Албани улсад өдрийн дөрвөн цагийн орчимд цахилгаан тасрахад хүүд бүрэнхий болтол тагтан дээрээ гарч ном унших сонголт л үлддэг байв. Гэгээ тасрахад харанхуй даасан гэр рүүгээ орохоос өөр аргагүй. Ээж нь оройн найм, есөн цагаас нааш ажлаасаа ирэхгүй учир хүү байдаг хамаг лаагаа асааж, номоо үргэлжлүүлэн уншина. Эднийх тухайн үед Албани дахь цорын ганц монгол айл байв. “Би багадаа харанхуйгаас айдаг талдаа хүүхэд байсан” хэмээн Энхцэцэгийн Орчлон тэртээх өдрүүдээ дурслаа. Харин түүний давтан уншдаг байсан ном нь Харри Поттерын цуврал. Энэ цувралтай хүүхэд ахуйдаа танилцсан нь түүнд амьдралыг гэгээлгээр харахад нөлөөлжээ.
Өнгөрсөн жилүүдэд Э.Орчлон нийт 250 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг босгон, Салхит болон Цэцийгийн салхин цахилгаан станцын төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд гар бие оролцон, олон улсад Монголын, монголчуудын нэрийг гаргаж явна. Дээрх төслүүдэд ажилласан залуусыг хамтрагч байгууллагууд нь өндрөөр үнэлж, өдгөө залуус “SoftBank”, “General Electric”, “Vestas” зэрэг дэлхийн томоохон компанид ажиллаж буй. 2017 оны арваннэгдүгээр сард ашиглалтад орсон Цэцийгийн салхин цахилгаан станц тухайн үедээ дэлхийн хэмжээнд хамгийн богино хугацаанд буюу есхөн сарын дотор баригдсан 50 мегаваттын хүчин чадал бүхий төслөөр салбартаа нэрлэгдэж байв. Энэ бүхний дараахан тэрбээр “Forbes 30 under 30” жагсаалтад багтаж, Ази тивийн өнцөг булан бүрээс шалгарсан 30 хүртэлх насны 300 гаруй манлайлагч залуусын нэг болсон юм.
Одоогоос хэдхэн жилийн өмнө тэр Рио Тинтогийн Зэсийн группийн ерөнхий зөвлөхийн ажлаа орхин өмнө нь ажиллах тухай төсөөлж ч байгаагүй сэргээгдэх эрчим хүчний салбарт хөл тавьж байв. Тэртээ 2000 оны эхээр харанхуйгаас дайжиж явсан хүү өдгөө Монголын төвийн бүсийн 200 мянга орчим айл өрхийг эрчим хүчээр хангах ажлыг гардаж буй “Clean Energy Asia” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллах болсон нь сонирхолтой. Түүнтэй ирээдүйн төлөвлөгөө, богино хугацаанд өссөн карьерын замнал, өнөөдрийн түүнийг бүтээсэн ачаалалтай, асар шаргуу ажилласан өдөр хоногууд, эх орноосоо алс хол өнгөрөөсөн бага нас, оюутан ахуй үеийнх нь талаар ярилцлаа.
Харанхуйгаас айдаг, эрчим хүчний асуудалтай улсад амьдарч байсан Орчлон өнөөдөр сэргээгдэх эрчим хүчний салбарт ажиллаж, энэ салбарыг хөгжүүлэхээр зорьж байгаа нь тун сонирхолтой.
Тухайн үед албаничууд энэ нөхцөл байдлаа асуудал гэж огт боддоггүй байсан. Анхнаасаа л ийм байсан. Амьдрал угаасаа л ийм. 24 цагийн бэлэн эрчим хүч гэж юу байх вэ гэх хандлагатай байсан. Тийм тогтолцоонд дасна гэдэг аймаар. Зөв хөгжүүлэхгүй бол манайх ч бас тийм болох эрсдэлтэй.
Монголчууд сэргээгдэх эрчим хүчээр мэргэшсэн үндэстэн болох боломжтой гэж та үздэг. Тэгвэл манай улсад энэ чиглэлээр нэвтрүүлэх боломжтой хамгийн ойрын шийдэл юу вэ?
Миний боддог зүйлийн нэг л дээ. Сэргээгдэх эрчим хүчээр мэргэшсэн үндэстэн болох боломж бий. Бидэнд давуу тал байна. Нар, салхины нөөц ихтэй. Сайн салхитай. Гэтэл дэлхийн зарим улс орны сайн салхитай газарт аль хэдийнэ хот босож, байшин баригдсан байдаг. Харин манай газар нутгийн онцлогоос шалтгаалж сэргээгдэх эрчим хүч хөгжүүлэх газар талбай харьцангуй сайн. Салбарын үүднээс сэргээгдэх эрчим хүч дөнгөж хөгжиж байгаа салбар. Бид машин үйлдвэрлэгч, уул уурхай дагнасан үндэстэн болно гэвэл хэцүү. Яагаад гэвэл хэдэн зуун жилийн өмнөөс австраличууд, япончууд хөгжүүлчихсэн. Маш нарийн мэргэшил шаарддаг учраас богино хугацаанд энэ бүх технологийг эзэмшинэ гэдэг асар хэцүү. Харин сэргээгдэх эрчим хүчний технологи, төслийн хөгжүүлэлт, менежмент дөнгөж хөгжиж эхэлж байна. Сүүлийн 10-аад жилд л дэлхийд сэргээгдэх эрчим хүч хөгжиж, асар хурдацтай моодонд орж эхэллээ.
