“Тогтвортой ноос ноолуур эвсэл”-ийн гүйцэтгэх захирал Уна Жонстой байгууллагын зорилго болоод ноолуурын зах зээлийн шинэ хандлагын тухай ярилцлаа.
-“Тогтвортой ноос ноолуур эвсэл”-ийг байгуулах болсон шалтгаан тань юу вэ?
-Би Сэлэнгэ нутгийн хүүхэд. Их Британид 20 орчим жил амьдарч байна. Нутагтаа олон жилийн дараа эргээд ирэхэд бага насаа өнгөрүүлсэн үзэсгэлэнтэй газрууд маань гундуухан угтсан. Тужийн нарсны өтгөн ой гэхэд ихээхэн доройтож, халиурсан их өвстэй бэлчээр ч зарим газраа халцарсан байсан. Энэ бүхэнд хэдийгээр уур амьсгалын өөрчлөлт нөлөөлж буй ч ийм хэмжээний огцом өөрчлөлт гарсан нь ард иргэдийн амьжираатай салшгүй холбоотой. Миний нутаг бол Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө гэсэн олон голын бэлчиртэй сайхан газар. Ийм нутгаа сайхан чигээр нь үлдээхсэн гэсэн бодол өөрийн эрхгүй төрсөн.
АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельтийн “Газар, шороогоо устгавал үндэстэн устана” гэсэн алдартай үг бий. Газар дэлхий бол бүхий л амьдралыг тэтгэгч учраас хөрс шороо, элгэн нутагаа хайрлах хэрэгтэй. Богино хугацаанд ийм их өөрчлөлт гарч байгаа нь амьжиргаа, ахуйтай холбоотой асуудал болж хувирч байна гэсэн үг. Тиймээс үүнийг өөрийн цаг үед хараад суух аргагүй, Сэлэнгэ мөрний хөвөөнд тоглож өссөн хүүхэд нас минь миний үр хүүхэд, хойч ирээдүйд маань ч гэсэн хадгалагдаасай гэж бодсон учраас “Тогтвортой ноос ноолуур эвсэл” буюу Sustainable Fibre Alliance (SFA)-г байгуулсан.
-Та Англид ямар чиглэлээр ажилладаг байсан бэ. Тэндээс олж авсан туршлага “Тогтвортой ноос ноолуур эвсэл”-ийн үйл ажиллагаанд хэр нөлөөлж байгаа вэ?
-Би Британид үйлдвэрлэлийн салбарын шинжээчээр ажилладаг байсан. Ялангуяа эрчим хүч, газрын тос, байгалийн хий зэрэг аж үйлдвэрийн томоохон салбарт хүний нөөцийн ямар хүндрэл бэрхшээл гардаг тухай, мэргэжилтнүүдээ давтан болон мэргэшүүлэх, нөхөн сургах нь тухайн улсын суурь гэдгийг ойлгож мэдсэн. Энэ мэдлэгийн бааз байж л хөдөлмөр, аюулгүй байдлын нөхцөл бүрдэнэ. Тиймээс Их Британийн Засгийн газар болон аж үйлдвэрлэлийн салбар нь эдгээр асуудлыг хэрхэн шийдэж, даван туулдаг талаар дунд нь орж ажилласны хувьд туршлагатай болсон. Тиймээс Монголын мал аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, цаашлаад Өвөр Монгол зэрэг мал аж ахуйтай орны хүний нөөцийн чадавхыг сайжруулахад би хувь нэмэр оруулах чадвартай гэдэг итгэл, үнэмшил төрсөн. SFA-ийг Монгол болон Британид байгуулсан. Монголд салбар байгуулах эрэлт хэрэгцээ нь Монголын уур амьсгалын төлөв байдлын өөрчлөлт, дасан зохицох чадавх, бэлчээрийн өөрчлөлт, малчдын амьжиргаа, мал аж ахуйн талаарх олон жилийн судалгаа шинжилгээний бааз суурийг түшиглсэн юм.
Малын тоо толгойд татвар ногдуулахгүй бол олон улсын хэчнээн байгууллага орж ирж ажиллаад ч хөшүүрэг болж чадахгүй
-Дэлхийн брэнд үйлдвэрүүдийг хэрхэн элсүүлсэн талаараа ярьж өгнө үү?
-Дээрх бүх санаагаа нэгтгэж, үзэл баримтлал боловсруулж, тансаг зэрэглэлийн ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гурван брэндийн төлөөллийг урьж уулзаад хэлэлцээр хийсэн. Үр дүнд нь Burberry, Шотландын Johnstons of Elgin, Францын Kering group SFA-ийг үүсгэн байгуулж, ТУЗ-өө сонгосон.
