2016 онд Токиогийн Их Сургуульд анагаах ухааны салбарын хувьд содон үйл явдал болов. Эмч нар 60 настай нэгэн эмэгтэйн цусны хорт хавдрын төрлийг тогтоож чадахгүй, буруу онош тавьсны эцэст хиймэл оюун ухаанаар зэвсэглэсэн IBM Watson хэмээх суперкомпьютерыг дайчлав. IBM Watson хавдар судлалын талаархи 20 сая клиник судалгааны үр дүнг дээрх эмэгтэйн өвчний түүхтэй харьцуулсны үр дүнд ердөө 10-хан минутын дараа энэ нь цусны хорт хавдрын (Leukemia) нэн ховор төрөл болохыг тогтоож өвчтөнд тохирох эмчилгээг зөвлөжээ.
2014 оноос анагаах ухаан, тэр дундаа хавдар судлалын салбарт арилжааны хэлбэрээр ашиглаж ирсэн IBM Watson нь эрүүл мэндийн чиглэлд хуримтлагдсан, эдүгээ 150 экзабайтаас (150 тэрбум гигабайт) хол давсан эрүүл мэндийн мэдээллийг хүний хүчээр боловсруулах боломжгүй болсон нөхцөлд эмч нарын хамгийн шилдэг туслах болж байна. Энэхүү суперкомпьютер гуравхан секундэд 200 сая хуудас текст уншихаас гадна боловсруулалт хийж, бүтцэд оруулснаар тухайн өвчний талаар хамгийн шинэ, хамгийн оновчтой мэдээллийг гаргаж өгч чадна.
Мэдээж Watson-г Монголын Хавдар Судлалын Үндэсний Төвийн амбулаторын үйлчилгээтэй харьцуулах нь учир дутагдалтай. Гэхдээ инновацилаг технологи шингээж нийгэмд хамгийн их ач тус хүргэх боломжтой салбар бол эрүүл мэнд.
IBM Watson хавдар судлалын тухай олон сая сэтгүүл, номыг хэдхэн мөчид “уншин” өвчний онош тавьж, Хятадын эмч нар гар утасны программ ашиглан алс тосгоны өрхийн эмнэлэгт эмчилгээний заавар өгч буй өнөө цагт Монголын Өмнөговь аймагт шинжилгээ өгсөн өвчтөн Улаанбаатар дахь Нэгдүгээр эмнэлэг дээр нөгөө шинжилгээгээ дахин өгөх гэж оочерлосон хэвээр байна.
Инновацийн монгол жор
Хоёр жилийн дараа Монголын Батлан хамгаалах салбар 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Даанч энэ ойд Чингис хааны арми хамаарахгүй. Бас хоёр жилийн дараа эрүүл мэндийн салбар 100 жилийн ойтой. Энэ ой гурав, дөрвөн зуун жилийн өмнө амьдарч байсан алдарт маарамбуудад падлийгүй.
Монголчууд 70 жил социалист системээр амьдарсны дараа хий, шар, бадганы ухаан гэдгийг мартаж, харин холерик, сангвиник, мелонхолик, флегматик гэсэн нэр томъёог гадарлах болсон. Хий махбодь голлосон хүнд нойр, хоолны ямар дэглэм зохилтой вэ гэж асуувал хэлээд өгөх эмч тун цөөн боловч бий. Харин холерик хүн ямар хоол идвэл тохиромжтой вэ гэвэл хариулах эмч Монголд байтугай, дэлхийд бараг байхгүй. Учир нь Өрнийн анагаах ухаан ийм түвшинд хүрч хөгжөөгүй аж. Энэ нь бид анагаахын чиглэлд их мөрний дэргэд суугаа мөртөө ангаж байгаатай адил дүр төрх юм.
