Дээмий 2006 оны зуны нэгэн ням гарагийн орой Улаанбаатарын Grand Khaan Irish Pub-д 20 орчим хүндэт зочдод зориулж курс хоол хийжээ. Их ажлын ард гараад түр амсхийж байтал дайлуулсан хүмүүс түүнийг дуудуулав. Дээд давхарт гараад очиход зочид мөндөр шиг алга ташилтаар угтлаа. Тэдний дунд Эм Си Эс группийн удирдлагууд болох Ж.Оджаргал, Ж.Од хоёр байлаа. Энэ явдлаас хойш удалгүй группийн Ерөнхийлөгч Ж.Од түүнд хамтран ажиллах санал тавив.
Лабораториос гал тогоонд
Дээмий буюу С.Батмөнхийн тогоочийн замнал 2001 онд Англид очсоноор эхэлжээ. МУИС-д цөмийн физикчээр суралцаж байгаад Лондонд сурахаар очсон бөгөөд хичээлийнхээ хажуугаар ажил хийж мөнгө олохын тулд зоогийн газруудад зөөгчөөр ажиллав. Аажмаар гал тогооны ажилд оролцох болж өөрийгөө хоол хийх дуртайг олж илрүүлжээ. Ийнхүү Англид бараг долоон жил амьдрахдаа итали, франц, япон, хятад, энэтхэг, англи хоолны ресторануудад ажиллаж тогоочийн эрдэмд суралцав. Нэг газраа хэсэг ажиллаж сурах гэснийгээ сурчихаад байраа сэлгэдэг байлаа. Ажлаа солих бүрт цалин нь багасдаг байсан ч түүнд олон үндэстний хоолны мэргэжлийн тогооч болох нь чухал байв. Жишээ нь, япон хоолны газарт бүр тэгээс эхэлж ахлах тогооч болтол ажилласан ч тэндээсээ явж итали ресторанд энгийн тогоочоор ажилд орж байв.
Энэ хугацаанд тэр Roka, Zuma, The Belvedere, Chez Max зэрэг Английн дээд зэрэглэлийн ресторануудад ажиллаж байв. Cipriani London гэх урлаг, спортын одууд их ирдэг итали ресторанд ажиллаж байхдаа алдарт хөл бөмбөгчин Дэвид Бэкхэмийн төрсөн өдрийн бялууг гардан хийж байсан удаатай.
Тэр Roka, Zuma, The Belvedere, Chez Max зэрэг Английн дээд зэрэглэлийн ресторануудад ажиллаж байв.
Нэгэнт олон улсын хэмжээний мэргэжлийн тогооч болсны хойно 2007 онд Дээмий Монголдоо нэг мөсөн суурьшиж, өөрийн гэсэн бизнестэй болохоор шийджээ. Гэхдээ санаснаар нь болохгүй байлаа. Нэгэнтээ паб нээж ажиллуулсан ч удалгүй дампуурав. Эндээс зөвхөн сайхан хоол хийгээд амжилт олохгүй бөгөөд үйлчилгээ, орчин, имидж, рестораны байршил гэх мэт олон хүчин зүйл нийлж рестораны бизнес босдогийг ойлгож авчээ.
Түүнийг Монголд ирэхэд Улаанбаатарын хоолны бизнесийн орчин одоогийн түвшнээс хол байв. Хотын төвийн орчин үеийн өндөр барилгууд дөнгөж баригдаж эхлээд энд тэндгүй барилгын хашаа хөндөлсөж, кранууд сэрийлдэж байсан цаг. Нийслэлийн оршин суугчдын гадуур хооллох соёл ч төлөвшөөгүй байв. Нэг үгээр рестораны зах зээл өнөөдрийнхөөс хэд дахин жижигхэн байлаа.
2006 онд Дээмий зуныхаа амралтаар Монголд ирж Улаанбаатарын ресторануудад орж үзээд үйлчилгээ, хоол нь анх Англи руу явж байсан тэр үеэс нь өөрчлөгдөөгүй байсанд сэтгэл дундуур буцжээ. Энэ салбарт шинэ зүйл хийх том хүсэл түүнд байв.
