Одоогоос зуугаад жилийн тэртээ буюу 1926 онд 30 гаруй сурагч баруунд боловсрол эзэмшихээр Азийн гүн дэх бөглүү нутаг Монголоос алс холын нууцлаг өрнийг зорьсон нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Тэр үеэс үлдэж хоцорсон хар цагаан зургууд дунд хожмын их зохиолч, яруу найрагч Д.Нацагдоржийн танил дүр хүртэл бий. Герман, Францад суралцсан анхны монголчууд болсноороо тэд түүхэнд нэрээ бичүүлж, Европ тив рүү зам татсан билээ. Харин тэр цагаас хойш өрнийг зорих монголчуудын цуваа тасралтгүй хөвөрсөөр байна.
Өнөөдөр даваа гараг. Гадаа нар шарж, түм түчигнэж, бум бужигнаж байвч тасалгаан дотор сэлүүхэн, бас нам гүм байв. Төд удалгүй хөнгөн шингэн алхаатай ажил хэрэгч хувцасласан бүсгүй нам гүмийг үл эвдэн чимээ аниргүй алхсаар гаднаас орж ирлээ. Түвдийн Болдгэрэл болзсон цагаасаа 10-аад минутын өмнө ирээд буй нь энэ.
20 жилийн өмнө эх нутгаасаа гарч, холын Германд суурьшсан эгэл даруу энэ бүсгүй хилийн чанадад өнгөрүүлсэн он жилүүдийнхээ тэн хагасыг монгол хүний хөгжил, боловсролд зориулжээ. “Аливаа улсын өрсөлдөх чадварыг тодорхойлдог олон хүчин зүйл бий. Тэдгээрээс хамгийн чухал нь хүний хөгжил. Хүний хөгжилд нөлөөлдөг гол зүйл бол боловсрол. Боловсрол гэдэг зөвхөн мэдлэг олгох үйл явц биш, харин мэдлэгээ амьдрал дээр ашиглаж, баялаг бүтээж чаддаг хүнийг бий болгох тухай ойлголт” хэмээн томъёолж буйгаас харахад л Т.Болдгэрэлийн зорилго, алсын хараа аяндаа тодроод ирнэ.
Ажил хэргээ амжуулахаар Берлин, Улаанбаатарын хооронд жилдээ хэд хэдэн удаа зорчдог тэрбээр энэ удаа ч бас эх орондоо ажлын шахуу хуваарьтай ирээд байгаагаа дуулгав. Тэр дотоодын их, дээд сургуулиудын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлэх ажлыг эрчимжүүлэхээр германы мэргэжилтнүүдтэй хамт “Чингис хаан” нисэх буудалд хэдхэн хоногийн өмнө газарджээ. Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлтэй хамтран эхлүүлж буй уг хамтын ажиллагаа цааш амжилттай үргэлжилбэл монгол хүн дэлхийд өрсөлдөх боломж нэг шатаар ахина. Товчхондоо, Монголын их, дээд сургуулиуд Европын дээд боловсролын бүсэд сургалтын хөтөлбөрөө хүлээн зөвшөөрүүлснээр оюутнууд Европын орнууд руу чөлөөтэй шилжин суралцах, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсролын зэргийг эх орондоо эзэмших боломж бүрдэх юм. Харин түүнтэй хамт ирсэн мэргэжилтнүүд бол дээд боловсролын магадлан итгэмжлэлийн чиглэлээр олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Германд төвтэй ACQUIN (Accreditation, Certification and Quality Assurance Institute) институтийн төлөөлөгчид. “Тухайн улс орон боловсролоор дамжуулан өрсөлдөх чадвартай иргэнийг бүтээх ёстой. Дэлхий өөрөө ажлын байр болчихлоо гэж би хардаг. Өөрөөр хэлбэл, хамгийн үнэ цэнтэй баялаг болох хүнээ алдахгүйн тулд бид хүчин чармайлт гаргах шаардлагатай тулгараад байна. Нөгөө талаас газар орон үзэж, тал талын туршлага хуримтлуулсан хүний өрсөлдөх чадвар илүү байдаг. Тиймээс залуусыг төрөл бүрийн солилцооны хөтөлбөрөөр дамжуулан дэмжиж, хөгжих боломжийг аль болох бага залууд нь олгох хэрэгтэй. Ингэж хөгжиж, боловсорсон хүн эх орондоо эргэн ирээд ажил, амьдралдаа ч өөрөөр ханддаг” хэмээн Т.Болдгэрэл ярьж байна. Энэ зуур 18 настай охин нь Германд гимназиа төгсмөгцөө тус улсын Засгийн газраас хэрэгжүүлдэг “Сайн дурын жил” хөтөлбөрт хамрагдаж, Монголд ажил, амьдралын туршлага хуримтлуулахаар ирсэн тухай ч тэр хуваалцаад амжлаа.