Гэхдээ мэдлэгийн энэ их санг уудалж, түүнийгээ нийгэм, эдийн засгийн амьдралд нэвтрүүлж яваа хүн цөөнгүй. Ийм хүний нэг нь хөлтэй болгон гахай үүрч ганзагын наймаанд явж байхад, хүйтэн байшинд эмийн жор найруулж суув.
Моносын Л.Хүрэлбаатаар анхнаасаа л “наймаачин” биш, судлаач байв. Тиймээс өөртэйгээ нийлээд гуравхан ажилтантай байсан ч өрөөнийхөө буланд “Зохион бүтээх тасаг” байгуулсан нь өнөөдөр Эм судлалын хүрээлэн болтлоо томорсон.
“Монос компани ямар олон эм хийдэг юм бэ? Тэр олон жороо яаж гаргадаг юм бол?” гэж зарим хэрэглэгч асуух нь бий. Тэгвэл Л.Хүрэлбаатарын гол ажил нь уламжлалт анагаахын шинжлэх ухааны олон зуун жил хуримтлагдсан өвийг судалж, түүнийгээ хүн амын эрүүл мэндэд тустай эм, бэлдмэл болгон зохион бүтээх. Түүний бүтээсэн ханиад дарагч Читамон-оос эхлээд хорт хавдрын эсрэг Эллипос хүртэлх эм бэлдмэл, Марал тосноос эхлээд Биомон цуврал хүртэлх Моносынхны зохиосон гоо сайхны бүтээгдэхүүн бүгд уламжлалт анагаах ухаантай салшгүй холбоотой.
Гэхдээ тэр маарамба болж айлуудаар заларч өвчтөн үзээгүй, харин эрдэмтний нөр их хөдөлмөр, бизнесмэний сэргэлэн ухааныг хослуулан нийт Монголын эм зүйн салбарыг оюуны бүтээлээрээ төлөөлж явна. Түүнээс зохион бүтээх ажлынх нь талаар ярилцлага авбал чихэр өвсөөр индиферент бодис хийх санаа төрсөн, эмульсэн тосны технологийг Монголд анх нэвтрүүлсэн, шүд зайлах эликсир хийсэн, хавдрын эсрэг бодисыг ферментжүүлэх аргаар гаргаж авсан гэх мэт мэргэжлийн бус уншигч үл ойлгох үгс олонтаа тааралдана. Гэвч эдгээр нь хайгуул хийсэн, лиценз өгсөн, олборлосон, ачсан, нөхөн сэргээгүй хаясан гэх мэт ойлгомжтой үгсийн хажууд хамаагүй чихэнд чимэгтэй сонсогдоно. Яагаад гэвэл энд монгол хүний оюуны хөдөлмөрөөр бүтсэн арга, технологийн тухай ярьж байгаа учраас.
“Одоо бидэнд уламжлалт эм зүйн ухааныг судалж цуглуулсан 10 000 гаруй жор байна” гэж Л.Хүрэлбаатар ярив. Үүнээс тэр өчүүхэн хэсгийг нь судалж, хөгжүүлэн үйлдвэрлэлд нэвтрүүлсэн нь өнөөдөр “Монос” хэмээх нэрийн дор 80 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн, 25 брэнд бүтээгдэхүүн, 50 орчим патент, 200 гаруй барааны тэмдэг болжээ.
Эдгээр жорноос Л.Хүрэлбаатарын хувьд ойрын ирээдүйд судалж хөгжүүлэх нь зөнөх өвчин, ясны сийрэгжилт, элэгний В вирус, чихрийн шижний, харшлын эсрэг жорууд юм.
Түүнээс “2030 онд Монос групп 40 жилийнхээ ойг тэмдэглэх үеийг та хэрхэн төсөөлж байна вэ” гэж асуухад “Уламжлалт анагаах ухааны ололтод түшиглэж, одоогийнхоос олон төрлийн инновацилаг бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийн олон улсад экспортлодог тийм компани байх болов уу гэж төсөөлж байна” хэмээн хариулав.
