Хүн амьдралынхаа туршид суралцдаг гэдэг үгийг дунд сургуульд сурч байх үеэс л сонсч байлаа. Одоо бол менежментийн зөвлөхийн хувьд энэ үгийг үйлчлүүлэгчиддээ өдөр бүр шахам хэлж байгаа гэхэд хилсдэхгүй.
Та яагаад тасралтгүй суралцах ёстой вэ? Сүүлийн 16 жилийн турш зөвлөх үйлчилгээний салбарт ажиллахдаа голдуу хувийн секторт жижиг, дунд, том хэмжээний төрөл бүрийн бизнес эрхэлдэг компаниудын удирдлага болон ажиллагсдынх нь мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, өрсөлдөх чадварыг нь сайжруулах үүднээс сургалт, консалтингийн төслүүдийг хэрэгжүүлж ирлээ. Мэдлэг чадварыг бусдад түгээдэг буянтай ажил хийдэг болоод ч тэрүү ихэнхдээ сурах хүсэл эрмэлзэлтэй хүмүүстэй таарч, тэдэнд шаардлагатай сургалт, зөвлөгөөг өгч, ажил амьдралдаа эерэг өөрчлөлтүүд хийхэд нь мэргэжлийн туслалцаа үзүүлээд явж байна.
Дээрх хугацаанд захиалгат сургалтад хамрагдаж байсан олон тооны компаниудаас зарим нэг ажилчид суралцах, хөгжих тал дээр сөрөг хандлага гаргаж байсантай таарч байлаа. Хэдэн жилийн өмнө 20-иод ажилчинтай нэг компани дээр бүх ажиллагсдын сургалт явуулахаар очиход нэг хүн оролцохгүй гээд хичээлд суусангүй. Сургалтаа амжилттай явуулж дуусаад танай ажилтан яагаад сургалтад хамрагдсангүй вэ гэж асуухад “удахгүй тэтгэвэрт гарах гэж байгаа болохоор сургалтанд суумааргүй байна гэх юм” гэсэн хариулт сонсоод захирлынх нь өмнөөс баахан урам хугарав. Энэ байдал нь гэрээний дагуу ажиллаж байгаа зөвлөх миний хувьд ажлын хөлсөө тооцоход шууд утгаараа нөлөөлөхгүй ч сургалт авч буй компанийн соёл, хөгжил дэвшилд ахмад ажилтны гаргаж буй энэ хандлага олон залуу мэргэжилтнүүдтэй тус байгууллагын нэгдмэл байдал, дотоод уур амьсгалд яав ч сайнаар нөлөөлөхгүй гэдгийг би мэдэж байлаа. Дараагийн удаа залуу ажилчдаас ч бас суралцах үйл явцад ийнхүү үл тоож, үл ойшоосон хандлага гаргахыг үгүйсгэхгүй. Удалгүй яг төстэй үйл ажиллагаа бүхий өөр нэг компани дээр сургалт явуулахаар очиход нэг ахмад ажилтан сургалтад маш идэвхитэй оролцож байсан бөгөөд түүнээс сургалтын талаарх сэтгэгдлийг сонсоход “Би удахгүй тэтгэвэрт гарна. Надад залуу үедээ хэлж үлдээх зүйл асар их байгаа учир сайн суралцах хэрэгтэй байна” хэмээн хариулж байсан. Хоёр төстэй компани дахь хоёр адилхан ахмад ажилтны хоёр тэс өөр хандлагыг эндээс харж болно.
Менежментийн зөвлөх, Удирдлагын коүч (дасгалжуулагч)-ийн ажил эрхэлдэгийн хувьд тасралтгүй суралцах нь танд яагаад чухал болохыг энэхүү нийтлэлээрээ дамжуулан таны сонорт хүргэхийг хүслээ.