Манай компани Мьянмарт төсөл хэрэгжүүлэх гээд судлаад явж байна. Хэрэв хэрэгжих юм бол энэхүү 57 мегаваттын салхин цахилгаан станцын төсөл бидний гадаадад хэрэгжүүлж буй анхны төсөл болно. Мьянмарын хувьд ч анхдагч. Энэ сард Эрчим хүчний яамны төлөөллүүд нь ирж, манай салхин паркуудыг* үзэж туршлага судлана. Тэд ирэхээр шийдсэн тухайгаа өглөөхөн надад и-мэйлээр мэдэгдсэн. Өнгөрсөн хоёр жилийн турш хэлэлцээр хийх хугацаандаа анзаараад байхад Монгол болон Мьянмарт хөгжлийн хувьд дөхүү зүйлс байна. Магадгүй дараа жил гэхэд “Ньюком” групп Мьянмарт төслөө хэрэгжүүлээд явж байх нь. Тэгэхээр бидний зорилт сэргээгдэх эрчим хүчийг зөвхөн Монголдоо нэвтрүүлэх, хөгжүүлэх биш. Учир нь мэдлэг гэдэг хаа ч адилхан. Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн төслүүдээс сурсан мэдсэнээ гаднын улсуудад яагаад хэрэгжүүлж болохгүй гэж. Тиймээс бид үүнд анхаарч, хүн, хүч хаяж байна.
Мьянмарын анхны салхин цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх эрхийг хэрхэн авч чадав аа?
Одоогоор хэлэлцээр, судалгааны шатандаа явж байна. Гэхдээ өөрсдийгөө зөвөөр ойлгуулж чадсан. Энэтхэг, Вьетнам, Казахстан зэрэг гурван ч улстай өрсөлдсөн. Жилийн турш Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарын хөгжил, компанийнхаа туршлагыг танилцуулж, ойлгуулсан. Манай станц дээр ажиллаж байгаа инженерүүд гэхэд хэнээс ч дутахааргүй сэргээгдэх эрчим хүчний чиглэлийн мэргэжилтнүүд гэж би бахархалтайгаар хэлж чадна.
“Clean Energy Asia”-д нэг ч гадаад мэргэжилтэн байхгүй”.
2007 онд Монголд Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль батлагдсанаас хойш энэ салбарын хөгжил эхэлсэн гэж үзэж болно. Бид бүхнийг тэгээс эхлүүлсэн.
Сэргээгдэх эрчим хүчний салбар яагаад тэгтлээ их шүүмжлүүлэх болсон гэж та үзэж байна вэ?
Сэргээгдэх эрчим хүчний салбар хоёр зүйлээс болж маш их шүүмжлүүлдэг байсан. Нэгдүгээрт, өртөг өндөртэй. Одоо энэ шүүмжлэл бараг байхгүй болж байна. Нүүрсний шинэ цахилгаан станц барих өртгийг сэргээгдэх эрчим хүчний станцтай харьцуулахад адилхан. Гэхдээ төсөл томрох тусам бид өртгөө улам багасгаж чадна. Энэ бол цаг хугацааны асуудал. Хоёрдугаарт, сэргээгдэх эрчим хүч хэлбэлздэг учраас найдваргүй гэж яригддаг байсан. Үүний шийдэл нь одоо гарч ирж байна. Хариулт нь батерей хураагуур. Бид Салхитын цахилгаан станцаа нарны батерейтай хослуулж өргөтгөхөөр шийдвэрлэсэн. Үр дүнд нь эрчим хүчний хэлбэлзэл тогтворжино. Бид томоохон хөрөнгө оруулалт татаж, батерейн хэмжээгээ нэмэгдүүлэх тусам нэгж хөрөнгө оруулалтын зардал багасч, өрсөлдөхүйц үнээр эрчим хүч үйлдвэрлэх нөхцөл бүрдэнэ. Ингээд цогцоор нь харахаар сэргээгдэх эрчим хүч яах аргагүй бидний ирээдүй мөн гэсэн дүгнэлтэд хүрч байгаа юм.
Энэ салбарын онцлогийг та юу гэж тайлбарлах вэ. Цэвэр ашиг талаас нь харвал тийм ч ашигтай салбар биш гэвэл хол зөрөхгүй байх?
Дэд бүтцийн салбар өөрөө асар удаан хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхдөг. Тэр тусмаа эрчим хүчний салбар. Саяхныг хүртэл бараг хүн бүрт шахам сэргээгдэх эрчим хүч бол маш зөв хөрөнгө оруулалт, маш өндөр ашигтай бизнес гэсэн ойлголт төрчихсөн байсан. Дэлхийд энэ салбар моодонд орж, санхүүжилтийн эх үүсвэр харьцангуй олдоод байсан нь ашигтайдаа биш, банкууд бодлогоороо дэмжиж байснаас тэр. Дээр нь асар хариуцлагатай салбар. Станц бариад орхичих биш байнгын үйл ажиллагаа явуулж, хүмүүс ажиллуулна, аюулгүй байдлыг нь хангана.
“Заримдаа би шөнө унтаж чаддаггүй. Хэзээ утас дуугарах бол, яах бол гээд л…”
Бидэнд сүүлийн үед тулгарч буй нэг том асуудал бол станц руу могой орж ирэх. Зун могойн нүүдэл болж, Цэций уулнаас бууж ирдэг. Манай ХАБ-ын мэдээллээр өдөр бүр ийм могой байна, тийм ч могой илрүүллээ гээд л сүүлдээ могойны мэргэжилтэн болж байна (инээв).
ТҮҮХ:
“Төгсөх курс хүртлээ нийгмийн идэвх сайнгүй явсан Э.Орчлон нөхцөл байдлаа гэнэтхэн ухаарч, тухайн үед сургуульд нь зарлагдаад байсан Олон улсын оюутны холбооны ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэхээр зориглож нэрээ дэвшүүлэв. 2000 орчим хүний дунд явуулсан сонгуулийн үр дүнд ерөнхийлөгчөөр сонгогдчихсон нь түүнд том шок болжээ. Хэн ч мэдэхгүй, Монголоос ирсэн залууг тоож сонгох болов уу л гэж бодож байж. Ингэж томоохон сорилтын ард гарч чадсан нь түүнд ихийг ухааруулжээ. “Хүмүүст хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг сайхан
юм билээ” гэж тэр дурссан юм”.
