Вена хотод ямар гэрээ байгуулахыг хэн ч мэдэхгүй байсан боловч зөвшилцөлд хүрэх нь гарцаагүй байв. Учир нь дэлхийн газрын тосны хоёр супер гүрэн болох Саудын Араб, ОХУ 2016 оноос хойш нефтийн гарц, үнийг өсгөх тал дээр хяналт тогтоохын тулд хамтран ажилласаар ирсэн юм. Коронавирусийн улмаас газрын тосны эрэлт буурч эхэлж буй өнөө үед тэдний нөхөрлөл газрын тос үйлдвэрлэгчдэд урьд урьдынхаас илүү чухал байв. Гэвч гуравдугаар сарын 6-нд талуудын уулзалт зөвшилцөлд хүрэлгүй тасалдаж, олны гайхашралыг төрүүллээ.
Саудын Арабын тал гарцыг бууруулахыг хүссэн ч оросууд татгалзав. Улмаар саудын арабчууд үнээ буулгаж, ирэх сараас эхлэн гарцаа нэмэгдүүлнэ гэж зарласнаар нэг ёсондоо Орос, Америк болон илүү өндөр зардлаар олборлолт хийдэг дэлхийн бусад улсын эсрэг үнийн дайн өдөөж орхив. Брент төрлийн түүхий газрын тосны үнэ гуравдугаар сарын 6-нд 50 ам.доллароос 45 доллар болж буурсан бол гуравдугаар сарын 9-нд зах зээл нээгдэхэд ахин 30 хувиар буурч, баррель нь 31 ам.доллар боллоо.
Covid-19 дэлхийн эдийн засаг болоод түүхий газрын тосны үнэд ямар нөлөө үзүүлэх бол зэрэг олон тодорхойгүй зүйлийн нөлөөн дор OPEC+ бүлгийн уулзалт Вена хотод явагдсан. Газрын тосны эрэлт сүүлийн 36 жилд хоёр удаа буюу дэлхийн санхүүгийн хямралын үеэр 2008, 2009 онд буурч байжээ. Хятад улс коронавирусийн халдварын дарамтаас гарч эхэлж буй шинж тэмдэг ажиглагдах болж, Citi банкийн онцолсноор Хятадын ихэнх мужид автомашины хөдөлгөөн ихээхэн нэмэгдэж буй, өөрөөр хэлбэл хэвийн амьдрал сэргэж буй аж. Гэвч бусад улсад халдварын тархалт хурдтай нэмэгдэж, Хятадаас бусад улсад шинээр халдвар авсан хүний тоо тус улсынхаас нэгэнт давж гарчээ. Вена хотод уулзалт эхлэхээс өмнө судалгааны Sanford C.Bernstein фирм хөрөнгө оруулагчдын дунд санал асуулга явуулахад 55 хувь нь 2020 онд газрын тосны эрэлт буурна, 45 хувь нь нэмэгдэнэ гэж хариулсан байна. Гарц, эрэлтийн талаар таамаглал дэвшүүлэхэд улам л адармаатай болж буй. OPEC болон хамтрагчид нь гарцын талаар санал нэгдэхээр уулзах үед Citi банкны Эдвард Морз “Тэд харанхуйд буудаж байгаа мэт санагдсан” гэж өгүүлсэн юм.
Саудын Араб, Оросын түншлэл тийм ч таатай бус хэвээр байна. Хүйтэн дайны үед Саудын Араб ЗХУ-ын заналт дайснуудын нэг байсан бол саяхан Сирийн дайны үеэр Ерөнхийлөгч Башар Аль-Ассадын талд байснаас нь шалтгаалж Оростой таарамж муутай болов. Түүнчлэн эрчим хүчний бодлого нь хязгаарлагдаж байгаад Оросын олон иргэд дурамжхан буй. Саудын Араб болон ОХУ-ын нөхөрлөл нь эдийн засгийн зайлшгүй шаардлага (гарцаа нэмэгдүүлэх, Америкийн занарын эсрэг тэмцэх) болон геополитикийн (Ойрхи дорнодод Америкийн сул үлдээсэн вакум зайг Орос нөхөж эхэлсэн) учир шалтгаантай юм.