Уламжлалт анагаах ухаан гэхээр хүмүүс ардын эмнэлэгтэй андуурах нь бий. Ардын эмнэлэг хүмүүсийн ажиглалт, туршлагад үндэслэдэг бол уламжлалт анагаах ухаан нь эртний Төвөд, Энэтхэгээс улбаатай, тэр нь Монголд улам төгөлдөршиж үлдсэн өөрийн гэсэн онол, арга зүй, эрдэмтэн судлаачид, судар ном бүхий асар том шинжлэх ухаан юм.
2019 оны хувьд Л.Хүрэлбаатар ажлын цагийнхаа багагүй хэсгийг гадны эрдэмтэдтэй уулзалдаж зөвлөлдөхөд зарцуулж байна. Саяхан Солонгосын Ханяны Их Сургуулийн эрдэмтэд ирээд явжээ. Тэд Эм Судлалын хүрээлэнтэй хамтарч хунчир хэмээх монгол эмийн ургамал дээр суурилсан тарилгын бэлдмэл хийх судалгаан дээр ажиллаж байна. Тодруулбал, паркинсоны өвчин болон альцгеймер (зөнөх өвчин) өвчний үед монгол хунчир нь хүний бие организмд ямар нөлөө үзүүлэх тухай судалгааг Моносын захиалгаар хийж байгаа бөгөөд урьдчилсан туршилтын үр дүн тун эерэг гарсан байна.
Мөн Солонгосын Данкукийн Их Сургуулийн болон Монголын эрдэмтэд хамтраад ясны сийрэгжилтийн эсрэг бэлдмэл дээр ажиллаж байна. Уг бэлдмэлийг өмнө нь Эм Судлалын хүрээлэн дээр зохион бүтээсэн бөгөөд одоо олон улсын түвшинд баталгаажуулах туршилт, судалгаанууд явагдаж байгаа аж. Тооцоолсноор нэг жилийн дараа гэхэд монголчууд ясны сийрэгжилтийн эсрэг шинэ бэлдмэлтэй болох нь. Бас дөнгөж хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын нэрт эрдэмтэн С.М.Николаявтай уулзаж зарим эмийн био хүртээмжийг судлах ажлынхаа явцтай танилцжээ.
Энэ мэтээр Солонгос, Хятад, Орос, Япон, Австрали, Австри гэх мэт олон орны эрдэмтэй хамтарсан олон ч төсөл хэрэгжүүлсэн, олон төсөл ч судалгааны шатандаа явж байна. Мөн эм судлалын хүрээлэн дээр 30 орчим эрдэмтэн ажиллаж, дэлхийн өнцөг булан бүрт эрдмийн зэрэг хамгаалсан залуучууд нэмэгдэн ирсээр байна. Чухам ийм хамтын ажиллагааны үр дүнд Моносын брэнд бүтээгдэхүүнүүд бий болжээ.
Шинэ эм зохионо гэдэг машины шинэ загвар зохион бүтээхтэй адилгүй. Моносын хувьд зарим эм бэлдмэл 4-5 жилд бүх үе шатаа дуусгаж үйлдвэрлэлд нэвтрээд ашгаа өгч эхэлдэг байхад 20 жил ноцолдоод одоо ч практикт нэвтрээгүй эм Л.Хүрэлбаатарт бий. Жишээ нь, хавдрын эсрэг Эллипос эмийн төсөл тэртээ 90-иэд онд эхэлж байсан ч одоо ч туршилт нь дуусаагүй явна. Бөөрний үйл ажиллагаа сайжруулдаг Нефромон хэмээх бэлдмэлээ ОХУ-д бүртгүүлэхийн тулд тэр 10 гаруй жил хөөцөлджээ. Учир нь эхлээд амьтан дээр, дараа нь хүн дээр туршаад үр дүн нь батлагдсан ч үүнийг олон улсын стандартын дагуу баталгаажуулах лаборатори Монголын аль ч эмнэлэгт байхгүй. Тиймээс бүх туршилтыг гадаадад өндөр үнээр давтан хийлгэх шаардлагатай болдог.