Цахилгаан тээврийн хэрэгслийг Монголд нэвтрүүлж, нутагшуулах төслийн багт та ажиллаж байгаа. Саяхан Эрчим хүчний зохицуулах хороон дээр талууд санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ төслийг хэрэгжүүлэх нь ямар ач холбогдолтой вэ?
Эрчим хүчний зохицуулах хороо, “Ньюком” групп, ABB группийн Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран цахилгаан машин Монголд нэвтрүүлэх, туршилт хийх хөтөлбөрийг эхлүүлсэн. Мөн дараа дараагийн зохицуулалт, хөрөнгө оруулалт, дэд бүтэц талаас нь ямар алхам хийх эсэхээ энэ төслөөр дамжуулан хэрэгжүүлнэ. Тэр дундаа сэргээгдэх эрчим хүчийг ашиглан хүмүүсийн амьдралд эергээр нөлөөлөх боломжтой технологи, бизнесийн чиглэлүүдийг судалж байна. Ялангуяа түлшний хэрэглээгээ хөрш орнуудаасаа хангадаг манайх шиг улс цахилгаан машиныг хөгжүүлэх ёстой гэж би бат итгэдэг. Монголд сэргээгдэх эрчим хүчний асар их нөөц бий. Хүмүүс орой ажлаа тарж гэртээ ирэхэд эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж үйлдвэрлэлээ давдаг.
Энэ үед ОХУ-аас эрчим хүч импортолдог. Харин шөнө болж хүмүүс унтахад эрчим хүчний хэрэглээ эрс буурдаг нь асар хүндрэлтэй. Цахилгаан станцууд тасралтгүй ажиллаж байх ёстой учраас шөнийн цагаар эрчим хүчнийхээ тодорхой хэсгийг ОХУ руу маш хямдаар урсгадаг. Тэгвэл ийм нөхцөлд бид яагаад цахилгаан машинаар хэрэгцээгээ хангаж болохгүй гэж. Ядаж л ажилдаа явах хэрэгцээгээ хангах ёстой. Бид 2014 оны Nissan Leaf хэмээх 100 хувь цахилгаан машин дээр туршилт хийж үзэхэд нэг цэнэгээрээ 150 км явж байна. Машины өртөг 20 сая. Цэнэглэх өртгийг нь одоогийн тарифаар бодож үзвэл 4500 төгрөг орчим болж байгаа. Одоо хотоос дэмжээд цахилгаан машинтай иргэдэд зориулан ногоон дэвсгэртэй дугаар гаргасан. Ийм дугаартай бол нэгдүгээр эгнээгээр зорчиж болно, мөн дугаарын хязгаарлалтад орохгүй. Тэгэхээр хөрөнгө оруулалтын өгөөж сайтай гэсэн үг. Дээр нь яндангийн утааг бууруулах учир байгаль орчинд ээлтэй. Яваандаа бид нийтийн тээврийг ч цахилгаан болгох талаар анхаарч, төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Улаанбаатарт хүн бүр машинтай байх хэрэггүй юм шиг.
Харин тийм. Бид нийтийн тээврээ сайн хөгжүүлж чадаагүй байна. Улаанбаатарын түгжрэл гэдэг ээж, аавууд хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөх, авахад үүсэж байна. Тэднийг буруутгах аргагүй. Нэгдүгээрт, сургуулиудад автобус байдаггүй. Хоёрдугаарт, нийтийн тээвэрт жаахан хүүхдүүдээ ганцаар нь суулгаад явуулахад бүрэн бололцоо нь хангагдаагүй. Яг цагтаа очих уу гэдгээс эхлээд олон асуудал үүсдэг. Тиймээс гэр бүлийн хоёр заавал тус тусдаа машинтай байх жишээтэй. Энэ бүхний зохицуулалтыг цогцоор нь харахгүй бол бүхэл бүтэн эдийн засаг зогсчихоод байна.
Машин үйлдвэрлэгч томоохон компаниуд ч дизель хөдөлгүүрээс татгалзаад эхэллээ.
2023 он гэхэд “Тоёота” корпораци Ланд крузер маркийн машины үйлдвэрлэлээ зогсооно гэдгээ мэдэгдээд байна. Оронд нь гибрид болон цахилгаан хөдөлгүүрийг сонгож байна. Цахилгаан машины хувьд эвдрэл бага. Ер нь яах аргагүй хэрэглээний хувьд тийш чиглэх нь логиктой болчихоод байгаа юм. Өртөг, зардал, арчилгаа багатай гэхээр мэдээж хүн бүр цахилгаан машинтай болохыг л бодно шүү дээ.
ХҮН ДУРГҮЙ ЗҮЙЛДЭЭ ӨӨРИЙГӨӨ ХҮЧИЛЖ ТҮҮНДЭЭ САЙЖРАХ ХЭРЭГТЭЙ
Та багаасаа нэг газраас нөгөөд шилжин амьдрахдаа үеийнхнээсээ эрт биеэ дааж, аливаад хурдан дасан зохицож сурсан болов уу.
Хүмүүстэй хэл амаа ололцох чадварт багаасаа хүссэн хүсээгүй суралцсан. Ээж маань НҮБ-д ажиллахаар болж, бид эхлээд Узбекистан явж тэндээ жил хагас орчим болоод Киргизстаныг зорьсон. Хамгийн хүнд нь Албанид байх үе. Тэр үеийн Албанид ази хүн бараг байгаагүй. Дэлгүүр орохоор явахад хүүхдүүд араас дагаад л, ирж гарт хүрч үзнэ, нүдээ жартайлгаж шоолно. Яг өсвөр насны үед хүүхдүүд тэгж элдэвлэхээр үнэхээр ч өөрийгөө сонин юм болов уу гэж эргэлзэнэ (инээв). Ер нь эх орноосоо хол байх хэцүү байсан. Монголдоо очих юм сан гэж байнга л бодно. Тухайн үед одоогийнх шиг интернэт хөгжөөгүй байсан болохоор гэрийнхэн рүүгээ захиа бичиж, утсаар ярьдаг байлаа. Харин намайг ахлах сургуульд орох үед ээж Косовод ажиллахаар болсон. Гэтэл тэнд иргэний дайн дэгдээд байсан болохоор гэр бүлээрээ явах боломжгүй болсон ч азаар НҮБ-ээс Английн ахлах сургуульд суралцах тэтгэлгийг надад олгосон доо.
