Ажлаа өө сэвгүй хийх гэж өөрсдийгөө махалж ажилладаг хүн бүхэнд зориулав
Авсан ажлаа төгс хийхээс нааш санаа амардаггүй зуршил нь яг л хоёр иртэй хутгатай адил. Энэ нь таныг ажилд дөртэй болгодог ч дарамт болох нь бий. Тэгвэл хэрхэн ач тусыг нь хүртэнгээ муу нөлөөнд нь автахгүй байх вэ? Яавал өгөгдсөн цагтаа ажлаа хамгийн сайнаар хийх вэ?
Экспертүүд энэ талаар юу гэж хэлэв?
“Аливааг төгс хийхийг хичээдэг хандлагын цаана ихэвчлэн айдас болон санаа зовнил байдаг” хэмээн Zarvana-ын үүсгэн байгуулагч Матт Пламмер хэлж байна. Уг компани ажилчдыг илүү бүтээмжтэй ажиллахад нь зааж, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Пламмер хэлэхдээ “Ихэнх ажилтан өөрсдийнхөө тэрхүү зан чанараа өөрчилчихвөл тэдний ажлын чанар муудна хэмээн боддог. Тиймээс ажлыг тултал нь хийх арга барил заримдаа өөрсдөд нь дарамт болж хувирдаг ч өөрчлөгдөхийг хүсдэггүй”.
Хэрэв энэ бүхэн танд танил сонсогдож байвал баярлах хэрэгтэй. Учир нь үүнийг өөрчлөх тийм ч хэцүү биш. Зорилго биш арга замаа өөрчлөхөд л та өөрт тохирсон замаа олох болно. Ингэхийн тулд ердөө л ачааллаа багасга хэмээн “The healthy mind toolkit”, “Anxiety toolkit” номын зохиогч, сэтгэл судлаач Алис Боис зөвлөж байна. Мэдээж хэлэхээс хийх нь хэцүү ч үнэн баримт үнэнээрээ л үлддэг. Хэрэв та өсөн дэвжихийг хүсч буй бол зарим ажлыг дутуу, дулимаг хийх нь зайлшгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ингээд та бүхэнд өөртөө хэт өндөр шаардлага тавьдаг зангаа хэрхэн өөрчлөх тухай доорх аргуудыг санал болгоё.
Том зургаар нь хар
Ажлыг төгс хийх гэж оролддог бүх л хүн энэ хандлага нь цаг их авдгаас гадна тэднийг ядраадаг тухай дуу нэгтэй хэлнэ. Мэдээж та сайн үр дүнг л үргэлж хүсдэг, тэгэх ч хэрэгтэй. Гэвч үүний зэрэгцээ хийж буй ажлынхаа алдагдсан боломж болон түүнд зарцуулж буй цагаа мэдэж байх нь зөв. Өөрөөсөө “Би цагаа ухаалаг ашиглаж чадаж байна уу? Бүтээмжтэй байна уу” гэдгийг асуу. Тухайн ажлынхаа боломжит үр дүнд хамгийн богино хугацаанд хүрэхийг эрмэлз. Дахиад гурван цаг нойргүй суусны эцэст хийж буй презентациа төгс болгож болно. Гэвч ингэх нь үр өгөөжтэй юу? Үгүй л болов уу. Тиймээс бүхнийг төгс хийх гэдэг хандлагаа өөрчил. Зарим зүйлийг төгс бус хийснээр илүү чухал ажилдаа төвлөрөх боломж бүрддэгийг Боис “The healthy mind toolkit” номондоо тайлбарласан. Заримдаа онцын биш чимхлүүр ажлыг хийж дуусгах нь л хамгийн оновчтой сонголт байдаг. Эцэст нь үр өгөөж буурах хуулийг өөртөө нэг сануулчих нь зүгээр.