Монос экспортын газар зүй нь Япон, Солонгос, Хятад, Орос, Сингапур, Мьянмар, Малайз, Австрали цаашлаад нийт АСЕАН-ы орнуудыг хамарч байна.
Эртний оточ нарт химийн урвал явуулах орчин үеийн өндөр технологийн тоног төхөөрөмж байгаагүй. Тиймээс уламжлалт анагаах ухааны хамаг нарийн ширийн нь эмийн ургамалтай холбоотой. Л.Хүрэлбаатар ч бас 1990 онд жижиг цех байгуулж арц, таван салаа, аньсны навч, мэхээр, төлөгч өвч, чихэр өвс, бамбайн үндэс, царван, долоогоно, тэхийн шээг зэрэг эмийн ургамлыг үйлдвэрлэлдээ ашиглаж эхэлжээ. Тухайлбал, Читамон эмийг цэр ховлох үйлдэлтэй чихэр өвсийг тарваган шийртэй хольсноор бий болгожээ. Мөн уламжлалт арга технологи, жорыг багагүй судалж бугын цусан эвэр, булганы тос, гүүний саам, барагшун, чацарганы тос зэргийг ашиглан гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн нь өнөөгийн Монос косметикс компанийн үйлдвэрлэдэг брэндүүдийн эхлэл болжээ.
Ийм учраас Л.Хүрэлбаатар бол Монгол дахь түгээмэл болон ховордсон, бүр ургахаа больсон бүх эмийн ургамлыг “таних” цөөхөн хүний нэг. Гэвч манай улсын эмийн ургамлын нөөц эмийн жор шигээ баялаг биш. Бүх нөөц нийлээд гадаадын байтугай дотоодын хэрэгцээг хангаж хүрэлцэхгүй.
Үүнтэй холбоотой Моносынхон 2000-аад оны эхнээс зарим эмийн ургамлуудыг тарималжуулж эхэлжээ. Зэрлэг ургамлыг тарималжуулах нь бас л шинэ эм зохиохтой адил ярвигтай хөдөлмөр. Монголд ховордсон олон ургамлыг тарималжуулах гэж 20 орчим жил оролдож байгаагаас одоо амжилт олоод байгаа нь алтан гагнуур, хунчир хоёр. Монгол хунчирын хувьд эхэндээ 100 үрнээс ганц хоёрхон нь соёолж байсан бол 10 гаруй жил туршсаны үр дүнд 90 хувь нь соёолдог болжээ. Тарималжуулах ажил зарим тохиолдолд чоныг хотонд дасгахаас дутахааргүй хүнд. Жишээ нь, зам дагуу хүн, малын хөлөөр элбэг ургадаг таван салааг хүлэмжинд авчраад хичнээн сайхан хөрсөнд суулгаж, яаж ч арчилсан ургадаггүй.
Ийнхүү 2000 онд эмийн ургамал тарималжуулах станц барьснаас хойш 100 гаран эмийн ургамлыг тарималжуулаад байна. Үүн дотор Монголд байгальд хэдийнэ ургахаа больсон 10 орчим ургамал бий. Эдгээр ургамлын хувь заяа Л.Хүрэлбаатарын гарт бий. Нэг үгээр, Монголын анагаах ухаан, эм зүйн салбарын ирээдүйд зуу зуун жил ашиглаж болох эмийн ургамлын “амьд цуглуулга” бий болгожээ. Цаашдаа Говь, Хангай, хээрийн нөхцөлд эмийн ургамал тарималжуулах станци байгуулах бодол түүнд бий.
