлуулалт их бага байхыг урьдчилан таамаглах бололцоогүй байдаг өвөрмөц онцлогтой. Хэрэвзээ амжилттай болвол үнийн мэдрэмж маш бага байж болно, өөрөөр хэлбэл таны ашиг орлого танаас шууд шалтгаална.
Креатив салбарыг багтаасан эдийн засаг мөн хүний хөгжилтэй шууд холбогддог. Үйлдвэрлэлийн шат дамжлагууд улам бүр автоматжуулагдаж, хиймэл оюун ухаан болон роботуудыг ашиглах нь нэмэгдсээр байгаа өнөө цаг үеийг “4 дэх аж үйлдвэрлэлийн хувьсгал” хэмээн нэрлэж буй. Энэ нь мэдээжийн хэрэг дэлхий даяар ажил эрхлэлтийн байдалд шууд нөлөөлж байна. Оксфордын эрдэмтдийн тооцоолсноор ирэх 20 жилд АНУ-ын нийт ажлын байрны 47%-ийг, Их Британийн нийт ажлын байрны 35%-ийг робот машинууд орлоно гэнэ. Харин креатив салбарын ажлын байрны тухайд бол үүнээс айлтгүй бөгөөд АНУ-д тус салбарын 86%, Их Британид 87% нь автоматжуулалтаар орлуулагдахгүй бололтой. (by Nesta, 2015)
Зарим судлаачдын үзэж байгаагаар газрын тос бол 20-р зууны эдийн засгийн гол хөшүүрэг байсан бол 21-р зуунд креатив эдийн засаг түүний байрыг эзэлнэ гэжээ. Өөрөөр хэлбэл энергийг бий болгох, энергийг ашиглах давуу тал нь 20-р зууныг тодорхойлж байсан бол ирээдүйд креатив сэтгэлгээ, салбарыг хөгжүүлэх, хамгаалах нь улс орны хөгжлийн хамгийн чухал хүчин зүйл болох нь. Латин Америкт үүнийг оранж буюу “улбар шар эдийн засаг” гэж нэрлээд тус тусын бодлогоо хэрэгжүүлж буй бөгөөд сүүлийн жилүүдэд BRICS орнуудад тус салбарын ач холбогдлыг онцгой анхаарч эхэлсэн. Хөгжиж буй орнууд үйлдвэрлэл дээрээ өрсөлдөөд үр ашиг багатай болохыг мэдрээд өгөөж ихтэй, нөөц бага зарцуулдаг, креатив салбарт бодлого стратегиа уралдуулах цаг иржээ. Эдгээр орнуудын хувьд хөгжил дэвшилд хүрэх богино замыг эрэлхийлж, хойноос нь хөөж хөгжих биш амдаж гүйх стратегийг барьж байгаа нь зүйтэй юм. Тиймээс сүүлийн жилүүдэд Креатив салбар нь Монгол мэтийн хөгжиж буй орнуудын хувьд ч тун анхаарал татсан чухал асуудал болоод байна. Санаа болон авъяас хаана ч хөгжиж болно. Заавал том ХО шаардлагагүй. Харин Креатив санааг ажил хэрэг болгох, мөнгө баялгийг ундруулдаг системийг бий болгох нь нийтлэг сорилт билээ. Жишээлбэл Индонезийн ЗГ нь 2011 онд Аялал жуулчлал болон Креатив эдийн засгийн яамыг шинээр зохион байгуулж, олны хүндэтгэл хүлээсэн нэгэн эдийн засагч анхны сайдаар нь томилогдсон байна.
Дэлхийн Креатив Индекс
Энэ бол Креатив салбарын дэлхийд өрсөлдөх чадварыг хэмжсэн үзүүлэлт юм. Гурван хэмжүүрээр тодорхойлогддог бөгөөд эдгээр нь 3Т (Technology, Talent, Tolerance) буюу Технологи, Авъяас, Хүлцэх байдал байдаг. Тус индексээр Австрали, АНУ, Шинэ Зеланд, Дани, Канад, Финлянд, Швед, Исланд, Сингапур, Голланд, Өмнөд Солонгос зэрэг орнууд эхний байруудыг эзэлдэг. 2015 оны тайланд дүгнэснээр бол Креатив салбарыг тодорхойлсон энэхүү үзүүлэлт нь дэлхийн эдийн засгийн хөгжилтэй шууд хамааралтай байдаг гэж үзжээ. Мэдлэгийн эдийн засгийн (хэрэглээ болон үйлдвэрлэл нь оюуны өмч дээр суурилсан ЭЗ) бүтэцтэй улсад бол дээрх 3Т болон ерөнхий креатив байдал нь тухайн улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн хурдасгуур юм.
Монгол Улс яах вэ?