Та суралцсанаар зорилгодоо хурдан хүрнэ
Суралцах үйл явц нь өөрөө адармаатай бөгөөд хүнээс асар их тэвчээр шаарддаг. Хүн өөртөө том зорилго тавиад түүндээ алхам алхмаар ойртож байвал тэр хэмжээгээрээ сэтгэл хангалуун амьдардаг. Ялангуяа зорилго нь тэсвэр тэвчээр, хугацаа шаардсан байх тусам тухайн хүн зорилгодоо хүрэх үед илүү аз жаргалтай болдог талаар нэр хүндтэй сургуулийн хийсэн судалгаа байдаг. Тавьсан зорилгодоо хүрэхийн тулд таны амжилт бусдаас биш зөвхөн танаас, таны гаргах шийдвэрүүдээс шууд хамаарна гэдгийг цаг үргэлж санаж явууштай. Манай институтээс зохион байгуулдаг бизнесийн богино хугацааны сургалтуудад идэвхтэй хамрагддаг компанийн захирал эмэгтэй “Танайхаас явуулдаг Бизнес төлөвлөлтийн сургалтад анх би хоёр жилийн өмнө суусан. Тэр үед манай байгууллага 10-аад хүнтэй жижиг компани байлаа. Сүүлийн хоёр жилийн хугацаанд манай үйл ажиллагаа эрчимтэй өсч өнөөдөр 60-аад ажиллагсадтай дунд хэмжээний компани болоод байна. Манай борлуулалт ч бас хэд дахин нэмэгдсэн. Энэ бүхэн танайхаас явуулдаг маш өндөр үр өгөөжтэй сургалтуудад би өөрөө болон манай гол гол удирдах ажилтнууд хамрагдан, сурсан мэдлэгээ хэрэгжүүлж, тасралтгүй сайжирч байгаагийн үр дүн” гэж билээ.
Та үнэ цэнэтэй ажилтан болно
Та олон бүтээгдэхүүн борлуулдаг нэг томоохон компанийн борлуулалтын ажилтан байлаа гэж үзье. Та өөрийгөө байнга хөгжүүлж суралцах дуртай, дээрээс нь англи хэлийг бие даан суралцдаг бөгөөд борлуулалт, маркетингийн хүрээнд ямар ч ажилтныг орлон ажиллах чадвартай нэгэн байжээ гэж бодъё. Харин таньтай нэг жил ажилд орсон, яг адил бизнесийн удирдлагаар бакалавр төгссөн боловч зөвхөн өөрт ноогдсон ажлаа л чадан ядан хийдэг бөгөөд илүү зүйл сурахыг хүсдэггүй, сонирхдог ч үгүй борлуулалтын ажилтан байж. Компанийн Хүний нөөцөөс эхний ажилтанг шагнал урамшуулалд тодорхойлон, түүний карьерыг өсгөх тал дээр удирдлагад санал гаргах бол харин хоёр дахь ажилтны хувьд бүтцийн өөрчлөлт хийгдэхэд түүнийг ажлаас хамгийн түрүүнд чөлөөлөх шийдвэр гарна. Байнга суралцдаг ажилтны ирээдүй гэрэлтэй бөгөөд баталгаатай байх магадлал өндөр байдаг бол харин өөрийгөө хөгжүүлдэггүй, хангалттай сураад дууссан гэж үздэг ажилтан зах зээлээс амархан шахагддаг.
Таныг хүмүүс хүндэлнэ
Байнга суралцдаг хүн өөрийн өрсөлдөгчөөсөө ч суралцдаг. Бусдад хүндлэгддэг хүмүүсийг харахад тэд өөрийгөө дөвийлгөх бус бусдыг хүндэлж эргэн тойрны хүмүүсээ илүү сайн харагдуулахад ухаан гаргадаг. Хамтран ажиллагсдын хэн нэгэнд туслалцаа хэрэгтэй үед тэд хариу нэхэлгүй гараа сунгадаг. Тэд эргэн тойрноосоо байнга суралцдаг учир хамтран ажиллагсад нь түүнээс мэдэхгүй чадахгүйгээ үргэлж асууна.
