2020 онд өмчийн хэлбэрээс үл хамаарч Монголын компаниудын бизнесийн стратегидаа зайлшгүй харгалзаж үзэх ёстой зүйлийн нэг нь дижитал шилжилт. Энэхүү том өөрчлөлтөд хэн сайн бэлдэж чадна тэр хүн хожно. Гэхдээ манай улсын ихэнх компанийн захирлын хувьд энэ өөрчлөлтийн цар хүрээ, ач холбогдлыг бүрэн ухамсарлаагүй хэвээр байна. Тиймээс “дижитал шилжилт удирдлагаас эхлэх ёстой” гэсэн шахалт захирлуудад улам их ирэх бөгөөд компанидаа CRM нэвтрүүлж, түүндээ харилцагчдынхаа бүх мэдээллийг оруулсан мөртлөө “эртээд уулзсан хүний мэйлийг явуул” гэж туслахдаа хэлвэл тэр захирал “хоцрогдсон” гэж харагдана. Өөрөөр хэлбэл, компанийн удирдлагуудын хооронд дижитал технологид тайлагдсан (digital literacy), тайлагдаагүйн ялгаа улам гүнзгийрч, тэгш бус байдал үүснэ.
Хоёрдугаарт, дижитал технологийн давуу талыг бизнесийнхээ загвар болгосон шинэхэн компаниудын тоо олширно. Үүнтэй холбоотой Монголоос экспортлох бүтээгдэхүүн бол зөвхөн эрдэс, ноолуур биш, бас мэдээллийн технологи юм байна гэдэг ойлголт эрх баригчид, бизнесмэнүүд, экспертүүдийн дунд улам бэхжинэ.
2020 онд Монголд шинээр үүсэх старт ап компаниуд зөвхөн финтекийнх байхаа больж өөр бусад салбарт мэдээллийн технологид суурилсан шийдлүүд үүснэ. Ялангуяа энэ нь хиймэл оюун ухааны технологид суурилсан байна. 2019 онд медиа, даатгал, хууль эрх зүй, такси үйлчилгээ, харилцаа холбоо зэрэг салбарт технологийн старт апууд амжилттай зах зээлд гарсан. Харин ирэх жил логистик, нийтийн хоол, аялал жуулчлал, хөдөө аж ахуйд технологийн компаниуд бий болох өндөр магадлалтай. Ялангуяа Монголын ХАА-д инноваци хийх сонирхол гадаадын хөрөнгө оруулагчдад их бий.
Хулгана жилд финтекийг технологид суурилсан бизнесийн загвар бүхий ББСБ-ууд өнгөлөх бөгөөд арилжааны банкууд хандлагаас хоцрохгүйн тулд өөр өөрийн платформыг хөгжүүлэхийн төлөө улам их мөнгө зарцуулах болно. Гэхдээ Монголбанк энэ тал дээр санаачлагатай ажиллаж энэ их тархай бутархай платформуудад интеграци хийж дэд бүтэц бий болгохгүй бол олон улсын цахим төлбөр тооцооны системийн үр ашгийг хүртэж чадахгүй. Дор хаяж PayPal төлбөрийн системтэй холбогдвол аутсорсингоор гадаадын компаниудад үйлчилгээ үзүүлдэг хүмүүсийн нар гарна.
Ийнхүү технологи бизнесийн амьдралын бүх л талыг хүчтэй хөндөж хэн нь энэ сэгсрэлтэд тэсэж үлдэхийг шалгах процесс явагдана.
Нөгөө талаас компаниуд болон хэрэглэгчдийн харилцаанд арга барилын томоохон өөрчлөлт явагдаж байгаа нь 2020 онд улам тод анзаарагдана. Эдүгээ хэрэглэгч маш их мэдээлэлтэй байдаг болсон учраас түүнийг бараг хуурах боломжгүй. Чанаргүй бүтээгдэхүүнээ пиардаж, гоё сайхан үгэнд боогоод борлуулчихдаг байсан зах дээрхи гуталчны наймаачны арга барил хоцрогдсон. Үүний оронд цаг үе компаниудаас хэрэглэгчиддээ чин сэтгэлээсээ хандаж, тэднийгээ илүү халамжлахыг шаардана.
Үүнийг дагаад контент маркетингийн ач холбогдол ихсэнэ. Энэ нь ямар ч төрлийн бизнес бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зах зээлд танилцуулах, сурталчлахдаа хэрэглэгчдэд хэрэгтэй мэдээлэл бүхий контент бэлдэх хэрэгтэй гэсэн үг. Энэ чиг хандлага 2020 онд төдийгүй цаашдаа ч нэг хэсэг маркетеруудын гол ярих сэдвийн нэг байх болно. Контент маркетинг харилцаа, манлайллын болон найруулан бичих ур чадвартай хүмүүсийн эрэлтийг ихэсгэж эдгээр үг орсон асуулт хүний нөөцийн менежерүүдийн анкетад олширно.
Бизнесийн үйл ажиллагаа агуулгын хувьд улам баяжих өөр нэг чиглэл бол соёл, уламжлалын нөөцийг ашигласан бизнесүүд. Өнгөрсөн хугацаанд “Naad”, “Хаадын гэр” гэх мэт соёлын үйлдвэрлэлийн шинжтэй бизнесүүд амжилттай танигдсан бол 2020 онд энэ тоо ихэснэ үү гэхээс багасахгүй. Ялангуяа HU хамтлаг соёлын үйлдвэрлэлийн сонгодог жишээ болж олон хүнд урам зориг өгсний дараа том том төслийн санаа өвөртлөн судалгааны ажилд дарагдаж суугаа продюсерууд цөөнгүй байгаа гэдэгт итгэлтэй байж болно.
Монголын бизнесийн ертөнцөд ажиглагдаж буй өөр нэгэн сонирхолтой үйл явц бол 1990-иэд онд үүсээд эдүгээ групп болтлоо томорсон компаниудын үе залгамжлалтай холбогдоно. 2020 онд түрүүчээсээ 30 жилийн ойгоо тэмдэглэх гэж байгаа Монголын томоохон групп компаниуд эрх мэдэл, хөрөнгөө хэрхэн дараагийн үедээ амжилттай өвлүүлж үлдээхээс олон зүйл цаашдаа шалтгаална. Ялангуяа олонхи компани нь гэр бүлийн байдаг, өв залгамжлах талаар эрх зүйн орчин бүрэлдээгүй манай улсын хувьд энэ нь цоо шинэ, тулгамдсан асуудал болоод байгаа. Үе залгамжлагч залуучууд компаниа хэрхэн шинэ цагийн шаардлагад нийцүүлж орчин үеийн засаглалтай болгох вэ гэдгээс бизнесийнх нь хувь тавилан хамаарна.
2020 онд зарим групп компани бүтээгдэхүүнээ экспортод гаргах ажлыг амжилттай хийж, засаглалын хувьд шинэчлэгдсэн гэдгээ батлан харуулж чадах бол зарим нь мухардалд орно. Ялангуяа хулгана жил төрийн өмчит компаниудын хувьд маш харш жил байх бөгөөд тэд засаглалтай холбоотой асуудалдаа улам ороогдох болно. Тиймдээ ч Таван толгой ХК өдий болтол олон улсад нээлттэй хувьцаа гаргаж чадахгүй байгаа шалтгаан нь энэ юм.
Эндээс дүгнэхэд 2020 он компаниудад гурван үндсэн хүчин зүйлд анхаарахыг шаардана. Тэр нь технологийн хурдаас бүү хоцор, хэрэглэгчиддээ чин сэтгэлээсээ ханд, засаглалаа сайжруул.