Халамжтай эцэг эх эсвэл эхнэр, нөхөр байхын зэрэгцээ мөнгө олж, сайн мэргэжилтэн болохоор хөдөлмөрлөх нь тун амаргүй үүрэг билээ. Тийм хүмүүс мэдээж цөөн биш. Тавин сая гаруй америкчууд ажил болон хүүхэд харах үүргээ хослуулж, ингэх нь тун амаргүй гэдгийг мэдэрч явна. Ажил болон гэр бүлийн хүсэлт шаардлагыг нэгэн зэрэг хангах нь “зарим талаараа хэцүү” эсвэл “маш хэцүү” гэж 2015 онд Pew Research Center-ийн судалгаанд хамрагдсан их сургуулийн дипломтой ажилчин эцэг, эхчүүдийн (боловсрол муутай эцэг, эхтэй харьцуулвал тэд албан тушаал дэвших, илүү өндөр орлого олох боломжтой) 65 хувь нь хариулжээ. Зөвхөн АНУ-д ч бус ийм асуудал бусад улсад ч ижилхэн байгааг статистик харуулж байна.
Эл асуудал бодитой оршин байгаагийн зэрэгцээ улам бүр өргөн хүрээг хамарч байгаа агаад өдөр бүр ийм асуудалтай тулгарч байгаа аав, ээжүүдэд энэ нь дэндүү хүнд санагдаж байгаа нь тодорхой. Тэдний хийх ажил, шийдэх асуудал дуусашгүй үргэлжилдэг. Ийм тохиолдолд хэрхэн ажиллаж, хөдөлмөрлөх, амжилтад хүрэх талаар гарын авлага эсвэл жишиг байхгүй, менежерүүдтэйгээ илэн далангүй ярилцах нь буруу мэт тэдэнд санагддаг. Ажилдаа анхаарал хандуулдаггүй, байнга шалтаг дурддаг гэх мэт буруу сэтгэгдэл төрүүлэхээс тэд эмээдэг. Түүнчлэн ийм асуудал сүүлийн 18 жилийн турш огтхон ч бууралгүй улам бүр тэлсээр байна. Хэдэн жилийн дараа ч эл асуудал шийдэгдээгүй, олон эцэг эх стресстэй амьдарсаар байж магадгүй.
Ийм нөхцөлд ядрах, сонголт болон гүйцэтгэлдээ эргэлзэх, амьдралаа нэгэн хэвийн, өндөр эрсдэлтэйн зэрэгцээ байнга бэлтгэл муутай ч сайн ажиллах шаардлагатай болдог нь хэвийн үзэгдэл юм. Гэвч таны амьдрал байнга ийм байх албагүй. Та илүү тайван, өөртөө итгэлтэй, хяналттай болж чадна, ингэснээр аз жаргалтай, мөн амжилтаар дүүрэн эцэг, эх байх боломжоо нэмэгдүүлэх болно.
Сүүлийн 15 жилийн хугацаанд эхлээд Fortune 500-д багтдаг хоёр компанид манлайлал хөгжүүлэх албаны даргаар, эдүгээ удирдлагуудад зориулсан бие даасан зөвлөхөөр ажилласны хувьд би карьер болон хүүхдээ хослуулахаар чармайж буй олон зуун эцэг, эхчүүдэд хичээл заажээ. Би өөрөө ч ажилтай ээж гэсэн ангилалд багтаж буй. Бидэнд тулгарч буй сорилт, бэрхшээл олон боловч ерөнхийдөө дараах таван ангиллалд хувааж болно: шилжилт, бодит байдал, харилцаа, харамсал, онцлог. Надтай хамт ажиллаж байсан хүмүүс эдгээрийг ухаарч, өөрсдөд нь ирж буй ачааллын хэв шинжийг олж харж чаддаг болсноор илүү чадамжтай, хяналттай болцгоосон. Үүний дараа тодорхой, уян хатан өөрчлөлтийг эхлүүлэх үүд нээгдэх юм.