Зорилгоо тодорхойлсон он жилүүд
Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр танилцуулдаг “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан”-гийн өнгөрсөн оны дүнг 2017 оныхтой харьцуулж харвал Монгол Улс хэдэн байр урагшилжээ. Харин Герман улс жил дараалан эхний тавд эрэмбэлэгдэж, хөгжлийн үзүүлэлтээ хэвээр хадгалж чадсан байв. Баруун Европын өндөр хөгжилтэй энэ улсад ажиллаж, амьдрах хугацаандаа Т.Болдгэрэл улс орны өрсөлдөх чадвар хүний хөгжилтэй салшгүй холбоотойг ойлгосон нь ирээдүйн зорилгоо тодорхойлох нэг алхам болжээ. “Гадаадад байгаа монголчууд эх орныхоо өнөөгийн нийгэм, улс төрийн нөхцөл байдлыг ихээхэн шүүмжилж байгаа харагддаг. Харин би тэдний энэ байдалд шүүмжлэлтэй ханддаг. Хэрэв асуудлыг олж харж байгаа бол шийдэл санал болгох ёстой. Хэн ч аливааг шүүмжилж чадна” хэмээн өгүүлэх тэрбээр 1990-ээд оны эхээр аялал жуулчлалын менежментийн чиглэлээр “Цог” дээд сургуульд суралцаж, дараа нь МУИС-д социологичоор сурч байгаад үргэлжлүүлэн Берлиний техникийн их сургуульд элссэн ч, амьдралын эрхээр сургуулиа орхиж, ажил хийж эхэлжээ.
“Чанар гэдэг бол хүнд хүрэх тухай ойлголт. Ашгийг түрүүнд тавиад хүнээ мартсан тохиолдолд тухайн бизнес урт хугацаандаа явахгүй”
2003 онд нэгэн зочид буудалд менежерээр орох хүртлээ олон газар, олон янзын ажил хийсэн түүний энэ хүртэлх түүх хилийн чанадад ажиллаж, амьдарч яваа монголчуудынхаас нэг их ялгарахгүй. Харин зочид буудлын менежерээс эрхлэгч болж дэвшсэн нь Т.Болдгэрэлийн амьдралд шинэ хуудас нээжээ. Тус буудлын үйл ажиллагааг ерөнхийд нь хариуцан ажиллах зуураа аливааг бие даан удирдаж чадахаа ойлгосноор түүний өөртөө итгэх итгэл бага багаар нэмэгдэж эхлэв. Мөн монголчуудтайгаа ойр дотно байсан учраас тэдэнд тулгарч буй бэрхшээл болон эрэлт хэрэгцээг нарийн анзаарах болжээ. Улмаар монгол ажилтнуудын ур чадварыг дээшлүүлж, дэлхийн түвшний мэргэжилтэн болгох хэтийн зорилгоо бодит ажил болгохоор зориглож, хувийн агентлагаа Германд байгуулсан нь цаг хугацааны хувьд дэлхийн эдийн засаг хямарч эхэлсэн 2008 онтой давхацсан юм. Тэр аавынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэж, агентлагаа “Түвд” хэмээн