Мэдээж эм, бэлдмэл зохион бүтээх, ургамал тарималжуулах ажилд их мөнгө, хүн хүч шаардлагатай. “Бид группын хэмжээнд олсон ашгийнхаа талаас илүүг, эмийн үйлдвэрийнхээ олсон ашгийн 100-120 хувийг судалгаа, шинжилгээнд зарцуулдаг” гэж тэр хэлэв. Дэлхийн жишгээр эм үйлдвэрлэлд том компаниуд борлуулалтын 10 хувийг судалгааны төсөлд зарцуулдаг бол Монос группын хувьд 16 хувийг зарцуулдаг байна. Жилд тэрбум гаруй төгрөгийг энэ чиглэлд төсөвлөдөг бөгөөд 1990 оноос хойш Монос групп 20 гаруй тэрбум төгрөгийг судалгаанд зарцуулжээ гэсэн тоо байдаг. “Ингэж байж бид олон улсын түвшинд хүрсэн эмийг Монголдоо үйлдвэрлэж, цаашдаа дэлхийн зах зээлд гарна” гэж тэр онцоллоо.
Монос-ын мөр
2019 оны гуравдугаар сард ОХУ-ын “Фармамед” компани “Орост үйлдвэрлэв” уралдааны шагнал хүртэв. Энэхүү шагналыг уг компани Оросын Төрийн Думаас “Нефромон плюс” эмээрээ авчээ. Нефромон Плюс бол зөвхөн Монголын говьд ургадаг нарийн навчит цахилдгаар хийсэн, Л.Хүрэлбаатарын зохион бүтээсэн эм гэдгийг бид мэднэ.
Эм, гоо сайхны Монос жижиг үйлдвэрийг байгуулахаасаа л тэр нэг ч грам эмийн ургамал экспортод гаргахгүй гэж өөртөө андгайлсан. Монголчууд 70 жил Орост, 30 жил Хятадад түүхий эдээ зөөж байгаа учраас.
Дэлхийн зах зээлд зэсийн баяжмал, төмрийн хүдэр, ноолууран цамц экспортлоход хэцүү биш болсон. Харин цэвэр оюуны бүтээл экспортлох зам мөр гараагүй байгаа. Энэ мөрийг гаргах хичнээн хэцүү гэдгийг биеэрээ мэдэрч буй цөөхөн бизнесмэний нэг нь Л.Хүрэлбаатар. Жишээ нь, Япон, Солонгосын зах зээлд бүтээгдэхүүнээ санал болгоход “Наад эм чинь чанартай юу” гэхийн оронд “Монголд үнэхээр эм үйлдвэрлэдэг юм уу” гэж асууна.
“Дэлхийн зах зээл” гэдэг том давааг гэтлэхийн тулд Монос групп үндэсний хэмжээний компанийн хувьд ч ахдахаар том эрсдэл үүрч яваа. Нэг талаас судалгаа, шинжилгээнд хангалттай хөрөнгө оруулалт хэрэгтэй ч нөгөө талаас ашиг, орлоготой байж компани урт насална. Гэвч энэ нь гуравхан сая хүнтэй зах зээлд боломжгүй.
Манай улсын хувьд экспортын гол саад нь “Дэлхийн стандартад нийцэхгүй” гэсэн үг байдаг. Монос групп сүүлийн жилүүдэд тэрхүү стандартад нийцэх зорилгоор хэд хэдэн том алхам хийсэн, нэг үгээр маш их мөнгө үрсэн.
Эхний жишээ нь эмийн GMP (Good Manufacturing Practicе) үйлдвэр. Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны санхүүжилтээр, 25 тэрбум төгрөгөөр барьсан энэ үйлдвэрийг энгийн үгээр хэлбэл “байшин доторхи байшин” гэж хэлж болно. Эхлээд үндсэн барилгаа барина. Үүний дараа дотор нь ган хавтангууд угсарч давхар барилга барина.
