Монголд уул уурхайн “boom” болж байсан 2010-аад оны эхэн үед хилийн чанадаас эх орондоо амьдрахаар ирэгсдийн тоо ихэссэн билээ. Энэ давалгаанд орсон олон мянган залуусын дунд Насаа, Хулан хоёр байв.
2003 онд АНУ руу явсан Насаа тэндээ түргэн хоолны газар ажилд орж, энгийн ажилтнаас том менежер болтол тууштай ажиллаж бизнесийн арга ухаанд суралцжээ. Эндээс тэр бизнест хурд, мэдрэмж хоёр ямар чухлыг ойлгожээ. Ажлынхаа хажуугаар Америкаас авто машин, уул уурхайн техник, тоног төхөөрөмж монгол руу нийлүүлдэг байв. Насаагийн Монгол руу илгээсэн Lexus 470 машин өнөөдөр олон захирлын гараашд бий. Мөн эхнэр Хулантайгаа танилцаж, ууган хүүгээ өлгийдөн авчээ.
Эхнэрээ их сургууль дүүргэсний дараа уул уурхайн бизнесээ үргэлжлүүлэхээр эх орондоо ирэв. Харамсалтай нь хөрөнгө оруулагчид дайжсанаар Насаагийн уул уурхайн найдлага талаар болов.
Үүнээс гадна Монголд ирснээс хойш хүүгийнх нь өндөг, сүүний харшил хурцдаж аав, ээжийгээ үе үе сандаргах боллоо. Америкт байхдаа хүү granola cereal хэмээх өглөөний унданд дуртай байсан бөгөөд Монголд авчирсан нөөц нь дуусч Насаа, Хулан хоёр хүндхэн байдалд орлоо. Гадаадад байхдаа хүүхдийнхээ хоол, ундыг нарийн сонгож авдаг байсан бол Монголд ирснээр хүмүүс чухам ходоод руугаа юу хийгээд байгааг ч ойлгоход бэрхтэй санагдав.
Тйимээс Насаагийн энд ирээд хамгийн түрүүнд анзаарсан зүйл нь монголчуудын өглөөний ундны дэглэм байсан юм. Голдуу талх, масло эсвэл хоносон хоол иддэг, зарим нь бүр огт өглөөний цай уудаггүйг хараад “үүнийг засах хэрэгтэй” гэсэн бодол түүнд төрдөг байлаа. Эрүүл мэндийн байгууллагуудын тоо баримт ч манай улсад ходоодны өвчлөл газар авсан, энэ нь ихэвчлэн хоолны буруу дэглэмээс үүдэлтэйг гэрчилж байв.
Ингээд хүүгийнх нь харшил, бусдад туслах сэтгэл “Мовьёос” хэмээх брэндийг гаргахад нөлөөлжээ. Энэ нь хүнсний овьёосоор хийдэг, боловсруулалт багатай, хүнсний нэмэлт ороогүй, өглөөний ундны нэгэн төрөл юм. XIX зууны эхээр АНУ-д бий болсон уг хоол нь Америк болон Европт ихэд дэлгэрчээ.
Хүнсний овьёос нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулдаг хүнсний зүйлийн нэг аж.
Насаа, Хулан хоёр 2014 онд “Монфүүд ланд” компаниа байгуулжээ. Тэдний бизнес дөрвөн жилийн дотор өөрийн гэсэн үйлдвэрийн байртай, бүх сүлжээ дэлгүүрт бүтээгдэхүүнээ нийлүүлдэг, бүх аймагт харилцагчтай, 40 орчим ажилтантай компани болж хувирчээ. “Мовьёос” зах зээлд шинэ бүтээгдэхүүн болоод зогсоогүй монголчуудын дунд хоолны шинэ соёлыг эхлүүлээд байна.
Бүгдийг нойлоос эхэлсэн хүмүүс гэвэл тэднийг хэлнэ. Эхлэлийн хөрөнгө ердөө зургаан сая төгрөг байв. Дээр нь найзууд, ар гэрийнхнээсээ багахан хэмжээний санхүүгийн дэмжлэг авсан байна. Эхлээд цехдээ технологичийн хамт гурвуулаа ажилладаг байлаа. Насаа эхний хоёр жил өөрөө борлуулалтандаа явж чөлөө завгүй зүтгэв. Хотын түгжрээнд бараагаа хүргэхээр яарч явахдаа өдөрт хэд хэдэн удаа мөргөлдөж захиалагч, замын хоёроос сонгох шаардлагатай болдог хүнд үеүд цөөнгүй байв.