нэрлэжээ. Амьдралтай бүрэн гүйцэд танилцаж амжаагүй явсан 20 насандаа аавыгаа алдсан нь түүнд хүнд цохилт болж, ертөнцийг үзэх үзэл нь төлөвшихөд гүнзгий нөлөөлж, нэг үгээр, эргэлтийн цэг болсон гэдгийг тэр хэлж байсан юм. “Миний аав ажилч хичээнгүйгээрээ олонд хүндлэгдсэн, нэр хүндтэй хүн байлаа. Харамсалтай нь, дэндүү эрт, ид хийж бүтээх насандаа хорвоог орхисон. Монголын аж үйлдвэрийн анхны объект болох Хатгалын ноос угаах үйлдвэр, Эрдэнэтийн хивсний үйлдвэрт инженерээр ажиллаж, цагтаа олон оновчтой санал санаачлага нэвтрүүлсэн аав минь машины туслах эд анги хийх үйлдвэр байгуулах мөрөөдөлтэй байсан ч биелүүлж амжаагүй” хэмээн тэр энэ тухай дурссан.
Дэлхийн санхүүгийн хямрал, Германы татварын хатуу чанга бодлого шинэхэн агентлагийн үйл ажиллагааг дарангуйлж байсан ч Т.Болдгэрэл бууж өгсөнгүй. Гэхдээ эхний хэдэн жил зөв зүйл хийсэн эсэхдээ үе үе эргэлздэг байснаа нуугаагүй юм. Хамгийн гол нь хууль дүрмээ ягштал баримталж, алдаа гаргахгүй байх тал дээр төдийгөөс өдий хүртэл анхаарч ажилласаар иржээ. “Бусдын ирээдүйн талаар тэгтлээ санаа зовних хэрэг байна уу?”, “Чамд ашиггүй шахам ийм ажил хийж яах гэсэн юм бэ?” гэж хэлэх хүн таарч байсан ч зорьж буй ажлаа Монголын залуу үе, цаашлаад улс орны хөгжилд ямар ач холбогдолтойг сайн ойлгож байсан учир түүнийг юу ч зогсоогоогүй гэдэг.
Герман компаниуд чанарыг дээдэлж, тогтвортой оршин тогтнохыг гол зарчмаа болгодог нийтлэг шинжтэй. Амжилтад хүрсэн герман компаниудын хувьд ч ялгаагүй бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанарыг нэг түвшинд барьж, бага өсөлтөөр тогтвортой хөгжих зарчмыг баримталсан байдаг. Байгуулагдсан цагаасаа хойш энэ л зарчмаар ажиллаж ирсэн “Түвд” агентлагийн үйл ажиллагаа гурван жил гаруйн дараагаас л жигдэрч, тэр үеэс Т.Болдгэрэл үйл ажиллагааны цар хүрээгээ тэлэх боломж байгааг олж харснаар ажлаа эрчимчүүлж, багаа ч өргөжүүлжээ. “Чанар гэдэг бол хүнд хүрэх тухай ойлголт. Ашгийг түрүүнд тавиад хүнээ мартсан тохиолдолд тухайн бизнес урт хугацаандаа явахгүй. Хийж байгаа зүйл маань хүнд хүртээлтэй байх ёстой. Алсын хараагаа ингэж тодорхойлж чадахгүй бол бизнес гэдэг богино хугацааны л үйл явц болж хувирна”.