Таны амьдралдаа гаргасан хамгийн том алдаа Англиас Америкийг зорьсон тэр үеэс эхлэлтэй гэж ярилцлагын өмнөхөн та ярьж байсан?
Нью-Йоркт оюутан болоод эхний гурван жил би их сургуулиа хурдхан төгсөх ёстой юм байна гэсэн ойлголттой байсан. Тийм болохоор хичээлүүдээ аль болох хурдан үзэж дуусгаад дипломоо авъя гэх хандлагатай байлаа. Одоо бодоход маш хайран санагддаг. Тэр байдлаа би гурав дахь жилдээ ухаарч өмнөхөөсөө хамаагүй илүү идэвхтэй болж, оролцоогоо нэмсэн. Өмнө нь зүгээр л хичээлдээ явж, хамгийн бага хийж болох юу байна гэх маягтай байсан. Гэтэл хамгийн их хөдөлмөрлөж, яаж илүү ихийг өөртөө шингээж авах вэ гэдэг л үе шүү дээ. Нью-Йоркийн их сургуулийг бүрэн бололцоогоороо шингээж авч чадаагүйдээ харамсдаг.
Ажлын талбарт гарахад их сургуулиас олж авсан ямар мэдлэг танд хамгийн их хэрэг болсон бэ?
Хичээл гэхээсээ илүү олон хүнтэй дасан зохицох, хэл амаа ололцох чадвар маш чухал байсан. Нью- Йоркийн их сургууль 40 мянган оюутантай, Америкийн хамгийн том хувийн сургууль. Ийм том газар өөрийн байр суурь, зарчмаараа амьдрах нь чухал. Ялангуяа Нью-Йоркт өдөр бүр л сонин содон хүмүүстэй уулзана. Тэр нь маш гоё. Яг л өөрийнхөөрөө, өөрийн дуртай, сонирхолтой зүйлээ хөөгөөд, түүгээрээ дагнаад явчихсан тийм л хүмүүс.
“Тэр том газар өөрийн ялгарлыг авч үлдэх, нэг талаар багаасаа Монголоос явчихсан болоод ч тэр үү би монгол хүн шүү гэдгээ ойлгуулах нь маш чухал байсан. Тэнд ихэнх хүн Монголыг мэддэггүй”.
Тэгэхээр Монголын талаар тайлбарлахаас л эхэлнэ дээ. Нөгөө талаар Нью-Йоркийн их сургуульд тэтгэлэгтэй суралцаж байсан ч стипенд байгаагүй. Тийм болохоор хоол, номныхоо мөнгийг олохын тулд ажиллахаас өөр аргагүй болсон. Хүн ямар ч ажлыг гололгүй хийх ёстой. Энэ бол маш том сургааль байсан.
Тэнд суралцах хугацаандаа яагаад их сургуулийн нэг өрөөнийхөнтэйгөө адилхан Wall Street-д дадлагажиж ажиллаагүй юм бэ. Дараа нь мэргэжлээрээ ажиллахад ч туршлага болно гэж бодоогүй юү?
Хэд хэдэн шалтгаантай. Яг үнэнийг хэлэхэд би өөрөө тоонд дургүй. MS Excel зэргийг өөрийгөө албаар хүчилж л сурсан. Дургүй юмаа нухаж хийж байж эцэстээ түүндээ би маш сайн болсон. Одоо хүртэл дургүй ч гэсэн, MS Excel дээр ажиллаж, санхүүгийн загварчлал боловсруулахдаа хэнээс ч дутахгүй. Хүн дургүй зүйлдээ өөрийгөө хүчилж түүндээ сайжрах их хэрэгтэй юм шиг санагддаг. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалтын банкинд дадлага хийхэд нийгмийн хамгаалал (Social security) талаасаа боломжгүй байсан болохоор фудболкны үйлдвэр зэрэг газар ажиллахад харьцангүй боломжтой, цалингаа бэлнээр авдаг байлаа. Дээр нь 2008 он бол санхүүгийн хямрал нүүрлэж, олон улсын хөрөнгө оруулалтын банкууд бүгд шалан дээр унаж байсан ид үе.
ТҮҮХ:
“Нью-Йоркийн их сургуульд суралцаж байхдаа нэгэн фудболкны үйлдвэрт ажиллаж байсан тэрбээр яаралтай захиалга хүргэхээр 250 мянган ам.доллар цүнхэлж тэвэрсэн чигтээ метронд сууж, Манхэттэн дахь оффисоосоо Брүүклин дэх үйлдвэрийн байрыг зорьж байв. Өдрийн цагаар явж байсан ч юу л хийгээд байна даа гэж санаа зовохын хажуугаар адреналин ялгарч, яг л кинон дээр гардаг шиг сонирхолтой зүйл хийж байна даа хэмээн бодож явжээ. Түүний халаасанд метроны тасалбараас гадна үйлдвэрт очих газрын зургаа хэвлэсэн цаас байлаа. Учир нь тэр үед өнөөдөр хүмүүсийн өргөн ашигладаг Google Maps байгаагүй юм. “Тийм их бэлэн мөнгө хүргүүлж байгаа хэрнээ тэр компани таксины зардлаа хэмнээд метрогоор явуулсан байгаа юм” хэмээн Э.Орчлон өнгөрснөө хөгжилтэйгөөр дурсан ярив”.