Тасралтгүй суралцвал карьер тань өснө
Тасралтгүй суралцаж хувь хүний хувьд үнэ цэнээ нэмэгдүүлснээр таны карьер өсөх үүд хаалга нээгдэнэ. Байнга суралцдаг хүмүүсийн уураг тархи нь аливаа шинэ зүйлд илүү нээлттэй бөгөөд уян хатан ажилладаг. Байгууллагад чухал ач холбогдолтой төсөл хэрэгжүүлэхэд, эсвэл удирдах түвшинд хүн томилох шаардлага тулгарахад компанийн захирал тасралтгүй суралцдаг ажилтандаа хамгийн түрүүнд итгэл үзүүлдэг. Коүчинг хөтөлбөрт менежментийн багаараа хамрагдсан харилцагч компаниудын хувьд дунд шатны менежерүүдээс дэвшүүлэн илүү хариуцлагатай албан тушаалд томилсон тохиолдол цөөнгүй гарч байсныг дурьдах нь зүйтэй болов уу.
Харин сурсан мэдсэнээ хангалттай гэж үзээд хичээн суралцахгүй бол яах вэ? Арваад жилийн өмнө нэгэн томоохон байгууллагын Ерөнхий нягтлан хийдэг танилдаа Мэргэшсэн нягтлан бодогчийн сургалтад сууж шалгалт өгөх, дээрээс нь ядаж л мэргэжлийн англи хэл сурах зөвлөгөөг өгч байсан санагдана. Саяхан нөгөө танилтайгаа таарахад аль алинд нь суралцаагүй учир байгууллагадаа тушаал буусаар тооцооны нягтлан болсон гэж хэлэхэд өмнөөс нь харамсах сэтгэл төрж байлаа.
Та бүтээлчээр сэтгэдэг болно
Хүний эзэмшсэн ур чадвар дээр шинэ мэдлэг мэдээллийг нэмэхэд бүтээлч санаа илүү сайн төрдөг болохыг судлаачид тогтоожээ. Жишээ нь, та өөрийнхөө мэргэжлийн чиглэлээр байнга суралцдаг бол мэргэжлийн тал дээр үүссэн асуудлыг өөр өөр өнцгүүдээс харах чадвартай болно. Түүнчлэн мэргэжлийн чиглэлээрээ холбогдох шийдвэрийг оновчтой бөгөөд шуурхай гаргаж чаддаг болно. Үйлдвэрлэгч компанийн захиралд төслийн менежмент болон бүтээмжийн талаар сургалт, зөвлөгөө өгсний дараа тэрээр үйлдвэрлэлийн процессын зураг авалт хийж үйлдвэрийн ажилчдын бүтээмж болон үйлдвэрлэлийн гарцыг 30-50% нэмэгдүүлж чадсан.
Та эрүүл амьдралын хэв маягыг баримтална
Судлаачдын үзэж буйгаар байнга суралцаж хувь хүний хөгжилдөө анхаардаг хүмүүсийн кортизол буюу стрессийн гормон харьцангуй бага түвшинд байдаг байна. Түүнчлэн дархлааны систем сайтай байдаг төдийгүй нойргүйдэлд тэр бүр автаад байдаггүй. Байнга суралцдаг хүмүүсийн уураг тархи нь хөгширдөггүй бөгөөд өтлөлтийн өвчинд тэр бүр өртдөггүй болохыг тогтоожээ. Түүнчлэн шинэ ур чадварт суралцах нь допамен буюу сэтгэл ханамжийн гормоныг ялгаруулдаг болохыг ч нотолдог. Коүчинг хөтөлбөрт хамрагддаг удирдах ажилтнуудын хувьд зөвхөн ажил, мэргэжил, менежментийн чадавхиа сайжруулаад зогсохгүй дасгал хөдөлгөөн хийх, илүүдэл жингээ хасах, эрүүл мэнддээ анхаарах тал дээр ч бас зөвлөгөө авдаг. Энэ дагуу ихэнх үйлчлүүлэгчид маань йога, фитнест явж эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж байгаа нь сайшаалтай.
