Бодибилдинг, фитнес гэдэг хүний эрүүл мэндийг өөрт нь зарж байгаа бизнес. Энэ төрлийн бизнес эдийн засгийн нөхцөл байдлаас шууд хамаарна. Ард иргэдийн амьжиргааны түвшин дээшлэхийн хэрээр фитнесийн бизнес цэцэглэдэг. Мөн илүү их таргалалт үүссэн зах зээлд эрэлттэй байдаг аж. Гэхдээ энэ нь хүн бүр гуалиг туранхай байх ёстой гэсэн үг биш. Зөвхөн дасгал хөдөлгөөнтэй ойр аж төрөх хэрэгтэй юм.
2017 оны байдлаар дэлхийн фитнессийн зах зээл 80 тэрбум ам.доллараар хэмжигдэж, жилийн өсөлт нь 2.6 хувьд хүрчээ. Дэлхийн хүн амын 80 хувь нь фитнесээр хичээллэж үзээгүй хүмүүс байдаг бол фитнесийн гишүүнчлэлтэй 170 сая хүн байна. Зөвхөн АНУ-ыг харвал, хүн амынх нь 17 хувь эрүүл мэндийн клубийн гишүүн бөгөөд 25 хувь нь сард багадаа нэг удаа дасгал хийдэг юм. Үүнээс харахад фитнесийн зах зээл нь өөрөө шинэлэг, эрэлттэй, хуучиршгүй, ашигтай бизнес ажээ.
Дэлхийн хамгийн том фитнесс сүлжээ
1970-аад он. Булчинлаг биетэй залуус моодонд орж АНУ-ыг донсолгох болов. Тэднийг шагшин магтагчид өдрөөс өдөрт хүрээгээ тэлж, энэ төрлийн дэлхийн хэмжээний өндөр зэрэглэлийн тэмцээн уралдаан үүсч, бодобилдинг “урлаг” болтлоо тэс өөр түвшинд хөгжив. Гэнэт гарч ирсэн энэ залуусын түрлэг Калифорн мужийн Венисд байрлах Gold`s gym-ээс гарч байлаа. Дэлхийн Mr.Olympia тэмцээний долоон удаагийн аварга, жүжигчин, улс төрч Арнольд Шварцнегер ч тэдний нэг юм.
Бодибилдингийн мастер Жо Гоулд өөрийн нэрээр нэрлэсэн Gold`s gym-ийг одоогоос 54 жилийн өмнө байгуулсан цагаас хойш уг төв нь сэтгэл санааны хувьд “Ариусах газар” хэмээн алдаршиж, бялдаржуулах урлаг, фитнесийн бэлгэ тэмдэг, дэлхийн хамгийн том сүлжээ фитнес клуб болж чадсан юм. Дэлхий даяар тэднийг тойрон хүрээлсэн биширч үйлчлүүлдэг гурван сая гаруй хүн бий.
Тэднийг юу тэгтлээ алдартай болгов?
Олон улсын анхаарлын төвд орох болсон хамгийн том шалтгаан нь тухайн үед алдар нэр нь түгж байсан Арнольд Шварцнегер, Дэйв Дрэпер нарын Gold’s Gym-ийн сурталчилгааны “PUMPING IRON” нэртэй бодибилдингийн тухай баримтат кино юм. Тэд хоёул Gold’s Gym-д бэлтгэлээ хангадаг байсан бөгөөд тэдний тоглосон энэхүү кино нь дэлхий нийтийг дасгал сургуулилт хийх, бодибилдингийн тухай ам уралдан ярилцахад хүргэжээ.
Улмаар 1980 оноос Gold’s Gym олон улсад салбараа нээх болж, Холливүүдийн одод, мэргэжлийн тамирчид нэгдэх болов. Ван Дам, Сильвестор Сталлоне, Жессика Алба, Двейн Жонсон, Кэну Рийвс, Жүди Фостер, Морган Фрийман, Тайгер Вүүдс зэрэг нэр цуутнууд одоо хүртэл энд хичээллэдэг. Тэднийг эгнээндээ нэгтгэсэн нь өөрөө тус клубын рейтингийг өсгөх “Big like” болсон юм.
Дэлхийд Gold’s Gym-ийг таниулсан логон дээрх штанг барьсан булчинлаг халзан эр Арнольд Шварцнегерийн дасгалжуулагч юм.