Та Нью-Йоркийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсмөгцөө Монголд ирж найзтайгаа хамтран консалтинг компани байгуулсан. Тэгээд “Ньюком” группийг зөвлөгөө өгөх компаниараа сонгож, тухайн үеийн захирал Б.Болдтой уулзсаныхаа дараа бодлоо өөрчилж, удалгүй тус компанид ажиллах болсон гэдэг. Нэг ёсондоо газарт буусан гэж ойлгож болох уу?
Найзтайгаа ярилцаад Монголдоо очиж, зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр шийдсэн. Тэгэхэд бид хоёр өөрсдийгөө хэт үнэлчихсэн байж л дээ. Монголд бизнесийн орчин ямар байдгийг мэдээгүй, хөрсөн дээрээ буугаагүй үе. Мэдээж хэрэг ирээд компаниа байгуулж, хүмүүстэй уулзаж эхэлсэн. Уул уурхайн нэгэн компанитай уулзаж, улмаар судалгаа хийж өгч ч байв. “Ньюком” дээр очиход Б.Болд захирал бидний компанийн талаар сонсоод “Сайн байна. Амбицтай байна” гэж хэлээд өөрийн туршлагаа хуваалцаж, 10 жил “JP Morgan”-д ажиллахдаа ямар ажлууд хийснээ ярьж, танилцуулсан. Тэр биднийг эергээр хүлээж авсан нь маш мундаг л даа. Өөр хүн дээр очсон бол энэ хоёр бацаан гэж дургүйцэж ч мэднэ. Б.Болд багаа бүрдүүлэхдээ үнэхээр сайн хүн. Хоёрт, хүнийг үнэлж чаддаг. Түүний яриаг цаг гаруйн хугацаанд сонсоход бид хоёр юу ч мэдэхгүй гэдэг нь ойлгомжтой болсон. Яриандаа ашигласан зарим нэр үг, нарийн ойлголтыг тухайн үед бид мэдэхгүй байсан. Эцэст нь ярианыхаа төгсгөлд Б.Болд бид хоёрт тодорхой хэмжээнд ажлын туршлага хуримтлуулах хэрэгтэй гэж зөвлөөд хэрэв манайд туршлага хуримтлуулъя гэвэл ийм ажлын байр байгаа шүү гэж хэлсэн дээ. Ингээд бид юугаа ч мэдэхгүй яваагаа хүлээн зөвшөөрөөд долоо хоногийн дараа “Ньюком” группт ажилд орж байлаа.
Рио Тинтод ажиллаж байгаад “Ньюком” группт эргэн ирж, сэргээгдэх эрчим хүчний салбар руу ороход өмнө нь хуримтлуулсан ямар туршлага тань хэрэг болсон бэ?
Гурван зүйл бий гэж бодож байна. Нэгдүгээрт, өөрийгөө дайчилж сурсан. Хэдэн арван мянган ажилтантай Рио Тинто шиг том компанид тодорхой хэмжээнд дэвшээд, үнэлэгдээд явна гэдэг нэлээд чармайж ажилласаных. Хоёрдугаарт, яах аргагүй MS Excel. Бараг ярилцлага болгондоо л би хэлдэг. Яагаад гэвэл бизнес хийж байгаа хүн бизнесээ, зах зээлээ, бүтээгдэхүүнээ ойлгох хэрэгтэй. Тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийн тулд ямар үйлдвэрлэлийн дамжлагаар орж байна гэдгийг мэдэж, өртөг, борлуулалтын орлого, нэгж үнээ ойлгох нь чухал. Энэ бүхнийг хамгийн сайн ойлгуулж чадах хэрэгсэл нь MS Excel-ийн загварчлал.
“Өөрөөр хэлбэл, MS Excel чиний бизнесийг санхүүгийн загварт оруулж, борлуулалт, өртөг, цалингийн фонд, татвар зэрэг бүх уялдааг гаргаж өгдөг”.
Эдгээрийг ойлгоод сурчихвал маш их хэрэг болно. Амьдрал дээр ч хэрэг болдог. Жишээлбэл, хурим зохион байгуулахад хамгийн хэцүү зүйл юу байдаг гэхээр ширээний хуваарилалт. Уригдсан зочдыг хаана, хэнтэй хамт суулгах вэ гээд хуваарилчихсан байтал нэг нь ирж чадахгүй боллоо гэхэд ширээний зохион байгуулалт эрс өөрчлөгддөг. Харин энэ бүхнийг MS Excel рүү оруулж, ширээн дэх зочдоос дутуу байвал улаан өнгө асах зэргээр зохицуулж, хуримын ширээнийхээ загварчлалыг гаргасан (инээв).
Энэ бүхний үр дүнд ширээний хуваарилалт маш сайн явагдсан. Үүгээрээ юу хэлэх гээд байна гэхээр аливаа ажлыг загварчилж, нэг газарт төвлөрүүлж, уялдаа холбоог нь олж харах, түүнийгээ шинжлэх чадвар хүнд их хэрэг болдог. Нөгөө талаар, Рио Тинтод ажиллах хугацаандаа хэлэлцээрт их ордог байлаа. Манайхан хоёр цагаас хэлэлцээр хийнэ гэж ярьсан бол тэр цагтаа ирээд ширээгээ нүдэж, өндөр дуугаар ярихыгаа л хэлэлцээр гэж бодоод байдаг. Гэтэл хэлэлцээр гэдэг хэзээ ч тийм биш. Бэлдэх ёстой. Хэлэлцээрийн 97 хувь нь бэлтгэл. Уулзах байршил, цагаа тохирохоос л хэлэлцээр эхэлчихэж байгаа юм. Нөгөө хүн ширээний аль талд суух, хэн юуг хэрхэн хэлэх, хурлаа юу гэж нэрлэх, гэрэл асаах уу, байгалийн гэрэлтэй явах уу гэх мэт бүх зүйл хэлэлцээрт багтана. Хэлэлцээр гэдэг нэг төрлийн шинжлэх ухаан гэдгийг Рио Тинто надад ойлгуулсан болов уу. Мөн төслийн менежмент буюу бүх зүйлийг цаасан дээр буулгах чадварыг сайн сурсан байх.
