Хамгийн сайн инженерүүд Германд л байдаг. Учир нь энд мэргэжлийн сургалтыг төр засаг нь ажил олгогчтой анхнаас нь хамтарч хийдэг. Боловсрол болон мэргэжлийн сургалтыг онолын талаас мэргэжлийн сургууль, практик талаас нь аж ахуйн нэгж хариуцан өөрийн компанийн тоног төхөөрөмж дээрээ ажиллуулж, дадлагажуулдаг. Залуус эхлээд аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, 3-3.5 жилийн хугацаагаар суралцан мэргэжлийн үнэмлэхээ авч, дараа нь ажиллахаа тохиролцсоноор суралцах хугацаанд нь тухайн компани тэтгэлэг олгодог. Товчоор компани боловсон хүчний залгамж халаагаа өөрөө бэлтгэн баталгаажуулдаг.
Ийнхүү оюутан сургуулиа төгссөн хойно туршлагагүй гэж гологдохын зовлонгүй төгсөн гардаг бол манай улсад эсрэгээрээ мэдлэг олгоход голчлон анхаардгаас төгссөн хойно ажил олгогчид тухайн хүнийг дахин сургаж, ур чадвар, туршлагыг өгдөг гажуудал бий болсон. Өөрөөр хэлбэл ажлын байранд гарсан хойноо л практик туршлагыг олж авдаг.
Германы боловсролын системийг Монголд нэвтрүүлэхээр манай улсын их, дээд сургуулиуд багагүй оролдлого хийж байгаагаас сургалтын хөтөлбөрөө үүнтэй ойролцоо босгож буй нь GMIT буюу Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль юм.
Монголын хамгийн отгон төрийн өмчит их сургууль болсон GMIT нь Оюутолгой, Тавантолгой, Энержи ресурс, МАК, Эрдэнэт, Багануур зэрэг Монголын томоохон аж ахуйн нэгжтэй албан ёсоор хамтран ажиллаж, оюутан залуусыг дадлагажуулдгаараа Германы боловсролын системтэй ойролцоо гэгдэж буй. Энэ нь эдгээр байгууллагад үлдэж, ажиллах боломжийг олгодог. Хэдий дөнгөж хоёр дахь төгсөлтөө хийгээд байгаа ч оюутнууд нь төгсмөгц дээрх компаниудад болон тэдгээрийн туслан гүйцэтгэх компаниудад ажиллаад эхэлжээ. Бүх хичээл нь англи хэл дээр явагддаг учир гадаадад эсвэл Монгол дахь гаднын хөрөнгө оруулалттай компаниудад дадлага хийх, ажиллахад ямар ч саад учирдаггүй аж.
Өнөөдрийн байдлаар тус сургуульд 200 орчим оюутан суралцаж байна. Тэд дадлагыг манай улсын бусад их сургуультай харьцуулахад хамгийн урт хугацаанд буюу суралцаж байхдаа 14 хоногоос гурван сар гаруйн хугацаанд нийт дөрвөн удаа дадлага хийдэг. Үүн дотор оюутнуудаа нэгдүгээр курс төгссөнийх нь дараа Герман руу 14 хоногийн “Summer school” хэмээх үйлдвэрийн танилцах дадлагад явуулдаг. Тэдэнд сургуулиас нь болон Германы эрдмийн солилцооны алба, мөн Монголын компаниуд өөрсдийн нэрэмжит тэтгэлгийг олгодог. Эцэст нь энэ шинж чанараараа Германы боловсролын систем буюу боловсролын инженерчлэлийг нутагшуулж буй.
Биднийг сургууль дээр очиход оюутан, ажил олгогчдыг уулзуулсан “Үйлдвэрлэлийн өдөрлөг” болж байв. Компаниуд оюутнуудын үйлдвэрлэлийн дадлагыг дүгнэн, цаашид анхаарах ажлыг төлөвлөн ярилцаж байлаа. Үүний хажуугаар судалгааны чиглэлээр хэрхэн хамтарч ажиллах талаар мэдээлэл өгөв.
Оюутолгой компани судалгааны ажилд их, дээд сургуулийн оюутнуудыг хамруулж, бодит асуудлыг шийдвэрлэх ажилд оролцуулдаг. Тэд энэ зорилтынхоо хүрээнд GMIT-тай хамтарсаар иржээ. Тухайлбал, өнгөрсөн жил тус компанийн конверын урсгуурын хоолойн дотор эд анги амархан элэгдэж, дөрвөн долоо хоног ажилладаг байдлыг тус сургуулийн оюутнууд засч, хурдан элэгдэж байгаа хэсгийг олж тодорхойлон, шийдвэрлэх арга замыг гаргаснаар найман долоо хоног ажиллах чадамжтай болгосон аж.
Мөн шохойн сүүн шугам ойр ойрхон бөглөрдгийг судалж, сайжруулжээ. Үүнийг үйлдвэрийн туршилтад оруулах л үлдсэн байна. Түүнчлэн Эрдэнэт үйлдвэрийн овоолгод зэсийн уусгалт хийдэг компанитай хамтран тэдний процессыг сайжруулах чиглэлийн судалгааны ажлыг хийж эхэлжээ. Энэ мэт ажил, дадлага нь Германы боловсролын системийн дагуу сургууль, ажил олгогчийн холбоог дэмжих зорилгынх нь нэгээхэн хэсэг юм.