Эл нийтлэлдээ би гол сорилтууд болон тэдгээрийг давж гарах цөөн боловч үр дүнтэй аргын талаар өгүүлэх болно.
ТАВАН ГОЛ СОРИЛТ
Ажилтай эцэг, эхийн дарамттай тулгарсан бол “Би яг ямар бэрхшээлтэй тулгараад байна вэ” гэж асуу. Таны хариулт доор дурдсан сорилтуудын аль нэг нь байх магадлал тун их.
Шилжилт
Хэвийн амьдрал орвонгоороо эргэж, үүнд дасан зохицохоор чармайх үед уг сорилттой та нүүр тулах болно. Жирэмсний амралтаа дуусгаад ажилдаа орох нь үүний хамгийн тод жишээ юм. Гэхдээ ажилтай эцэг, эхийн хувьд шилжилт нь байнга, төрөл бүрийн хэлбэрээр давтагддаг сорилт билээ. Хүүхдийн сургууль, цэцэрлэг амрах эсвэл хичээлийн хуваарь өөрчлөгдөхөд та хүүхэд харагч хөлслөх хэрэгтэй болно, түүнийг гэр бүлийнхээ нэг хэсэг болгох шаардлага үүснэ гэх мэт. Мөн бизнес аялал эсвэл ажлаасаа гэртээ ирэх үед та ажлын бус эцэг, эхийн төлөвт шилжих шаардлагатай болно.
Бодит байдал
Өдөр ч, шөнө ч таны цагийг хороож байдаг том, жижиг бүхий л үүрэгт ажлыг энэ сорилтод хамруулж авч үзэх хэрэгтэй. Тохиромжтой өдөр өнжүүлэх хайх, хүүхдийн эмчтэй товлосон цагтаа амжиж уулзах, эмийн сангаас эм авах, хүүхдээ орой бүр унтуулах, нялх хүүхдээ асрангаа ажлын чухал дуудлагад хариулах гэх мэт “ажил” энэ сорилтод багтана.
Харилцаа
Асуудал, бэрхшээлээ бусадтай хуваалцах, ойлгуулах шаардлага тулгарч үүнийгээ илэрхийлэх тохиромжтой үг олдохгүй эсвэл буруугаар ойлгогдохоос эмээх үед та ийм сорилттой тулгарна. Тухайлбал, жирэмсэн болсноо даргадаа хэлэх, ажлын хуваариа уян хатан болгож өгөхийг түүнээс хүсэх, өдөр өнжүүлэхээс хүүхдээ авах хуваарийг эхнэр эсвэл нөхөртэйгээ тохиролцох, хүүхдэдээ ажлаар хол явах болсноо хэлэх зэрэг нь ийм сорилтуудын тод жишээ юм.
Харамсал
Шаналал, гашуудалтай холбоотой сорилт. Хүүхдээ хөлд ороход ажил дээрээ байсан, эсвэл цөөн цаг ажиллахаар шийдвэрлэсэн учраас том төсөлд ажиллах боломжоо алдсан гэх мэт харамсал танд төрдөг байж болно. Түүнээс гадна ажил, гэр бүлээ хослуулахаар хичээж байхдаа маш чухал зүйлээс хоцорч байгаа мэт мэдрэмж танд төрдөг байж ч магадгүй.
Онцлог
Хувь хүний зөрчил болон аль нь зөв бэ гэсэн асуулттай тулгарч байвал та энэ сорилттой нүүр тулжээ гэсэн үг. Ирэх пүрэв гарагт хүүгийнхээ мэтгэлцээний тэмцээнд очих уу, эсвэл шинэ харилцагчтай уулзах борлуулалтын том уулзалтад очих уу? Би хатуу ширүүн зантай хүн үү, эсвэл халамжтай аав уу? Алийг нь сонговол зөв бэ, би чухам ямар зан араншинтай хүн бэ? Илүү тодорхой хариулт байсан ч болоосой гэж та хүсдэг үү.