Мэдлэгийн гүүр
Өдгөө Монгол, Германыг холбосон эдийн засаг, бизнес, боловсролын салбарын гүүр болон өргөжсөн “Түвд” агентлаг давхардсан тоогоор 3200 хүнийг Герман болон Европын холбооны орнуудад мэргэжлийн сургалтад хамруулж, чадавхжуулаад байна. Мөн хоёр орны аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоодыг холбон ажиллаж, улс хоорондын эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэхэд хувь нэмэр оруулж буй. Энэ хувь нэмрийг нь үнэлж, Герман дахь Монголын элчин сайдын яамнаас Т.Болдгэрэлийг эдийн засгийн салбарын 2015 оны онцлох хүнээр тодруулж байсан ч удаатай. Тэрбээр “Хийж буй ажлын маань үр дүн шууд харагддаг учраас их сонирхолтой, сайхан санагддаг. Сургалтад хамрагдсан хүмүүс эх орондоо ирээд компанийнхаа ахиц дэвшилд шууд нөлөөлж чаддаг. Тиймээс компаниуд болон мэргэжлийн холбоод дараагийн асуудлаа шийдэх, үйл ажиллагаагаа илүү тогтворжуулах үүднээс манай агентлагт дахин хандаж байна” хэмээн сэтгэл хангалуун өгүүлсэн юм. Өнгөрсөн хугацаанд “Түвд” агентлагтай хамтран ажилладаг “Анандын зам”, “Мастер-Инженеринг”, “Вүүдман”, “Бэст буйдан”, “НорБрү” зэрэг дотоодын компанид технологийн болон ажлын байрны зохион байгуулалтын эерэг өөрчлөлтүүд гарснаас гадна эдгээр байгууллагын мэргэжлийн салбар дахь оролцоо ч нэмэгджээ.
Дотоодын компаниуд орчин үеийн, дэвшилтэт техник, технологийг гаднаас оруулж ирдэг ч тэдгээрийг ажиллуулах мэргэжлийн боловсон хүчний асуудлыг орхигдуулдаг. Нэг ёсондоо тэд шинэ техник, технологи шийдэл болно гэж үздэг. Гэвч энэ бүхнийг хүн ажиллуулна гэдгийг умартвал цогц шийдэл хараахан биш. Үүнээс болж алдагдал хүлээсэн тохиолдол их. Эндээс л Т.Болдгэрэл монгол ажилчдыг сургаж, мэргэшүүлэх хэрэгтэйг анзаарсан гэдэг. Өнөөдөр “Түвд” агентлаг Барилга, хот байгуулалтын яам, Зам, тээврийн хөгжлийн яам, “Монголын барилгачдын нэгдсэн холбоо”, “Монголын авто замчдын холбоо”, “Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)”, Герман дахь Монгол Улсын Элчин сайдын яам болон Лайпциг хотын гар үйлдвэрлэлийн танхим, Саксони-Анхальт мужийн инженерийн танхим зэрэг гадаад, дотоодын олон байгууллага, мэргэжлийн холбоотой хамтран ажиллаж буй.
Дэлхий өөрөө ажлын байр болчихлоо.
2015 онд Бразилын Сан-Паулу хотод зохиогдсон “WorldSkills” мэргэжлийн ур чадварын дэлхийн аварга шалгаруулах 43 дахь удаагийн тэмцээнд анх удаа Монгол Улсыг төлөөлөн оролцохоор Улаанбаатараас хөдөлсөн 20 орчим хүнтэй үндэсний багт Т.