Ажлын жагсаалт үүсгэ
Төгс зүйлд тэмүүлэх нь зорилгогүй алхахтай агаар нэг. Зорьсон газартаа ойртож буй эсэхээ ч мэдэхгүй алхаад л байна. Төгс төгөлдөрт тэмүүлдэг хүмүүс ч мөн ялгаагүй, ажлаа үргэлж илүү хийхийг л хүсч байдаг. Гэвч үр дүнд нь тэд сэтгэл хангалуун үлдэх нь өдрийн од шиг ховор. Тиймээс хийх ажлын жагсаалт үүсгэ. Ингэснээр анх төлөвлөсөн ажлаа хиймэгцээ дараагийн ажил луугаа ханцуй шамлан орох хэрэгтэй. Жишээлбэл, та хийсэн ажлаа үйлчлүүлэгч байгууллагадаа тайлагнах гэж байна гэж бодъё. Уулзалтын өмнөх шөнө нь презентацийнхаа үсгийн фонт, хэмжээг янзалж суухын оронд жагсаалтан дээрх презентацаийнхаа агуулгыг сайтар гаргачихсан л бол цааш нухах хэрэггүй.
Санаашрахаа боль
Ажлыг төгс хийх гэж махардаг хүмүүс өөрсдөө ч анзааралгүй санаашрах зуршилтай болчихсон байдаг. Тэд тодорхой шийдэлд хүрдэггүй ч асуудлын талаар олон талаас нь бодсоор мухардалд орох нь түгээмэл. Энэ бүхэн эцэстээ сэтгэлийн зовнилд хүргэдэг. Үргэлж бодлогоширч байдаг хүмүүс өөрсдийгөө уучилдаггүй бөгөөд энэ нь тэдний эрүүл мэндэд муугаас гадна бүтээмжийг нь бууруулдаг гэдгийг Боес хэлж байна. Хий хоосон санааширдаг зуршлаа асуудал шийдэж байгаатай бүү андуураарай.
Тэгвэл бодолд орохоо хэрхэн болих вэ?
- Санаашрал үүсгэж буй сэжмээ тодорхойл
Санаашрах зуршлаа өөрчлөх эхний алхам, юу таныг санаашрахад хүргэж буйг анзаарах явдал юм. Хэзээ, хэний хажууд, ямар нөхцөлд бодолд орж байгаагаа анзаар. Юунаас болж эргэцүүлээд байгаагаа мэдчихвэл түүнийгээ хялбархан хянаж болно.
- Өөрийгөө сатааруул
Сатаарал нь ашигтай болохыг Боес зөвлөсөн юм. НӨАТ-ын баримтаа шивэх гэх мэт уйтгартай ч бухимдал төрүүлэхгүй зүйлсийг хий. Энэ мэтчилэн 5,10 минутыг өнгөрөөхөд та санаашрах байдлаасаа гарсан байх болно. Нэгэнт санаашраад эхэлвэл тэрхүү бодлын хэлхээсийг “таслах” нь үр дүнтэй байдаг.
Хийх хэрэгтэй зүйлс
- Үр өгөөж буурах цэгээ олж мэд. Ингэснээр хийж буй ажлаа төгс болгох гэж оролдохын оронд ажлаа хийсэн л бол дуусга.
- Өөрийгөө хэт хүчлэлгүйгээр ажлын ард гарсан явдлаа сана.
- Өөртөө тавьдаг өндөр шаардлагаа өөрчил. Заримдаа бичсэн нийтлэл, хийсэн ажил тань эцсийн байх албагүй, хэн нэгэнд л тусалж байхад хангалттай байх тохиолдол бий.
Хийж болохгүй зүйлс
- Асуудлыг шийдэх гээд олон цагаар бодлогоширох хэрэггүй. Хэрэв хэт их зүйлс бодоод эхэлвэл өөрийгөө сатааруул.
- Төгс төгөлдрийн хойноос хөөцөлдөхийн оронд хийх ажлын жагсаалтаа гаргаад эхнээс нь хий.
- Бүхнийг ганцаараа шийдэх гэж оролдохын оронд тулгарсан асуудлаа ажлын хамт олон, найз нөхөдтэйгээ хуваалц.
Яг надад зориулж зөвлөсөн мэт санагдлаа. Баярлалаа.