ШИЙДЭЛ БОЛОН СЭРГИЙЛЭЛ
Энэ бүх сорилтыг бүрмөсөн, 100 хувь шийдвэрлэх боломжгүй гэдгийг ажилтай эцэг, эх болгон мэднэ. Гэвчиг урьдчилсан сэргийлж, хөнгөвчилж, зохицуулж болно. Ингэх таван арга бол: шилжилтээ сургуулилах, амлалтаа шинжилж мөн цагийн хуваариа зөв төлөвлөх, ажилтай эцэг, эхийн санааг жаазлах, “өнөөдөр + 20 жил” сэтгэлгээг хэрэгжүүлэх, ажил мэргэжлийн онцлог болон брэндийг дахин авч үзэх, шинэчлэх. Эдгээр арга барил тус бүртэй дэлгэрэнгүй танилцъя.
Сургуулилах
Шилжилт нь гарцаагүй явц боловч сургуулилалтын ачаар хялбар даван туулж болдог. Жишээ нь, жирэмсний амралтаа дуусгаад ажилдаа орох гэж байгаа бол хэдэн өдрийн өмнөөс өглөө бүр сургуулилалт хий. Хүүхдээ хувцасла, асрагчид нь хүлээлгэж өг, ажилдаа үнэхээр явж байгаа мэт бэлтгэ. Хэрэв та хүүхэд асрагчаа сольж байгаа бол шинэ асрагчийг ажилд нь дасгахын тулд гэрээсээ ажлаа хийж, асуултад нь хариул. Хэрэв бизнес аяллаас ирж байгаа бол эсвэл ажил дээрээ хонож ажилласан бол эцэг, эхийн үүрэгт ажилдаа хэрхэн шилжих талаар хэсэг хугацаанд урьдчилан төлөвлө. Хүүхдүүдтэйгээ яаж мэндлэх вэ, оройг хамтдаа хэрхэн хөгжилтэй өнгөрүүлэх вэ гэх мэт.
Энэ мэт дасгал, сургуулилалт нь учирч болзошгүй саадыг тодорхойлоход тусална (өдөр өнжүүлэхэд хүргэж өгөхөд төлөвлөснөөс их цаг зарцуулах, илүү живхийг асрагч олохгүй байх, нэгдүгээр ангийн хүүхдээ унтуулах зуур ажлын гүйцэтгэлийн үнэлгээг хянах шаардлагатай болох гэх мэт). Хамгийн гол нь сургуулилалт нь танд үрчлээ нэмэхгүй байх боломж олгох юм. Тодруулбал, ажилтай эцэг, эхийн “стресстэй төлөв”-өөс ангижирч, “Би чадна. Юу хийж байгаагаа мэднэ” гэсэн тайвшруулам сэтгэл зүйг танд бий болгоно.
Шинжлэх, төлөвлөх
Завгүй эцэг, эхийн нэгэн адил та ч мөн адил урьд урьдынхаас их ажил, үүрэгтэй болсон нь гарцаагүй. Тийм учраас та цаг, хөлсөө чухам юунд, яагаад зарцуулж байгааг мэддэг мөн урьдчилан төлөвлөдөг байх хэрэгтэй. Эс бөгөөс бодит сорилтын дарамтад орох аюултай.
Хуанли, хийх ажлын төлөвлөгөө, улаан бал аваад тухтай суугтун. Хойшлуулж болохоор, үр дүнтэй гүйцэтгэж, хуваарилж, автоматжуулсан эсвэл сүүлчийн долоо хоногт үгүй гэж хэлсэн бүх амлалт, ажил, үүргээ тодруул, үүнийгээ мөн ирэх долоо хоногт ч давт. Жишээ нь, хэрэв та дараагийн уулзалтад оролцох албагүй бол чөлөө авч, тэрхүү цагийг чөлөөл. Мөн долоо хоног бүр гэр ахуйн ижил бараа захиалдаг бол тогтмол хүргэлтэд бүртгүүл. Бүх сэдвийг хамарсан төлөвлөлт хий. Магадгүй та хүүхдийнхээ сургуулийн сайн дурын ажлаас татгалзаж чаддаггүй эсвэл улирал тутмын төсвөө хэтэрхий олон засварладаг юм биш биз.
