Хорвоогийн зарим хоног өдөр бид ажлыг урамтай гэгч нь “машин”-ддаг. Гэвч хэчнээн хүчиллээ ч ажил урагшлахгүй үе гардаг. Хэчнээн удаан суусан ч уул овоо шиг овоолоостой ажил дундарч өгөхгүй аргаа барна. Гараас ажил гарахгүй энэ тохиол ажилтан болгонд л гардаг. Харин хүн бүхэн өөрсдийн аргаар шийддэг. Өөрт тохирсон аргаар энэхүү нөхцөл байдлыг хялбархан даваад гарчихдаг хүмүүс ч бий, харин одоог хүртэл аргаа ололгүй өөрийгөө хүчилсээр хий дэмий цагаа барж, биеэ гаргуунд гаргадаг ч хэсэг бий. Тэгвэл энэ үед бусад бизнес эрхлэгчид хэрхэн өөрсдийгөө сэргээж, эргээд ажлаа хийдэг талаар судаллаа.
Porter Road-ын үүсгэн байгуулагч Жеймс Пескер
Завсарлага ав
Бид хамгийн чухал ажлаа нэн түрүүнд дуусгахын тулд тэрхүү ажил дээрээ бүх анхаарлаа төвлөрүүлж ажилладаг. Гэвч заримдаа хүсэхэд хясах үе гарна. Хэчнээн хийх гэж оролдовч төлөвлөгөөний дагуу явахгүй байвал ажлаа түр хугацаанд орхих хэрэгтэй. Ийнхүү амьсгаа авсаны дараа эргэж ажилдаа эрч хүчтэйгээр орох нь үр дүнгээ өгдөг.
Fastsigns сүлжээ бизнесийн гүйцэтгэх захирал Габриел Муллинакс
Спортоор хичээллэ
Би сэлдэг. Усан доор байх үедээ би бүтээлчээр сэтгэж чаддаг нь хачирхалтай шүү. Сэлж байхдаа би өөрийнхөө бодлоо цэгцэлж чаддаг. Ингэснээр гайхалтай санаануудыг гаргах үе бий. Нэг удаа би сэлж байхдаа олсон маркетингийн санаагаа хэрэгжүүлснээр 25 мянган ам.долларын шагнал хожиж байлаа.
Artistic Tile-ын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Нанси Эпстейн
Жижгээр сэтгэ
Толгой ажиллахаа болих үед би аяллын төлөвлөгөөгөө боловсруулдаг. Аяллаа төлөвлөх нь эхлэл, төгсгөлтэй, дундаа бэлдэх зүйлсийн жагсаалт нь ойлгомжтой байдаг тул хийж дуусгахад амар байдаг. Энэ мэтчилэн жижиг ажлууд хийх нь намайг сэргээдэг. Хэрэв энэ арга бүтэхгүй бол хундага дарс ч баталгаатай тусална шүү.
Denny’s сүлжээ бизнесийг эзэмшигч Холли Агасси
Гүнзгий амьсгал
Би амьсгал дээрээ төвлөрөхийг хичээдэг. Үүний дараа буцаад ажилдаа төвлөрөх боломжтой болдог. Эсвэл өндөр давтамжтай хөгжим сонсох нь намайг сэдэлжүүлж, эрч хүчтэй ажиллах нөхцлийг бүрдүүлдэг.
Eighteen B-ын шинжлэх ухааны хэлтсийн ахлагч Линдсей Врей
Зөнд нь хая
Бүтээмжгүй үеүдэд үнэн хэрэгтээ миний тархи дараагийн шинэ санаагаа гаргахаар ажиллаж байгааг мэдэх хүртэл эдгээр үеүдэд бухимдмаар санагддаг байлаа. Төвлөрч чадахгүй байгаадаа бухимдахын оронд бодол санаагаа чөлөөл. Үүний дараа бодлоо дахин цэгцлэх үед аяндаа бүх зүйлс эмх журмандаа орсон байдаг. Тиймээс би тархиндаа итгэж түүнийг шинэ, содон санаагаар үргэлж “хооллодог”.