Таны бизнес ямар эх үүсвэрээс бэлэн мөнгө олж авсан ба хаашаа юунд зарцуулагдсан болохыг дараах байдлаар шинжлээрэй.
Сэтгүүлийн 4, 5 дугаар сарын дугаараас та Баланс буюу Санхүү байдлын тайлан, Орлого үр дүнгийн тайлангуудыг хэрхэн унших, ойлгох талаар нийтлэлүүдийг хүлээж авсан. Харин энэ удаад гурав дахь гол тайлан болох Мөнгөн гүйлгээний тайланг хэрхэн шинжлэх энгийн ойлголтыг хүргэхийг зорилоо.
Мөнгөн гүйлгээний тайланг зарим санхүүгийн гүйцэтгэлд мөнгөн урсгалын тайлан гэж нэрлэх, хэрэглэх тохиолдол байдаг. Мөнгөн гүйлгээний тайлан нь гурван хэсгээс бүрдэнэ:
- Үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ
- Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ
- Санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ
Таны бизнес ямар эх үүсвэрээс бэлэн мөнгө олж авсан ба хаашаа юунд зарцуулагдсан болохыг энэ тайлан харуулна. Таны бизнес олж чадаж буй мөнгөөрөө бизнес хэвийн үргэлжлэхэд шаардлагатай худалдан авалтаа хийж, зарлагуудаа төлж чадаж байгаа бөгөөд цаана нь мөнгөн хуримтлал үүсгэж чадаж байгаа эсэхийг хэмжих боломжтой. Ингэж чадаж байвал бизнесийн “эрүүл мэнд” хэвийн байна гэж үзэх юм. Мөнгөн гүйлгээний тайлангийн гүйцэтгэлдээ тулгуурлан богино хугацааны мөнгөн гүйлгээний төлөвлөлтөө хийж хэзээ мөнгөний дутагдалд орох магадлалтай, ямар хэмжээний эх үүсвэр нэмж олох хэрэгтэйг төлөвлөдөг. Эдгээрийг А компанийн бодит жишээн дээр тайлбарлая:
Бэлэн мөнгөний эхний үлдэгдэл | 150,000,000 |
Борлуулалт | 1,785,453,148 |
Бусад орлого | 31,745,831 |
Нийт мөнгөн орлого | 1,817,198,979 |
А компанийн 2017 оны үндсэн үйл ажиллагааны мөнгөн орлого нь 1,785.4 сая төгрөгийн борлуулалтын орлого ба 31.7 сая төгрөгийн бусад орлогоос бүрдэж байна. Бусад орлогод даатгалын нөхөн төлбөр, татварын буцаалт, аливаа татаас санхүүжилт болон мөнгөөр барагдуулсан авлага зэрэг орно. Тайлант жилд 1,817.2 сая төгрөгийн орох мөнгөн урсгал үүсчээ. Мөнгөн гүйлгээний сар бүрийн тайлангаас үзэхэд оны эхний дөрвөн сар нийт орлогын 24%, 5-8 дугаар сард нийт орлогын 21% нь орсон байх ба үлдсэн дөрвөн сард нь нийт орлогын 55% нь орж ирсэн ба хамгийн бага орлоготой сарууд нь гурав ба долдугаар сарууд байна. Иймд эдгээр саруудад эх үүсвэрийн дутагдалд ордог байх магадлалтай гэж үзэж болно.
Үндсэн үйл ажиллагааны мөнгөн зарлага нь дараах байдалтай байв:
Бараа, түүхий эд материал худалдан авалт | 1,055,123,028 |
Сэлбэг худалдан авалт | – |
Үйл ажиллагааны зардал | 442,972,562 |
Татвар | 24,499,467 |
Хөрөнгө худалдан авалт | 175,398,050 |
Хөрөнгө оруулалт | – |
Хуримтлал олгосон | 37,833,856 |
Үйл ажилагааны бус зардал | 17,046,050 |
Хүүгийн төлбөр | 3,596,321 |
Авлага үүссэн | 149,558,878 |
Бусад төлбөр | – |
Нийт мөнгөн зарлага | 1,906,028,212 |
Бараа материал худалдан авахад 1,055.1 сая төгрөг зарцуулсан ба үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд 1.1 тэрбум төгрөгийн бараа материал ашигласан тул бараа материалын үлдэгдэл 50.0 сая төгрөгөөр буурсан.
Тайлант хугацаанд 175.4 сая төгрөгөөр хөрөнгө худалдан авч 149.6 сая төгрөгийн дараа тооцооны авлага үүсгэн мөнгөний гарах урсгал явагдсан байна. Эдгээр нь нийт мөнгөн зарлагын 17% – тай тэнцсэн бол үйл ажиллагааны зардалд төлсөн мөнгө нийт зарлагын 23% байв.
А компани 2017 оны гүйцэтгэлтэй тэнцүү түвшинд үйл ажиллагаа зардал, татвар, хүүгийн төлбөр зэргийг барьж, шинээр хөрөнгө худалдан авахгүй, зарцуулсан өртгийн хэмжээнд бараа худалдан авах ба бусад авлага үүсгэхгүй гэж төлөвлөвөл дараа онд нь 1.5 тэрбум төгрөгийн мөнгөн орлогыг үндсэн үйл ажиллагаанаасаа олох шаарлагатай. Хэрэв ийм хэмжээгээр үндсэн үйл ажиллагааны мөнгөн орлого олж чадахгүй бол санхүүгийн үйл ажиллагаагаар буюу зээлээр мөнгө босгох хэрэгтэй болох юм.
Цэвэр орлого | (88,829,233) |
Зээл | 97,039,133 |
Зээлийн төлбөр | 142,742,539 |
Бэлэн мөнгөний эцсийн үлдэгдэл | 15,467,361 |
А компани үндсэн үйл ажиллагаанаасаа 1,817.2 саяын мөнгөн орлого олж, 1,906.0 сая төгрөг зарцуулснаар үндсэн үйл ажиллагааны цэвэр орлого нь хасах 88.8 сая төгрөгийн гүйцэтгэлтэй ажиллажээ. Бэлэн мөнгөний дутагдалд орсон саруудыг давахын тулд санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ үүсгэн нийт 97.0 сая төгрөгийн зээл авч, зээлийн үлдэгдлээс 142.7 сая төгрөгийг төлсөн байна. Ингэснээр оны эхэнд байсан бэлэн мөнгөний үлдэгдэл дээр цэвэр орлогоо нэмж, авсан ба төлсөн зээлийн зөрүүг нэмсэнээр мөнгөний эцсийн үлдэгдэл 15.4 сая төгрөг болсон. Энэхүү бодит тайланд А компани жилийн дүнгээр 189.9 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байдаг ба тухайн цэвэр ашиг, бэлэн мөнгөний эхний үлдэгдэл, мөн бараа материалын буурсан зөрүүний хамт 175.4 сая төгрөгийн хөрөнгө худалдан авалт, 149.5 сая төгрөгийн авлага үүссэн гүйлгээг санхүүжүүлэхэд зарцуулагдсан байна.
А компани аливаа бизнес, хувьцаа, үнэт цаас худалдан аваагүй ба худалдаагүй тул мөнгөн гүйлгээний тайлан нь үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ ба санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээнээс бүрдэж байна.
Ийнүү санхүүгийн тайланг хэрхэн унших тухай нийтлэлүүд танд хүрлээ. Бизнесийн гүйцэтгэлээ тод харах үйлсэд нь амжилт хүсье.