Энэхүү дасгал нь тун шаардлагатай амсхийх чөлөөг хуанлидаа тэмдэглэх, хийх ажлын жагсаалтаа цөөлөхөд тусална. Сэтгэл санааны хувьд ч гэсэн дэмжлэг болж, идэвхтэй, байдлыг хянаж байгаа гэсэн сэтгэгдэл танд төрүүлэх юм. Мөн үүнд тулгуурласан дүгнэлтүүд нь (“Би үргэлж за гэж хэлэх юм”, “Би төгс хүн байж чадна”) таныг цаг болон хичээл зүтгэлээ илүү ухаалаг, зөв төлөвлөж, хуваарилахад тус болно.
Жаазлах
Ажилтай эцэг, эхийн харилцааг хялбар, үр дүнтэй болгохын тулд өөрийгөө эрэмбэ, дараачийн алхам, амлалт, урам зориг гэсэн дөрвөн хүрээ бүхий жаазанд орсон байгаа мэтээр төсөөл.
Ингээд жишээ авъя. Ажил ихтэй өдөр байсан ч охиныхоо балетын тоглолтыг үзэхийн тулд та ажлаасаа гарах ёстой болжээ. Ажлынхандаа “Би охиныхоо тоглолт руу явлаа, гэхдээ 15:30 цагт эргээд ирнэ. Ирээд маркетингийн төлөвлөгөөн дээр ажиллаад маргааш хэлэлцэх шинэ хувилбарыг нь бэлтгэчихнэ. Харилцагчийн өмнө бэлэн зүйлтэй байх болно” гэж хэлээрэй. Иймэрхүү мэдээлэл нь тун хулчгар “би хэдэн цаг гараад ирье” гэдгээс хамаагүй илүү билээ. Учир нь хүмүүс таны ажлын болон хувийн төлөвлөгөөг тодорхой мэдэж, яаралтай ажлын талаар санаа зовохоо багасгаж, багтаа үнэнч байгааг тань мэдэх болно. Та буруу ойлголт төрүүлэх боломжийг багасгаж, эерэг бөгөөд бодит мэдээлэл өгч чадсан байна.
“Өнөөдөр + 20 жил” сэтгэлгээг хэрэгжүүлэх
Ажил мэргэжлийн тал дээр танд дунд хугацааны төлөвлөгөө бий байх. Зургаан сарын хугацаатай төсөл дуусгаад урамшуулал хүртэх, жилийн орлогын зорилтдоо хүрэх, гурван жилийн амаргүй стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх гэх мэт. Харин эцэг, эхийн хувьд цаг хугацааны ийм төсөөлөл нь сэтгэл санааг холбиромтгүй болгодог. Чухам энэ тал дээр л ажилтай эцэг, эхийн сул тал оршдог, харуусал хамгийн их нуугдаж байдаг. Та жишээлбэл жирэмсний амралтынхаа дараа ажилдаа ирээд ширээнийхээ ард нялх үрээ санан сууж байгаа тохиолдолд дараачийн зургаан сар эсвэл нэг жилийн талаар бодох нь маш хэцүү байж болох юм.