Эм Си Эс группийн Ж.Одоос хамтран ажиллах санал хүлээж авснаар энэ хүслээ гүйцэлдүүлэх боломж нээгджээ. 2008 онд группийн дэргэд “Green Catering” нэртэй охин компани байгуулагдаж захирлаар нь Дээмийтэй ижилхэн нэртэй, Grand Khaan Irish Pub-ийн захирал С.Батмөнх ажиллахаар болов. Дээмийгийн хувьд шинээр байгуулагдсан компанидаа хоолны концепци, үйлчилгээ хариуцав. Тэрбээр Grand Khaan Irish Pub-ийн хоолны цэсийг цоо шинээр зохион агуулга, дизайныг нь өөрчилж олон төрлийн сонголтоор баяжуулан, гал тогооны ажил, үйлчилгээг шинэ хэв маягаар зохион байгуулав. Ингэснээр борлуулалт ч илт өсч байв. Мөн Дээмийгийн ачаар зочид өмнө нь Монголд хийдэггүй байсан итали үндэсний ризотто, паста, далайн гаралтай төрөл бүрийн хоолнууд болон вагю үхрийн мах, аспарагус зэргийг захиалан иддэг болов.
“The Square Grill Рub” нэртэй рестораны концепцит үүний толгойд их удаан эргэлдсэн бөгөөд нэгэн танилтайгаа мексик хоолны тухай өрнүүлсэн ярианаас шинээр нээх ресторандаа мексик хоол хийж болох тухай санаа төржээ. Дээрх ресторан нээгдэхэд энчилада, фахита зэрэг жинхэнэ мексик, латин америк маягийн хоолнуудаар үйлчилж эхлэв.
Франц үндэсний “Monet” рестораныг нээхэд маш удаан бодож боловсруулсан бөгөөд тэнд очсон хүн франц хоол идэхээс гадна франц зураачийн уран бүтээлийг сонирхож, франц хөгжим сонсох зэргээр энэ үндэстний уур амьсгалд умбаад гарна. Уг ресторан нээгдээд удалгүй элитүүдийн ирдэг ресторан болов. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди нар манай улсад айлчлах үеэрээ “Monet”-д зоог барьж байв.
“Green Catering” компани өргөжин тэлсээр нэг мэдэхнээ Central Tower-ийн 17 дугаар давхар дахь “Monet” ресторан, “City Club”, “Sky 17 Bar”, гуравдугаар давхрын “The Square Grill Рub”, Budda Vista хотхоны “Asiana” ресторан, Вива Сити хорооллын “London and Irish Pub” зэрэг газруудыг багтаасан том компани болсон байв.
2015 онд “Green Catering” компани Эм Си Эс группээс менежментийн хувьчлал хийн өрх тусгаарлах шийдвэр гарч компанийн хувь заяа Дээмийгийн гарт шилжив. Тэр “Monet” болон “Asiana” ресторан, “City Club”, “Sky 17 Bar” дөрвийг нийт 70 ажилтны хамт хүлээн авчээ. Ийнхүү 2007 онд Эм Си Эс группт тогоочоос эхлээд ерөнхий тогооч, үйлдвэрлэл хариуцсан менежер, рестораны ерөнхий менежер, дэд захирал, гүйцэтгэх захирлын ажил хийж байсан Дээмий “MGC” хэмээх өөрийн компанийн Ерөнхий захирал болов.
Үүнээс хойш дөрвөн жил өнгөрөхөд гурван ресторан шинээр нээж, нийт 220 гаруй, зуны улиралд 300 дөхдөг ажилтантай өнөр өтгөн айл болжээ.
Эртний мартагдсан амтыг сэрээх нь
“Хонины толгой хандалж чанасан шар тос, арвайн гурилтай цай”, “Яргуй идсэн ямааны махтай хуушуур болон хорхог”, “Өвчүүний махтай цуйван”, “Хонины шинэ мах, сүүл хэрчиж жууцай, мэхээрээр амталсан битүү шөл” гэх мэт хоолны нэрсийг уншаад жаахан өлсөж ядарсан бол ямар ч монгол хүний арааны шүлс асгарна.
“Хоол бол урлаг” гэж Дээмий давтан ярих дуртай. Тогоочоор ажилласан 20 орчим жилийн хугацаанд түүний гар доороос амтаар бүтсэн олон ч урлагийн бүтээл гарсан. Үүнээс хамгийн чухал хэсэг нь орчин үеийн үйлчилгээний донж, хэв маягийг шингээсэн монгол үндэсний уламжлалт өглөөний цай, үд, оройн хоол юм.
