Компьютер, нөүтбүүк, ухаалаг утас. Энэ бүх технологи бидний өдөр тутмын ажил амьдралын салшгүй хэсэг болсоныг хаанаас ч харж болно. Тээврийн хэрэгслээр зорчихоос авахуулаад хүн хүлээж байх хооронд өөрийн эрхгүй бид утсаа ширтэнэ. Хурал цуглаан дээрх илтгэл уйтгартай болж байвал нөүтбүүкээ гаргаж ирээд ажлаа хийж эхлэх нь энүүхэнд.Энэ бүхэнтэй зэрэгцээд тэмдэглэл хөтлөхдөө утас эсвэл нөүтбүүк дээрээ шивэхийг илүүд үзэх хүмүүс ч олон болжээ. Тэгвэл яагаад үзэг цаас хоёрын нөхөрлөл хэзээ ч хуучрахгүй талаар танд тайлбарлахыг минь зөвшөөрнө үү.
- Цаасан дээр бичсэн зүйлсийг эргээд санахад хялбар байдаг. Судалгаагаар, оюутнуудыг хоёр бүлэг болгож хуваан, эхний бүлгээс лекцээ компьютер дээрээ шивэхийг, удаах бүлгээс цаасан дээр бичихийг хүсчээ. Маргааш нь бяцхан сорил авахад цаасан дээр хичээлээ тэмдэглэсэн бүлгийн оюутнууд тэмдэглэсэн зүйлсээ илүү санаж байсан аж. Учир нь цаасан дээр тэмдэглэх үед бидний тархи илүү ажиллаж хамгийн хэрэгтэй мэдээллүүдийг шүүдэг бол шивэх үед үг үгээр нь бичих гээд байдаг тул тархи бага ажилладаг байна. Тийм ч учраас хурлын үеэр ажилтнууд цаасан дээр тэмдэглэл хийх нь хурлын гол санаануудыг дараа нь санахад хялбар байдаг аж.
- Анхаарал төвлөрөх чадварыг сайжруулдаг. Электроник хэрэгсэл интернетэд холбогддог тул түүнийг хэрэглэж ажлаа хийж байх үед сатаарах нь элбэг. Сошиал медиагаа шалгах, и-мейлд хариу өгөх нь бидний бодсоноос ч ихээр анхаарал сарниулдаг. Тиймээс зөвхөн үзэг цаас нийлүүлэх нь биднийг анхаарлаа нэг зүйлд төвлөрүүлэхэд тус болдог аж. Ийнхүү хуралд оролцохдоо ажилтнууд анхаарлаа төвлөрүүлснээр шинэ санаа гарахад дөхөм болдог.
- Ажлын зөв соёл бүрддэг. Хурлын үеэр хэн нэгнийг илтгэл тавьж байх үед утсаа оролдох, эсвэл нөүтбүүкээ ширтээд суух нь зохимжгүй. Та хэчнээн тэмдэглэл хөтөлж байгаа хэмээн өөрийгөө өмөөрч болох ч нэгт, хүн болгон таныг тэгж харахгүй. Хоёрт, та өөрөө ч заримдаа хурлынхаа хажуугаар шинэ цонх нээж интернетээр өөр зүйлс уншиж байдгаа хүлээн зөвшөөрөх биз. Тиймээс цаасан дээр тэмдэглэл хөтлөх нь илтгэгчтэй илүү харилцаа тогтоож, тэдний илтгэлд сайтар анхаарлаа төвлөрүүлэхэд тусална.
Тиймээс дараагийн удаа нөүтбүүк, утсаа ширээн дээрээ үлдээж зөвхөн тэмдэглэлийн дэвтэр, үзэгтэйгээ хуралд суугаад үзээрэй. Хурал дээрх бүх зүйлийг шивж авч чадахгүй ч тэр тусмаа та хамгийн хэрэгтэй мэдээллээ сонгож, шүүж тэмдэглэх болно.