Харин 2018 оноос манай гишүүнчлэлийн жагсаалт нэмэгдэж Mark and Spencer, LVMH, John Lewis, C&A, Colombo, Хятадын Ordos зэрэг илүү өргөн цар хүрээ бүхий брэндээр хүрээгээ тэлсэн. Мөн Монголын “Говь”, “Ханбогд кашмир”, “Эвсэг” брэндийг ч эгнээндээ нэгтгэсэн.
-Та бүхний гол зорилго юу вэ?
-Бидний хамгийн анхаарах зүйл бол эвсэж хамтарч ажиллах явдал. Нэг компани, нэг брэнд дангаараа ажилласнаараа тогтвортой байдал, тогтвортой хөгжлийг бий болгож чадахгүй. Бидний гол зорилго бол өргөн цар хүрээний үр нөлөө, үр ашгийг оновчтой газар нь хүргэх явдал. Үүний тулд энэ олон үйлдвэр, брэнд нийлж байж өөрчлөлт авч ирнэ. 160 мянган малчин өрх бол бүгд үйлдвэрлэгч. Тэдэнд хүрч ажиллахын тулд олон том үйлдвэрлэгчийг татаж байж бүтээгдэхүүнийг нь зах зээлийн чанартай эргэлтэд оруулах нь чухал. Ингэж байж орон нутаг, бүс нутгийн хэмжээнд эдийн засаг, байгаль орчин, нийгэмд том хэмжээний үр нөлөөлөл гарна. Үүний төлөө л бид ажиллана. Цаашдаа ч бид нэг үйлдвэрлэгч, компанийг сурталчлах бус бүхэл бүтэн салбарыг хөгжүүлэхийн тулд үйлдвэрлэгчдийг татан оролцуулж буйгаараа онцлог шинэ цагийн байгууллага юм.
2015 оноос хойш л үйл ажиллагаагаа орон нутгийн болон аймгийн удирдлага, Засгийн газрын тус дэмжлэгтэйгээр, нөгөөтэйгүүр тэдний бодлогыг хэрэгжүүлэхэд хичээж ажилласан. Монголд үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн болон олон улсын донор байгууллага, ТББ, малчин ард түмний урам зориг, хамтын ажиллагаа нь бид цаашаа хөгжихөд маш их тус нэмэр болсныг онцолж хэлмээр байна. Малчин иргэд, орон нутгийн оролцоогүйгээр бидний үйл ажиллагаа цаашаа хөгжих аргагүй. Тиймээс орон нутаг болоод үндэсний хэмжээний уялдаа холбоог олон улсын түвшинд хүргэснээрээ энэхүү үйл ажиллагаа үргэлжилж байгаа юм.
Мэргэжилтнүүдээ давтан болон мэргэшүүлэх, нөхөн сургах нь тухайн улсын суурь гэдгийг ойлгож мэдсэн
Бид аливааг цогцоор нь харахыг хичээдэг. Тухайлбал, ноолуурын салбарт нийлүүлэлтийн сүлжээ гэхэд маш өргөн хүрээтэй, цогц асуудал тул зөвхөн нэг талыг нь хараад байвал учир дутагдалтай. Зөв голдиролд орж, тогтвортой хөгжих суурийг бэлдэх нь нэг сар, нэг жил хийчих ажил биш. Тиймээс ч богино, дунд, урт хугацааны стратегийн төлөвлөгөөтэй ажилладаг. НҮБ-аас баталсан Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал гэж бий. Бид үүнд нийцүүлэн үйл ажиллагаа явуулдаг. Нөгөө талаар, манай үйл ажиллагаа дэлхий нийтийн тогтвортой хөгжлийг хангах нэг механизм болж байгаа юм. Бид стратеги төлөвлөгөөндөө гишүүд буюу үйлдвэрлэгчдийн бизнес төлөвлөгөөг оруулж ирснээр энэ бүх бодлогын нийцлийг хангаж байна.
Бид үйлдвэрлэгчдийн тогтвортой эх үүсвэрээс тогтвортой арга ажиллагаагаар бэлтгэсэн ноолуурыг цаашаа хэрхэн хөгжүүлэх бизнесийн төлөвлөгөөнд нь саналаа хэлдэг. Ингэснээр энэ байгууллага аж үйлдвэрийн ирээдүйг харсан бодлого баримталж буйгаараа онцлогтой юм.
-Үйлдвэрлэгчид Монголын ноолуурын салбараас юу хүсэж байгаа вэ?