Тогоочоор ажилласан 20 орчим жилийн хугацаанд түүний гар доороос амтаар бүтсэн олон ч урлагийн бүтээл гарсан.
Эрт цагт монгол эзэгтэй сайхан цай, хоолоороо дамжуулан гэр бүл, гэрийн эзэнд нөлөөлж чаддаг байв. Тухайлбал, өглөө нар мандаж байхад нарны туяаг цайндаа оруулж самардаг, түүнээ нөхөртөө барьдаг байжээ. Нэг үгээр, эртний монголчууд хоолны нарийн ухаантай байж. Харамсалтай нь манжийн дарлал, дараа нь Оросын соёлын нөлөөгөөр энэ бүхэн мартагдсан. Тиймээс Дээмийгийн нэгэн том зорилго бол мартагдах дөхсөн монгол үндэсний ховор нандин хоолуудыг сэргээн хөгжүүлэх. Энэ чиглэлээр тэр олон жил судалж байгаа бөгөөд зарим нэг амжилттай туршилт хийгээд байна. Жишээ нь, шүүслэг зөөлөн адууны мах, бүтэн жил цуунд дарсан халиар, хүрэн манжин, жууцай, ганганы шанз, зөөхийн сүмс, гэрийн гамбир зэргийг нийлүүлэн “Монгол бургер” бий болгожээ. Хүмүүс өвлийн цагт энэ хоолонд их дуртай байдаг аж. Мөн хонины хуйхалсан сүүлэн дотор хонь, үхрийн махыг чихэж зөөлөн галаар болгосноор сүүлний тос, шим нь махандаа нэвчиж сайхан амттай болдог “Говийн цагаан шувуу” хэмээх монгол үндэсний хоол нь Азиана рестораны үйлчлүүлэгчдийн дуртай хоолны нэг болжээ.
Нөгөө талаас “Хоол бол аялал жуулчлалын хэл” гэсэн үг бий. Сайхан монгол хоол бол кулинарь аялал хийж дэлхийгээр тэнэж буй зузаан хэтэвчтэй жуулчдад Монголын тухай сайхан сэтгэгдэл үлдээх нэг том хэрэгсэл. Учир нь хоолонд уламжлал, соёл, түүх, мэдлэг, урлаг, эв нэгдэл гээд эрхэм бүхэн багтдаг. Тиймдээ ч 2018 онд 15 000 гадаадын жуулчин Дээмийгийн Азиана ресторанаар орж монгол хоол идээд гарчээ.
Дээмийгийн “Хамгийн амттай бүтээл”
Рестораны бизнес хийх нь яг л амттай хоол хийхтэй адил. Бүтээгдэхүүн, үйлчилгээ, орчин, хандлага зэргээс аль нэг нь л доголдоход давс хужир нь таараагүй хоол шиг хүний сэтгэлд хүрэхгүй.
Уламжлал ёсоор тогоочийн ажил нь цэвэр биеийн хүчний хөдөлмөр бөгөөд тогооч хүний эхний шинж бол тэвчээр. Үүрээс үдэш хүртэл босоогоороо хоол бэлтгэнэ. Яг үүнтэй адил рестораны салбарт ажиллах нь ихээхэн хатуужил, зүрх зориг, туршлага, ур чадвар шаардана.
Рестораны бизнес хийхэд тухайн компанийн захирал тогоочийн мэргэжилгүй бол хүндрэлтэй байдаг гэж тэрээр үздэг. Тиймээс ч дэлхийн алдартай сүлжээ ресторануудыг үндэслэгчид нь голдуу тогоочид байдаг аж. Энэ бизнест танигдах хугацаа гэж бий. Энэ хугацааг давж гарах санхүү, боловсон хүчний ахиухан нөөцтэй байх шаардлагатай. Шинээр нээгдсэн ресторануудын 60-85 хувь нь удалгүй хаагддаг гэсэн тоо баримт бий. Тиймээс банкууд хүртэл шинээр ресторан нээх гэж буй хүмүүст зээл өгөхдөө дургүй байдаг.