Мовьёос хэрэглэгчдэд хүрсэн гол суваг нь үзэсгэлэн, амталгаат худалдаа. Энд тэндхийн үзэсгэлэн дээр хүмүүст бүтээгдэхүүнээ амсуулж явсаар мовьёосын амтанд орсон, байнга хэрэглэдэг хүмүүсийн тоо олшров. Мовьёосын эрэлт их байгаа нь ойлгомжтой байлаа. Амталгааны худалдааны үе шатыг туулж тогтмол борлуулалттай болохын тулд хамгийн анх Good price сүлжээ дэлгүүрт, дараа нь Номинд ханджээ. Харин үүнээс хойш сүлжээ дэлгүүрүүд өөрсдөө утасдаж мовьёосыг борлуулж эхэлжээ. Мөн 2016 онд Сүү компаниас хамтран ажиллах санал тавьснаар мовьёостой тараг худалдаанд гарав.
Анх зөвхөн мовьёос үйлдвэрлэж байсан бол дараа нь түүнийгээ шахмал болгож, жимстэй самартай гэх зэргээр нэр төрлийг нь олшруулж эдүгээ долоон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Гурвуулаа ажиллаж байснаа тавуулаа болов. Үйлдвэрлэл өргөжиж ажилчдын тоо аажмаар нэмэгдэж байв. Тэд үйлдвэртээ голдуу хөдөө орон нутгаас ажил хайж шилжин ирсэн залуусыг ажиллуулдаг бөгөөд ийм хүмүүс илүү найдвартай байлаа. Ялангуяа 1990-иэд онд төрсөн залуучуудын хандлага өөр гэж Насаа үздэг.
Тэд ашгаасаа олсон төгрөг болгоноор эргээд бизнестээ хөрөнгө оруулж байлаа. Банкнаас зээл авахыг хүссэн ч барьцаа хөрөнгө гэсэн чулуун хана мөргөв. Хэрэглэгчдэд танигдсан үнэ цэнэтэй брэнд гаргачихсан, бүтээгдэхүүнээ бүх сүлжээ дэлгүүрээр борлуулдаг, барааны эргэлт нь сайн гэдгийг банк өөрөө хараад байгаа мөртөө барьцаа байхгүй бол зээл өгөхгүй гэхэд Насаа, Хулан хоёрт хачирхалтай санагдаж байв.
2016 онд Зурагтын шинэ эцсийн буудлын хойхон талд үйлдвэрийн барилгаа барих болоход мөн л банкнаас зээл авч чадаагүй. Харин компанийн гурван ажилтан нэгхэн өдрийн дотор өөрсдөө цалингийн зээл авч компанидаа хөрөнгө оруулснаар мовьёос өөрийн гэсэн үйлдвэртэй болов. Энэ нь Насаа, Хулан хоёрын хувьд гэнэтийн зүйл байсан бөгөөд тэдгээр сайхан сэтгэлтэй хүмүүст талархаад баршгүй байв.
Зээл олдохгүй, хүргэлтээ хийж барахгүй, мовьёосыг дуурайлгаж хийсэн оюуны өмчийн хулгайн зарга хөөцөлдөх зэрэг олон бэрхшээл энэ залуу хосын өмнө байсан ч “гоё байна” гэсэн хэрэглэгчдийн урмын үгээр тэжээгдэж явав. Мовьёос тэдний хувьд хоёр дахь хүүхэд нь болж цаг тутамд анхаарал халамж тавьж өсгөж өндийлгөх хэрэгтэй байв. Хэрэв хүн хийж буй ажилдаа өөрийгөө бүрэн шингээж чадвал ямар ч зээл, барилга байшингаас хавьгүй илүү нөөц боломж, баялаг хүний дотроос бий болдог гэж Насаа ярьж байв. Тэд ажилчиддаа би та нарын захирал бус, нэг үйлсийн төлөө зүтгэж яваа жаргал, зовлон нэгтэй хүмүүс гэж байнга сануулдаг.
Монфүүд Ландын хэтийн зорилго нь дэлхийд танигдсан монгол брэндийг бий болгож, эрүүл зөв өглөөний ундыг хэвшүүлэхэд хувь нэмрээ оруулах. Гэхдээ тэдний өмнө давах даваа олон, туулах зам урт, туулах бэрхшээл мундахгүй.
Үүнийг батлах гэсэн мэт биднийг ярилцаж байх зуур тог тасарч үйлдвэрийн машинууд нам гүм болов. Гэтэл шинэ жил дөхөж захиалга овоорсоор.
Business.mn сэтгүүлийн №2 дугаараас