Хархорум Дижитал компани болон Бизнес сэтгүүл нар хамтран сар бүр “Бизнес Цэнэг” сургалт хийдэг билээ. Монгол Улсын Засгийн Газар давагдашгүй хүчин зүйлийн улмаас олон нийт хамарсан сургалт зохион байгуулахыг хориглосон. Уг шийдвэрийн дагуу энэ удаагийн “Бизнес Цэнэг” цуврал лекц вебинар хэлбэрээр өрнөлөө. Тодруулбал, 2-р сарын 18-нд менежментийн үндэсний зөвлөх, Удирдлагын академийн инноваци, мэдлэгийн менежментийн багш Ц.Өнөржаргал “Сайн төсөл-Амжилтын гараа” сэдвийн хүрээнд 50 гаруй оролцогчдод вебинар хэлбэрээр сургалт орсон.
“Сайн төсөл-Амжилтын гараа” агуулгатай подкастыг энд дарж сонсоорой.
Оролцогчид болон сургагч багш вебинараар сургалт орохыг цаг хугацаа, хөрөнгө хэмнэсэнээрээ онцлог боллоо хэмээж байв. Мөн оролцогчид технологийн дэвшилтийг сайшаахаас гадна сэвдийн сонголт, агуулга чухал байсныг хэлсэн. Ингээд тэдний зарим сэтгэгдэлийг хүргэе.
Зөвлөх Ц.Өнөржаргал: Шинэ технологи дэлхий дээр эрчимтэй хөгжиж байна. Түүнчлэн би удирлагын академид инноваци, мэдлэгийн менежмент, төслийн менежментийн талаар хичээл заадаг. Энэ утгаараа би өөрөө шинэлэг зүйлд сонирхолтой, туршихыг үргэлж хичээдэг. Багшийн үүргээр өмнө нь вебинарт оролцож байгаагүй. Харин онлайн сургалт орж байсан. Вебинар сургалтын хувьд багш, модератор, оролцогч гэсэн бүтэцтэй учраас онлайн сургалтыг бодвол үр дүн нь 80 хувь орчмоор илүү байлаа. Үүнийг оролцогчдийн эргэх холбоо, асуулт асууж байгаа байдал, сэтгэл ханамжаас харж болох юм. Вебинар сургалтын бас нэгэн онцлог нь оролцогчид өөрт тухтай газраасаа сургалтад хамрагдах боломжийг олгож байгаа явдал юм. Мөн аль аль талдаа цаг, хөрөнгө мөнгө хэмнэх боломжийг олгож байна.
“Сесмим” Канадын төслийн харилцаа, сургалт хариуцсан менежер Б.Пунсалмаа: Сэдвийн хувьд хэрэгтэй, гол санаагаа тусгасан байлаа. Би энэ удаагийн вебинар сургалтыг олон улсын төсөл хэрхэн бичих тухай заах болов уу гэж би бодож байсан. Гэтэл ЖДҮ, болон Монгол Улсад хэрэгжиж буй төслүүдийг хэрхэн бичсэн, яаж бичих тухай голдуу сургасан. Сэдвийн хувьд надад зөрүү үүссэн ч миний мэддэггүй зүйлийг заасан учраас надад хэрэгтэй мэдээлэл болж чадсан. Вебинарт оролцохын тухайд холболт, технологи талаас асуудал үүсээгүй. Харин ч тухтай, амар байсан. Өмнө нь онлайн сургалтад хэдэн удаа хамрагдаж байсан ч энэ удаагийх шиг лайв вебинарт оролцож байгаагүй. Вебинарын онлайн сургалтаас ялгагдах онцлог нь модератортой учраас чиглүүлэг, тайлбар асуудалгүй байсан. Харин танхимын сургалтаас ялгагдах зүйл нь сургагч багшаасаа хүссэн асуултаа асуун хариулт авах боломж нь харьцангуй их юм байна лээ. Танхимд олон хүн цуглавал тэр бүр асуулт асуун хариулт авах боломжгүй шүү дээ.