Хэрэв танд харуусалтай холбоотой амаргүй, эсвэл зөрчилтэй бодол орж ирээд байвал дараах аргыг турш: нэгэн зэрэг маш урт хугацааны эсвэл маш богино хугацааны зүйл бод. Та яг одоо хүүхдээ маш их санаж байж болох ч хэдхэн цагийн дараа гэртээ харина, мөн олон жилийн дараа хүүхдэдээ тууштай зан, шаргуу хөдөлмөр, сайн карьерын үлгэр жишээ болж чадна гэж төсөөл. Өөрөөр хэлбэл, бодит байдал болоод одоо өөрт оршиж буй сэтгэл хөдлөлөө хүлээн зөвшөөрч, асар хурдан тайвшруулах бодлыг ол. Дараа нь олон жилийн дараах эерэг, сэтгэл хөдөлгөм үр дүнгийн талаар төсөөлөөрэй.
Дахин авч үзэх, шинэчлэх
Ихэнх хүмүүст өөрийгөө ямархуу ажилтан болох талаар мөн бусдад хэрхэн танигдахыг хүсдэг тухай төсөөлөл, ойлголт гүн бат суусан байдаг. Гэвч эцэг, эх болсны дараа тэрхүү тодорхойлолт, төсөөллөө дахин авч үзэж, шинэчлэх нь маш чухал. Таныг түргэн хариу үйлдэл үзүүлэх чадвараараа бусдаас ялгардаг гэж үзье. Хэрэв тийм бол гэр бүлээрээ хооллох үеэр ухаалаг утсаа шалгахгүй байвал өөрийгөө хариуцлагагүй ажилтан, эс бөгөөс утсаа аваад шалгачихвал гэрийнхнээ үл тоосон буруутан болох вий гэсэн мэдрэмж төрж болно. Таныг бусдаас онцгойруулж, ялгаруулж ирсэн чухал зан чанар нь ийнхүү таныг ялагдагч болгож хувиргах нь энэ. Ингэснээр та бахархдаг мэргэжлийн ур чадвар болоод хүүхдүүдтэйгээ хамт хооллож буй эцэг, эхийн аз жаргалтай мөчөө алдаж байна.
Тодруулж хэлбэл, шинэчлэл гэдэг нь стандартаа сулруулах бус харин чухал, шинэ стандарт бий болгохыг хэлж байгаа юм. Үүний тулд та доорх өгүүлбэрүүдийг гүйцээж хэлэхийг хичээгээрэй: “Би бол ажил хийдэг …………. аав/ээж”, “…… тохиолдолд би ажлын үүрэг хариуцлагаа дээгүүрт тавьдаг”, “……….. тохиолдолд би ажлаасаа илүү хүүхдэдээ анхаарал тавина”. Эл дасгалыг хийснээр та түргэн хариу үйлдэл үзүүлэх чадвартаа хэт их дарамт, ач холбогдол өгөхийн оронд өөрийгөө үр дүнтэй, хэрсүү, сайн харилцагч хэмээн авч үзэх боломжтой. Өөрөөр хэлбэл яаралтай ажил гарахаас бусад тохиолдолд хоолны үеэр хүүхдүүд тань давуу эрхтэй байна гэж шийдвэрлэж болно.
Дүгнэлт
Ажилтай эцэг, эхийн асуудал дуусашгүй. Энэ бол асар том, ярвигтай, цогц, архаг, сэтгэл зүйн, заримдаа бүхнийг ховх сорогч тэмцэл билээ. Гэвч сорилт болгоны нэгэн адилаар үүнийг судалж, олон жижиг хэсэгт хуваах тусам хүнд хэцүү байхаа больно. Өмнөө тулгарч буй асуудлыг тодорхой ойлгож, тэдгээрийг зохицуулах оновчтой стратегитай болсноор та ажилдаа амжилт гаргахын зэрэгцээ гэртээ ч аз жаргалтай эцэг, эх байж чадна.
Автор: Дэйзи Вэйдман Доулинг
Дэйзи Вэйдман Доулинг бол ажил хөдөлмөр эрхэлдэг эцэг эх болон тэдний ажилладаг компанийн удирдлагуудад зөвлөгөө, сургалт өгдөг Workparent зөвлөх компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал юм.