Монос группийг зүгээр нэг компани гэж хэлэхэд учир дутагдалтай. Энэ бол уламжлал, инноваци хоёрын уулзах цэг, бизнес, шинжлэх ухаан хоёрын хамтрах орон зай.
Гэхдээ эмээ экспортлоход ганц үйлдвэр хангалтгүй. Энэ үйлдвэр зөвхөн шахмал эм үйлдвэрлэх зориулалттай. Моносын брэнд бүтээгдэхүүнүүдийг экспортод гаргая гэвэл ахиад үүн шиг гурван үйлдвэр, 70 гаруй тэрбум төгрөг зарцуулж байж сая эмийн цогцолбор үйлдвэртэй болно. Монос групп одоо найман сая ам.доллараар хоёр дахь GMP үйлдвэрээ барьж байгаа бөгөөд 2019 ондоо багтаад ажиллаж эхэлнэ. Монголын түвшинд эмийн компани ийм хэмжээний зээлийн хөрөнгөөр үйлдвэр барих нь ихээхэн эр зориг гаргасан, ялангуяа ам.долларын ханш яаж ч мэдэх нөхцөлд их эрсдэлтэй алхам.
Монос группын дэлхийн зах зээлд санал болгох, өрсөлдөх чадвартай байх бүтээгдэхүүн бол ургамал, амьтны гаралтай эм бэлдмэл, гоо сайхны бүтээгдэхүүн, эрүүл мэндийг дэмжих шингэн хүнс юм. Дэлхийн нийт эм, бэлдмэлийн хэрэгцээ жилд 7-8 хувь өсч байгаа бол байгалийн гаралтай эм, бэлдмэлийнх 10-12 хувь өсч байгаа нь зах зээлийн боломж их байгааг харуулна.
Ургамлын гаралтай эм нь химийн гаралтайг бодвол хүний биед үзүүлэх сөрөг нөлөөлөл доогуур байдаг. Тиймээс Моносын эмнүүд өрсөлдөх чадвартай байна. Жишээ нь, дэлхий дээр хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй эмийг ургамлаас гаргаж авсан явдал бараг байдаггүй.
Сүүлийн жилүүдэд Монос групп экспортод бүтээгдэхүүн гаргах ажлыг хамтарсан судалгаа шинжилгээ, хамтарсан үйлдвэр зэрэг хэлбэрээр өргөн фронтоор хийж байгаа. Оросын зах зээлд Нефромоны араас Витагриппыг бүртгүүлэх ажил хийгдэж байна. Энэ нь цаашлаад Белорусь, Казахстан зэрэг улсад гарах үүд хаалгыг нээнэ.
Монос косметикс ХХК-ийн Биомон брэнд Хятадын цахим худалдааны Таобао сайт дээр туршилтын журмаар тавигдсан нь амжилттай борлогдсон. Гэхдээ хятад хэрэглэгчдийн арьсанд тохирсон хувилбар гаргаж авахын тулд нэлээдгүй хугацаа орно.
Харин эрчүүдийн үс халцрах нь их байдаг Япон, Солонгосын зах зээлд үс ургалтыг дэмжих бүтээгдэхүүн гаргахаар судалгааны ажил ид явж байна. Одоогоор Биомон шампунь Японд борлогдоод эхэлсэн.
Монос групп Азийн зах зээлд гарахдаа бүтээгдэхүүнээ Монголдоо биш тухайн зах зээлд ойрхон улсад үйлдвэрлэх бодлого баримталж байна. Тухайлбал, Монос групп Сингапурт зарим компанийн тодорхой хувийг худалдаж аваад тэнд нь бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж Зүүн Өмнө Азийн зах зээл рүү гарах төлөвлөгөөтэй байна. Эдгээр орны хувьд ургамлын гаралтай эм, бэлдмэл, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглээд сурчихсан, эм зүйн судалгааны бааз суурь бэхэжсэн, туршилт судалгаа хийхэд Европоос хямд гэсэн онцлогтой. Түүнээс гадна Моносын түншүүд нэлээдгүй байдгийн дотор хамгийн идэвхитэй хамтран ажиллаж байгаа нь Малайзын эрдэмтэд.