Та сэргээгдэх эрчим хүчний салбарт ороод салбараа ойлгохын тулд юунаас эхэлсэн бэ?
Их уншихаас эхэлсэн. Мөн туршлага хуримтлуулах замаар л салбарынхаа онцлогийг ойлгож авсан даа. Миний хувьд жаахан харамсдаг зүйл маань юу гэхээр би өмнөх ажлаа гуравдугаар сарын 7-нд хүлээлгэн өгч, Мартын 8-аар нэг өдөр амраад маргааш нь шинэ ажилдаа орсон. 2016 онд л доо. Энд ажил ид бужигнаж байсан болохоор хурдхан ажилдаа орох хэрэгтэй гэж үзсэн. Би багаасаа л идэвхтэй, юм болгонд чадна гээд гүйгээд орчихдог хүүхэд байлаа. Хэлэлцээр ид явагдаж, бүтээн байгуулалт өрнөж байсан үе л дээ. Ингээд сурахаас өөр аргагүй болсон.
“Хөрөнгө оруулалтын банкууд, турбин нийлүүлэх компани дээрээ оччихоод юмаа мэдэхгүй царайлаад байж болохгүй шүү дээ. Өдөр нь хэлэлцээрээ хийгээд л, шөнө нь номоо уншаад л чадах ядахаараа хичээсэн”.
Үндэсний газар зүйн суваг (National Geographic) -аар баримтат кинонууд ч үздэг байлаа. Гэхдээ бодит амьдрал дээр хийж, хэрэгжүүлж байж л гол туршлагаа хуримтлуулсан.
Удирдагч хүнд байх ёстой чухал чанар таныхаар юу вэ?
Би маш сайн даргатай байж үзсэн. Дарга хүн гэдэг ямар чухал нөлөөтэй байдгийг, мөн багийн гишүүдээ ур чадварын хувьд хэрхэн ахиулж, дээшлүүлж байх ёстойг тэр хүнээс ойлгосон. Түүнээс биш би л мундаг гээд яваад байж болохгүй. Үүнээс гадна удирдагч хүн өөрөө өөртөө маш үнэнч байх ёстой.
“Хүн бүх зүйлийг чаддаг, мэддэг байсан бол доороо хүн авч ажиллуулах ямар ч хэрэггүй. Монголд захирал гэхээр бүхнийг мэддэг, чаддаг байх ёстой гэсэн ойлголт яваад байдаг”.
Багтаа мундаг хүн авч байж л ажил урагшилна. Би үүнийг мэдэхгүй шүү. Тиймээс өөрийг чинь ажилд авч байгаа шүү гэдгийг өөртөө хэлж, үнэнчээр ойлгуулах чухал.
Залуу удирдах албан тушаалтнуудын хувьд миний анзаарсан зүйл юу вэ гэхээр “Би захирал болчихсон учраас үүнийг мэдэх ёстой юм шиг байна. Үүнийг мэддэг гэж хүмүүс намайг бодож байгаа байх. Тэгэхээр мэддэг юм шиг харагдах ёстой” гэдэг. Нэг ёсондоо, ажилдаа биш, өөрийнхөө хэрхэн харагдаж байгаад буюу ямар ч хэрэггүй зүйлд цаг заваа зарцуулаад байдаг. Би ч анх тэгдэг л байсан. Захирлаа гэж дуудуулах психологийн хувьд хүртэл маш сонин. Гэхдээ дасах хэрэгтэй.
Та удирдах албан тушаалд анх очихдоо хэдэн настай байсан бэ. Сүүлийн үед хүмүүс таныг залуу захирал гэдгээр тань мэддэг болоод байгаа шүү дээ.
Рио Тинтод Зэсийн ерөнхий зөвлөх байхдаа 26-тай байсан.
“Мөрөөдөхөөсөө ч айдаг байсан албан тушаалд очихоор маш гоё мэдрэмж төрдөг юм билээ”.
Ерөнхий зөвлөх болоод яалт ч үгүй их баярлаж байсан шүү. Тэгэхэд л анх удаа өөрөөрөө бахархсан байх. Тэр хэмжээнд хүрэхийн тулд их ч ажилласан, их ч хөдөлмөрлөсөн. Энэ бол яах аргагүй үнэн. Оюутолгойд бизнесийн шинжээчээр анх ажилд ороод жилийн дараа ахлах бизнесийн шинжээч болсон. Харин гурав дахь жилээсээ Зэсийн ерөнхий зөвлөх болон дэвшсэнээр анх орсон багаа удирдаж эхэлсэн. Ажилд орохдоо ахлах шинжээч л болох ёстой юм байна гэж бодож байлаа. Тухайн үед хамт ажиллаж байсан ахлах шинжээчид маань салбартаа олон жил ажилласан туршлагатай, асар өндөр мэдлэгтэй, маш мундаг хүмүүс байсан.
Өмнө нь өгсөн үүрэг даалгаврыг сайн гүйцэтгээд явдаг байсан бол одоо баг удирдаж, үүрэг хүлээлгээд эхлэхээр хариуцлага мэдээж хэрэг нэмэгдэнэ. Ширээний нөгөө талд гарч суухад ямар ялгаа мэдрэгдсэн бэ?