Болдгэрэл орж, дэмжлэг үзүүлжээ. Уг багт үсчин, гоо сайханч, тогооч, гагнуурчин, цахилгаанчин, мужаан гэх зэрэг есөн мэргэжлээр суралцаж буй, улсдаа аваргалсан залуус болон холбогдох яамдын төлөөлөл багтсан байв. Оролцогчид дундаас мэргэжлийн ур чадвараараа олон улсын дунджаас дээгүүрт үнэлэгдсэн оюутан ч байсан юм. “Өнөөдөр Германд ерөнхий боловсролын сургууль төгсөж буй хүүхдүүдийн 60 гаруй хувь нь мэргэжлийн боловсрол эзэмших шийдвэр гаргаж байна. Тэнд мэргэжлийн боловсролын нэр хүнд маш өндөр. Харин Монголд энэ дүр зураг эсрэгээрээ…” хэмээн тайлбарлах түүний үг бүрээс өрнийн нийгэм дэх дэвшлийг эх орондоо нутагшуулахыг зорьж буй нь мэдрэгдэнэ. “WorldSkills”-д оролцсоноор олон улсын түвшинд хаана яваагаа олж мэдэхээс гадна мэргэжлийн боловсролын нэр хүндийг өсгөж, энэ чиглэлээр суралцахын ач холбогдлыг суралцагчид болон ажил олгогчдод давхар ойлгуулах зэрэг олон давуу талтай. 2012 онд Т.Болдгэрэл энэ талаар Засгийн газарт анх танилцуулсан ч тоймтой хариу аваагүй аж. Гэсэн ч энэ бүхнийг тэгсхийгээд орхичихсонгүй бүтэн жил мэргэжлийн боловсролын сургуулийнхан болон холбоодод уйгагүй тайлбарлаж, Засгийн газарт ч үргэлжлүүлэн санал тавьсны хүчинд Монголын төрийн далбааг “WorldSkills”-ийн дэвжээнээ намируулж чадсан юм. Үр дүнд нь мэргэжлийн боловсрол эзэмшиж буй оюутнуудын дунд өрсөлдөөн бий болсноос гадна эзэмшиж буй мэргэжилдээ сэтгэл хангалуун байх болсон бол ажил олгогч талаас сургуулиудад шууд хандах нь ихэсчээ. Монголын багийн буухиа цааш үргэлжилж, хоёр жилийн өмнө Абу Даби хотод зохиогдсон “WorldSkills”-т оролцсон бол энэ жил ОХУ-ын Казань хотод болох тэмцээнд хүчээ сорихоор төлөвлөөд байна. Энэ зургадугаар сарын эхээр ОХУ-ын Санкт-Петербург хотод болсон Олон улсын эдийн засгийн форумын нээлтийн үеэр тус улсын ерөнхийлөгч Владимир Путин “WorldSkills”-ийн ач холбогдлыг онцгойлон дурдаж байсан юм.
“Зорьж буй ажлынхаа гарах үр дагавар, нөлөөллийг ойлгочихсон хүнийг баргийн зүйл зогсоож чадахгүй. Монгол хүн дэлхийд өрсөлдөж чадахгүй. Монгол хүн ажил хийж чаддаггүй гэсэн яриатай би санал нийлдэггүй. Энэ тал дээр 200 хувь эсрэг байр суурьтай ханддаг. Харин ч монголчууд бусдаас дутахгүй аливааг чаддаг, мэддэг. Гол нь монгол хүнийг хэрхэн ажиллуулах вэ гэдэгт учир бий” гэж Т.Болдгэрэл хэлж байна.
Түүний боловсролын салбар дах нөлөөллийн ажил энэ хүрээд зогссонгүй. Монголын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид төгсмөгцөө гадаадын их, дээд сургуульд шууд элсэн суралцах боломжгүй байдаг. Энэ зааг, ялгааг арилгаж, хариулт өгөх зорилгоор “Түвд” агентлаг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд олон улсын суралцагчдын үнэлгээний хөтөлбөр PISA (Programme for International Student Assessment) –д Монгол Улсыг хамруулахаар идэвхтэй ажиллажээ. Үүний үр дүнд, өнөөдрийн 13 настнууд 2021 онд 15 нас хүрмэгцээ энэхүү хөтөлбөрт хамрагдахаар болоод байгаа юм. Олон улсад ЕБС-ийн 15 настай сурагчдын чадамжийн түвшинг тогтоох зорилгоор Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD) -аас хэрэгжүүлдэг энэхүү хөтөлбөр (нөгөө талаар судалгаа ч гэж хэлж болох) -т хүүхдүүд сургуулиас авсан мэдлэгээ амьдрал дээр ашиглаж чадаж буй эсэх зэрэг өргөн хүрээний асуултад хариулт авах боломжтой болох юм.