Дээмий энэхүү 60-85 хувь дотор орохгүйн тулд анхнаасаа нарийн төлөвлөгөөтэй ажиллаж чаджээ. Тэр ресторан бүрээ нээхээс өмнө концепцоо сайтар боловсруулж, ямар төрлийн хоолыг ямар орчинд, ямар үйлчилгээгээр хүргэхийг тооцдог. Ийм учраас ресторанууд нь богино хугацаанд танигдахаас гадна чанараа тогтмол барьж чаддаг болжээ.
Дээмийг 2007 онд Монголд ирж байсантай харьцуулахад монголчуудын хооллох соёл нилээн өөрчлөгдөж, хамт олноороо, гэр бүлээрээ гарч хоол иддэг соёл төлөвшиж байна. Ялангуяа сүүлийн гурван жилд энэ өөрчлөлт илт ажиглагдаж ресторанууд хөгжих таатай боломж бүрдэж байна. Үйлчлүүлэгчид хоолны сайн, мууг нарийн таньдаг болж, алдаа гарсан тохиолдолд олон нийтийн сүлжээгээр шүүмжлэх магадлал өндөр тул ресторануудын хариуцлага ч нэмэгдсэн.
Тогооч хүн байнгын халуун, чийгтэй орчинд ажилладагтай адил рестораны бизнес нь байнгын өрсөлдөөн дунд байдаг өршөөлгүй салбар. Өөрийн гэсэн ялгарах онцлогтой, бүх зүйлээ өв тэгш байлгахаас өөр аргагүй. Тиймээс Дээмийгийн хариуцан ажиллуулсан, дараа нь өөрөө нээсэн бүх ресторан тус тусын өвөрмөц онцлогтой. Энэ бодлого олон үндэсний хоолны Азиана ресторан дээр тод илэрсэн. Эхэндээ орчин үеийн монгол үндэсний маягтай ресторан нээх төлөвлөгөө байсан ч аажимдаа хятад, япон, монгол гэсэн зэрэгцээ гурван өөр орчин бүхий шийдэлтэй ресторан бий болов. Хятад хоолныхоо цэсийг Сичуань, Шаньдун, Бээжингийн хоолоор бүрдүүлж Хятадаас ирсэн мэргэжлийн тогоочоор бэлтгүүлдэг болсон нь Монгол дахь Хятадын Элчин сайдад таалагдах хүртэл оновчтой болжээ.
Монголчуудын хоолны соёл өөрчлөгдөхийн зэрэгцээ дотоодын зах зээлд олон улсын франчайзингууд олноор нэвтэрч эхэлсэн нь өрсөлдөөнийг улам чанга болгосон. Үүнтэй холбоотой монгол ресторанууд чанараа дээшлүүлэхээс өөр аргагүй болов. Тухайлбал, Азиана ресторан халуун тогооныхоо хоолыг “Little Sheep”-ийн хоолноос дутахааргүй байлгах хэрэгтэй болжээ. Шангри-Ла зочид буудал Монголд нээгдэхэд рестораны бизнес эрхлэгчдийн дунд гадны хүчтэй брэндэд даруулах нь гэсэн айдас байсан ч Дээмий үүнийг арай өөрөөр хүлээн авч компанийнхаа үйл ажиллагааг гадны стандарттай дэргэдээс харьцуулж сайжруулах боломж хэмээн харж ажиллав.
Тогооч хүний хоёр дахь шинж бол нүдэн баримжаа, гар хурууны нарийн мэдрэмж болон минут, секундыг тооцох чадвар. Хоолны орц, жорыг нүдээр баримжаалж тааруулдаг, аливаа хүнсийг дутуу эсвэл хэтэрхий чанахгүй, шарахгүй байх нь тогооч хүнд тавигддаг чухал шаардлага. Яг үүнтэй адил рестораны салбарт үйлчлүүлэгчээ мэдрэх явдал чухал.
Дээмий үйлчлүүлэгчдээ дэндүү сайн мэднэ. Хүмүүс ядардаг хаврын цагт хонины толгойгоор хандалсан шар тостой банштай цай, мэхээртэй битүү шөлийг өөрсдөө идэх зуур олон нийтийн сүлжээгээр цацахад тэр өдөртөө тухайн ресторан шөл ууж ядаргаагаа тайлах гэсэн хүмүүсээр дүүрнэ. Мөн тэр Азиана Централ, Чили гэсэн сүүлийн хоёр ресторанаа олон нийтийн сүлжээгээр зүгээр лайв хийгээд л нээчихсэн. Ямар ч урилга байхгүй. Азиана дээр 11 цагт лайв хийгээд л 12 цаг зочдоор дүүрч байв.