Энэ өдөр сургуулийн ТУЗ-ийн гишүүн, GMIT- ийн анхны төгсөгчдийн нэг О.Болор-Эрдэнэтэй уулзав. Тэр бол GMIT-ийн бахархалт төгсөгчдийн нэг байв. Тэрбээр 2017 оноос хойш сургуулийнхаа ТУЗ- ийн гишүүнээр ажиллаж байгаа бөгөөд Оюутолгой компанийн Хүрээлэн буй орчны инженерийн албан тушаалыг хашдаг. Зөвхөн Оюутолгой төсөл дээр л гэхэд түүний ангийн тэн хагас нь ажилладаг аж. О.Болор- Эрдэнийн ажлын чиг үүрэг нь байгаль орчинд учирч болзошгүй бохирдлууд, түүний эх үүсвэрийг таниж мэдэх, улмаар бохирдлыг бууруулах, арилгах шийдлийг инженерчлэлийн аргаар олох юм. Түүний хэлснээр, инженерийн бэлтгэл ангиас эхлүүлээд л инженер хүнд байх ёстой чадвар, хийх ажлын үүрэг, даалгаврыг компаниуд дээр эзэмшжээ. Тэрбээр ангийнхаа хүүхэдтэй хамтран Дээд боловсролын шинэчлэлийн төслийн шалгаруулалтад оюутны клубууд, оюутны үйл ажиллагааг дэмжих зорилгоор кофе шоп байгуулах төсөл бичиж, шалгаран санхүүжилт авснаар сургуульдаа кофе шоп нээж, оюутнууддаа үлдээжээ.
Сургуулийн гадна байрлах монгол гэрийг багш, оюутнуудын хамтарсан судалгааны төсөлд ашигладаг. Өнгөрсөн жилээс тэд Улаанбаатар хотын утааг бууруулахад чиглэсэн гэрийн зуухны янданд утаа тортог баригч зохион бүтээж, түүнийгээ уг гэрт туршиж байгаа юм. Үүнийг сургуулийнхаа гэрээс гадна Баянхошууны 100 айлд байршуулжээ. Энэ нь ч үр дүнгээ өгч, долоо хоногт нэг төхөөрөмж нь 500 гр тоос, тоосонцрыг шүүсэн байна. Судалгааны ажил үргэлжилж байгаа бөгөөд дахин шинээр нэмж тоос баригч бүтээж айлуудад тавихаар төлөвлөжээ.
Сургууль Уул уурхайн боловсруулах, Механик, Эдийн засагч инженер, Хүрээлэн буй орчны инженер гэсэн дөрвөн бакалаврын хөтөлбөртэй. Эдгээр хөтөлбөр нь ACQUIN (Герман) байгууллагаар олон улсад таван жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдсэн. Ингэснээр төгсөгчид нь Европын холбоо, дэлхийн их сургуулиудад үргэлжлүүлэн сурах, аль ч компанид ажиллах боломжтой гэдгийг сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Батцэнгэл онцолж байлаа. Хичээлийн агуулгыг Германы хамтрагч их сургуулиуд болох Аахены техникийн их сургууль, Фрайбергийн техникийн их сургууль, Дармштатын их сургуулийн профессорууд хамтран боловсруулж, жил бүрийн хавар хөтөлбөрөө дахин шинэчлэн сайжруулдаг.
Химийн, физикийн, уул уурхайн боловсруулалтын, усны шинжилгээний, компьютерын гэсэн таван лабораторитой. Зарим тохиолдолд олон улсын олимпиад, уралдаан тэмцээнд оролцох гэж байгаа оюутан сурагчид болон эрдэм шинжилгээний ажилтнууд хүртэл энд туршилт судалгаа хийдэг аж. Лабораторийг оюутнууд нь багш нарын хяналтан дор чөлөөтэй ашигладаг.
Механик инженерийн оюутнууд л гэхэд чөлөөт цагаа ашиглан талбайн цэвэрлэгээний робот угсарчээ. Энэ хичээлийн жилээс програмыг нь бичнэ. Робот нь шороо, тоос, хогийг шүүрдэж, цас орсон үед ажлын багажаа сольж, цас хусах ажиллагааг гүйцэтгэнэ.
Нийслэлийн удирдлагууд GMIT-д айлчлах үеэрээ оюутнуудын уг бүтээлийг дэмжиж, хот тохижилтод ашиглахаа илэрхийлжээ.
Мөн оюутнууд хаягдал үнсийг ашиглан тоосго шиг хатуу материал хийсэн байсан бөгөөд үүнийг уурхайн үйл ажиллагааны дараа байгаль орчны нөхөн сэргээлтэд элэгдэлд орсон талбай, ухсан нүхэнд дүүргэгч материалаар ашиглахаар зохион бүтээсэн байна.
Сургалтын хөтөлбөрийн өөр нэг онцлог нь хичээл бүр ур чадвар, хандлагыг төлөвшүүлэхийг хичээдэг. Үүнийгээ сургууль төгсөх үедээ оюутнууд нь “Final Study Project” буюу “Төгсөлтийн судалгааны төсөл” хичээлээр нэгтгэн дүгнэдэг. Төгсөлтийн судалгааны төслийг гаднын их сургуулийн оюутнууд ирж, хамтран хийдэг бөгөөд үүнийг тус сургуулийн профессор Манфред Хампе тэргүүтэй бусад профессор багш нар, АНУ-ын Өмнөд Дакотагийн их сургуулийн багш Ребекка Ж. Пинкелман нар удирдан чиглүүлдэг.
Оюутнуудын санаачлага үйл ажиллагаа болон үйлдвэрлэлтэй холбосон энэ мэт судалгааны ажлыг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг болон Германы эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны санхүүжилттэй сургуулийн “Судалгаа хөгжлийн сан” санхүүжүүлдэг.
Оюутан, ажил олгогчийн холбоог дэмжсэн дэлхийн жишиг болсон боловсролын А туршлага буюу боловсролын энэхүү инженерчлэлийг GMIT бүрдүүлж байна.