Та өөртөө итгэлтэй болно
Шинэ мэдлэг чадвар эзэмших тусам таны өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлэх үнэлэмж өснө. Бизнесийн удирдлага, санхүү, маркетинг, хүний нөөцийн чиглэлээр суралцсан бизнес эрхлэгчид энэ талаар ямар ч сургалтад хамрагдаагүй бизнес эрхлэгчтэй харьцуулахад хамгийн багадаа 50%-иар илүү амжилттай ажилладаг.
Удирдлагын дасгалжуулалтын хөтөлбөр эхэлснээс хойш Гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдоод удаагүй 10-аад залуу удирдлагатай ажиллаж тэдний менежментийн болон манлайлах ур чадварыг ахисан түвшинд гаргах зорилгоор коүчинг (дасгалжуулалт) хэрэгжиж байна. Хөтөлбөр эхлэхэд тэдний ихэнх нь, ялангуяа эмэгтэй Гүйцэтгэх захирлууд маань “… чухал албан тушаалд томилогдсон гэдгээ сайн ойлгож байгаа ч ажлаа чухам юунаас эхлэх, хүмүүсээ хэрхэн удирдахаа сайн мэдэхгүй байна” гэж хэлж байв. Өөрөөр хэлбэл тэдний ихэнх нь Гүйцэтгэх захирлын ажил хийж чадна гэдэгтээ итгэлгүй байсан. Харин хагас жилийн турш менежмент, манлайлал, стратеги төлөвлөлтийн чиглэлээр хичээл заалган дасгалжуулалтад хамрагдсаны үр дүнд тэд бүгд хийх ажлаа сайтар ухамсарлан ойлгосон, өөртөө итгэлтэй, гүйцэтгэл сайтай залуу удирдагчид болон өөрчлөгдөхийг харах үнэхээр бахархмаар. Яг тэр мөчид олимп, дэлхийн аварга тамирчдыг төрүүлдэг спортын дасгалжуулагч тамирчнаа ялах, түрүүлэх үед надтай адил өмнөөс нь баярлаж, тэднээр бахархдаг байх даа хэмээн бодож билээ.
Дээр дурьдсанчлан тасралтгүй суралцах нь ийм олон талын ач холбогдолтой юм бол яагаад маш олон хүн суралцах ажлыг хийх ажлынхаа хамгийн сүүлд нь биччихээд хойш тавьдаг вэ? Нэгэнт ач холбогдлоороо хамгийн сүүлд эрэмбэлэгдсэн болохоор тухайн хүнд суралцах цаг, боломж хэзээ ч гарахгүй явсаар нэг л мэдэхэд оройтсон байдаг. Эсрэгээр байгууллагын захирал нь байнга суралцдаг төдийгүй ажиллагсдаа тогтмол сургалтад хамруулдаг компанийн үйл ажиллагаа тэлж, хурдтай өсдөг.
Дэлхийн хүчирхэг гүрнүүд Аж үйлдвэржилтийн 4 дүгээр хувьсгал эхэлсэн тухай зарлаад зогсохгүй энэ нь хиймэл оюун ухаан, их хэмжээний дата боловсруулалт, робот техникийн эрин зуун байх талаар ярилцаж байна. Цоо шинэ сорилууд шинээр бий болж буй өнөө үед бид өөрийн байр сууриа эзлэн урагшлахын тулд тасралтгүй суралцан шинэ эрин зуунд шаардлагатай мэдлэгийг цаг алдалгүй эзэмшин үнэ цэнээ нэмэгдүүлэх нь юу юунаас чухал байна.