Хүмүүс гаднаас зочид авчраад эхлээд монгол хоол сонирхуулан идүүлдэг, дараа нь бааранд оруулж зугаацуулдаг, хэд хоногийн дараа европ маягийн ресторанд дайлдаг, үдэж гаргахынхаа өмнө агаарт гаргадаг гэдгийг тэр эртнээс мэднэ. Тиймээс тэр монгол хоолтой Азиана, уух зүйлстэй Sky 17 Bar, франц хоолны Monet, хотын гадна байдаг Brook гэсэн ресторануудынхаа цэсийг улирал бүрт нь тохируулан бэлддэг. Үүний ачаар гадаадаас ажлаар ирсэн хүмүүс тэдний хэдэн ресторанаар заавал орсон байж таардаг.
Дахин үйлчлүүлэгчид байнга шинэ амт, шинэ зүйл хүсдэг учраас аль болох олон төрлийн хоолтой байхаас өөр аргагүй.
Монгол Улсын хувьд хөгжингүй орнуудтай адил олон сая жуулчин хүлээж авдаггүй учир рестораны бизнест дахин үйлчлүүлэгчид үнэ цэнтэй байдаг. Лондон шиг том хотын зарим ресторан цөөн тооны хоолоороо хүмүүст үйлчлээд болоод байдаг. Харин өндөр зэрэглэлийн үйлчлүүлэгчид нь 3-4 мянгаас хэтэрдэггүй Улаанбаатарын ресторануудын хувьд ийм байх боломжгүй. Дахин үйлчлүүлэгчид байнга шинэ амт, шинэ зүйл хүсдэг учраас аль болох олон төрлийн хоолтой байхаас өөр аргагүй. Тухайн үйлчлүүлэгчийн байнгын сонголт нь байхын төлөө ур ухаанаа дайчилж, хоолоо сонирхолтой, үйлчилгээгээ сайн, зөөгчдөө мэргэжлийн байлгах хэрэгтэй. Энэ зүй тогтлыг Дээмий сайн мэдэх учир тухайн үйлчлүүлэгчийг хоолныхоо амтанд дурлуулах алхмуудыг хийдэг. Тэдний зарим хоолыг олон жилийн туршид зорьж ирэн иддэг олны танил, бизнесмен үйлчлүүлэгчид олон бий.
Уйгагүй хөдөлмөрийн ачаар Азиана, Брүүк гэсэн хоёр ресторан нь байнгын 10-20 хувийн өсөлттэй байх болж, гадаадын үйлчлүүлэгч 20 гаруй хувийг эзлэх болсон байна. Үүнээс гадна тэр дэлхий нийтэд хоолны үйлчилгээний чиг хандлага хаашаа явж буйг байнга тандаж олж мэдсэн бүхнээ цэсэндээ шингээнэ.
Тогооч хүнд хамгийн том аз жаргал өгдөг зүйл бол хүмүүс хоолыг нь амтархан идэх. “Зөөгч аяга, таваг оруулаад ирэхэд би шууд таваг руугаа хардаг. Тэгээд юу ч үлдээлгүй идчихсэн байвал их баярладаг. Долоочихсон таваг ороод ирвэл бүр гоё. Зарим хүмүүс хоолоо бүр талхаараа арчаад идчихсэн байдаг. Тийм таваг хүлээж авахад хамгийн сайхан байдаг” гэж тэр ярив.
Түүний тогоочийн чадварыг үнэлж Дэлхийн тогооч нарын холбооноос Монет ресторан болон Дээмийг хамгийн дээд шагнал нь болох кулинарын гурван одоор шагнажээ. Ийнхүү Монголд гурван одтой анхны бөгөөд одоогоор цорын ганц байгаа тогооч төржээ.
Тогооч хүнд хамгийн том аз жаргал өгдөг зүйл бол хүмүүс хоолыг нь амтархан идэх. “Зөөгч аяга, таваг оруулаад ирэхэд би шууд таваг руугаа хардаг. Тэгээд юу ч үлдээлгүй идчихсэн байвал их баярладаг.