Жаахан аймаар юм билээ. 2016 онд би “Clean Energy Asia”-ийн захирлаар ажиллаж эхлээд Сингапур руу долоо хоногт гурван удаа ниссэн. Нэлээд хэцүү байсан. Шөнөжингөө нисэж, өглөөний долоон цагт онгоцноосоо бууж, усанд орчихоод шууд “Vestas”- ийн оффис руу очиж, орой болтол хэлэлцээрт орно. Тэндээсээ шууд нисэх буудал руу Монгол буцахаар явж, нөгөөдөр нь дахиад л Монголоос Сингапур руу ниснэ гэх зэргээр энэ үйлдэл гурван удаа давтагдсан. Маш их ядардаг юм билээ. Дээр нь би онгоцонд унтаж чаддаггүй (инээв). Хариуцлагын тухайд олон хүн надад итгэж, тэр тусмаа салбарын биш, залуу хүнийг удирдлагын албанд томилж, том төсөл хариуцуулсан. 2011 оноос яригдаж эхэлсэн Цэцийгийн салхин цахилгаан станцын төсөлд асар олон хүний хөдөлмөр, сэтгэл шингэсэн байсан. Намайг төслийг хариуцан авахад судалгааны ажил зэрэгт их хэмжээний хөрөнгө оруулалт хэдийнэ хийгдсэн байлаа. Ажлаа авснаасаа хойш би гурван удаа түргэн дуудсан байх. Станц барих талаар “А”, “Б” ч үгүй хүн чинь “За, хөрөнгөө босгочихлоо. Одоо Өмнөговьд яажшуухан станцаа барих вэ гэж бодохоор л даралт ихэсч байгаа юм. Ингэж өндөр хариуцлага үүрсэн маань өөрөө өөрийгөө стресстүүлэхэд хүргэсэн. Тэгэхээр хүн биеэ гамнах ёстой. Бүгдийг мэддэг, чаддаг байх ёстой юм шиг хандсан маань эргээд өөрөө өөртөө дарамт болсон. Эндээс миний сурсан хамгийн том зүйл бол хэлэлцээр хийх, хөрөнгө босгох, төслийн менежмент хийх зэрэг чаддаг зүйлээ би хийе. Харин өөрийн мэддэггүй инженеринг болон бусад нарийн мэргэжлийн зүйлсийг чаддаг хүмүүст нь хариуцуулах. Энэ бүхэн надад их тус болсон. Гол нь хүн байнгын тийм их завгүй байж болохгүй. Гэр бүлдээ, өөрөө өөртөө цаг гаргах ёстой.
СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ БОЛ ИРЭЭДҮЙ
Таны ажил их хувьсан өөрчлөгддөг юм шиг. Нэг бол хэлэлцээр хийхээр нэг хотоос нөгөө рүү ниснэ. Эсвэл ажлаа ойлгуулахын тулд дээл өмсөөд малчны хотыг зорино. Нөгөө талаар станцаа могойноос хамгаалах ч хэрэг гарна?
Өөрийн чинь хэлдгээр миний өдөр тутмын ажил маш их хэлбэлзэнэ. Өнөөдөр л гэхэд өглөөжин телеконференс хийж, хэдэн сая ам.долларын төсөл ярилцаж байгаад, дараа нь ажилтнуудынхаа хоолны картуудыг баталсан. Малчидтай нүүр тулж уулзаад салхин цахилгаан станц байгальд хор нөлөөгүй, бэлчээр сүйтгэдэггүй гэдгийг уйгагүй тайлбарладаг байлаа. Өөртэй нь цуг сууж ярилцаад аливааг ойлгуулахыг хичээхэд хүн хүлээж авдаг. Одоо Азийн супер сүлжээг хамгийн их хүлээж байгаа хүмүүс бол Цогтцэций сумын Сийрст багийнхан.
Нэг сорилтоос нөгөөтэй нүүр тулж ирсэн хүний хувьд тулгарсан бэрхшээлийг хэрхэн даван туулж ирсэн бэ?
Хүн хичээж болно. Гэхдээ хичээсэн бүхэн хүссэнээр болохгүй. Миний амжилттай хэрэгжүүлсэн төслүүдийн тухай л хоёулаа одоо ярьж байна. Үүний цаана бүтээгүй, болоогүй олон төсөл бий. Энэ бүхний цаана хамаг цаг заваа зарцуулж, нойргүй хоносон өдрүүд олон. Ихэнх нь надаас шалтгаалаагүй зүйлээс болсон л доо. Тухайлбал, манай “Ньюком” групп 450 мегаваттын цахилгаан станцын төсөл (V цахилгаан станц) -ийг Францын “Engie”, Японы “Sojitz”, Өмнөд Солонгосын POSCO зэрэг томоохон компаниудтай хамтран хэрэгжүүлэхээр энд, Сөүлд, Бээжинд гээд тал талд хуралдаж, санхүүжилт босгохоор банкуудтай уулзах зэргээр ихээхэн цаг зарцуулаад байсан. Гэтэл төслийг хамтран хэрэгжүүлэхээр ярилцаж байсан компаниуд маань нэг л өдөр уучлаарай бид нүүрснээс гарч байна гэж хэлэхэд ямар ч арга байгаагүй. Рио Тинтод Зэсийн группийн ерөнхий зөвлөх болохоосоо өмнө би хоёр ч удаа дэвшиж чадаагүй. Тэгэхэд мэдээж таатай байгаагүй. Хүний амьдралд ийм зүйл олон тохиолдоно. Алдлаа, бүтэлгүйтлээ гээд бүх зүйл дууслаа гэсэн үг биш. Эхлээд жаахан амрах хэрэгтэй (инээв). Бодох хэрэгтэй. Судлах хэрэгтэй. Тэгэхээр юмыг нэгээр дуусгах биш хэсэг хугацаанд амарч, тайван эргэцүүлж бодвол зөв шийдэл гаргаж чаддаг. Одоо бид V цахилгаан станцыг нүүрсээр биш газаар ажилладаг станц болгохыг зорьж байна. Гаднын хөрөнгө оруулагч компаниуд нүүрснээс татгалзаж байгаагаа мэдэгдсэнээс хойш хоёр жил өнгөрчихөж. Энэ хооронд бид газаар ажиллах станцынхаа ТЭЗҮ-г боловсруулж, салбарынхаа яаманд хүсэлтээ өгөөд байна. Тэгмэгц энэ шийдэл маань нүүрсний цахилгаан станц барихаас хамаагүй илүү зөв алхам болж байгаа юм.