Нөгөөтэйгүүр Жо Гоулд анхны клубээ зөвхөн бодибилдингийн тамирчдад зориулж нээж байсан бөгөөд тэдэнд тохируулж гар хийцийн хэрэглэхэд хялбар тоног төхөөрөмжүүдийг бүтээснээрээ бусдаас ялгарч байлаа. Энэ нь тухайн үед инноваци байсан юм.
Тэд хүний биеийн онцлогийг мэргэжлийн түвшинд судалж, түүнээс нь хамаарч өөр өөр арга замаар хүссэн үр дүнд нь хүрэх аргыг заадаг байна. Сүүлд нэгэн шинэ үйлчилгээг нэвтрүүлсэн нь клубын гишүүн болсон л бол Gold’s Gym-ийн 30 гаруй орны аль ч салбараар клубын паспортаа үзүүлэн үйлчлүүлэх эрхтэй болдог ажээ.
Gold’s Gym Монголд
“Үлэмж” компанийн захирал С.Батмөнх бол 20 дахь жилдээ фитнесээр хичээллэж байгаа нэгэн. Монголын фитнесчдийн анхдагчдын нэг гэхэд болохоор хүн. Тэрбээр Америкаас бараа нийлүүлдэг байсантай холбоотойгоор тус улс руу байнга зорчдог байв. Энэ дашрамд өндөр зэрэглэлийн, стандартад нийцсэн фитнес төв ямар байдгийг мэдэрсэн тул Монголд энэ төрлийн фитнес клубийг нээхийг хүсэж, дэлхийд номер нэгийг нь судлах болов. Ингээд 2016 онд Gold’s Gym-ийн олон улсын франчайзингийн төвд хүсэлт тавьснаар гурван сарын дотор гэрээгээ хийсэн байна. Энэ үед одоогийн Gold’s Gym Ulaanbaatar байрлах Их Монгол цогцолборын бүтээн байгуулалтыг хийж байсан “Их үйлсийн эрэлд” компанийн гүйцэтгэх захирал, найз Р.Ганхуяг хамтран ажиллах санал тавьж, тэд хамтдаа 50:50 хувийн хөрөнгө оруулалттайгаар Gold’s Gym-ийн 715 дахь салбарыг ийнхүү Монголд нээжээ.
Их Монгол цогцолборын гуравдугаар давхарт бүхэлдээ Gold’s Gym байрладаг. Олон улсдаа ч, Монголд ч тэр алдартан, бизнесменүүд түлхүү хичээллэдэг. Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл бэлтгэл хийдэг аж.
Тус фитнес клубын Ерөнхий менежер Жэй Спэйд, “Бид хүн бүрт хамгийн төгс төгөлдөр “фитнес соёл”-ыг мэдрүүлж, түүгээр дамжуулан эрүүл чийрэг, эрч хүчтэй амьдрахад нь тусалдаг” гэв. Түүний тухайд Gold’s Gym-д 20 дахь жилдээ ажиллаж байна. Монгол дахь салбарт өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн ажиллах болсон юм. Өмнө нь Gold’s Gym-ийн Америк, Орос, Унгар, Польш, Саудын Арабын салбаруудад нь ажиллаж байжээ.
Хэдий тоног төхөөрөмж, байр, талбай, маркетинг гээд анхан шатны өртөг өндөр ч үйл ажиллагаа хэвийн болсон хойно зардал багатай. Монгол улс дахь Gold’s Gym-ийн тухайд анхны өртөг нь дөрвөн тэрбум төгрөг давж байв. Клубыг 1200 гишүүнчлэлтэй байх боломжтойгоор зохион байгуулж, өнөөдрийн байдлаар 700 гаруй гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Нэг дор 350-400 хүн үйлчлүүлэх өндөр чадамжтай.
Нийт 30 ажилтан, Gold’s Gym international–ээс багшлах эрхийн сургалт авсан, олон улсад заах эрхтэй мэргэжлийн 10 багштай. Тэдний ажил биеийн байдал, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл зэрэг хувийн үзүүлэлтээр нь анкет бөглүүлэхээс эхэлнэ. Дараа нь биед нь ямар өөрчлөлт орохыг ойлгуулна. Дасгалжуулагч багш нар “Хүний биед хэт их булгаралт үүсэхэд шантрах талтай тул анкетыг нь харж, биеийн онцлогийг нь харж байгаад аажмаар дасгаж сургуулилалт хийлгэдэг” гэж ярьж байлаа. Тиймээс нэг талаас тэд сэтгэл зүйчид, нөгөө талаар тэд сэргээн засалчид юм.