-Ноолуурын салбарын аж үйлдвэрийг төлөөлж буйн хувьд үйлдвэрлэгчид ноолуурын баталгаажсан чанарыг хүсэж байна. Энэ чанарыг хангахын тулд бид гурван түвшинд зохистой дадлын стандартын систем нэвтрүүлж байгаа. Малчдын түвшинд баримтлах стандарт нь мал маллагааны уламжлалт арга барилд суурилсан. Өөрөөр хэлбэл, уламжлалт арга туршлага, мэдлэгийг стандартжуулсан. Ингэснээр энэ стандартыг дагаж, мөрдөхөд ямар ч хүндрэл байхгүй, бас манай уламжлалт арга ухаан дэлхий даяар жишиг болж тогтоно гэсэн үг. Нөгөөх нь бүлгээрээ буюу хоршоогоороо бэлчээрийг зохистой ашиглах дадлын стандарт гэж бий. Бэлчээрийг нэг хүн ашигладаггүй. Олон айлын мал идээшилдэг, олон айл нүүдэл суудал хийдэг тул хамтын зохистой дадал бий болох ёстой. Гурав дахь нь ноолуурыг угааж, самнах үйлдвэрлэлд мөрдөгдөх стандарт. Бид үүн дээр ажиллаж байгаа.
Нэг зүйл тодруулж хэлэхэд, энэ бол аж үйлдвэрийн салбарын зохистой дадлын стандартын систем юм. Улс бүр өөрийн гэсэн стандарттай байдагтай адил бид ч мөн зах зээлийн стандарт мөрддөг. Үүнийг олон улсад зах зээлийн сайн дурын зохистой дадал гэж ойлгож хэвшсэн. Какао, хөвөн, арьс шир, мод бэлтгэл, торго гэх мэт хөдөө аж ахуйн бүхий л том бүтээгдэхүүнд мөрддөг. Өөрөөр хэлбэл, эдгээр түүхий эдийг худалдан авагч нь аж үйлдвэр тул зах зээлд суурилсан чанарын систем болох стандартыг мөрдөхөөс аргагүй. Хэдийгээр энэ нь сайн дурынх ч гэсэн нэгэнт хэвшүүлсэн бол зах зээлтэй илүү хурдан холбогдох “хэлтэй” боллоо гэсэн үг. Ингэснээр өрсөлдөх давуу тал үүсэж, зах зээлийн голлох тоглогч болно. Энэ бол зах зээлд хүчээ авч буй систем учраас бид сайн дурын гэдэг үүднээс ач холбогдлыг нь сулруулж огт болохгүй.
-Манай хөдөө аж ахуйн салбарт баримталж буй бодлого та бүхний үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Бэлчээрийн эдэлбэр газрын харилцааг зохицуулж байгаа эрх зүйн үндэс нь Газрын тухай хууль л байна. Бэлчээрийн эдэлбэр газрын асуудал нарийн учраас Бэлчээрийн тухай хуулийн хэлэлцүүлэг удаан үргэлжилж байгаа байх. Манай байгууллагын хувьд Газрын тухай хууль, салбарын талаар баримтлах бодлого, хөтөлбөрүүдийн зарим нэг зүйл, заалтыг шууд аваад хэрэгжүүлдэг. Газрын хуулийн хэрэгжилтийг бүрэн хангах аргыг гаргаж ирж байна гэсэн үг. Гэхдээ малын тоо толгойг зохистой түвшинд барих төрийн бодлого огт байдаггүй. Малын тоо толгойд ногдуулах тодорхой хэмжээний татвар байхгүй л бол манайх шиг олон улсын хэчнээн байгууллага орж ирж ажиллаад ч хөшүүрэг болж чадахгүй. Олон улсын жишгийг харахад малын тоо толгойг зохистой түвшинд хадлахад зайлшгүй төрийн зохицуулалт хийдэг. Малын тоо толгой бус үржил селекц, чанарт л гол бодлого төвлөрөх ёстой. Гэхдээ энэ бүхний хоорондын зохистой уялдааг зах зээлтэй нь холбож гаргах чухал байна. Энэ асуудалд бид олон улсын жишиг, практикийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Монголын хуулийн орчин маш сайн. Харин малын тоо толгойг өсгөхөөсөө илүү байгаль орчны хүчин зүйлтэй холбож зохицуулах нь чухал.
Mongolian Economy сэтгүүлийн №158 дугаараас авав.
Манайх хөнгөн үйлдвэрүүдээ устгаад дуусчихсан байдаг. Бэлчээрийн хууль хэрэггүй Газар эдэлбрийн хуулиар зохицуулж баймаар .