Амжилт гэж таныхаар юу вэ. Хүмүүсийг бишрүүлж, мундаг харагдах юм уу, эсвэл хүрэх ёстой тодорхой нэг цэг юм уу. Энэ мэт олон янзаар ойлгосон хүмүүс амжилтын хойноос улайран хөөцөлдөж байгаа харагддаг. Тэгвэл та юу гэж тодорхойлох вэ?
Монголд огт яригдахаа болисон нэг томъёо гэвэл аз жаргал юм шиг.
“Хэн ч аз жаргалын тухай ярьдаггүй. Харин амжилт, мундаг баян болсон гэх мэт өсөлтийн тухай л ярьдаг. Хүн юуны төлөө амьдарч, хөдөлмөрлөх ёстой вэ гэхээр аз жаргалын төлөө л”.
Жаргалтай байж л энэ амьдрал жаахан утгатай болно шүү дээ. Жаргалын төлөө хөөцөлдөхгүй бол амьдрал өөрөө утгагүй. Ялангуяа манай нийгмийн амьдрал. Гэхдээ жаргалтай байна гэдгээ өнөө маргаашийнхаа зугаа цэнгэлтэй андуурч болохгүй. Амьдралаа том дүр зургаар харах ёстой. Жаргалтай байна гэдэг гэр бүлээ авч явах боломжтой, орлогын эх үүсвэртэй байх, амьдарч буй орчноо сайхан байлгах, стрессгүй амьдрах. Тэр дундаа аз жаргалыг бүрдүүлэх хамгийн том хөшүүрэг нь эрх чөлөө гэж бодож байна. Юуны төлөө ажиллаад байна гэхээр эрх чөлөөний төлөө. Эрх чөлөө гэдэг дуртай юмаа хийх биш, харин хүүхдээ хүссэн сургуульд нь оруулах, хүссэн газартаа амьдрах, хүссэн газар руугаа аялж, хүссэн хоолоо идэх, эрүүл саруул байх, ерөөсөө хүссэн амьдралаараа амьдрах. Тэр л эрх чөлөө. Ерөөс хүн амжилтыг юутай зүйрлэж байна гэдгээс их шалтгаална. Заавал бизнес хөөж, том амбицтай байх албагүй. Дор дороо чадах чадахаараа өөрийн нөлөөг нийгэмд гаргаж, тус болоод явах нь л чухал.
Жишээ нь, би 50 мегаваттын цахилгаан станц барьчихлаа гээд түүгээрээ өөрийгөө хэдэн жил тодорхойлоод явна гэдэг утгагүй. Нэгдүгээрт, урдахаа л хийсэн, хоёрт, тодорхой хэмжээгээр азтай байсан. Хийж чадна гэж бодоогүй зүйлээ чадахаар хүнд итгэл үнэмшил, зориг төрдөг юм билээ. Тэгэхээр цахилгаан машин нэвтрүүлэх, Монгол Улсыг сэргээгдэх эрчим хүчээр хангах зэрэгт би өөрөө итгэж байгаа учраас л ярьж байгаа юм.
Цаашид зорьж байгаа ажлаасаа бидэнтэй хуваалцахгүй юу. Мэдээж сэргээгдэх эрчим хүчтэй тодорхой хэмжээгээр холбогдож байгаа байх?
Ер нь бол хоёр чиглэлд л хуваагдаж байна. Нэгдүгээрт, сэргээгдэх эрчим хүчийг ашиглан дотоодын эрчим хүчний хэрэгцээг тогтвортой, бие даасан байдлаар хангах. Хоёрдугаарт, Монголыг сэргээгдэх эрчим хүч экспортлогч улс болгох бүх суурийг бэлдэх. Үүнд, хүний нөөц, хөрөнгө оруулалт, хууль, эрх зүйн тогтвортой, таатай орчныг бий болгох зэрэг багтана. Газарзүйн онцлог, өртгөө тооцоолж үзэхээр Япон, Солонгос гэх зэрэг Азийн орнууд руу бид эрчим хүчээ экспортлох боломжтой. Нөгөө талаар эрчим хүчээ экспортолно гэхээр тухайн улс оронд хэрхэн хамгийн бага үнээр санал болгох вэ л гэдэг асуудал. Тиймээс бид хэрхэн өрсөлдөхүйц байх вэ гэдэгт л анхаарна.
“Миний мөрөөдөл бол Монгол Улсыг бие даасан эрчим хүчний шийдэлтэй болгох. Тийм боломжтой”.
Өөрөөр хэлбэл, сэргээгдэх эрчим хүчээр бүх хэрэгцээгээ хангана гэсэн үг. Энэ бүхэн маш амбицтай сонсогдож байгаа. Гэхдээ ойрын хэдэн арван жил гэхэд одоогийн дүр зургийг тэр чигээр нь өөрчлөх боломжтой гэж харж байна. Зарим хүмүүс ирээдүйгээ яг өнөөдрөөр л төсөөлөөд байна. Тэгж харж болно. Эсвэл өдөр тутмын амьдралаасаа гарч, ирээдүйд юуг байлгаж болох вэ гэх арай өөр өнцгөөс харж, одоогийн байгаагаараа төсөөлөхгүй явах ёстой юм шиг санагддаг. Үнэхээр одоо нийгэмд тулгамдаад байгаа асуудлуудыг шийдэх боломжтой.
Ийнхүү бидний урт ярилцлага өндөрлөсөн юм. Тэрбээр эдийн засагч хүнийхээ хувьд Монгол Улс хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх хэрэгтэй. Манай улсад хөрөнгө оруулалт дутагдаж байна гэж үзэж буйгаа илэрхийллээ. Үүний тулд дотоодын зах зээлээс хөрөнгө оруулалт татах орчныг бүрдүүлж, нээлттэй хувьцаат компаниуд олон болох ёстой. Өнөөдөр компаниуд нээлттэй болж байгаа нь өөрөө маш эрүүл үзэгдэл гэж онцлоод “Энэ бүхний үр дүнд л зөв засаглал бий болно шүү дээ” хэмээн тэмдэглэсэн юм.