Хөгжлийн төлөөх өөр тэмүүлэл
Олонх хүн ажил, амьдралдаа шинэ боломж, гарц эрэлхийлж хилийн дээс алхдаг. Зөвхөн Германд гэхэд л 5000 гаруй монголчууд ажиллаж, амьдардаг гэх тоо бий. Тэдний нэг бол Т.Болдгэрэл. Гэхдээ тэдний дундаас монголчуудтайгаа байнга холбогдож, шууд хамтран ажилладаг цөөн хүмүүсийн төлөөлөл гэдгээрээ тэр ялгардаг. “Герман улс надад хөгжих бүхий л үүд хаалгыг нээж өгсөн” хэмээн тэмдэглэсэн тэрбээр өнгөрсөн хугацаанд өөрийгөө хөгжүүлээд зогсохгүй өрөөлийг ч хөгжүүлэхээр тэмүүлж иржээ. Түүний сэтгэл үргэлж эх орон руугаа тэмүүлж, ямар нэг бодитой ажил өрнүүлэхийг хүсдэг байсан нь “Түвд” агентлагаар биеллээ олсон гэлтэй. Энэ ч үүднээс өнгөрсөн жил агентлагийнхаа Монгол дахь салбарыг байгуулсан захирал бүсгүй өдгөө “Түвд” агентлагийг хариуцахаас гадна Берлин дэх Монгол-Германы бизнесийн клубийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байна.
Хөвсгөлийн Хатгал тосгонд төрж, Эрдэнэт хотод бага насаа үдсэн тэрбээр ирээдүйд эх орондоо, тэр дундаа хөдөө орон нутагт суурьших хүсэлтэйгээ хуваалцсан юм. “Улаанбаатар хот тэлэхийн хэрээр стресс нэмэгдэж, зохиомол байдлаар бий болгосон асар их стрессийн дунд хүмүүс амьдрах боллоо. Зөвхөн автомашинаар жишээ авахад л олон асуудлыг хөндөж болно” хэмээсэн тэрбээр жинхэнэ амар амгалан амьдралыг эрхэмлэх болсон нь хөдөө нутагт татагдах шалтгаан болжээ. “Би багаасаа л халуун ус, зурагт хоёртой байхад хаана ч амьдарч болно доо гэж ярьдаг хүүхэд байлаа. Одоо хөдөө нутагт техник технологи, дэд бүтцийн шийдлүүд нэвтэрч, хэнээс ч хараат бус амьдрах боломж бүрдэж байна”.
Түүний үзэж буйгаар малчин гэдэг нэг төрлийн энтрепренер хүн. “Өнөөдөр энтрепренер гэх ойлголтыг мэдээллийн технологийн салбарынхан, стартапуудаар л төсөөлж байна. Манай агентлагаар дамжуулан газар тариаланч, малчин гэх зэрэг мэргэжлээр Германд суралцаж буй хүүхдүүд ч бий. Цаашид бид энэ чиглэлээр тууштай ажиллавал малчин хэмээх мэргэжлийг экспортолдог улс болох ч боломжтой. Малчин гэдэг монголчуудын хувьд унаган мэргэжил” хэмээн тэр ярив. Т.Болдгэрэл агентураа хөгжүүлэхээс гадна өөр бусад мэргэжлийн нэр хүндийг өргөхөд хувь нэмэр оруулсан шигээ малчдад ч анхаарч, орон нутгийг хөгжүүлэх чиглэлээр зорьж ажиллахаар ирээдүйн төлөвлөгөөгөө зураглаж байна. Хотын гэх тодотголтой бүхэнд татагдах болсон хэн бүхнийг Т.Болдгэрэлийн үргэлжлүүлэн хэлсэн “Ойрын хэдэн жилдээ багтаан Монголдоо суурьшиж, малчин болно” гэсэн үгс бүр ч гайхшруулах биз ээ.
Боловсролтой сэтгэлтэй сайн сайхан бүсгүй дээ
Амжилт
Mundag emegtei dee