Мөн дэлхий нийт чихрийн агууламжтай ус, ундааны хэрэглээгээ багасгаж, эрүүл мэндийг дэмжих шингэн хүнсийг илүүд үзэх болсон нөхцөлд Монос Хүнс ХК энэ зах зээлд орох бололцоо их байгаа тухай Монос группын Гүйцэтгэх захирал Х.Ананд ярьж байлаа.
Энэ мэтээр Монос групп экспортын чиглэлд их хүч хаяж байгаа бөгөөд хэтийн зорилгын газар зүй нь Япон, Солонгос, Хятад, Орос, Сингапур, Мьянмар, Малайз, Австрали, цаашлаад нийт АСЕАН-ы орнуудыг хамарч байна. Нэг үгээр Монос групп үндэсний компаниас экспортын компани болох хөгжлийн дараагийн эриндээ шилжиж байна.
Сэргээх нөөц
Уламжлал ёсоор хүн төрөлхтний ашигладаг нөөцийг үл сэргээгдэх, сэргээгдэх гэж ангилдаг. Гэхдээ орчин үеийн эдийн засагт гүйцэтгэх үүрэг нь улам бүр өсөн нэмэгдэж, ДНБ-нд эзлэх хэмжээ нь улам бүр өсч буй өөр нэг нөөц бол сэргээх нөөц. Энэ бол хүмүүс хоорондоо хуваалцах тусам эзнийгээ ч, бусдыг ч баяжуулан сэргээдэг нөөц буюу мэдлэгийн нөөц.
Өнгөрөгч зууны хоёрдугаар хагасаас оюуны бүтээлийг экспортын бүтээгдэхүүн болгодог зах зээлийн загварууд улам төгөлдөршиж, шинжлэх ухааны бие даасан салбарууд болсон. Эдүгээ ямар ч улс орны хувьд мэдлэг, туршлагаа амжилттай экспортлохын тулд шинжлэх ухаанд харамгүй хөрөнгө оруулалт хийж, сайн засаглалтай байж үндэсний түвшинд нарийн зохион байгуулалттай хамтран ажиллах шаардлагатай болсон. Энэ шаардлагыг хангаагүй нөхцөлд тухайн улсын өрсөлдөх чадвар тэр хэрээр буурна. Энэ концепцийн үүднээс аваад үзэхэд Монос групп үндэсний хэмжээний нэгэн загвар компани болж байна.
Л.Хүрэлбаатар бол Монгол дахь түгээмэл болон ховордсон, бүр ургахаа больсон бүх эмийн ургамлыг “таних” цөөхөн хүний нэг.
“Манай зарим ажилчид Монос-т ажиллаад байна уу, эсвэл сургуульд сураад байна уу гэж асуудаг” гэж хэлээд Л.Хүрэлбаатар инээв. Учир нь Монос бол ажилчдаа сургалтаар “бөмбөгддөг” газар. Сургалтын бодлогын цөм нь Монос Академи бөгөөд “Хүн эрдэнэ” гэсэн уриатай. Компанийн хүрээнд чадварлаг боловсон хүчин бэлдэх зорилготой механизм нь олон төрлийн клуб, сургалтын хөтөлбөрүүдээс бүрддэг. Тухайлбал, хүний нөөцийн газрын захирлын удирдлагад байдаг “Маргаашийн манлайлагчид” нэртэй клуб нь топ менежерүүдээ бэлддэг. Ингэснээр нийт захирлуудын 70 хувь нь дотроосоо төрөн гарчээ. Үүнээс гадна гадаадад сургасан хүмүүсийнх нь 80 хувь эргэн ирж компанидаа ажиллаж байна. Энэ мэтээр Монос групп хүний нөөцийн хамгийн хүчирхэг системтэй компаниудын нэг болон хувирчээ.