Тогооч хүний гурав дахь шинж бол олон зүйлийг зэрэг амжуулах чадвар. Наад зах нь нэг ногоог шарах зуураа нөгөөг хольж, гурав дахийг нь хэрчиж, энэ зуураа бүх дүрэм, журмыг баримтлах шаардлагатай болдог. Яг үүнтэй адил рестораны бизнес эрхэлж буй компанийн захирал гал тогооны ажилд оролцон хоолны амт чанараа хадгалахаас гадна удирдлагад нь байгаа хүмүүсээ зохион байгуулж, байнга хөгжүүлэх хэрэгтэй. Учир нь хоол үйлчилгээ нь цэвэр хүний хүчин зүйлээс хамаардаг, үйлчлүүлэгчийн сэтгэл зүйг ойлгох ёстой ярвигтай ажил юм.
Орчин үед ямар ч компанийн хувьд засаглалын үзүүлэлт чухал болсон. Дээмий 2015 онд хувьчлалаар тусдаа гарч “MGC” компаниа байгуулахдаа “Олон улсын жишигт хүрсэн хоол урлаг, үйлчилгээний соёлыг таниулж үйлчлүүлэгч бүрийн эрхэм сонголт байна” гэж эрхэм зорилгоо тодорхойлжээ. Харин “Бизнесээ тасралтгүй хөгжүүлж салбартаа тэргүүлэгч жишиг компани болно” гэж таван жилээр алсын хараагаа тогтоож, энэ зорилтдоо хүрсэн гэдэг нь ажилчдын тоо гурав дахин өсч, ресторанууд нь олонд танигдсанаар баталж болох юм. Энэ нь нөгөө талаас Эм Си Эс груп хэмээх засаглалын шалгарсан “жороор” ажилласны нэгэн давуу тал.
Дээмийгийн хувьд хамгийн том баялаг нь ажилчид байдаг учраас тэднийгээ хөгжүүлэхэд том зардал, удаан хугацааны төлөвлөгөө гаргаж байнгын сургалтаар бөмбөгдөнө. Шинээр орсон ажилтныг дасан зохицуулах хөтөлбөрөөс эхлээд шат дараатай сургалтууд хийнэ. Захирлууд, хүний нөөцүүд, маркетинг, ХАБЭА-хан, эрүүл ахуйнхан өөр өөрийн сургалттай. Сургалтын энэхүү цогц системийн хүчинд ажилчид мэргэшиж, тэднийд ажиллаж байгаад гарсан олон тогооч эдүгээ Улаанбаатарын өндөр зэрэглэлийн ресторануудад ажиллаж байна.
Салбар хариуцсан захирлууддаа шийдвэр гаргах, шинийг санаачлах боломжийг өгдөг. Захирлуудын олонхи нь түүнтэй хамгийн багадаа найман жил хамт ажиллаж буй хүмүүс байдаг учир Дээмийгийн бодсон, санасныг олон үггүйгээр ойлгож хэрэгжүүлнэ. “Захирлуудаа мэргэжлийн СЕО болгож, дотоод үйл ажиллагаагаа төгөлдөршүүлэх зорилтууд тавьсан. Би энд нэг жил байхгүй байсан ч компани хэвийн ажиллах хэмжээнд очих ёстой” гэж тэр хэлэв.
Тогооч гэдэг мэргэжлийн хувьд тэр одоо мэдлэг, туршлагаар бараг ханасан. Гэхдээ түүнд насан туршдаа хийж буй, хамгийн амттай байх ёстой нэгэн “хоол” бий. Энэ бол долоон рестораныг нэгтгэсэн “MGC” компани нь юм. Юм бүхэн нь таарсан амттай хоол шиг компанийн юм бүхэн нь өв тэгш байж хөгжин дэвжинэ. Бизнесмэн хүний хувьд компаниа тасралтгүй хөгжүүлэх ёстой гэж тэр давтан ярьж байв. Гэхдээ би уншигчиддаа нэг зүйлд эргэлзэхгүй байж болно гэдгийг хэлье. Түүний бүтээж буй энэхүү хоолны амт өдрөөс өдөрт сайжирсаар байгаа.