Гэсэн ч сүүлийн үес аль аль улс хэн хэнээсээ залхаж эхэлжээ. Америкийн газрын тосны гарц сүүлийн жилүүдэд ихээхэн нэмэгдсэнээр Саудын Араб, Оросын хослол бүжиг найдваргүй болж эхлэв. Саудын Араб гарцаа бууруулахыг хүсэмжилж, харин Орос улс татгалзах боловч эцсийн мөчид үнэ нэмэгдэнэ гэсэн найдвар тээсээр тэдэнтэй санал нэгддэг болсон. Гэвч Оросын газрын тосны компаниуд үүнд дургүйцэж, дагаж мөрдөхөөс татгалзах хандлагатай байна.
2019 оны арванхоёрдугаар сард OPEC+-ийн гишүүд өдрийн гарцыг 2.1 сая баррелиар бууруулахаар санал нэгдсэн. Эл шийдвэр түүхий газрын тосны үнийг дэмжсэн боловч, зах зээлд эзлэх хувийг нь бууруулж, Америкийн занарыг дэмжсэн юм. 2018 онд АНУ Саудын Арабыг гүйцэж түрүүлэн дэлхийн хамгийн том газрын тос үйлдвэрлэгч улс болсон билээ.
Харин одоо OPEC-ийн хувьд Саудын Араб ямар стратеги баримтлах нь тодорхойгүй байна. Тэд газрын тосны зах зээлд тогтвортой байдал бий болгох цор ганц улс байхыг хүсэхгүй. Хан хүү Абдулазиз бин Салман өнгөрсөн жил газрын тосны сайд болохдоо тус улсын түншүүд үнэ өсгөх хүчин чармайлтанд нь хань болно гэж найдаж буйгаа илэрхийлсэн. Тэрбээр Вена хотод тун эрс мэдэгдэл хийж, Оросыг хүлээн зөвшөөрөхөөс өмнө буюу гуравдугаар сарын 5-нд OPEC цаашид газрын тосны гарцыг ахин 1.5 сая баррелиар бууруулах зорилготой гэсэн. Саудын Араб газрын тосны ханшийг улам унагах гайхалтай гэмээр алхам хийж буй бөгөөд зах зээлд эзлэх хувиа тэлэх, өрсөлдөгчдөө хүнд байдалд оруулахын тулд харилцагч нартаа хямдрал үзүүлэх боллоо. Хамгийн огцом хямдралыг (баррель тутам 8 доллар) тэд баруун хойд Европын улсуудад санал болгоод байна. Энэ нь нэг талаар Оросын газрын тосыг хяхан хавчих зорилготой юм.
OPEC-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Мохаммед Баркиндо өнгөрсөн баасан гарагт яриа хэлэлцээ үргэлжилнэ гэж хэлсэн. Гэвч Саудын Арабын сүүлийн шийдвэрээс үзвэл байдал л улам хурцдах шинжтэй. Арванхоёрдугаар сард санал нэгдсэн OPEC-ийн тохиролцоо энэ сарын эхээр дуусгавар болно. Хямд газрын тос нь импортлогч болон дэлхийн эдийн засагт ерөнхийдөө хожоотой боловч газрын тос үйлдвэрлэгчдэд хорлонтой юм. Тэдгээрийн нэг нь төсвийн тэнцлээ хангахын тулд газрын тосоо 80 ам. доллароос дээш үнээр зарах ёстой Саудын Араб улс өөрөө билээ. Коронавирусийн халдвараас ч өмнө хүнд байдалд орсон Иран, Ливи, Ирак зэрэг газрын тос үйлдвэрлэгч улсууд бүр ч адармаатай, амаргүй байдалд орж болзошгүй.
Зөвхөн улсын газрын тосны компаниудыг энэ гай зовлон дайрсангүй. Хөрөнгийн биржид бүртгэлтэй ExxonMobil компанийн үнэлгээ нэгдүгээр сарын эхнээс хойш 100 тэрбум ам.доллароор багасчээ. Дампуурал зарлахаа мэдэгдсэн Хойд Америкийн газрын тосны компаниудын тоо өнгөрсөн жил 50 хувиар огцом өссөн. Газрын тосны үнэ буурч буй өнөө цагт энэ тоо улам нэмэгдэх нь тодорхой байна.
The Economist сэтгүүлээс олгосон лицензийн дагуу Mongolian Economy орчуулав.