Монголчууд бид цаг уурын эрс тэс орчинд бусдаас бараг хамааралгүй өрхийн МАА-аар амьдарч, юмханаар юм хийдэг, амьд үлдэх, тэсэж үлдэх олон онцгой ур чадваруудыг эзэмшсэн өвөрмөц өв соёлтой, уламжлалтай, сэтгэлгээтэй хүмүүс. Хүнд хэцүү нөхцөл буюу стрессийн орчин бол креатив сэтгэлгээг өдөөдөг суурь болох нь олонтаа. Зөв бодлоготой, зөв чиглүүлэгтэй бол бид хэнээс ч дутахааргүй креатив сэтгэлгээний өгөгдөлтэй гэдэг нь энгийн амьдрал дээрх маш олон жижиг жишээнээс харагддаг. Монгол улсаас дэлхийн хэмжээний их сэтгэгчид, эрдэмтэд, зохион бүтээгчид, зохиолчид, бизнес эрхлэгчид гарна гэдэгт итгэлтэй байх олон үндэслэл бий. Харин үүнийг нөхцөлдүүлэхийн тулд Креатив сэтгэлгээг дэмжсэн төрөл бүрийн сургалтын хөтөлбөрүүд, Креатив салбарыг болон эдийн засгийг дэмжсэн төрийн бодлого, стратеги хэрэгжүүлэх ёстой нь зайлшгүй бөгөөд ингэснээр хөгжил дэвшилд хөтлөх хамгийн дөт зам болох юм.
Бодит боломжууд олныг дурьдаж болох ч энд ганцхан жишээ л хэлье: Австрали хонины нэхийгээр хийсэн, цоо шинэ дизайн бүхий өвөрмөц онцлогтой гутал буюу UGG бол харьцангуй залуу брэнд. Хэдхэн жилийн өмнө үйлдвэрлэгдэж эхлээд одоо дэлхийн зах зээлд хүчтэй гарч ирсэн, бид ч гэсэн худалдан авч өргөн хэрэглэдэг. МАА-ын уламжлалтай Монголчууд бид үүнийг хийж чадахаар л байсан, технологи байхгүй хэмээн шалтаглаж болохгүй. Бид загвар дизайныг нь гаргаад, түүхий эдээр нь хангаад өгвөл заавал Монголд үйлдвэрлэдэг байх ч албагүй юм.
Монголоос үүдэлтэй бүс нутагт болон дэлхийн хэмжээнд гарсан Креатив салбарын амжилт гээд тоймтой хэлэхэд үнэхээр хэцүү. Сүүлийн үед найдлага төрүүлж буй нэгэн жишээ гэвэл “The Hu” хамтлаг байж болох юм. Тэд бол Улаанбаатарт уран бүтээлээ хийдэг, рок урсгалыг өөрийн этник хэв маягтай хослуулан шинэлэг байдлаар уран бүтээлээ хийдэг залуус. Youtube хуудсан дээрх тэдний хоёрхон клип 10 гаруй сая хандалт авсан ба доор нь бичсэн гадаадынхны сэтгэгдлүүд нь үнэхээр бахархмаар санагдсан. Ирэх 6,7-р саруудад Европт болох Рок фестивалуудад уригдсан залуустаа дэлхийн түвшинд амжилт гаргахыг хүсье. Гэхдээ цөөн хэдэн уран бүтээлчид дэлхийд алдарших, мөнгө олох бус эх оронд маань тэдний креатив үйлдвэрлэлийн бааз суурь үүсэж, олон олон залуучууд энэ салбарт ажиллан креатив эдийн засгийг бодитойгоор бий болгох нь илүү чухал билээ. Хөгжлийн эдийн засагт харьцангуй давуу тал гэдэг ойлголт маш чухал байдаг. Тухайн улс ямар салбараа хөгжүүлэхэд бусдаас илүү давуу тал байна вэ? гэдгийг тодорхой үзүүлэлтүүдээр гаргаж ирдэг. Дээр өгүүлсэнчлэн бидэнд унаган өгөгдөл байна, нөгөө талаас зайлшгүй хэрэгцээ ч давхар байгаа гээд дүгнэхэд буруудахгүй байх.
Сансар судлалын салбар сүүлийн үед дэлхийд эрчимтэй хөгжиж байна, сүүлийн тоо баримтаар бол дэлхийн сансар судлалын эдийн засаг 350 орчим тэрбум ам.доллар. Бидэнд энэ их өргөн уудам газар нутаг, терроризм болон бүс нутгийн мөргөлдөөнөөс холуур, агаарын хил сийрэг зэрэг харьцангуй давуу талууд байгаагын хэрэг юу билээ, гадаадын сансар судлалын технологийн их гүрнүүдтэй судалгаа шинжилгээ, туршилт хийх хамтрагч нь болох, түүнийг дагасан эрдэм мэдлэг, цоо шинэ нээлтүүд, их мөнгөний урсгалыг тогтоох шинэ боломж байна.
Дэлхийн видео тоглоомын зах зээлийн багтаамж 2018 онд 138 тэрбум ам.доллар болсон бөгөөд жил бүр 10%-ээс дээш хурдтайгаар өсөж байна. Бид үндэсний онцлог, соёл шингээсэн өвөрмөц контентуудыг дэлхийд зарах өргөн боломжууд бий. Монгол улсын эдийн засгийн нийт хэмжээ 11 орчим тэрбум доллар, үүний гол суурь нь уул уурхай дагасан бүтэцтэй. Харин бид Креатив салбарыг хөгжүүлж чадвал улс орны нэр хүнд дэлхийн түвшинд дээшлэхээс гадна бусад бүхий л салбарууддаа эергээр нөлөөлнө. Монгол улсад нийт 50000 хүн ажилладаг, 5 тэрбум ам.долларын креатив эдийн засгийг яагаад бий болгож болохгүй гэж? Энгийнээр бол Оюу Толгойг биш ОЮУН-аа ухаж амьдрах, Таван толгойг биш ТАРХИ-аа ашиглаж хөгжих гэж базаад хэлэхэд болох юм.