Одоо группийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж буй, Монос хүнсийн анхны төслийг гардан хийсэн Хүрэлбаатарын хүү Ананд ч бас компанийн залгамж халааг бэлддэг дээрх системийн бүтээгдэхүүн юм. Багаасаа аавынхаа ажлыг сайн мэддэг тэрбээр АНУ, Хятадад бизнес, санхүүгийн боловсрол эзэмшсэн ч салбараа илүү гүнзгий ойлгохын тулд группийн дэргэдэх Эм Зүйн Шинжлэх Ухааны Их сургуулийг дүүргэсэн.
Гүйцэтгэх захирал болсноосоо хойш группийнхээ засаглалыг бэхжүүлэх, дэлхийн тавцанд гаргах шийдэмгий алхмууд хийж байна. Хэдэн жилийн өмнөөс Монос групп Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтарч ажиллах болсноор компанийн засаглалд Европын ололт амжилтууд нэвтэрч, группийн үйл ажиллагаа улам системжсэн хэлбэр лүү шилжсэн. Ингэснээр 2019 оны хавар Монос хүнс компани хувьцаа гаргаж нээлттэй компани болоход засаглалын тал дээр ямар нэгэн бэрхшээл гараагүй.
Монос группаас үлгэр авч болохуйц өөр нэгэн хүчин зүйл бол хамтын ажиллагааны механизм. Л.Хүрэлбаатарын санаачлагаар энэ компани эм зүйн салбарын эрдэмтдийн мэдлэг, чадварыг нэгтгэж үндэсний брэнд болсон олон эм, бэлдмэлийг бий болгосон. Эдүгээ Монос Группт ажиллаж буй эрдэмтдээс гадна олон улсын эрдэмтэд хамтран Моносын төслүүд дээр ажиллаж, оюуны өмчлөл нь монгол компанид үлдэж буй жишээ нь ирээдүйд Монголын шинжлэх ухааны салбар ямар хэлбэрээр хөгжиж болохыг бэлхнээ харуулж байна.
Монос группын монгол оюун сэтгэлгээг дэлхийд таниулна гэсэн зорилго биелэх гол нөхцөл нь ч дотооддоо өрсөлдөх биш, харин хамтран ажиллаж гадагшаа хүчээ үзэх юм. Хэдэн жилийн өмнө Л.Хүрэлбаатар дуслын шингэний таван төсөл тусдаа хэрэгжээд явж байхыг анзаараад тэдгээр компаниудыг уриалан дуслын шингэний нэгдсэн үйлдвэр байгуулсан нь өнөөдрийн “Энхийн шүүдэр” үндэсний үйлдвэр болжээ.
Сүүлчийн баяжмалыг шуудайлах цагт …
Монос группийг зүгээр нэг компани гэж хэлэхэд учир дутагдалтай. Энэ бол уламжлал, инноваци хоёрын уулзах цэг, бизнес, шинжлэх ухаан хоёрын хамтрах орон зай.
Л.Хүрэлбаатартай ярилцаж суухад нэг зүйл бодогдож байлаа. Тэр нь Оюутолгой, Тавантолгой хэзээ нэгэн өдөр сүүлийн баяжмал, сүүлчийн нүүрсээ ачуулах өдөр монголчууд дэлхийн хэрэглэгчдэд юу санал болгох вэ гэсэн бодол. Хэрэв тэр өдөр Л.Хүрэлбаатар шиг түүхий эдээ биш, оюуны бүтээлээ экспортолж буй бизнесмэнүүд олон байвал бид алзахгүй.
“Монгол Оюун Сэтгэлгээ удахгүй дэлхийд танигданаа” гээд тэрбээр өөртөө итгэлтэй инээмсэглэн сууна.